Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 32

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                        Б.Мөнхтуяа,

                                        Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн “У-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 571 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн “У О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 571 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлд нэг мөр дүгнэлт хийлгүйгээр, гомдлын үндэслэлд дурдаагүй, анхан шатны шүүхээр хэлэлцэж тогтоогоогүй, талуудын маргаагүй үндэслэлд дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг шийдсэнээс шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

4. Гуравдагч этгээд “У-О” ХХК маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсан эсэх талаар талууд маргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрээр дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг шилжүүлэн авахаар нийслэлийн Газрын албанд удаа дараа хандсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, “У-О” ХХК-ийн хүсэлт, нийслэлийн Газрын албаны албан бичгүүдээр тогтоогдож байхад, газар эзэмших эрх шилжүүлэхээр хандаж байгаагүй гэж дүгнэсэн.

5. Маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулах ёстой байхад шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээд шинээр газар эзэмших, газар эзэмших эрх шилжүүлж авах, иргэн хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх болон газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах, газар эзэмших гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, эзэмшил газрын заагийг тогтоож баталгаажуулах зэрэг нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ялгаатай зохицуулагдсан харилцаа байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актыг шүүхийн шийдвэр биелүүлж гарсан захиргааны акт гэж үзсэн хэрнээ яагаад ингэж дүгнэсэн тухайгаа тайлбарлаагүй.

6. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны акттай маргасан байхад шүүхээс нэхэмжлэгчийн газар шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийсэн. Талууд газрын давхцал, болон төлбөрийн талаар маргаагүй байхад энэ үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

7. Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийг 2119 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон бөгөөд үүнээс хойш хугацаанд 1689 м.кв газрыг иргэн Д.Ц-д шилжүүлсэн, “У-О” ХХК-ийн захирлын гарын үсэг тамгатай газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2005 оны албан бичиг эх хувиараа байгаа, гэрчүүдийн мэдүүлгээр дээрх газрын шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байхад энэ нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн зэргээр маргааны үйл баримтад бүх талаас нь бүрэн бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

8. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Д.Ц-аас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн “У-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээгээр худалдаж авсан газраа шилжүүлэн авахаар 2005 онд Газрын албанд хүсэлт гаргахад, маргаантай байгаа учир шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгснөөс хойш удаа дараа хандаж байсан, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байж, гуравдагч этгээдийн хүсэлтээр газар олгосон нь хууль бус” гэж маргажээ.

11. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/76 дугаар захирамжаар “У” ББХК /”У-О” ХХК/-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд 0,36 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 207 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулсан байх бөгөөд улмаар “У-О” ХХК болон иргэн Д.Цэрэннадмид нарын хооронд 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Барилгын суурийн байгууламж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 1689 м.кв талбай бүхий газрыг худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

12. Нэхэмжлэгчээс энэхүү гэрээний дагуу “эрх үүссэн” гэж маргаж, гуравдагч этгээдээс “хүчин төгөлдөр бус гэрээ” гэж тайлбарлаж байгаа боловч иргэд хооронд гэрээ байгуулснаар хэн нэгэнд газар эзэмших эрх үүсэхгүй, Газрын хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүсэх байна.

13. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно” гэж, мөн хуулийн 38 дугаар 38.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийг гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримт хавсаргаснаар захиргааны байгууллага уг асуудлыг шийдвэрлэх урьдчилсан нөхцөлтэй, нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй, зохих журмын дагуу захиргааны байгууллагад хандаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

14. “У-О” ХХК-аас Нийслэлийн газрын албанд хандаж 2005 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 121 тоот албан бичгээр газар шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаж байсан гэх боловч захиргааны байгууллага уг хүсэлтийг хүлээн авсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй, архивын баримт бичиг хадгалах хугацаа дууссан тул одоо энэ хүсэлтэд захиргааны байгууллага “хариу өгөөгүй” гэж маргах эрхгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар 15 хоногийн дотор захиргааны байгууллага шийдвэр гаргаагүй бол шүүхэд маргах замаар эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой байсан, энэ эрхээ тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа юм.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “маргаан бүхий газрыг шилжүүлэн авахаар нийслэлийн Газрын албанд удаа дараа хандсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, “У-О” ХХК-ийн хүсэлт, нийслэлийн Газрын албаны албан бичгүүдээр тогтоогдож байгаа” гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, гэрчийн мэдүүлгээр газар шилжүүлсэн эсэхийг тогтоохгүй, захиргааны байгууллагын газар шилжүүлсэн шийдвэр гарснаар үүсэх үйл баримт бөгөөд гэрч Г.П-ын “...Д.Ц-ын нэрээр хоёр иргэн хоорондоо худалдах худалдан авах гэрээ байгуулаад, тус газрыг худалдаж авсан” гэх мэдүүлэг нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоох асуудалд хамааралгүй, гэрч Ж.Ш-ын “...2011-2012 онуудад бичгээр хандаж байсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар холбогдох баримтыг бүрдүүлж хавсарган газар шилжүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргаж, энэ нь бүртгэлийн дэвтэр болон холбогдох бусад баримтаар нотлогдох ёстой атал нэхэмжлэгчээс ийнхүү 2011, 2012 онд захиргааны байгууллагад хандсан тухай баримт байхгүй байна.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны акттай маргасан байхад шүүхээс нэхэмжлэгчийн газар шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийсэн” тухай гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгчээс өөрт үүссэн эрхээ тодорхойлохдоо “тухайн газрыг бусдаас шилжүүлэн авсан” гэж заасан учраас шүүхээс ийнхүү нэхэмжлэгчийн эрхтэй холбоотой дүгнэлт хийсэн нь хуулийн зөрчилгүй, маргааны үйл баримтын хүрээнд дүгнэгдэх үндэслэл мөн болно.

17. “Нэхэмжлэгчид газар шилжүүлэх тухай “У-О” ХХК-ийн захирлын газрын үсэг, тамгатай албан бичиг, худалдах, худалдан авах гэрээ байхад шүүхээс үнэлээгүй” гэх гомдол нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, газар шилжүүлэх тухай албан бичиг гаргаснаар, худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар газар шилжихгүй, Засаг даргын захирамж гарснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэнд тооцох байна.

18. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 571 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ