Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Б.Амартүвшин

Иргэдийн төлөөлөгч Ш.Эрдэнэчимэг

Хохирогч Н.Т-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж

Шүүгдэгч Б.В-г оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.В-д холбогдох эрүүгийн 1838003150159 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.В-,

Шүүгдэгч Б.В- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.В- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Н.Т-ын шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн шалгах ажилагааны үед өгсөн: “...Вандай бид 2 гэрээс нь гараад хойно нь байдаг Хангай гээд нутгийн дүүгийнд орсон санагдаж байна. Нэг мэдсэн дээшээ харцан айлын үүдэнд хэвтэж байсан. Миний гэдэс рүү өвдөөд байхаар нь гэдэс рүүгээ хартал цус хартал гарцан харагдаж байсан. Маргааш нь сэрээд хүнд хутгалуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-26-р тал/,

Гэрч Т.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Банзадмаа сандарцан Н.Т-ыг Вандай шоролчихшиг боллоо гээд хажуу айл руу орж явсан. Би гэрийнхээ үүдэнд ирэхэд Н.Т- манай үүдний довжоон дээр хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Т-, Б.В- нар архи уучихсан орж ирсэн..хоорондоо маргалдаад манай ширээн дээр байсан тавагтай идээ болон гэрийн баганыг мултлаад хоорондоо барилцаж аваад ....гарсан тэгсэн хаалганы цаана нэг нь намайг яаж байгаа юм бэ намайг шаачихлаа гээд орилоод унасан. Тэгэхээр нь би гэрээсээ гарахад хаалганы довжоон дээр Н.Т- цаашаа хараад уначихсан хэвтэж байсан. Вандай намайг шаачихлаа гэж 2-3 хэлж байснаа дуугүй болчихсон. Н.Т-ын гэдэс рүү харахад цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-36-р тал/,

Гэрч П.-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хажуу талын эмээ гэрийн хаалга нүдээд болохоо байлаа хүмүүсээ манайд 2 согтуу нөхөр орж ирээд нэгийгээ шоролчих шиг боллоо гараад ирээд гэхээр нь би гэрээсээ гарсан чинь эмээгийн үүдэн дээр нэг хүн цаашаа харчихсан хэвтэж байсан. Хальт очоод харахад ухаан алдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

Гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг гэртээ байж байхад манайд Банзадмаа эгч хойд айлын эгч тэр 2 ирээд Вандай ах чинь хүн шоролчихлоо. Одоо тэр хүнийг нь яаралтай эмнэлэгт хүргэж өгөх шаардлагатай байна гэхээр нь би ээжийн машиныг асаагаад Банзадмаа эгчтэй тэднийд очиход гэрийн босгоны гадна талд нэг хүн хэвтэж байсан. Тэгээд харахад Н.Т- ах байсан. Би эмнэлэгт оруулаад Н.Т- ахын бүх хувцасыг нь тайлалцаж өгсөн. Тэгэхэд хэвлийн тус газар нь хүйсний хажуу талд хутгалуулсан ярагдсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 209 дугаартай:

  • Н.Т-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрхи гэмтэл хатуу ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгагдаж зүсэх үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.
  • Н.Т-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 51-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10-р тал/,

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Баяндалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.

Шүүгдэгч Б.В-д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 88-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан түүнд хуулинд зааснаас хөнгөрүүлж ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838003150159 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см урттай, 2.5 см өргөнтэй, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.В- хүний эрүүл мэндэл хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.В-г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.В-д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см урттай, 2.5 см өргөнтэй, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР

ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР

Н.АРИУНЖАРГАЛ