Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/290

 

 

 

 

 

2025             03             06                                           2025/ДШМ/290

 

                                          З.Д-т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар /цахимаар/,

шүүгдэгч З.Д-ын өмгөөлөгч Э.Оргил,

нарийн бичгийн дарга  Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оргилын гаргасан давж заалдах гомдлоор З.Д-т холбогдох 2411024460979 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн З-ын Д-, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр **** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *********** дүүрэг, * дүгээр хороо, **** гудамж 17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**********/,

Шүүгдэгч З.Д- нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Toyota Highlander” загварын **-**УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: З.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч З.Д-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Д-ын өмгөөлөгч Э.Оргил давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүхээс торгох ял шийтгэсэн тохиолдолд тус ялыг биелүүлэх боломжтой эсэхийг тогтоох зорилгоор түүний болон гэр бүлийн гишүүдийн эрхэлсэн ажил, орлого, хадгаламж, дундын өмч зэргийг тогтоох шаардлагатай байсан хэдий ч тус нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүйн улмаас анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид “зорчих эрх хязгаарлах” ял шийтгэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч З.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ““****” гар бөмбөгийн клубт дасгалжуулагч ажилтай" талаар, түүний эхнэр Н.А гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийгөө “*********” ХХК-ний захирал ажилтай талаараа дурдаад З.Д-ыг одоо бол манай компанид жолоочийн ажил эрхэлдэг” гэж мэдүүлсэн. “*********” ХХК нь 1992 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Н.А нь тус компаны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь олон улсын агаарын ачаа тээврийн /карго/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд З.Д- нь гэр бүлийн хүний ажил, бизнест тусалж тус компанид гэрээт ажилтнаар ажилладаг ба гадаад улсаас ирсэн ачаа тээврийг захиалагч, харилцаат байгууллагад хүргэдгээс гадна зарим тохиолдолд өөрөө гадаад улс руу явж захиалагч байгууллагын ачаа тээврийг ачуулах, хяналт тавих чиглэлээр ажилладаг бөгөөд түүнээс сарын 850.000 төгрөгийн цалингийн орлого олдог байна. Мөн тэд гэр бүлийн дундын хадгаламж буюу “Худалдаа хөгжлийн банк”-ны ********* дугаарын дансанд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 64.785.838 төгрөгийн хадгаламжтай бөгөөд тус хадгаламжаас торгох ялын биелэлтийг ханган боломжтой талаар түүний эхнэр Н.А илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж зохицуулсан. Шүүх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх боломжтойгоос гадна давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтойгоор зохицуулжээ. Шүүгдэгч З.Д-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа хэлбэрээр саад учруулаагүй болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэдий ч анхан шатны шуух түүнд ял оногдуулахдаа хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч З.Д-ын хувьд 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдсэнээр түүний гэр бүлийн бизнес болон ахуй амьдралд тодорхой хэмжээний хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа ба дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг тэнсэж, эсхүл торгох ялаар өөрчилж, хөнгөрүүлж өгөхийг хүсье. ...” гэв.

            Прокурор Д.Агараас тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: “...Шүүгдэгч З.Д-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Давж заалдах гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. Ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн бүрэн эрхийн асуудал...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч З.Д- нь өмнө 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Toyota Highlander” загварын **-**УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 01-02/,

- жолоочийн лавлагаа мэдээлэл “З.Д- 2023 оны 10 дугаар сарын 12-нд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” /хх 5/,

- эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл “иргэн З.Д-ыг драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан зураг 2.50%” /хх 7/,

- “Сиди бичлэгт” үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9-10/,

- шүүгдэгч З.Д-ын “...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би Баянбүрдийн тойрогоос Зоос гоёлын уулзвар эргэх замд цагдаагийн алба хаагчид шалгуулж тээвийн хэрэгсэл журамлуулсан. Би юуг нь нуух вэ дээ би 250 мл хэмжээтэй архи уусан, би урд өдөр нь найзуудтайгаа нилээн их архи уучихаад унтчихсан байсан. Багаж үлээхэд 2.50 хувийн согтуурал гарсан. Би жолоодох эрхээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ****-*** аймгийн цагдаа дээр хасуулсан. Би машиныхаа тос маслыг солих зориолгоор **** УНЭ улсын дугаартай “Toyota Highlander” загварын автомашин жолоодсон...” /хх 4, 27/ гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч З.Д- нь өмнө 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан гэсэн лавлагаа зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Э.Оргил “... шүүгдэгч Б.Д-ын хувьд 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдсэнээр түүний гэр бүлийн бизнест болон ахуй амьдралд тодорхой хэмжээний хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа ба дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуусан ялыг тэнсэж, эсхүл торгох ялаар өөрчилж, хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ. 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “...нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явах, өөрчлөх, тодорхой газарт очихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.

Шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй.

 Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг сонгон тогтоож байх нь зохистой. 

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь дүүрэгт хуваагдах тул шүүгдэгч З.Д-ын зорчих эрхийг түүний албан ёсоор оршин суух хаягийн бүртгэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан анхан шатны шүүхийн шийтгэх үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг давхардуулсан байдлаар бичсэн байх тул тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Д-ын өмгөөлөгч Э.Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л. ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Г. ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ