Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/02218

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/02218

 

 

С.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01678 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банк ХХК-д холбогдох,

 

Төрийн банк ХХК-ийн Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал орон тоонд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Отгонзул

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэнгүүн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Болорчимэг, Д.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гэрэлмаа нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банкны Гүйцэтгэх захирлын Б/1158 дугаар тушаалаар тус банкны Мэдээллийн технологи хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр A1/08 дугаар мэдэгдлээр Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг мэдэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус банкны гүйцэтгэх захирлын Б/301 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгож байгaa үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи хариуцсан захирал албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлийг баримталжээ.

С.Гэрэлмаа нь ажилд томилогдох үед уг албан тушаал нь Төрийн банкны бүтцэд Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь орлогч захирал, Ажлын байрны нэр нь газрын захирал буюу Мэдээллийн технологийн газрын хариуцан, удирдаж ажиллах чиг үүрэгтэй Мэдээллийн технологи хариуцсан захирал нэртэй албан тушаал байсан. Гэтэл ажил олгогчийн ажлаас халах тушаалд дурдсан Төрийн банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж Мэдээллийн технологи хариуцсан захирал гэх албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт огт хамааралгүй. Ажил, албан тушаал нь хэлбэр, нэршлийн хувьд л өөрчлөгдсөн, Төрийн банкны бүтцэд Мэдээллийн технологийн газар нь байгаа, уг газар болон түүний удирдлагын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байтал орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь илт үндэслэлгүй.

Иймд С.Гэрэлмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус болохыг тогтоолгон, Төрийн банк ХХК-ийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал орон тоонд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК газар хэлтсийн уялдаа холбоо, удирдлагын зүй тогтол, ажилчдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох үүднээс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны 03 дугаар тогтоолоор банкны бүтцийг шинэчлэн баталсан. Өмнөх бүтцэд Төрийн банк ХХК-ийн захиралд 70 гаран хүн байсан. 03 тоот тогтоолоор 41 болж хассан. Гүйцэтгэх захирал нар орлогч захирал нарт харьяалагдаж байсан. Албадыг захиралгүй болгосон. Зарим нэг орлогч захирал хасагдсан. Ийм байдлаар удирдлагын орон тоог цомхон оновчтой зохион байгуулсан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо нь 03 тоот тогтоолоор хасагдсан. Зохион байгуулалт нь хуульд нийцүүлэн хийгдсэн. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот тогтоолоор Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилсон. Төрийн банк ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.12-д заасны дагуу газраас дээших орон тоог томилох асуудлыг ТУЗ-ийн зөвшөөрлөөр Г.Дөлгөөнд олгосон. ТУЗ-аас олгосон зөвшөөрлийн дагуу Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А-12 тоот хавсралтаар захирлыг 41 болгож өөрчилсөн.

С.Гэрэлмаагийн эрхэлж байсан Мэдээлэл технологи хариуцсан захирал гэх орон тоо хасагдсан. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хуулийн хугацаанд мэдэгдсэн. Нэг сарын хугацаа дууссаны дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбоотойгоор 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Мэдэгдлийн хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүртэлх цалин, ээлжийн амралтад 7 985 803 төгрөгийг тус тус дансанд нь шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Гэрэлмааг Төрийн банк ХХК-ийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Төрийн банк ХХК-иас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 30 743 211 төгрөгийг гаргуулж С.Гэрэлмаад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Гэрэлмаагийн ажилгүй байсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Төрийн банк ХХК-ийн удирдлагад үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 311 666 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

"Төрийн банк" ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд хуулийн 40.1-д заасан заалтыг мөрдөж ажиллах юм. Өөрөөр хэлбэл хуулийн 40.1-т заасан үндэслэл бүрдээгүй байна хэмээн ажил олгогчийг буруутгаж байгаа шүүхийн шийдвэрийн үндэслэл нь буруу гэж үзэж байна.

Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тус банкны Мэдээллийн технологи хариуцсан захирлын албан тушаалын орон тоо нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д зааснаар хасагдсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох Төрийн банкны ТУЗ-ийн 2018.01.12-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралт, Төрийн банкны Төв банкны орон тоо нь Газар, хэлтэс /алба, төв/-ийн удирдлагын орон тоо нь 13 байснаас 8 болж буурсан нь /Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016.10.21-ний өдрийн А/331 дугаар тушаалын хавсралт, Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018.01.17-ны өдрийн А/12 дугаар тушаалын хавсралт/ нотлогдож, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Удирдлага нь нийт 13 орон тоотой байсныг шинэ бүтцийн өөрчлөлтөөр 8 орон болж цөөрч удирдлагын ажлын байр хасагдсан нь хавтаст хэрэгт авагдсан Мэдээллийн технологи хариуцсан захирал болон Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын ажлын байрны тодорхойлолтоос шууд нотлогдож байгаа юм.

Нөгөө талаар ажил олгогч нь орон тоо хасагдсан буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч С.Гэрэлмаад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халсаны тэтгэмжид үндсэн 3 сарын цалин болох 18 000 000 төгрөгийн тэтгэмжииг олгосон. Гэтэл шүүх нэхэмжлэгч С.Гэрэлмаад олгосон 3 сарын тэтгэмж болох 18 000 000 төгрөгийг хэрхэхийг шийдвэрлээгүй.

С.Гэрэлмаагийн ажиллаж байсан Мэдээллийн технологи хариуцсан захирал орон тоо нь шинэ бүтцээр байхгүй болсон нь энэ орон тооны ажлын байр байхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтоос нь харахад түүний ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, ажилтанд тавигдах шаардлага нь одоогийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын ажлын байрны зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, ажилтанд тавигдах шаардлагаас өөрчлөгдсөн нь тодорхой харагдана. Өмнөх бүтцийн хувьд Мэдээллийн технологи хариуцсан захирал нь Орлогч захирлын харъяа Гүйцэтгэх захиралд ажлаа хариуцан тайлагнаж байсан бол одоогийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал нь босоо шатлалын хувьд Тэргүүн дэд захирлын харъяа Гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнаж ажиллах байдлаар бүтэц өөрчлөгдсөн.

С.Гэрэлмаагийн ажиллаж байсан Мэдээллийн технологи хариуцсан захирал нь нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, тасралтгүй ажиллуулах чиг үүргийн хүрээнд ажиллаж байсан бол одоогийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал нь банкны мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлж, бизнесийн нэгжүүдтэй нягт уялдаа холбоотой ажиллаж, шууд харъяалан удирдах ажилтнуудаа мэргэжлийн удирдлага заавар зөвлөмжөөр хангах чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Гэрэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

С.Гэрэлмаа нь Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1158 тоот тушаалаар тус банкны Мэдээллийн технологи хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байгаад тус банкны захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/301 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

 

Уг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.26, 11.4, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоол, хүний нөөцийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр хурлын шийдвэрийг тус тус баримтлан Төрийн банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж Мэдээллийн технологи хариуцсан захирал гэх албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр С.Гэрэлмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталсан үндэслэлээ Төрийн банк ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын Төрийн банкны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор Мэдээллийн технологи хариуцсан захирлын ажлыг Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал хариуцан хийж гүйцэтгэхээр болсон гэж орон тоо хасагдсан гэж тайлбарласан.

 

Орон тоо хасагдсан гэдэг нь тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон байхыг ойлгох бөгөөд Мэдээллийн технологи хариуцсан захирал болон Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан дүгнэвэл илэрхийлж байгаа хэлбэрийн хувьд өөр байгаа боловч ажлын байрны чиг үүрэг, гүйцэтгэх ажил үүргийн агуулгын хувьд ижил байх тул Мэдээллийн технологи хариуцсан захирлын ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон гэж үзэхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч тухайн мэргэжлийн чиг үүрэг тухайн байгууллагад байгаа болох нь тогтоогдож байх тул орон тоо бодитой хасагдаагүй гэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар өмнөх ажил албан тушаалд эгүүлэн томилж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор болох 30 743 211 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Гэрэлмаад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гаргасантай холбогдуулан ажилтанд олгосон 3 сарын тэтгэмж болох 18 000 000 төгрөг олгосон талаар хариуцагч сөрөг нэхэмжлэл болон тайлбар гаргаагүй учраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо тэтгэмжийг хасахгүй тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн хариуцагч Төрийн банк ХХК нь уг тэтгэмжид олгосон 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 311 667 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА