Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/, шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810013640392 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсрлтой, эдийн засагч мэргжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 441 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, О.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Н 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ханс вилл хотхоны 104-1208 тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ...Н ...янз бүрийн юм яриад байхаар нь чи их согтсон байна, одоо явж унт гэж хэлэхэд гал тогооны ширээн дээр байсан аягыг хана руу шидэхэд Энхдэлгэр бид хоёр цочиж орилоод би хөргөгчний хажуу талаар орж зогссон. Тэгтэл Н босож ирээд намайг шалан дээр унагаахад Энхдэлгэр бид хоёрыг салгасан. ...Н хойноос хөөж зүүн гарнаас зуурч, байгаад дух, баруун нүд орчим руу 1-2 удаа гараараа цохисон. ...Дараа нь намайг өшиглөх гэхэд би бултаж миний цээжний баруун хэсгийг хальт шүргээд өнгөрсөн...” /хх-ийн 9-10/ гэсэн,

 

Гэрч Э.Энхдэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Уийн гэрт очиход нөхөр Н, У болон хүүтэйгээ гурвуулаа байсан. ...Гэнэт нөхөр нь шалтгаангүйгээр уурлаад ширээн дээрээс манай найз бид хоёр руу аяга шидэж эхлэхээр нь хөргөгчний хаалга онгойлгож нуугдсан чинь түшлэгтэй модон сандлаар манай найз Уийг хаа хамаагүй цохиж, зодож эхэлсэн. Тэгээд үсдээд газраар чирээд нүүр нүдгүй зодсон. Тэр үедээ маш их шил шаазан эдлэл авч шидээд байсан болохоор хамгийн түрүүнд хүүхдийг нь холдуулж, хамгаалсан. Тэгээд тэр хоёрыг салгах гээд салахгүй, тасралтгүй зодоод байхаар нь цагдаа дуудсан...” /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс вилл хотхоны 104 дүгээр байрны 1208 тоот гэртээ ...архи ууж байхад эхнэр У, хүү хоёр ирээд У манай найзуудад хоол хийж өгсөн. Ингээд ууж байсан архи дуусахад би гадагшаа гарч 0,75 литрийн нэг шил архи аваад гэр рүүгээ орох гээд лифтэнд сууж байснаа санаж байна. Нэг сэрсэн чинь гэрийн хаалганы гадна цагдаа миний гарыг өчиж байсан...” /хх-ийн 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №6982 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.У-ийн биед дух баруун нүдний зовхи, зүүн шуу, баруун бугалга, зүүн, баруун өвдөг, цээжинд хаван, цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...”  /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

 

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 26-29/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 54-61/,

- Шүүгдэгч О.Н-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 30-35, 63/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Н нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ханс вилл хотхоны 104 дүгээр байрны 1208 тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Уийг зодож, эрүүл мэндэд нь дух баруун нүдний зовхи, зүүн шуу, баруун бугалга, зүүн, баруун өвдөг, цээжинд хаван, цус хуралт, шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Уийн “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ...Н ...хойноос хөөж зүүн гарнаас зуурч, байгаад дух, баруун нүд орчим 1-2 удаа гараараа цохисон. ...Дараа нь намайг өшиглөх гэхэд би бултаж миний цээжний баруун хэсгийг хальт шүргээд өнгөрсөн...” /хх-ийн 9-10/ гэсэн,

Гэрч Э.Энхдэлгэрийн “...2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Уийн ...нөхөр нь шалтгаангүйгээр уурлаад ширээн дээрээс аяга авч манай найз бид хоёр руу шидэж эхлэхээр нь хөргөгчний хаалганы ард нуугдсан чинь түшлэгтэй модон сандлаар манай найз Уийг цохиж, зодсон. Тэр үедээ маш их шил шаазан эдлэл авч шидээд байсан болохоор хамгийн түрүүнд хүүхдийг нь холдуулж, хамгаалсан. Тэгээд тэр хоёрыг салгах гээд чадахгүй болохоор нь цагдаа дуудсан...” /хх-ийн 13-14/ гэсэн,

Шүүгдэгч О.Н-гийн “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс вилл хотхоны 104 дүгээр байрны 1208 тоот дахь гэртээ ...архи ууж байхад эхнэр У, хүү хоёр ирээд У манай найзуудад хоол хийж өгсөн. Ингээд ууж байсан архи дуусахад би гадагшаа гарч 0,75 литрийн нэг шил  архи аваад гэр рүүгээ орох гээд лифтэнд сууж байснаа санаж байна. Нэг сэрсэн чинь гэрийн хаалганы гадна цагдаа миний гарыг өчиж байсан...” /хх-ийн 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №6982 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.У-ийн биед дух баруун нүдний зовхи, зүүн шуу, баруун бугалга, зүүн, баруун өвдөг, цээжинд хаван, цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.   

 

Шүүгдэгч, хохирогч нар нь 2010 оноос хамтран амьдарч дундаасаа нэг хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч О.Н-г хамтран амьдрагч Д.Уийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.У-ийн биед дух баруун нүдний зовхи, зүүн шуу, баруун бугалга, зүүн, баруун өвдөг, цээжинд хаван, цус хуралт, шалбаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 68/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.

 

Шүүхээс О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч О.Нгийн үйлдэлд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч О.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Н-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810013640392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.У гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР