| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01510/И |
| Дугаар | 312/шш2025/02178 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 312/шш2025/02178
2025 11 03 312/ШШ2025/02178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* дугаар байранд байрлах, ******* ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* байрны 2 дугаар зоорийн давхрыг албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,
Зоорийн давхрыг засаж тохижуулсан төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат
Хариуцагч П.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Бямбацэрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай Сууц өмчлөгчдийн Холбооны дундын өмчлөлийн хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум ******* -2-р зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглахаар Д. нь 3 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн түрээсийн гэрээний дагуу подвалийг ашиглаагүй өөр зориулалтаар буюу амьдран суух зориулалтаар ашиглаж байгааг мэдсэн. Гэвч түрээсийн гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулсан байсан тул уг гэрээний хугацаанд зөрчлөө арилгаж зориулалтын дагуу ашиглахыг хүлээсэн боловч зөрчлийг арилгаагүй ба түрээсийн гэрээний хугацаа дуусахад гэрээ дуусгавар болсныг сануулж, гэрээг дахин сунгахгүй болсноо мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн подвалийг чөлөөлөөгүй. Мөн дундын өмчлөлийн сантехникийн хүйтэн, халуун усны шугам хоолойг засах, хянах, шалгахад байнгын саад учруулж орох боломжгүй болгосон. Тухайн подвалд түүнийг амьдарч байгааг мэдээд, энэ байдлыг таслан зогсоохыг шаардаж, сантекникийн болон цахилгааны бусад асуудлыг шийдвэрлэхэд оруулахгүй байгаа байдал, орон нутгийн байгууллагын хяналт шалгалтын үед байнга саад учруулж, түлхүүрийг нь огт өгөхгүй байгаа зэргээс болж байгууллагын үйл ажиллагааг явуулахад удаа дараа саад болж ирсэн. Ийм байдлаар 3 жил болсон ба түрээсийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгах үндэслэл тогтоогдохгүй байсан тул түрээсийн гэрээг дуусгавар болсныг мэдэгдэж, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* -2-р зоорийн давхрыг чөлөөлж өгөхийг хүссэн. Гэвч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байх тул хариуцагчаас Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* байрны 2 дугаар зоорийн давхрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: ...Манай Сууц өмчлөгчдийн Холбооны дундын өмчлөлийн хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* -2-р зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглахаар Д. нь 3 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн түрээсийн гэрээний дагуу подвалийг ашиглаагүй өөр зориулалтаар буюу амьдран суух зориулалтаар ашигласныг мэдсэн. Тухайн байранд амьдрахдаа бидний зөвшөөрөлгүй засвар хийсэн байх ба хийх засварын төсөв, түүнийг засах зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг нэхэмжпэгчтэй огт зөвшилцөөгүй, тохиролцоогүй. Түрээсийн гэрээгээр ашиглах хугацаандаа аливаа засан сайжруулалтын засвар хийсэн тохиолдолд манай байгууллага хариуцахгүй гэдгээ бид тохиролцсон ба түрээсийн хугацаа дуусахад засварын зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй болно. Доод хонгилыг түрээслэх хугацаанд түрээслэгч өөрийн үйл ажиллагаандаа нийцүүлэн хийсэн завсар нь түрээслэгчийн хүсэл байх ба түрээсийн гэрээний хугацаа дуусахад уг засварын зардлыг бид хариуцах үндэслэлгүй болно. Түрээсийн гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулсан, уг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахыг хүссэн боловч, зөрчлийг арилгаагүй ба дундын өмчлөлийн сантехникийн хүйтэн, халуун усны шугам хоолой байрладаг хонгилд бид зайлшгүй засвар хийх шаардлага байгаагүй болно. Гэтэл тухайн этгээд уг обьектыг амьдрах зориулалтаар зөвшөөрөлгүй, сайн дураараа хийсэн засварыг манай байгууллага хариуцах мэт үндэслэлгүй шаардлага гаргажээ. Түүнчлэн тухайн засварыг хариуцагч хийгээгүй байх ба өөр хүн хийсэн. Тухайн хүнийг төлөөлөн нэхэмжлэх гаргах эрхтэй эсэхээ нотлоогүй байна. Түрээсийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгах үндэслэл тогтоогдохгүй байсан ба уг хугацаагаар түрээсэлснээ мэдэж, үйл ажиллагаандаа зориулан 3 жилийн өмнө хийсэн засвараа өнөөдөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
2. Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Орхон аймаг дахь ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны 2025-06-06-ны өдрийн 10 тоот нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Уг нэхэмжлэлд Баян-Өндөр сум дахь ******* ийн -2-р орцны давхрын агуулахын зориулалтаар ашиглахаар П. нь 3 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд түүний эгч Эрдэнэчулуун нь надад 2 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд төлбөрийг нь бэлнээр өгсөн. Түүнийг гэрчлэх хүмүүс маш олон байгаа ба одоо тоглоом тоглож буй 2-12-2 подвальд ирдэг хүмүүс гэрчилнэ. Тухайн үед худалдаж аваад гэрээ хийхэд тэр хүмүүс байсан. Шаардлагатай бол гэрчээр оруулж болно. Тэгсэн ч би иргэн хүнийхээ хувьд уг гэрээг түрээсэлснийхээ хөлсийг хоёр сараас дээш хугацаагаар 60 000-90 000 төгрөг болох хүртэл 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлсөн байгаа. *******-н ажилтан тоот дансанд хийж байсан баримт бүгдийг хавсаргав. Утас нь:99369719
2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл дээрх худалдан авсан подвальд хоёр сая гаруй төгрөгийн засвар хийсэн. Тийм учир дээрх подваль албан ёсны гэрчилгээ нь миний нэр дээр гараагүй ч худалдаж авсан учир миний өмч гэж үзэж байна. Уг нэхэмжлэлд подвалийг зориулалтын дагуу ашиглаагүй, зөрчлийг арилгаагүй гэж худлаа бичсэн байна. Учир нь би бэлэн мөнгөөр худалдаж авсан тул миний өмч гэж үзэж байна. Хэрэв намайг энэ байрнаас чөлөөлөх хүсэлт гаргаж байгаа бол би түүний эгч Балын Эрдэнэчулуунд өгсөн хоёр сая төгрөг, засвар хийсэн хоёр сая гаруй төгрөгөө авч байж байрыг нь чөлөөлж өгнө. Эсвэл ирэх жилийн 7 сар хүртэл энэ байрандаа байвал дээрх мөнгийг нэхэмжлэхгүй тохиролцох хүсэлтэй байна. Тайлбарт *******-н ажилтан дансанд шилжүүлсэн баримтууд, 2023.03.01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ бусад баримтуудыг хавсаргав. Баримт бүгд 00 ширхэг хавсаргав.
Засаг дарга Зоригтбаатарт *******-ны даргын гаргаж буй үйлдлийн талаар 2025-04 сард танилцуулахад, ИТХ-н дарга Мөнхбаярт үүрэг өгч 1 жил 6 сараар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. *******-ны дарга Б.Эрдэнэдаваа нь миний худалдаж авсан байрыг мөрийтэй тоглоомын зориулалтаар эгч Эрдэнэчулуунд ашиглуулахаар намайг шахаж хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бүх нийтийн өмчийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулж буйг тэр хавийн оршин суугчид бүгд мэднэ. /Тоглож буй зургийг хавсаргав/.
Нэхэмжлэлд дундын өмчийн сантехникийн хүйтэн, халуун усны шугам хоолойг засварлахад байнгын саад учруулж орох боломжгүй болгосон, сантехникийн болон цахилгааны бусад асуудлыг шийдвэрлэхэд оруулахгүй байгаа байдал, орон нутгийн хяналт шалгалтын үед байнга саад учруулж түлхүүрийг нь өгөхгүй байгаагаас болж байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэж бичсэн байна. Учир нь миний үйл ажиллагаа явуулж буй өрөөнд сангийн, цахилгааны ямар ч шит, винтель байхгүй. Тэр нь хажуу талын ус сувгийнхны өрөөнд байдаг, түүнийг ус сувгийн слесарь, сантехникч нар мэднэ, шаардлагатай бол гэрчилнэ... гэжээ.
Хариуцагч П. сөрөг нэхэмжлэлдээ: ...******* ******* *******-с одоо амьдарч байгаа подвалийг засаж тохижуулахад зарцуулсан материалын үнэ 2 500 000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна. Иргэн П. надаас түрээсийн гэрээ дууссан тул Орхон аймаг дахь Баян-Өндөр сумын ******* ийн -2-р подвалийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ подваль хүн амьдрах ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад хэцүү зүгээр зоорийн хар нүх байсанг би өөрийн хөрөнгөөр засаж сэлбэж тохилог сайхан амьдрах нөхцөл бүрдсэн үед шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг хохироож байна.
******* ******* *******-ны дарга Б. төрсөн эгч Б.Эрдэнэчулуун нь надад энэ подвалийг авч өгнө гэж 2 000 000 төгрөг авсан бөгөөд миний паспортыг авч яваад миний өмнөөс дүүтэйгээ тохирч миний өмнөөс 3 жилийн гэрээг миний гарын үсгийн хуурамчаар зурж надаас авсан мөнгийг хувааж идсэн гэж үзэж байна. Мөн энэ подвальд би цахилгааны монтажийг хийхэд зориулж боодол кабель, дотор бүх ханыг цэвэрлэдэг обой нааж, шинээр 3 хана босгон хавтангаар 00-ийн өрөө хийж суултуур, гоожуур хийсэн. Орцны гадна давхар талыг шинээр банз тавьж дээвэрлэж, блок өрж, эмулс хийж, халуун хүйтэн цахилгааны тоолуур зэргийг шинээр хийсэн. Үүнийг яаж засаж засварласанг энэ орцныхон бүгд гэрчилнэ. Энэ подвалийг нүүлгэж авч болохгүй тул тохижуулсан маериалын хөлсөө нэхэмжилж байна. Үүнд хийсэн ажлын хөлс ороогүй болно... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, ******* ******* *******-ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай Удирдах зөвлөлийн хурлын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээний эх хувь /хх-7-9/, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл /хх-11-18/, итгэмжлэл /хх-19/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас: фото зураг /хх-30/, хариуцагчийн мэргэжлийн үнэмлэх /хх-31/, -2 дугаар зоорийн давхрын цахилгаан, ус, дулааны төлбөр төлсөн баримт эх хувь /хх-32-36/, 5279010152 дугаартай дансны 2023.07.09-2025.10.07-ны өдөр хүртэлх дансны хуулга /хх-62/, зоорийн давхрын одоогийн фото зураг /хх-63-65/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч П.ад холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум ******* байрны 2 дугаар зоорийн давхрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...хариуцагч Д. нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум ******* -2-р зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглахаар Д. нь 3 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн түрээсийн гэрээний дагуу подвалийг ашиглаагүй өөр зориулалтаар ашиглаж байсан. Түрээсийн гэрээг дуусгавар болсныг мэдэгдэж, зоорийн давхрыг чөлөөлөхийг хүсэхэд чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ...2020 онд ******* ******* *******-ны дарга Б. төрсөн эгч Б.Эрдэнэчулуунтай танилцаж хамтран амьдарсан. 2022 оны 11 дүгээр сард манай подвальд засвар хийж, амьдарч болно гээд Б.Эрдэнэдаваа надад хэлсэн. Түрээсийн гэрээ хийхэд би өөрийн биеэр очиж гарын үсэг зураагүй. Миний иргэний үнэмлэхийг Б.Эрдэнэчулуун авч яваад миний өмнөөс гарын үсэг зурж түрээсийн гэрээг эгч Б. байгуулсан байсан. Б.Эрдэнэчулуун бид хоёр хамтран амьдрахаа больсон тул ******* Шувуут *******-ны дарга Б.Эрдэнэдаваа чи подвалийг худалдаж ав эсвэл гараарай гэхээр нь би 2025 оны 09 дүгээр сард бэлнээр 2,000,000 төгрөгийг Б.Эрдэнэчулуунд өгсөн. Подвальд засвар хийхийн тулд материалийн зардлыг би өөрөөсөө гаргаж, янзалсан. Би өөрийн гэсэн хашаа байшинтай болох хүртлээ, энэ подвальд 2026 оны 07 дугаар сар хүртэл байх хүсэлтэй байна гэхэд ******* ******* *******-ны дарга Б.Эрдэнэдаваа нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Подвальд цахилгааны монтажийг хийхэд зориулж боодол кабель, дотор бүх ханыг цэвэрлэдэг обой нааж, шинээр 3 хана босгон хавтангаар 00-ийн өрөө хийж суултуур, гоожуур хийсэн. Орцны гадна давхар талыг шинээр банз тавьж дээвэрлэж, блок өрж, эмулс хийж, халуун хүйтэн цахилгааны тоолуур зэргийг шинээр хийсэн. Энэ подвалийг нүүлгэж авч болохгүй тул тохижуулсан материалын хөлсөө нэхэмжилж байна подвалийг засаж тохижуулахад зарцуулсан материалын үнэ 2 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.
4. Шүүх хуралдаан шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь П.ад ******* 2 дугаар байны 11б-2 дугаар зоорийн давхрыг 3 жилийн хугацаагаар түрээслүүлсэн болох нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна, 15.1.1.-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, ана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасан бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум ******* -2-р зоорийн давхар нь тус байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө байна,
мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-д "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж тус тус заасан байх ба ******* ******* ******* нь ******* ийн 2 дугаар хороолол 11б байрны 2-р орцны зоорийн давхрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч, маргаан бүхий дээрх зоорийн давхрыг П.ад түрээслүүлснээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.2.-д Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
7. Хариуцагч П., түрээсийн гэрээнд би гарын үсэг зураагүй гэдэг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, гэсэн хэдий ч одоог хүртэл тус подвольд амьдарч байх тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
8. Хариуцагч нь ******* ******* *******-ны захирлын төрсөн эгч Б.Эрдэнэчулуун нь надад 2 000 000 төгрөгөөр уг подволийг худалдсан, төлбөрийг би бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэн нэгэн гуравдагч этгээд Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад дур мэдэн худалдах эрхгүй бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
9. Иймд хариуцагч П.ад ******* ******* *******-ны ******* ийн 2 дугаар хороолол 11б байрны 2 дугаар зоорийн давхрыг албадан чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэв.
10. Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч Д. подвальд засвар хийсэн засварын зардал гэж 2 500 000 төгрөгийг ******* ******* *******-с гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
11. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд, түрээсийн гэрээний хугацаанд аливаа засан сайжруулалт хийсэн тохиолдолд манай байгууллага хариуцахгүй гэдгээ бид тохиролцсон. Түрээсийн хугацаа дуусахад засварын зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй. Дундын өмчлөлийн сантехникийн хүйтэн, халуун усны шугам хоолой байрладаг хонгилд зайлшгүй засвар хийх шаардлага байгаагүй, гэтэл хариуцагч нь өөрөө амьдрах зориулалтаар зөвшөөрөлгүй, сайн дураараа засвар хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.
12. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4.-д гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах гэж заасан бөгөөд хариуцагч подвольд өөрөө амьдрах зориулалтаар засан сайжруулалт хийсэн, засвар хийх тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзал үндэслэл бүхий байна.
13. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгч ******* ******* *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 54 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2., 288 дугаар зүйлийн 288.2.4.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум ******* 2-11б байрны 2 дугаар зоорийн давхрыг чөлөөлөхийг П.ад даалгаж,
подвалийг засварлахад гарсан зардал 2 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 54 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА