Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00636

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00636

 

 

Ганхарцага ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/00202 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ганхарцага ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Батбаярт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 702 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Батбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гар утсаа барьцаалан 500 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 150 000 төгрөг буюу нийт 650 000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийг эргэн төлөх хугацаа дууссан боловч зээлээ төлөөгүй. Мөн барьцаанд тавьсан гар утас нь эвдэрхий байсан. Иймд Э.Батбаяраас үндсэн зээл 650 000 төгрөг, зээлийн хүү 52 000 төгрөг, нийт 702 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ганхарцага ХХК-иас нийт 650 000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлнө гэдгээ тухайн үед нэхэмжлэгчид хэлж байсан. Харин эвдэрхий утас барьцаалаагүй, нэхэмжлэгч тухайн үед утсыг шалгаж авсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Батбаяраас 685 490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ганхарцага ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21 002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд шүүх хуралдаанд барьцааны зүйлийн доголдолтын талаар тайлбар гаргаж байгаа талаар дурдсан байгаа боловч үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Маргааны зүйл болох I phone 6 plus gold гар утсыг би барьцаалан зээлдүүлэх газар тавьсан. Уг газрын ажилтан миний утсыг шалгаж үзээд зөвшөөрч гар утсыг уутанд хийж лацадсан. Одоо уг барьцаалан зээлдүүлэх газар лацтай ууттай утсыг маань өгөхгүй, үүний оронд I phone 6, огт ажилладаггүй, миний утаснаас жижиг, эвдэрхий утас өгөх гэсэн. Энэ байдлаас болж маргаан гарсан. Би өөрийн барьцаанд тавьсан утсаа авчихвал маргаангүй. Энэ талаар шүүх нотлох болон эд мөрийн баримтаар гар утсыг шүүх хуралдаанд авчирч нотлох баримтаар авч, үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Барьцаат зээлийн гэрээндээ I phone 6 plus гэж утасны маркийг бичээд gold гэдгийг орхигдуулсан байдаг. Барьцаат зээлийн гэрээнд байгаа утсыг нь буцааж өгөх гэж байна уу, өөр утас солигдсон байна уу гэдэг талаар анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлсэнгүй.

Барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд намайг байхгүй байхад сейфнээс гаргаад шалгасан талаар ч бичсэн байдаг. Барьцаалан зээлдүүлэх газар нь хүний барьцаанд тавьсан утсыг сольж үндсэн үүргээ ноцтой зөрчсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар хуулийн шаардлагыг хангаж чадсангүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ганхарцага ХХК нь хариуцагч Э.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 702 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 0101614 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч Э.Батбаяр нь зээлдүүлэгч Ганхарцага ХХК-д I phone 6 plus маркийн гар утас барьцаалж, 650 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 21 хоногийн хугацаатай зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигч зээлийн гэрээ байгуулсан болон зээлийн мөнгөн хөрөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжсэн үйл баримтын талаар маргаагүй, анхан шатны шүүх зохигчдын хооронд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дах хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул зээлдүүлэгч Ганхарцага ХХК нь зээлдэгч Э.Батбаяраас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Э.Батбаяр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүргийг үндсэн зээл 650 000 төгрөг, зээлийн хүү 35 490 төгрөг нийт 685 490 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дах хэсэгт тус тус нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбараас үзэхэд зээлийн барьцаанд гар утас барьцаалсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Ганхарцага ХХК нь барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй, хариуцагч Э.Батбаяр нь барьцааны зүйлийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцсэн тул зээлийн барьцааны зүйлийн талаарх баримтыг шүүх үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12ы өдрийн 102/ШШ2017/00202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 21 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ