| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2403000001036 |
| Дугаар | 2025/ДШМ/402 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/402
2025 04 03 2025/ДШМ/402
Н.Ө-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар /цахимаар/,
шүүгдэгч Н.Ө,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/290 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ө-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2403 00000 1036 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Н-ийн Ө, 19** оны * дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******** дүүргийн *** дугаар хороо, ************ байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ганцаар ******** дүүргийн ** дугаар хороо, ******** хотхоны *** дугаар байрны, ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ********/;
Шүүгдэгч Н.Ө- нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 2222" хотхоны хойд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20:10 цагийн үед "Lexus RX-450h" загварын **-**УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг зөрчин явган хүний гарцаар скүүтертэй зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Г.Х-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Н.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Н.Ө- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь барилгын ажил хийдэг. Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.
Прокурор Д.Агар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Н.Ө-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Ө-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ө- нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 2222" хотхоны хойд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20:10 цагийн үед "Lexus RX-450h" загварын **-**УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан скүүтертэй насанд хүрээгүй хохирогч Г.Х-г тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол тогтоосон акт /хх 4-8/,
- насанд хүрээгүй хохирогч Г.Х-гийн: “...би тухайн үед скүүтэртэй явган хүний гарцаар гарч байхад цагаан өнгийн ****УЕМ улсын дугаартай Lexus Rx 450h загварын тээврийн хэрэгсэл гэнэт огцом ирээд мөргөсөн. Мөргүүлээд 1 метр гаран шидэгдээд газар унасан...” /хх 11/,
- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн: “...Хүү Х- “Ээжээ би машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн… Маргааш нь жолооч залуутай уулзаж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хүүгийн хөл бадайрч, нуруу хэсэг нь зовиуртай, алхаж гишгэхэд хөндүүртэй байгаа. Жолооч залуу эмчилгээнд 395.000 төгрөг гаргасан,. ...сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ…” /хх 20/,
- иргэний хариуцагч А.Н-: “...би ****УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авсан. Н.Ө- “Манай дүүгийн хүүхэд маргааш хичээлтэй” гээд миний машиныг түр гуйгаад унаад гарсан.../хх17/…бид хоорондоо тохиролцоод салсан…” /хх 23/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 14463 дугаар шинжээчийн: “...Г.Х-гийн биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт урагдал, урд чагтан холбоосны суналт, хагас хальслаг булчингийн шөрмөсний суналт, зүүн 4-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” дүгнэлт /хх 28-30/,
- Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1886 дугаар магадлагаа:
“...Жолооч Н.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан...
Явган зорчигч Г.Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.6. “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэх заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна...” /хх 44-45/,
- яллагдагч Н.Ө-ийн: “...Би өөрийн санамсар болгоомжгүйгээс болж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 55/,
- Насанд хүрээгүй хохирогч Г.Х-н нас тоолсон тэмдэглэл /хх 72/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт “хүндэвтэр хохирол, сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” /хх 73/, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 75/, Хохирлын баримт /хх 78-81/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 95/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Н.Ө-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Ө-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд шүүгдэгч Н.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаар Мөрдөгчийн магадлагаа гарсан, шүүгдэгчийн энэхүү болгоомжгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Х-н биед “баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт урагдал, урд чагтан холбоосны суналт, хагас хальслаг булчингийн шөрмөсний суналт, зүүн 4-р хавирганы далд хугарал... гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолжээ.
Харин хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлага зэргээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч Г.Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.6. “унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэх заалтыг зөрчснийг болон насанд хүрээгүй хүнийг харж хандах үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсаныг хүүхдийн эцэг, эхэд анхааруулж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Ө- “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Н.Ө-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд, шүүгдэгч Н.Ө-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/290 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/290 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ө-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ