Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

 

     2025         3              27                                                        2025/ДШМ/27

 

 

 

Н.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.А,  

Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Р.М,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.От холбогдох эрүүгийн 2434001380475 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 2...... оны ....... дугаар сарын .......-ний өдөр Д......... аймгийн С............ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, дүү нарын хамт Т.......... аймаг, Б.......... сум, ..........дугаар баг, ................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Б........... овогт Н...........О.........., /РД:................../

2. Шүүгдэгч Н.О нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн гадна талд 2024 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 1 цагийн үед хохирогч Х.Стай тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалга шуу хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Овгийн Н-ын ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Овгийн Н-ын ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б......... овгийн Н......... О...........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүгдэгч Б........ овгийн Н........... О...............т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б........ овгийн Н............ О-.......аас 5.843.040 /таван сая найман зуун дөчин гурван мянга дөч/ төгрөг гаргуулж хохирогч ........... дугаарын регистртэй, Б......... овгийн Х.......... С.........д олгож,

Хохирогч .......... дугаарын регистртэй, Бо............ овгийн Х.......... С............. нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Оаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн 2434001380475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлээд 59 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино" гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино" гэж заасан.

Шүүгдэгч Н.О нь 2024 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хохирогч Х.Сд зодуулж гарын хурууны яс нь хугарч түүнд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогддог. Мөрдөгч дээрх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч прокуророос үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож хэргийн оролцогчдын аль нэг талд давуу байдал бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндээр хохирсон байтал энэ талаар анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол" шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр заажээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зөрчигдсөн эрхийг сэргээх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч урьдчилсан хэлэлцүүлэг 1 удаа явуулсан дахиж явуулах боломжгүй гэх үндэслэлээр хүлээн аваагүй. Мөн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна. Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т “хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоор хуульчилжээ.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

5. Прокурор Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Х.С нь Н.Оын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогддоггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6. Хохирогчийн өмгөөлөгч Р.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Н.От учирсан гэмтлийн зэргийг  тогтоох боломжгүй гээд шийдвэрлэсэн. Прокурортой санал нэг байна” гэв.

 

7.Шүүгдэгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг түлхэж унагаачхаад би тэгээгүй гээд гүрийгээд байсан. Тэр хүн миний гар дээр гишгээгүй бол ийм зүйл болохгүй байсан” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.От холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.

2. Анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн гадна талд 2024 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед хохирогч Х.Стай маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж, өшиглөж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалга шуу хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...GS-25-ын дэлгүүрийн үүдэнд очиж уулзаад наад хүүхэн чинь надтай хамт явж байгаа эмэгтэй, та хоёр яахаараа авч явдаг юм гэж хэлтэл энэ чинь манай найзын эгч, чи яахаараа авч явдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь чи найз руугаа залгаад асуу гэж хэлтэл хажуугаас нэг залуу гарч ирээд намайг цохисон. Миний нүүр рүү тэр залуу 2-3 удаа гараараа цохисон. ...доош суутал миний нүүр рүү дахин хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18/

Гэрч М.Түвшинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэлэнгэ эгчийг бид нар баарнаас авч гараад гадаа зогсож байхад Саруул гэх хүн гарч ирээд наад эмэгтэйг чинь би аваад явъя гэж хэлсэн. Тэгтэл Отгонбаатар юу яриад байгаа, та энэ манай найзын эгч, бид Алтангаатай ярьсан байгаа гэж хэлсэн... GS-25 дэлгүүрийн гадаа ирээд би Батболдын хамтаар дэлгүүр орсон. Саруул араас ирээд Отгонбаяртай зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч Т.Чулуунхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар хоорондоо юм яриад сууж байтал GS-25 гадаа хүмүүс дуугараад байхаар нь гадагш гартал Саруул ах Отгонбаяртай зодолдож байсан. Би Саруул ахыг хойш нь татаад Отгонбаярыг Батболд, Түвшинбаяр нар салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч Н.Сэлэнгэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг нэг танихгүй залуу аваад явсан. Би салхинд гараад улам согтоод түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг харахад Саруулыг нэг залуу зодоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаар: “...Х.Сын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалгад шуу хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь хэлбэр, тогтоц шинж байдлаараа мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/

Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 505 дугаар: “...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна, дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр, хүнд хохирлын шинжийг агуулаагүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдуулах байдлаар илэрдэг бөгөөд шүүгдэгч Н.Оын үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан, нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж прокуророос тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

5. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох  баримтыг тал бүрээс нь  нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу үнэлж шүүгдэгч Н.Оыг гэм буруутайд тооцохдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

6. Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмын дагуу, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон түүний үйлдсэн гэмт хэрэгт тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулна.

 

Шүүхээс мэтгэлцэгч талуудын гаргасан санал, прокурорын дүгнэлтийг харгалзан, шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн төрөл хэмжээний хүрээнд 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

7. Харин шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Х.Сын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн” маягтын загварын дагуу “...Хоёрдугаар зэрэглэлээр тогтоов” гэх баримтыг үндэслэн 3,750,000 төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-т “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч нь энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасан ба мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон боловч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч шууд тогтоох эрх бүхий этгээд биш байна.

 

Харин шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явахын эрхийн эсрэг/, Арваннэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т  заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж,

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдыг хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-т “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”,

мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-т заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.

 

Гэтэл анхан шатны шүүх тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан байхад сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг гүйцэтгэсний дараа хохирлыг гаргуулах эсэхийг шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогч Х.С нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь “...Н.О нь Х.Сд зодуулж гарын хурууны яс нь хугарч түүнд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогддог. Гэтэл прокуророос үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, ...өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолдоо дурдаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг  хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Хавтаст хэргийн 63-37 дугаар хуудсанд авагдсан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 94 тоот шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт авагдсан, прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах” тухай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байгаа боловч энэ талаар цаашид хуулийн байгууллагад гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Н.От холбогдох хэргийг шийдвэрлэсэн магадлал саад болохгүй юм.

 

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б......... овгийн Н.........ын О...............аас 5,843,040 төгрөг гаргуулж хохирогч НЭ85111373 дугаартай регистртэй Б..........н овгийн Х......... С............ олгосугай...” гэснийг,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Оаас эмчилгээний зардалд 2,093,040 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Сд олгож, Х.С нь нотлох баримтаа бүрдүүлэн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчлөн, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.МӨНХДАВАА

 

                    ШҮҮГЧИД                                         З.ТҮВШИНТӨГС  

 

                                                                             А.ЦЭРЭНХАНД