| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2405000000251 |
| Дугаар | 2025/ДШМ/299 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/299
2025 03 11 2025/ДШМ/299
Б.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1384 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Солонгын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Б.Н-д холбогдох 2405000000251 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Н, 1983 оны 06 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:00000000/,
Яллагдагч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И март худалдааны төвийн орчим иргэн Ш.Б-ийг “архи авч өг” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв. Тодруулбал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй., 2 дахь хэсэгт Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.гэж хуульчилсан.
Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.4 дэх заалтад Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотлон тогтооно.гэж хуульчилсан хуулийн заалтуудыг биелүүлээгүй, нотолбол зохих ажиллагааг явуулаагүй гэж үзэв.
Б.Н нь сэжигтэн, яллагдагчаар: ... би зөрүүлээд гараараа Б-ийн зүүн шанаа хэсэг газарт нэг удаа цохиж унагаасан.гэх мэдүүлэг, мөн яллагдагч Б.Н нь амь хохирогч Ш.Б-тай И март худалдааны төвийн орчим 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг 57 минут 44 секундэд тааралдаж улмаар тэд заамдалцаж дэлгүүрээс гарсан, яллагдагч Б.Н нь 15 цаг 59 минут 21 секундэд хохирогчийн толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа цохиж байгаа бичлэг авагдсан ба хохирогч цохиулаад газарт унасан, цохиулж унасны дараа дух хэсгээс нь цус гарсан, үүний дараа 16 цаг 04 минут 36 секундэд тухайн газраас явсан, 16 цаг 23 минут 19 секундэд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 26-р байрны орц руу орсон, тухайн өдрийн 20 цаг 34 минут 16 секундэд тус байрны лифтэнд хохирогчийг хүмүүс зөөж оруулж орцноос гаргасан байна. Дээрх нөхцөл байдлаар амь хохирогчийн биед Б.Н нь халдсан, хохирогч Ш.Б нь нас барсан үйл баримт байна.
Мөн шинжээчийн №1097 дугаартай хохирогчийн цогцост хийсэн дүгнэлтээр их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хураа /135гр/, баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, духанд шарх, дух, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн зовхи, цээж, баруун шуу, сарвуу, өвдөг зүүн дал, зүүн тохой, гуя, шилбэнд цус хуралт, эрүү, уруул, баруун шилбэ, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон байх ба талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэж дүгнэжээ. Түүнчлэн 3 шинжээчийн №510 дугаартай дүгнэлтээр талийгаачид тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа нь шинэ цусан хураа байх ба ойролцоогоор 24-48 цаг болсон байна.гэж дүгнэсэн, эдгээр дүгнэлтүүд үндэслэлтэй талаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 602 дугаартай дүгнэлтээр баталсан, мөн 5 шинжээчийн нэмэлт дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, унах, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх талаар дүгнэжээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар шинжээчдийн дүгнэлтээр хохирогчид тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хураа /135гр/, баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хохирогчийн үхлийн шалтгаан болсон тархины битүү гэмтлийг хэн учруулсан эсэхийг нотлон тогтоох ажиллагааг огт явуулаагүй байна. Түүнчлэн хохирогчид тогтоогдсон түүний үхлийн шалтгаан болсон гэмтэл нь хэрхэн ямар хүчний үйлчлэлээр үүсэх эсэх, 24-48 цагийн дотор авсан гэмтэл гэж үзэж байгаа бол тухайн гэмтлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 59 минут 21 секундийн орчимд зүүн шанаа хэсэгт нь цохих үед авах боломжтой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, уг үйлдлийн улмаас хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтлийг түүнд учруулах боломжтой эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчдээс тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
Нөгөө талаар хохирогчийн биеийн аль хэсэгт, хүч хаана үйлчилснээс, ямар үйлчлэлийн улмаас үхлийн шалтгаан болсон гэмтлийг хохирогч авах боломжтой эсэх, үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан эсэх, уг гэмтлийг авснаас хойш хохирогч ямар хугацаанд амьд байх боломжтой, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх эсэх, эсхүл гэмтлийг авсан даруй идэвхтэй хөдөлгөөн хийхгүй эсэхийг тогтоох шалгах ажиллагааг ч явуулаагүй байна. Тиймээс хохирогчийн амь нас хэний үйлдлийн улмаас хохирсон эсэх, өөрөөр хэлбэл хүний амь нас хохирсон гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг нотлон тогтоох ажиллагааг хуульд заасан шаардлага хангасан хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байна.
2. Амь хохирогчийг орцноос гаргасан гэх хүмүүсийн үйлдлийн улмаас хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг авах боломжтой эсэхийг мөн нягтлан дахин шалгах шаардлагатай.
3. Хэдийгээр хэрэгт И март худалдааны төвийн орчмын болон Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 26-р байрны орцны хяналтын камерын бичлэгүүд авагдсан байгаа боловч амь хохирогч нь өөр газраар явсан эсэх, түүний маршрутыг дахин нягталж нарийвчлан шалгах нь зүйтэй.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1713 дугаартай дүгнэлтээр хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хувцсанд шинжилгээ хийсэн байх ба дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн куртик, цамц дээр илэрсэн цус нь хүний цус байна, уг цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна. /1хх198-199/ гэжээ. Үүнээс үзвэл шинжилгээ хийсэн хувцсанд илэрсэн дээрх хүний гэх цус нь хэний цус болохыг тогтоох ажиллагааг явуулаагүй ба, энэ нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...” , 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан. Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 40 минутад хийсэн талаар тэмдэглэгдсэн /1хх5/ буюу гэмт хэрэг гараагүй байх цаг хугацаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан зөрчилтэй, мөн үзлэгийн баримтад ажиллагаанд оролцсон гэх шинжээч болон мөрдөгч Амартүвшин нарын гарын үсэггүй зэргээр хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэв.
Тус хэрэгт анх согтуу эрэгтэй хүн байна гэсэн дуудлагаар очиж хэрэг шалгах ажиллагаа явуулж улмаар хүн нас барсныг тогтоосон байх бөгөөд Эрүүгийн 2405000000251 дугаартай хэрэг үүсгэсэн байх боловч яллагдагч Б.Н-ыг амь хохирогч Ш.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллаж ирүүлсэн, харин амь хохирогч Ш.Б-ийн нас барсан асуудлыг хэрхэн шалгасан эсэх, эсхүл өөр газарт шилжүүлсэн эсэх тодорхойгүй, тухайн хүний нас барсан асуудлыг хэрхэх нь ойлгомжгүй байдалтай, яллагдагчийг хөнгөн хохирол учруулсан гэж шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай байна.
Иймд дээр дурдсан ажиллагааг явуулж, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлэх үндэслэлтэй тул хохирогчийн амь насыг хэн хохироосон, гэмт хэрэг хэн үйлдсэн болохыг нэг мөр эргэлзээгүйгээр нотлон тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Солонго эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “... 1. Шүүгчийн захирамжид: "... мөрдөн шалгах ажиллагаагаар шинжээчдийн дүгнэлтээр хохирогчид тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хураа /135гр/, баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хохирогчийн үхлийн шалтгаан болсон тархины битүү гэмтлийг хэн учруулсан эсэхийг нотлон тогтоох ажиллагааг огт явуулаагүй байна” гэжээ.
Хавтас хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 1097, 510, 602, 1093 дугаартай дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд шинжээчийн 1097 дугаартай дүгнэлтэд "... цогцост хийсэн шинжилгээгээр ... эрүү, уруул, баруун шилбэ, нурууны тав тогтсон зулгаралт гэмтэл мохоо зүйлийн үрэх, нидрэгдэх механизмаар нас барахаас өмнө 48 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой. ... үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн нь яллагдагчийн үйлдэлд хамаарахгүй болохыг нотолсноос гадна, яллагдагчийн үйлдэл хохирогчийн нас барсан үхлийн шалтгаан хоёр хоорондоо шалтгаант холбоогүй болохыг тогтоосон байна.
2. Хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтэл нь хэрхэн ямар хүчний үйлчлэлээр үүсэх эсэх, 24-48 цагийн дотор авсан гэмтэл гэж үзэж байгаа бол тухайн гэмтлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 59 минут 21 секундийн орчимд зүүн шанаа хэсэгт нь цохих үед авах боломжтой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй гэжээ.
Шинжээчийн 1097 дугаартай дүгнэлтээр “үхлийн шалтгаан болсон гэмтлийг буюу бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах механизмаар нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэж шүүх эмнэлгийн шинжээч эмч тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон гэж үзэж байна.
3. “Уг үйлдлийн улмаас хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтлийг түүнд учруулах боломжтой эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчдээс тодруулах ажиллагааг хийгээгүй, нөгөө талаар хохирогчийн биеийн аль хэсэгт, хүч хаана үйлчилснээс, ямар үйлчлэлийн улмаас үхлийн шалтгаан болсон гэмтлийг хохирогч авах боломжтой эсэх, үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан эсэх, уг гэмтлийг авснаас хойш хохирогч ямар хугацаанд амьд байх боломжтой, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх эсэх, эсхүл гэмтлийг авсан даруй идэвхтэй хөдөлгөөн хийхгүй эсэхийг тогтоох шалгах ажиллагааг ч явуулаагүй...” гэжээ.
Шинжээч эмч Д.Сэвжидмаагийн “... духанд шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна...” шинжээч Д.Дунгаамаагийн “...шинэ гэмтэл нь зүүн хөмсөгний гадна буланд үүссэн шарх нь 24 цагийн дотор үүссэн гэмтэл байна...’’, шинжээч С.Чулуунсүхийн “... Талийгаач Ш.Б-ийн дух буюу зүүн хөмсөгний гадна үүссэн шарх нь эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. ...Духанд шарх гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт тооцогдоно” гэсэн мэдүүлгээр яллагдагчийн үйлдлийн улмаас үхлийн шалтгаан болсон гэмтлийг түүнд учруулаагүй, яллагдагчийн үйлдлийн улмаас духанд шарх гэмтэл учирсан, энэхүү шарх гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн болох нь шинжээч эмч нарын тусгай мэдлэгийн хүрээнд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгчийн захирамжид дурдсан яллагдагчийн үйлдлийн улмаас хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтлийг түүнд учруулах боломжтой эсэхийг шүүх эргэлзээтэй гэж үзэж байгаа бол мэдүүлэг гаргасан, дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах боломжтой гэж үзэж байна.
4. “И март худалдааны төвийн орчмын болон Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 26-р байрны орцны хяналтын камерын бичлэгүүд авагдсан байгаа боловч амь хохирогч нь өөр газраар явсан эсэх, түүний маршрутыг дахин нягталж нарийвчлан шалгах” гэжээ.
Хавтас хэрэгт авагдсан И март худалдааны төвийн хяналтын камерын бичлэгээр “ 2024.03.06-ны 15:59:23 секундэд хар өнгийн куртик, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн нь бараан өнгийн куртиктэй дотуураа хар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай хар өнгийн өмдтэй эрэгтэй хүний толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа цохиж, цохиулсан хүн нь газарт нуруугаараа унаж байгаа дүрс бичлэг, 26-р байрны орцны хяналтын камерын бичлэгт 2 эмэгтэй, 1 эрэгтэй тухайн эрэгтэйн толгой биеийн хэсгийг нь доош харуулан ... үлдээгээд орц руу оруулж байгаа дүрс бичлэг..., хөдөлгөөнт эргүүлийн 4 цагдаа ирээд газар хэвтэж байгаа хүн дээр очиход ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй ухаангүй мэт болчихсон байсан” гэх, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт авагдсан бөгөөд гэрч Б.Т, Б.Ц, Н.Э, С.М нарын мэдүүлгээр хохирогчийн маршрутыг шалгасан тул дахин шалгах шаардлагагүй гэж үзэж байна.
5. “Шинжилгээнд ирүүлсэн куртик, цамц дээр илэрсэн цус... нь В (III) бүлгийн харьяалалтай байна. ...цус нь хэний цус болохыг тогтоох” гэжээ.
Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, И-март худалдааны төв болон 26 дугаар байрны СӨХ-ны хяналтын камерын бичлэгээр яллагдагч Б.Н-ын үйлдэл нотлогдон тогтоогдсон, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд үхлийн шалтгаан болсон тархины битүү гэмтэлд хамаарахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын давхарт нотлогдон тогтоогдсон тул куртик, цамц дээр илэрсэн цус нь хэний цус болохыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж байна.
6. “Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 40 минутад хийсэн талаар тэмдэглэгдсэн /1хх5/ буюу гэмт хэрэг гараагүй байх цаг хугацаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан зөрчилтэй” гэжээ.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Дөлгөөнтамир нь үзлэгийг хийхдээ техникийн шинжтэй алдаа гаргаж 3 сарыг 2 cap гэж буруу тэмдэглэсэн байх боловч үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зурагт “2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр’’ гэж бичсэнээс гадна хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалснаар дээрх зөрчлийг зөвтгөн хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэх боломжтой гэж үзэж байна.
7. “Яллагдагч Б.Н-ыг амь хохирогч Ш.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллаж ирүүлсэн, харин амь хохирогч Ш.Б-н нас барсан асуудлыг хэрхэн шалгасан эсэх, эсхүл өөр газарт шилжүүлсэн эсэх тодорхойгүй” гэжээ.
Амь хохирогч Ш.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг /нас барсан/ шалгуулахаар хавтас хэргээс хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/4711 дугаартай албан бичгээр хүргүүлсэн бөгөөд энэ талаарх албан бичгийг хавтас хэрэгт хавсаргасан болно.
Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж, хэргийг прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "...гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээнэ" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1384 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. …” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгчийн захирамжид дурдсан:
1. Анхан шатны шүүхээс хэргийн прокурорт буцаах болсон 1 дэх үндэслэл буюу хохирогчийн үхлийн шалтгаан болсон тархины битүү гэмтлийг хэн учруулсан эсэхийг тогтоох ажиллагааг явуулаагүй гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар хянахад;
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 1097 /1хх 137/, 510 /1хх 168/, 602 /1хх 173/, 1093 /2хх 36/ дугаартай дүгнэлтүүд хэрэгт авагдсан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Д.Сэвжидмаагийн гаргасан 1097 дугаартай дүгнэлтэд: “...цогцост хийсэн шинжилгээгээр ... эрүү, уруул, баруун шилбэ, нурууны тав тогтсон зулгаралт гэмтэл мохоо зүйлийн үрэх, нидрэгдэх механизмаар нас барахаас өмнө 48 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой. ...үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн дээрх шинжээчийн дүгнэлт нь хууль журамд заасны дагуу тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гарсан байх бөгөөд тус дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд гарсан байх төдийгүй яллагдагч Б.Н-ын үйлдэлд хамаарахгүй болохыг нотолсноос гадна, яллагдагчийн үйлдэл хохирогчийн нас барсан үхлийн шалтгаан хоёр хоорондоо шалтгаант холбоогүй болохыг тогтоосон байна.
2. Амь хохирогч өөр газраар явсан эсэх, түүний явсан маршрутыг дахин шалгах шаардлагатай гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар хянахад;
Хэрэгт авагдсан И март худалдааны төвийн камерын бичлэгт 15:59:23 секундэд хар өнгийн куртик, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн нь бараан өнгийн куртиктэй дотуураа хар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай хар өнгийн өмдтэй эрэгтэй хүний толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа цохиж, цохиулсан хүн нь газарт нуруугаараа унаж байгаа дүрс бичлэг, 26-р байрны орцны хяналтын камерын бичлэгт 2 эмэгтэй, 1 эрэгтэй тухайн эрэгтэйн толгой биеийн хэсгийг нь доош харуулан ... үлдээгээд орц руу оруулж байгаа дүрс бичлэг..., хөдөлгөөнт эргүүлийн 4 цагдаа ирээд газар хэвтэж байгаа хүн дээр очиход ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй ухаангүй мэт болчихсон байсан” гэх, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт авагдсан бөгөөд гэрч Б.Т, Б.Ц, Н.Э, С.М нарын мэдүүлгээр хохирогчийн ямар газруудаар явсан маршрутыг хангалттай шалгасан байх тул хохирогчийн явсан маршрутыг дахин шалгах шаардлагагүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
3. Шүүх шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн хувцсанд хүний цус илэрсэн дээрх хүний цус хэний цус болохыг тогтоох шаардлагатай энэ талаарх ажиллагааг явуулаагүй гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар хянахад;
Хэрэгт авагдсан гэрч Б.Э /1хх 93/, гэрч Г.Г /1хх 96/ нарын мэдүүлэг, И март худалдааны төвийн болон 26 дугаар байрны СӨХ-ны хяналтын камерын бичлэг зэргээс үзэхэд яллагдагч Б.Н нь хохирогч Ш.Б-ийн нүүрэн хэсэгт гараараа цохиж улмаар хохирогчийн нүүрний зүүн хэсгээс цус гарсан үйл баримт тогтоогдсон, тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд хохирогчийн үхлийн шалтгаан болсон тархины битүү гэмтэлд хамаарахгүй болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул хохирогчийн куртик, цамц дээр илэрсэн цус хүний цус, хэний цус болохыг тогтоох шаардлагагүй юм.
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 40 минутад хийсэн талаар тэмдэглэгдсэн /1хх 05/ буюу гэмт хэрэг гараагүй байх цаг хугацаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан зөрчилтэй, үзлэгийн баримтад ажиллагаанд оролцсон гэх шинжээч болон мөрдөгч Амартүвшин нарын гарын үсэггүй зэргээр хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар хянахад;
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд мөрдөгч М.Дөлгөөнтамир нь үзлэгийг хийхдээ “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр. ...” гэхийг “2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр” гэж бичсэн байх боловч хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэд “2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр” гэж бичигдсэн байхад сарыг буруу бичсэн нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Энэхүү байдлыг шүүх хуралдаанаар зөвтгөн шийдвэрлүүлэх боломжтой тул хэргийг заавал буцаах үндэслэл болохгүй бөгөөд дээрх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлэх, үнэлэхгүй байх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Б.Н-ын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд яллагдагч Б.Н-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1384 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Прокурор Б.Солонгын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хангаж, яллагдагч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ