| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2434001470306 |
| Дугаар | 2025/ДШМ/26 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Т |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/26
2025 3 27 2025/ДШМ/26
Д.Цд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Т,
Хохирогч А.Н /цахим/,
Хохирогч А.Н, иргэний нэхэмжлэгч А.Д нарын өмгөөлөгч Н.Н /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Тийн бичсэн эсэргүүцэл, хохирогч А.Н, иргэний нэхэмжлэгч А.Д нарын өмгөөлөгч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Цд холбогдох эрүүгийн 2434001470306 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ........... 1.......оны .........дугаар сарын ..........ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт У........... хот, Ч.........й дүүрэг, 1.............. дугаар хороо, .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Хө.......... овогт Д.......... Ц.......... /РД:.............../
2. Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13-38 УБС улсын дугаартай “Импреза” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх заалтыг зөрчсөний улмаас Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн “Сэнстэй худаг” гэх газар асфальтан замын 112 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн С.Дын жолоодож явсан 86-68 УБС улсын дугаартай “Ланд крузер прадо” маркийн тээврийн хэрэгсэл, иргэн А.Дын жолоодож явсан 18-42 УАК улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, ослын улмаас зорчигч А.Н, И.Намжил нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Д.Д................ амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х..........овогт Д............. Ц............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Х......... овогт Д.......... Ц..................Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд шүүхээс тогтоосон Т........аймгийн Э................ сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалт тогтоосон бүсээс гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүгдэгч Д.Цд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Цгээс 4,692,600 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Нд, иргэний нэхэмжлэгч С.Дт 54,251,316 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Дад 8,761,000 төгрөгийг тус тус олгож, сэтгэл санааны хохиролд 4,614,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Дын нэхэмжилсэн 1,531,250 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Эрүүгийн 2434001470306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч А.Д 4,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Дт 5,000,000 төгрөгийг тус тус төлснийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Хөнхөрцөг овогт Дэндэвдоржийн Цэцэгсүрэнгийн 1357770 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, шийдвэрлэжээ.
4. Прокурор Б.Т бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Д.Цд холбогдох эрүүгийн 2434001470306 дугаартай хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож ял оногдуулсан шийтгэх тогтоолын, тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан байхад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан шийдвэрийг уншиж сонсгосон.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцахад, тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан "Шүүгдэгч Хөнхөрцөг овогт Дэндэвдоржийн Цэцэгсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй." гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдлоо. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
5. Хохирогч А.Н, иргэний нэхэмжлэгч А.Д нарын өмгөөлөгч Н.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, тогтоол өөрчлөлт оруулах үүднээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн зорилт нь шударга ёсны зарчим, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн байх ёстой атал энэхүү тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3.5-т, 36.8 дугаар зүйлийн 1.7-т заасан заалт зэрэг хуульд заасан шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Нэг.Хохирогч А.Нын хохирол нийт 11,360,000 төгрөгийг нэхэмжилснээс шүүх 4,692,600 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн талаар:
Шүүгдэгч Д.Цд холбогдох хэрэг нь 1 жилийн хугацаанд шалгагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байх ба хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш хугацаа их алдсан, гэмт хэргийн улмаас 1 хүний эрдэнэт амь нас хохирч, хохирогч А.Нд хүндэвтэр, хохирогч С.Дт хүндэвтэр гэмтэл учирсан, 2 иргэний нэхэмжлэгчтэй тэдгээрийн хохирол барагдаагүй байсаар шүүхэд шилжсэн байдаг. Энэ байдлаас болж хохирогч нар нь арга буюу шүүх хурлыг хурдан хийлгүүлэх, хэрэг танилцахад өгөгдөөгүй баримтаа яаж шийдүүлэх, өөрт учирсан хохирол хор уршгийг хэрхэн шийдвэрлэх, цаашид хэзээ хаана хандаж эрхээ сэргээлгэх гэх мэтээр хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгч авснаар өмгөөлөгч би хавтаст хэргийн материалтай танилцан нэмэлтээр нотлох баримтууд болон нэхэмжлэх хохирлын тооцоог гаргаж өгөх, шүүх хуралд эрхээ хамгаалуулж оролцсон. Гэтэл шүүгдэгчийн шүүх хурал дээр биеэ авч яваа байдал биеийн хилэмжээр хийсэн гэмт хэрэгтээ огт гэмшээгүй, хэдийгээр тохиолдлын шинж чанартай үйлдлийн улмаас гэмт хэрэг хийсэн ч гэсэн бүтэн 1 жилийн хугацаанд уучлалт гуйгаагүй хохирол төлөхөө илэрхийлэхгүй өмгөөлөгч нь хөтөлж асууж байж дуугардаг, шүүгдэгчээс хэрхэн хохирол төлбөр төлөх талаар огт санал гараагүй шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн гаргасан хохирлын дүн дээр эсэргүүцэн маргаж, ойлгомжгүй байсаар гэм буруутайд тооцоход хохирол төлөх 5 хоногийн хугацаатай завсарлага авсан. Шүүгдэгчээс дээрх 5 хоногт хохирогч А.Нд огт хохирол төлөөгүй ба иргэний нэхэмжлэгч нарт төлбөрийг таллаж төлөөд харин хохирогчийн төлбөрийг огт төлөхгүй гэж хариуцлагын шүүх хуралд орж ирсэн.
Хэдийгээр шүүгдэгч нь ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хүний эд хөрөнгөд учирсан хохирол төлсөн гэж шүүх үзсэн нь зөв боловч энэ хэрэгт шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршиг огт арилаагүй, хохирол төлөөгүй байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх хохирогч А.Нын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх аргачлалын дагуу бодсон шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэргийг хохирогчийн өмгөөлөгч би 12,99 хувиар бодож өгөх боломжтой талаар тал талаас нь тайлбарласан боловч 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3,960,000 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэснийг хохирогч огт зөвшөөрөхгүй шүүх хуралдаанд улсын яллагч нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг тайлбарлахдаа хохирогчийн доорх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хасах санал гаргасан, энэ талаараа тайлбарлаж чадаагүй байхад шүүх улсын яллагчийн үндэслэлгүй тайлбарыг саналыг хүлээн авсан.
Хохирогч гэмт хэргийн улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авч одоо тээврийн хэрэгслээр зорчих үедээ айж, сандрах түгших болон тухайн үйл явдлаас хойш осолд орж байна гэх мэтээр хар дарж зүүдэлж тайван унтаж амарч чадахгүй болсон ба энэ мэдрэмж осолд орсон үеэс өнөөдрийг хүртэл яг адилхан мэдрэгдэж байгаа үүнээс үзэхэд хохирогчийн сэтгэл зүй хэвийн тогтвортой болоход хүндрэлтэй мартагдашгүй хар дурсамжтай болсон. Сэтгэцэд учирсан хор уршгийн "хоёрдугаар" зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 6-12.99 дахин нэмэгдүүлж тооцон хохирогчид олгох зохицуулалттай байдаг хохирогчийн зүгээс 12.99 хувиар буюу 8,573,600 төгрөгөөр тооцож хохирлын баримтаа гаргаж өгсөөр байхад 6 дахин нэмэгдүүлж буюу 3,960,000 төгрөгөөр тооцсон нь хохирогчийн сэтгэл санааны байдал дээрх нөхцөл байдлуудыг өнгөц харж бодит байдлаас доогуур үнэлсэн байна.
Хоёр.Анхан шатны шүүх нь хохирогч А.Нын өмгөөлөгчийн хөлс болох 2,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Дын өмгөөлөгчийн хөлс болох 1,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оролцуулахгүй гэсэн атлаа тайлбарыг бүрэн хийж чадаагүй, энэ зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардлыг багтаан заасан байх боловч энэхүү заалтыг хэрэглээгүй орхигдуулж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас хохирч өөрсдийн эрх зүйн байдал, хэргийн учир шалтгааныг бүрэн гүйцэт ойлгож чадахгүй улмаас өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай болсон гэдгийг анхаараагүй.
Гурав.Иргэний нэхэмжлэгч А.Д ослын улмаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 1,531,250 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь А.Д нь ослын улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан 13,261,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж, ослын улмаас цочролд орж толгой бие өвдөх болон сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд орсон мөн эхнэр А.Нын биед хүндэвтэр хохирол учирснаас үүдэн эхнэр хүүхдээ асрах болон тээврийн хэрэгслээ засуулах шаардлагатай болсны улмаас ажилдаа яваагүй тасалсан. Энэ талаараа өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон холбогдох нотлох баримт өгсөн боловч хохирлоос 2,531,250 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/47 шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хохирогч А.Нын нийт нэхэмжилсэн 11,305,400 төгрөгөөс хэрэгсэхгүй болгосон 6,612,800 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч А.Дын нэхэмжилсэн нийт 15,792,250 төгрөгөөс хэрэгсэхгүй болгосон 1,000,000 төгрөгийг мөн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн 1,531,250 төгрөг буюу нийт 2,531,250 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Цгээс гаргуулж өгөхөөр тогтоолын 13 дахь талд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
6. Хохирогч А.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сэтгэцэд учирсан хохирлыг өөрөө гаргаагүй. Цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгөхдөө тестээр шинжилгээ өгсөн. Дараа нь 1 дүгээр эмнэлгийн хажууд очиж шинжилгээ өгсөн. Өмгөөлөгчтэйгөө ижилхэн саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Тийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч А.Н, иргэний нэхэмжлэгч А.Д нарын өмгөөлөгч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй.
2. Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13-38 УБС улсын дугаартай “Импреза” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөний улмаас иргэн С.Дын жолоодож явсан 86-68 УБС улсын дугаартай “Ланд крузер прадо” маркийн тээврийн хэрэгсэл, иргэн А.Дын жолоодож явсан 18-42 УАК улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, ослын улмаас зорчигч А.Н, И.Намжил нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Д.Дэндэвдоржийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан”, харин хүндрүүлэх шинжид “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” байх нөхцөлүүд хамаарна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Цгийн үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, нэг хүний амь нас хохирсон үйл баримт тусгагдсан байх бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийн үйл баримтыг тогтоох, гэмт хэрэгт холбогдсон этгээд нь тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэх учиртай.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 68-69-р хуудсанд авагдсан Шүүх Шинжилгээний хүрээлэнгийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар, 1 дүгээр хавтаст хэргийн 91-92-р хуудсанд авагдсан Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч А.Н болон И.Намжил нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад энэ нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
5. Прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2-т “...шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдалд тусгасан нөхцөл байдал нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд шүүх прокурор дууны, дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно гэж заасан.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Цгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг дууны бичлэгтэй харьцуулан үзэхэд түүнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...”гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, уншиж сонсгосон байхад шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” бичигдэн, албажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэх зөрчилд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Б.Тийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч А.Н, иргэний нэхэмжлэгч А.Д нарын өмгөөлөгч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
6. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Цд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Б.Тийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
А.ЦЭРЭНХАНД