Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0054

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Төмөрбат, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...П.Б******* миний бие 2015 оны 6 дугаар сард Төрийн албаны шалгалт өгч төрийн албан хаагчийн шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Баянгол Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ч******* нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн.

Энэхүү тушаалыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэн Хөдөлмөрийн яамны төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах тухай гомдол гаргасан бөгөөд яамнаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4/2622 дугаартай албан бичгээр надад шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. 

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн "П.Б*******г ажпаас чөлөөлөх тухай" 2015 оны 61 дүгээр тушаалыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй гэж үзэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно.

1. Баянгол   дүүргийн   Хөдөлмөрийн   хэлтсийн   Хүний   нөөцийн мэргэжилтэн Г.Т******* нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бичээд өгчих гэж шахалт үзүүлсэн, тавьж буй шаардлага чинь хууль бус учраас өргөдлөө бичиж өгөхгүй гэсэн хариуг миний зүгээс өгсөн. Гэтэл тэр өдрөө намайг ажлаас халсан хууль бус тушаал гаргасан.

2. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэгт заасан эрх зүйн

актууд нь үндэслэл муутай буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай

хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Гэтэл намайг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй тухай ямар нэгэн дүгнэлт гараагүй. Мөн

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн тушаал гаргасан. Төрийн

албаны тухай хуулийн 17 дугаар зүйл нь Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах тухай зохицуулсан болохоос ажилтан халах тухай зохицуулаагүй. Танил хүн маань Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст очиж уулз, тус байгууллага ажилд зуучилж өгдөг гэж надад зөвлөсөн. Хөдөлмөрийн хэлтэст очиж анкет бөглөж өгөхөд надаас төрийн албаны шалгалт өгсөн үү?, ямар мэргэжилтэй вэ? зэрэг асуултыг асууж байсан. Сул орон тоо гарсныг мэдээгүй.

Тэгэхээр нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу нэхэмжлэгч П.Б*******г ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Маргаан бүхий 61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн Захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчиж болохгүй гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй 1 жил гаруй хугацааг өнгөрсөн байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага байхгүй болчихлоо. Өмнө нь энэ хэрэг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн боловч хариуцагч талын давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хянаж дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хариуцагч талаас өмнө нь анхан шатны шүүхэд гаргаж байсан тайлбараа давтан ярьж байна. Хариуцагчаас ажилд томилсон тушаалыг хууль бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.  Хариуцагчаас 2009 оны Төрийн албаны зөвлөлийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орж буй хүнийг нөөцөд бүртгэх” журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д заасныг болон 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн гэж үздэг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолоор 2009 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон тогтоолыг хариуцагчаас үндэслэх боломжгүй, хууль бус гэж үзэж байна. 

Маргаан бүхий 61 дүгээр тушаалын эрх зүйн үндсийг шалгаж үзэх шаардлагатай. Тушаал гаргах эрх нь хариуцагчид байсан. Асуудлын гол нь хариуцагч төрийн албаны сул орон тоог нөхөх үед үүргээ биелүүлээгүй. Тухайн байгууллага нь онцлог үйл ажиллагаа явуулдаг, иргэдийг ажилд зуучилдаг байгууллага. Нэхэмжлэгчийг ажилд авахдаа төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах шалгалтыг өгсөн эсэхийг асуугаад тушаалаа гаргасан байдаг.  Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх зөвхөн тухайн албан тушаалтыг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай гэж заасан байдаг.  Ажил хайж явсан иргэн буюу нэхэмжлэгч П.Б*******г ажилд авч, захиргааны акт гарган баталгаажуулж, цалин олгосон. Гэтэл тус байгууллагын дарга солигдож, шинээр ажилд орсон 4 хүнийг халсан. Эдгээр 4 хүний нэг нь нэхэмжлэгч П.Б******* бөгөөд уг 4 хүн нь өмнөх даргын тушаалаар ажилд орсон хүмүүс байдаг.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг субъектив сонирхлоор ажилд авсан гэж тайлбарладаг. Гэтэл үүнийг нотлох баримт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн мэргэжил туршлагын талаар тухайн үеийн хүний нөөцийн ажилтан н.Шижир-Эрдэнийг гэрчээр байцаасан тэмдэглэл байгаа. Маргаан бүхий тушаалд 6 эрх зүйн баримт бичгийг үндэслэсэн байдаг. Түүний нэг нь 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн албан даалгаврыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан байдаг. Мэргэшил, туршлагын хувьд нийцээгүй гэж үзэж байгаа боловч Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшил, туршлагыг үнэлэх журмыг баримтлаагүй. 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан зааснаар ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үздэг. Гэтэл уг хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн тогтоолд үүнийг комисс гарч тогтоосон байх шаардлагатай гэж заасан байдаг. Захиргааны байгууллага хуулиар өөрт олгосон үүргээ биелүүлээгүйн улмаас иргэдийг буруутгаж ажлаас халж хохироож байна. Өнөөдөр уг бүтэц орон тоо нь байхгүй болсон тул ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болсон учраас уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж  байна. Иймд үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч А.Ч******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Г******* 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 тоот тушаал гарган Ажилд зуучлах, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр П.Б*******г ажилд томилсон нь хууль бус, тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон байдаг. Мөн уг ажпын байранд ажиллаж байсан мэргэжилтэн Ч.Г*******ийг үр дүнгийн гэрээ хангалтгүй биелүүлсэн, хэлтсийн даргын албан даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр 2015 оны Б/33 тоот тушаал гарган Хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон улмаар хууль зүйн үндэслэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлий 26.1.3 дахь заалтыг удирдлага болгон төрийн албанаас халах тухай тушаал гаргасан байдаг. 

П.Б******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага мэргэжил,

мэргэшил, туршлага нь уг ажлын байранд тэнцэхгүй байсан. Үүнд: 

 “Мэргэжил”: Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эдийн засагч, эрх зүйч, статистик

гэж заасан ба П.Б*******гийн эзэмшсэн мэргэжил нь “Компьютерийн программ

хангамж, Компьютерийн ухааны бакалавр 

Мэргэшил: Төрийн удирдлага, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, ажил

мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэж

тус тус заасан нь П.Б******* нь уг албан тушаалд тэнцэхгүй, мөн тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилогдсон нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул 2015 оны 9 дүгээр сарын 03 өдрийн Б/61 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...П.Б*******г маргаан бүхий ажлын байранд томилсон тушаал нь хууль бус байсан. Б*******г анх томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5, ТАЗ ийн 2009 оны ТЖАТ-д анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.2.1, 5.3.1, 5.3.3, 5.3.4, 6.2.1, 6.2.2, 6.2.5 мөн ТАЗ-ийн 2009 оны 63-р тогтоолоор батлагдсан ТЖА-ны мэргэшлийн шалгалт авах журмын 27.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчин ажилд томилсон. Учир нь “Сул ажлын байранд байгууллага дотроосоо шаардлага хангасан ажилтныг сонгон шалгаруулж томилох хэрэв байхгүй бол Төрийн албаны салбар болон төв зөвлөлд сул ажлын байранд шаардлага хангасан хүнийг нөөцөөс томилуулах тухай ТАТХ-ийн 17 дугаар зүйлийг зөрчин П.Б*******г томилсон. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 тоот тушаалыг гаргасан Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Ж.Г******* нь маргаан бүхий ажлын байрыг хууль бусаар сул болгосон. Уг ажлыг хийж байсан Ч.Г*******ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/33 тоот болон, ажлаас халах тухай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 тоот тушаалуудыг хууль бусаар гаргасан болох нь захиргааны журмаар нотлогдсон тул Ч.Г*******ийг маргаан бүхий ажлын байранд эргүүлэн томилогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Б******* нь хууль бус томилгоог хүчингүй болгосон хууль ёсны тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэрээр маргаан бүхий ажлын байранд анх орохдоо “Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ажил байгаа талаар сураг сонссоны дагуу Н.Ш******* гэх хүний нөөцийн ажилтантай уулзаж ярилцлагад орж өөрийгөө танилцуулж уг ажилд орсон" гэсэн байдаг. Гэтэл Төрийн албанд анх ороход Төрийн Албаны Зөвлөлийн “Төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-аар тус албанд орох үйл ажиллагаа зохицуулдаг. Өөрөөр хэлбэл “Төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам” нэхэмжлэгч П.Б*******д огт үйлчлээгүй. Тэрээр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд “Сумын татварын асуудал хариуцсан байцаагч”-ийн ажлын байранд шалгалт өгч тэнцээд нөөцөд бүртгүүлсэн гэдэг. Гэтэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг тэрээр ТАЗ-ийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан ТЖА-ны мэргэшлийн шалгалт авах журмын 38 дугаар “Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг байнгын оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу бүртгэнэ” гэсэн заалтыг хэрхэн биелүүлж Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд очиж шалгалт өгсөн нь ойлгомжгүй байна. Мөн Ж.Г******* нь тус хэлтсийн даргаар хоёр сар ажиллахдаа 11 хүнийг халж, чөлөөлж, 6 хүнийг томилсны нэг нь нэхэмжлэгч П.Б******* байсан. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч П.Б******* нь Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Татварын байцаагчийн ажлын байранд шалгалт өгсөн болон Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст сул ажлын байр байгаа талаар сураг сонсож ирж ярилцлага өгөн ажилд томилогдсон хоёр нь хоорондоо субъектив холбоотой байх магадлалтай байна. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангаагүй. Маргаан бүхий ажлын байрны анхны АБД-д дээд боловсролтой Бакалавраас доошгүй зэрэгтэй байх гэдэгт тохирч байгаа ч шаардлагатай хэсэгт магистр гэж заасан. 

Гэтэл нэхэмжлэгчид магистрын диплом байхгүй. Тиймээс АБТ-ыг түүнд тааруулж Б/36 тоот тушаал гарган шинэчлэн баталсан. Тэгээд ч ажлын байрны шаардлагыг хангаагүй. Мэргэжлийн хувьд бусад гэдэгт багтаж байгаа ч мэргэжил хэсэгт: Төрийн удирдлага, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр мэргэшсэн байх гэж заасан. Харин нэхэмжлэгч эдгээрийн алинаар ч мэргэшээгүй. Мэргэшинэ гэдэг бол тэрхүү ажил, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилсан болон тэрхүү чиглэлээр дагнан судалгаа, шинжилгээний ажил хийсэн байхыг ойлгоно. Туршлага нь Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилсан байх гэж заасан гэтэл ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр болон өөрийн бакалаврын зэргийн мэргэжлийн аль алинаар нь гурван жил ажиллаагүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа нь шууд харагдаж байна. Энд ямарваа байгууллагын тусгайлан гаргасан дүгнэлт шаардлагагүй, ажилд анх орж байгаа хүн нь тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд түүнийг ажилд томилох ёстой. Тиймээс П.Б*******г ажилд томилсон 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 тоот тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 61 тоот тушаал нь хуульд нийцсэн байна. Маргаан бүхий ажлын байранд өмнө нь ажиллаж байсан Ч.Г******* эргэн томилогдон ажиллаж байгаад 2016 онд байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2016 оны Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн сургалт, сурталчилгаа, сургалтын байгууллага хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны Б/47 тоот тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус хэлтсийн даргын Б/52 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ч.Г*******ийг өөр ажилд шилжсэний дараа маргаан бүхий ажлын байранд М.Ц******* ажиллаж байгаад мөн хэлтсийн даргын Б/54 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 

Дээрх хоёр хүн нь хоёулаа хууль тогтоомжийн дагуу зохих шаардлагыг хангасны үндсэн дээр тус ажпын байранд ажиллаж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажилласан. Харин тус ажлын байранд ажиллах нөхцөл шаардлагыг хангаагүй хүнийг ажилд томилох, ажиллаагүй хүнд цалин хөлс өгөх, нөхөн олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын Даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 тоот тушаалаар Дүүргийн ХХҮХ-ийн бүтэц, орон тоо батлагдсан. Шинэ бүтэц, орон тоогоор нэхэмжлэгчийн эргэн орохыг хүсэж буй ажпын байр байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А******* надтай утсаар холбогдон Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж ажилд эргүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзъя харин ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн авъя, мөн хугацааны нийгмийн даатгалыг төлүүлэх хүсэлтэй байна. Энэ нөхцөлийг хүлээж авбал эвлэрч болно” гэсэн санал тавьсан. Миний бие хэргийн материалтай танилцаагүй байсан тул танилцаад эргээд хариу хэлье гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр М.А******* дахин утсаар холбогдож асуусан би хэргийн материалтай танилцсан, эвлэрэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Учир нь төр өөрийн хууль ёсны албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг бүрэн хангасан /Ч.Г*******, М.Ц******* нарын/, харин ажлын байрны шаардлага хангаагүй, төрд ажиллаагүй хүнийг төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаагаар хангах үүрэггүй бөгөөд ажил хийгээгүй хугацааны цалинг нөхөн өгөх үндэслэлгүй.

Иймд ажиллаж байсан албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэн чөлөөлөгдөх байсан. Энэ байдлыг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

Гуравдагч этгээд М.Ц******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...М.Ц******* би 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хэлтсийн даргын Б/05 тоот тушаалаар Хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хэлтсийн даргын Б/41 тоот тушаалаар Ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажилсан. 2016 онд хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. М.Ц******* миний бие ажиллаж байх хугацаанд:

1. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн.

 2. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөсөн.

3. Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв биржийн зохион байгуулсан. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн сургалт-2014 он;

4. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвөөс зохион байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ” төслийн ЕЗ-Вазе буюу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний суурь сургалт-2015;

5. “Хөдөлмөрийн яамны салбар нэгжийн албан хаагчдын чадавх, төрийн албан хаагчийн ёс зүйд тулгуурласан бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ахисан түвшний хамтарсан тусгай хөтөлбөр” -т сургалт -2016 он;

 6. “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох 5 модульт сургалт”-д хамрагдаж мэргэшсэн зөвлөхийн эрхийг авч; тус тус хамрагдан мэргэжил ур чадвараа дээшлүүлсэн.

7. Хэлтсийн дотоод үйл ажиллагаанд байнга тогтмол идэвхи санаачлагчтай оролцон хамт олонтойгоо шинэ санал санаачлага гарган ажиллаж ирсэн.

Иймд шүүх гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.төрийн алба мэргэшсэн тогтвортой, ил тод байх зарчимд нийцүүлэн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг ноцтой хөндөж, дордуулахгүйгээр үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.Б*******гээс “Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч П.Б******* нь шүүх хуралдааны явцад “урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Б*******г төрийн албаны шалгалт өгч, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэнийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ерөнхий болон тусгай шаардлага, болзлыг хангасан гэж үзэн Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байдаг.

Ингэхдээ тус хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/24, 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар тус тус хэлтсийн ажлын байрны тодорхойлолтыг шинээр болон шинэчлэн баталж, Б/36 дугаар тушаалаар Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтыг баталсан бөгөөд мөн өдөр нэхэмжлэгч П.Б******* уг албан тушаалд томилогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч П.Б*******г Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангасан гэж үзэж ажилд томилсон болох нь гэрч Ш.Шижир-Эрдэнийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд нэгэнт уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж ажилд томилсон атлаа ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “Ч.Г*******ийг ажлаас хууль бусаар халж нэхэмжлэгч П.Б*******г томилсон” гэж тайлбарласан боловч Ч.Г******* 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 дүгээр шийдвэрээр буюу П.Б*******г ажилд томилогдсоны дараа 5, 20 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо Ажилд зуучлагч, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтний орон тоо 2 байхаар батлагджээ.

Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халахтай холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөх, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар төрийн албанаас халах, 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар сахилгын шийтгэлийн улмаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж тусгайлан зохицуулсан, гэтэл хариуцагчаас ”Б*******г анх томилохдоо Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт авах журмыг зөрчин ажилд томилсон”, “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон дээр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлага нь нийцээгүй байхад шууд томилсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Учир нь нэхэмжлэгч П.Б*******г төрийн албанд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан хориглох заалтад хамааралгүй бөгөөд хариуцагч мөн хуулийн 17 дугаар зүйлд заасныг хангасан гэж үзэж төрийн албан тушаалд томилсон атлаа уг хуулийн төрийн албанаас чөлөөлөх, халах үндэслэлд  хамаарахгүй шалтгаанаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч П.Б*******гийн тус шүүхэд гаргасан Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс энэхүү шийдвэр гарах хүртэл 13 сар 22 өдрийн цалин хөлсийг өмнө авч байсан цалин, хөлсний дундажтай тэнцэх хэмжээгээр тооцон хуульд заасан татвар, шимтгэлийг суутган хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан иргэн П.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан “урьд ажиллаж байсан Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 13 сар 22 өдрийн цалин хөлсийг өмнө авч байсан 1 сарын үндсэн цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх хэмжээний олговрыг хуульд заасан татвар, шимтгэлийг суутган хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч П.Б*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН                           

 ШҮҮГЧ                                       С.ТӨМӨРБАТ

                                     Г.МӨНХТУЛГА