Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 83

 

О.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар магадлалтай, О.Т-д холбогдох 1925004150276 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 2003 онд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй; Боржигон овогт О Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч залилах” гэмт хэрэг,

Мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Т-г залилах, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаар/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг нийт 9 /ес/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн эдлэх 9 сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн баривчлагдсан 2 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунцэцэгээс 450.000 төгрөг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-4-405 тоотод оршин суух /РД:ГЕ79062108/ насанд хүрээгүй хохирогч Б.Баасансүрэнгийн хууль ёсны төлөөлөгч П.Дулмаад 80.000 төгрөг, Булган аймаг Тэшиг сум Хужирт багийн нутаг дэвсгэрт  оршин суух /РД:ФБ84020968/ насанд хүрээгүй хохирогч М.Мишээлийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзиймаад 150.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 3-15 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч Г.Тамирын хууль ёсны төлөөлөгч С.Дэлгэрмаад 100.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-17-18 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч М.Мөнхмөрөнгийн хууль ёсны төлөөлөгч М.Уранчимэгт 120.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 гр мансууруулах сэтгэцэд нөлөөт өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол О.Т-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлээ “... өсвөр насны шүүгдэгч О.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу дахин 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бусдын эд хөрөнгийг залилах, 2019 оны 08 сарын 22-ны өдөр мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг дахин үйлдсэн нь тогтоогдсон тул прокуророос түүнд холбогдох 1925006120385 дугаартай хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5/328 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж” болохоор хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ О.Т-д холбогдох 1925006120385 дугаартай хэрэг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байхад нэгтгэн шалгуулах гэсэн үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн ял шийтгүүлсэн болон ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн хэргүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хэрэв шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлэх боломжтой байсан. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09- ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан. Уг тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоол гарсны дараа О.Т-гийн бусдыг залилсан, мансууруулах бодис хадгалсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасан. Дээрх дурдсан хоёр үйлдэл хэрэг хянан хэлэлцэгдэх үед илрээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах боломжтой байсан. Энэ асуудлаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж нэгтгэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч О.Т- нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр, нэр бүхий насан хүрээгүй буюу 9-13 насны 5 хохирогчийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, залилан авч нийт 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт 19 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Т-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуурч залилах, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохгүй, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцэл гаргажээ.

2015 онд батлагдан 2017 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ  Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой байдгийг үгүйсгэхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдохгүй тохиолдолд хууль сахиулагч, прокурор нарын хувьд хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хөнгөрүүлэх, чөлөөлөх болон дээрхийн адил бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ.

Хэрвээ шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гагцхүү хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болж биелэгдэж буй шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл өөрчилж хэргүүдийг нэгтгэн дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй, хуульчлагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй.

Иймээс шүүгдэгч О.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж буйг харгалзан энэ гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Т-гийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нь давж заалдах шатны шүүх дээр нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шатанд тэдгээрийг шалгаж тогтоох, хэрэгт нэгтгэх процессын эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй, мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.Т-гийн эрх зүйн байдлыг илт дордуулан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд энэ талаар гаргасан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаярын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН