Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810010900378 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Б.Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 18-142 тоотод иргэн Г.М-ыг нөхөртэйгээ хардаж, ус буцалгагчаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Н: “...2018 оны 04 дүгээр сарын 28-нд нөхөр рүүгээ залгахад 23:00 цагт очно гэж хэлээд утас нь холбогдохгүй 3 хоног гэртээ ирээгүй. Гэр тоггүй болсон учир би аавындаа очсон. Тэгээд гэртээ очиход манай нөхөр М эгчтэй хамт хэвтэж байсан. Тэгэхээр нь М эгчийг үсдэж нөхрийгөө ус буцалгагчаар цохих гэж байгаад Мын толгой руу цохисон. Тэгээд гэрээс гарахад араас М эгч гарч ирэхэд толгойноос нь цус гарсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр найзынхаа гэрт нэг шил архи хувааж уугаад сууж байхад ...Мягмардорж над руу залгаад ...намайг гэртээ хүрээд ир гэж дуудсан. ...Тэгээд Мягмадорж бид хоёр юм яриад архи уугаад сууж байхад гаднаас Мягмадоржийн эхнэр Н орж ирээд “чи яахаараа архи уугаад сууж байдаг юм бэ” гэж нөхөртөө хэлээд миний үснээс зулгаагаад ус буцалгагчаар толгой руу хоёр удаа цохисон. Тэгтэл миний толгойноос цус гарсан, Мягмардорж эхнэрээ салгаад аваад гарсан. ...Н намайг нөхөртэйгөө хардаад цохисон. ...Надад гомдол гээд байх зүйл байхгүй....” /хх-ийн 14-16, 17-18/ гэсэн,

 

Гэрч М.Мягмадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ...М над руу залгаад хүрээд ир гэхээр нь би Яармагийн эцэст түүнтэй уулзаад ...Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 18-142 тоотод очиж 0.75 литрийн архи хувааж уугаад хамт хоноцгоосон. ...Маргааш өглөө нь дахин нэг шил архи аваад хуваагаад ууж байхад гаднаас манай эхнэр Н орж ирээд намайг цохиж аваад “юу хийж байгаа юм” гэж уурлаад байхаар нь би түүнд учрыг нь ойлгохгүй байж гэж хэлээд эхнэрээ хэнтэй явж байгаа юм бол гээд гэрээс гарахад хүн байгаагүй. Тэгтэл гэрээс М эгч, Н хоёр гарч ирсэн, М эгчийн толгойноос нь цус гараад нүүрийг нь дагаад урсаж байсан. ...Тухайн үед М эгч хэлэхдээ “танай эхнэр толгой хагалчихлаа” гэж хэлж байсан. ...Манай эхнэр миний нүүрэнд нэг удаа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй...” /хх-ийн 20-211/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Мягмардорж 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээс таксинд явлаа гэж гараад 3 хоног ирээгүй, утас нь ч холбогдохгүй байсан. ...2018 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад би өөрийн хуучин гэртээ очиход Мягмардорж нэг эмэгтэйтэй хамт орон дээр хувцастайгаа хэвтэж байсан. Тухайн үед манай гэр тоггүй, харанхуй байсан  учраас нөхрөөсөө “энэ эмэгтэй хэн бэ” гэж асуухад намайг “зайлаач” гэхээр нь би М эгчийг зүүн гараараа толгойноос нь үсдээд баруун гараараа нөхрөө цохиод “энэ хэн юм бэ” гэж асуухад манай нөхөр “М эгч тавиач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт байсан цэнхэр өнгийн ус буцалгагчийг аваад нөхрийнхөө толгойд хоёр удаа цохих шиг болсон. Тэгээд би гэрээс гарахад араас тэр хоёр гарч ирсэн ба хуучин гэр бүлийн найзууд байсан хуурай эгч Мын толгойноос цус гарсан байсан. Гэрт харанхуй байсан болохоор нөхрөө цохиж байна гэж бодоод андуураад М эгчийг цохичихсон байсан. ...Би анхнаасаа М эгчийг цохино гэж бодоогүй. Нөхөртөө уурлаад цохиж байна гээд 2 удаа цохихад харанхуйд М эгчийг цохичихсон байсан...” /хх-ийн 38-41/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5436 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.М-н биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт,

 

- Шүүгдэгч Б.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-48/,  

- Хохирлын баримт /хх-ийн 49/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 18-142 тоотод иргэн Г.Мыг нөхөртэйгээ хардаж, ус буцалгагчаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.М-н “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр найзынхаа гэрт байж байхад ...Мягмадоржийн эхнэр Н орж ирээд “чи яахаараа архи уугаад сууж байдаг юм” гэж нөхөртөө хэлээд миний үснээс зулгаагаад ус буцалгагчаар толгой руу хоёр удаа цохисон. ...84,052 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 14-16, 17-18/ гэсэн,

Гэрч М.Мягмадоржийн “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ...гаднаас манай эхнэр Н орж ирээд намайг цохиж аваад “юу хийж байгаа юм бэ” гэж уурлаад байхаар нь би түүнд учрыг нь ойлгохгүй байж гэж хэлээд хэнтэй явж байгаа юм бол гэж бодоод гэрээс гарахад хүн байгаагүй. Тэгтэл гэрээс М эгч Н хоёр гарч ирсэн ба М эгчийн толгойноос нь цус гараад нүүрийг нь дагаад урсаж байсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,

Шүүгдэгч Б.Н-н “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад би өөрийн хуучин гэртээ очиход Мягмардорж нэг эмэгтэйтэй хамт орон дээр хувцастайгаа хэвтэж байсан. Тухайн үед манай гэр тоггүй, харанхуй байсан  учраас нөхрөөсөө “энэ эмэгтэй хэн бэ” гэж асуухад намайг “зайлаач” гэхээр нь би М эгчийг зүүн гараараа толгойноос нь үсдэж баруун гараараа нөхрөө цохиод “энэ хэн юм бэ” гэж асуухад манай нөхөр “М эгч тавиач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт байсан ус буцалгагчаар нөхрөө толгойнд нь хоёр удаа цохих шиг болсон. ...Гэрт харанхуй байсан болохоор нөхрөө цохиж байна гэж бодоод андуураад М эгчийг цохичихсон байсан...” /хх-ийн 38-41/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №5436 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.М-н биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс Б.Номин-Эрдэнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-н эрүүл мэндэд толгойд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 84,052 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, үлдсэн 76,052 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь тухайн гэмт хэрэг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан, хохирогч шүүх эмнэлэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үзүүлсэн бөгөөд хохирогч нь эмчид үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авах талаар баримтгүй, хэрэгт авагдсан эмчилгээний баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, энэ хэрэгт хамааралгүй баримтууд байх тул хангахгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Н үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810010900378 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ээс 8,000 /найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгож, хохирогч нь эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см өндөртэй, 24 см өргөнтэй цэнхэр өнгийн цагаан өнгийн ус буцалгагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Эрүүгийн 1810010900378 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР