| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0342/Э |
| Дугаар | 348 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч У.Дэндэвдорж, гэрч Ш.Түвшинтөр, Ж.Мөнхболор, шүүгдэгч Б.Б, Б.С, тэдний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802001040060 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын Улаанбаатар их сургуулийн менежмент нутгын удирдлагын 4 дүгээр дамжааны оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Б
Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, өвөө, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Б.С нар нь бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 96-44 УНЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин дотор НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 103,3 гр сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Гэрч Ш.Түвшинтөр: “...С нь миний төрсөн эгчийн хүүхэд. Манай төрөл садангаас Сэлэнгэ аймагт амьдардаг хүн байхгүй, багадаа хурдны морь унадаг байсан, гэхдээ Сэлэнгэ аймагт унаж байгаагүй. С гэрээс гардаггүй, томоотой хүүхэд, тухайн үед найзыгаа хамгаалах гээд өвс мэт зүйлийг Сэлэнгэ аймгаас түүсэн гэж мэдүүлсэн гэсэн...” гэв.
Гэрч Ж.Мөнхболор: “...Шүүгдэгч нарын машиныг саатуулан шалгасан газар нь хөл хөдөлгөөн багатай, гол гатлах гарцгүй газар бөгөөд үзлэгийн явцад өвс мэт зүйл жолоочийн суудал доороос гарч ирсэн. Шүүгдэгч нараас өвс мэт зүйлийг хаанаас авсан талаар асуухад Б хөдөөнөөс түүсэн гэж хэлсэн...” гэв.
Шүүгдэгч Б.Б: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэр лүүгээ таксинд сууж явж байхад арын суудал дээр ууттай зүйл байхаар нь аваад буусан. Уутанд хатсан өвс, 20 төгрөгийн дэвсгэрт, коланы сав зэрэг эд зүйл байхаар нь тэдгээрийг юу болох талаар интернэтээс олж мэдсэн. Тэгээд Сыг дуудсан...” гэв.
Шүүгдэгч Б.С: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад Б намайг гарах уу гэхээр нь хамт гарсан. Тэгээд бид хоёр Зайсангийн Хөрш Заан гэдэг газар луу салхилахаар явсан. Тэгтэл цагдаа ирсэн. Цагдаа ирээд зандрангуй “хэний өвс вэ” гэж асуухаар нь “миний өвс” гээд хэлчихсэн. Учир нь Б төрийн албанд ажилд орно гэж яридаг байсан. Быг дараа төрийн албанд ажилд ороход нь асуудал үүсч магадгүй гэж бодоод анхны мэдүүлэгтээ миний өвс гээд хэлчихсэн. Тухайн үед би энэ хэргийг ийм асуудал үүсгэнэ гэж бодоогүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Ж.Мөнхболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2018 оны 02 сарын 12-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед 17 цагийн үед Туул голын далан руу явах зам дагуу 96-44 УНЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийн болон машины бичиг баримтыг шалгасан. ...Тээврийн хэрэгслийг Батболдын Б жолоодож Байгалмаагийн С хамт явж байсан. ...Тээврийн хэрэгсэлд нарийн үзлэг шалгалт явуулахад ...жолоочийн суудлын шалавч доороос цагаан өнгийн ууттай, хатсан өвс ургамал мэт зүйл гарч ирсэн. Яг энэ үед тухайн хоёр этгээд их сандарч эхэлсэн бөгөөд “энэ юу вэ, хэнийх вэ” гэж асуухад Б.Б гэх жолооч нь юу ч хэлэхгүй дуугүй зогсоод зорчигч нь болох Б.С “энэ өвсийг зун Сэлэнгэ аймгаас түүсэн юм” гэж хэлсэн. Тухайн ууттай өвс нь гадна харагдах байдлаасаа мансууруулах төрлийн өвстэй ижил төстэй харагдсан тул жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэн. ...Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед дотроо устай жижиг цэвэр усны сав л байсан...” /хх-ийн 47-48/ гэсэн,
Гэрч Ш.Түвшинтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү С 2017 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймаг руу явсан эсэхийг мэдэхгүй. С урьд нь хурдан морь унадаг байсан, гараа хугалсан үеэсээ хойш дахин морь унаагүй. ...2017 оны 05 дугаар сард С цэргээс халагдаж иэрээд ажилд орохоор хөөцөлдөөд л гадуур их явдаг байсан. ...Соос энэ талаар асуухад “Би Сэлэнгэ аймагт өвс ургадаг гэдгийг сонсож байсан, багадаа Сэлэнгэ аймагт морь унаж байсан болохоор үнэмшилтэй болгох гээд Сэлэнгэ аймгийн Дулаанхан гэдэг газраас түүсэн гээд худлаа хэлчихсэн гэж хэлсэн...” /хх-ийн 55-56, 142-143/ гэсэн,
Гэрч Б.Гүенбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Б, Б.С нараас биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон. ...Уг хоёр хүний тестын саванд шээлгээд хэсэг хугацааны дараа үр дүнг үзэхээр тестын савны урд талын цэнхэр наалтыг хуулахад Б.Б гэх хүнийн ТНС баганад 1 тод улаан зураас, бусад баганад 2 тод улаан зурааснууд, С гэх хүний тестийн баганад ТНС баганад 1 тод, 1 бүдэг улаан зураас байсан бусад баганад тус бүр 2, 2 зураас байсан. ...Тестээр гарсан үр дүнгийн талаар танилцуулахад тэр хоёр ямар нэгэн зүйл хэрэглээгүй гэж хэлсэн...” /хх-ийн 141/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын12-ны өдөр гэр рүүгээ таксинд явж байгаад ууттай зүйл байхаар нь авчихсан юм. Тэгээд гэртээ ирээд онгойлгож үзтэл жижиг ундаа, хуйлсан 20-тын дэвсгэрт ууттай хатсан өвс шиг зүйл байсан. Тэгээд хүүхдүүдийн яриад байдаг хар тамхины төрлийн өвс юм байхдаа гэж бодоод интернетэд google.com сайтад хайлт хийж үзэхэд миний олсон зүйлтэй ижил зурагнууд гарч ирэхээр нь ...сонин санагдаад хэрэглэж үзмээр санагдсан. Тэгээд найз Сыг ирэхээр ахынхаа машинийг унаад Туул гол руу явж байгаад цагдаад баригдсан. Би ууттай өвсийг халаасандаа байлгаж байгаад цагдаа зогсоох үед суудлынхаа шалавчин доор хийсэн. ...Намайг төрийн албанд ороход асуудал үүснэ гэж бодоод л С өвсийг минийх гэж хэлсэн...” /хх-ийн 149-150/
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ хэргийг ийм том асуудал үүсгэх, хэрэг болно гэж мэдээгүй. Тийм учир хамгийн анх өвсийг өөрийн мэт мэдүүлэг өгсөндөө одоо маш их харамсаж байна. ...Бын зүгээс надад ямар нэг зүйл амлаагүй, айлган сүрдүүлээгүй, би найздаа тус болох гэсэн сэтгэлээр л хандсан. Би Бтай хамт явж байсан болохоос биш тухайн зүйлийг өөрөө хадгалаагүй...” /хх-ийн 156-157/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2388 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “96-44 УНЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс хураан авсан уутны хамт 103,3 орчим грамм өвс” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ирүүлсэн байсан ба гялгар уутын хамт 105 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “96-44” УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээс хураан авсан уутны хамт 103,3 орчим грамм өвс” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
3. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” /хх-ийн 36-37/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2393 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б УХ96101733 2018.02.21” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн “Байгальмаа С УЗ97110215” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэхгүй байна.
2.3 Шинжилгээнд ирүүлсэн Б.Б УХ96101733 2018.02.21” гэж хаягласан шээс тус бүрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн “Байгальмаа С УЗ97110215” гэж хаягласа 10 мл шээс нь шинжилгээ хийхэд хүрэлцэхгүй тул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох боломжгүй байна...” /хх-ийн 41-42/ гэсэн дүгнэлт,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/,
- Хүний биед үзлэг явуулж, биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 25-26, 29-30/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 32-33, 161-162/
- Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 65-69, 80-85/,
- Шүүгдэгч Б.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 86-93/,
- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 139/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 140/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б, Б.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б, Б.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс дараах үндэслэлээр шүүгдэгч Б.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Бтай хамт явж байсан боловч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар “96-44 УНЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин дотор НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 103,3 гр сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйлдэлд түүний оролцоо, гүйцэтгэсэн үүрэг хангалттай нотлогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 96-44 УНЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин дотор НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 103,3 гр сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ж.Мөнхболорын “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед 17 цагийн үед Туул голын далан руу явах зам дагуу 96-44 УНЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийн болон машины бичиг баримтыг шалгасан. ...Тээврийн хэрэгслийг Батболдын Б жолоодож Байгалмаагийн С хамт явж байсан. ...Тээврийн хэрэгсэлд нарийн үзлэг шалгалт явуулахад ...жолоочийн суудлын шалавч доороос цагаан өнгийн ууттай, хатсан өвс ургамал мэт зүйл гарч ирсэн...” /хх-ийн 47-48/ гэсэн,
Гэрч Б.Гүенбаатарын “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...уг хоёр хүний тестын саванд шээлгээд хэсэг хугацааны дараа үр дүнг үзэхээр тестын савны урд талын цэнхэр наалтыг хуулахад Б.Б гэх хүнийн ТНС баганад 1 тод улаан зураас, бусад баганад 2 тод улаан зурааснууд, С гэх хүний тестийн баганад ТНС баганад 1 тод, 1 бүдэг улаан зураас байсан бусад баганад тус бүр 2, 2 зураас байсан. ...Тестээр гарсан үр дүнгийн талаар танилцуулахад тэр хоёр ямар нэгэн зүйл хэрэглээгүй гэж хэлсэн...” /хх-ийн 141/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б-н “...2018 оны 02 сарын 12-ны өдөр гэр рүүгээ таксинд явж байгаад ууттай зүйл байхаар нь авчихсан юм. Тэгээд гэртээ ирээд онгойлгож үзтэл жижиг ундаа, хуйлсан 20-тын дэвсгэрт ууттай хатсан өвс шиг зүйл байсан. Тэгээд хүүхдүүдийн яриад байдаг хар тамхины төрлийн өвс юм байхдаа гэж бодоод интернетэд google.com сайтад хайлт хийж үзэхэд миний олсон зүйлтэй ижил зурагнууд гарч ирэхээр нь ...сонирхол төрөөд хэрэглэж үзмээр санагдсан. Тэгээд найз Сыг ирэхээр ахынхаа машинийг унаад Туул гол руу явж байгаад цагдаад баригдсан. Би ууттай өвсийг халаасандаа байлгаж байгаад цагдаа зогсоох үед суудлынхаа шалавчин доор хийсэн. ...Намайг төрийн албанд ороход асуудал үүснэ гэж бодоод л С өвсийг минийх гэж хэлсэн...” /хх-ийн 149-150/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2388 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “96-44 УНЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс хураан авсан уутны хамт 103,3 орчим грамм өвс” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ирүүлсэн байсан ба гялгар уутын хамт 105 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “96-44” УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээс хураан авсан уутны хамт 103,3 орчим грамм өвс” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
3. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” /хх-ийн 36-37/ гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/, хүний биед үзлэг явуулж, биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 25-26, 29-30/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 105 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.Б-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Бт анхааруулж мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн гялгар уутны хамт 105 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.
8. Эрүүгийн 1802001040060 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч, цагаатгагдан этгээд нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР