| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2406055092544 |
| Дугаар | 2025/ДШМ/301 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/301
2025 03 11 2025/ДШМ/301
М.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
хохирогч Э.Э-ийн өмгөөлөгч А.Баттуяа,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406055092544 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М.Б, 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, 00 ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг:
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж 6 cap хойшлуулсан,
Налайх дүүргийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 05 дугаар сарын 13-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан хувийн байдалтай.
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр кино үйлдвэрийн урд талын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “СS 25” сүлжээ дэлгүүр дотор хохирогч Э.Э-ийг зодож эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1,2-р шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч М.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” сургалтад суух үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-аас гэм хорын хохиролд 10.138.610 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Эөд олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Үүгээрээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөн ял шийтгэл авах хууль зүйн боломж бүрдсэн гэж миний хувьд үзэж байгаа. Гэвч шүүгч хэт над руу давшилсан, дайрсан, зөвхөн намайг буруутай мэтээр үзэж 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй, Э.Э бид хоёрын хоорондын зодолдсон үйлдлийг буруугаар төсөөлж, дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд ял шийтгэлийг багасгаж шийдвэрлэж өгнө үү. Тус ялыг эдэлснээр миний бие ажил хийх ямар ч боломжгүй болох бөгөөд айл гэрийг нуруун дээрээ авч явж байгаа хүний хувьд хөрөнгө мөнгө олох зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаагийн сацуу хохирогчийн хохирлыг төлөхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй хэрэгцээтэй байгаа болно. Иймд нийтэд тустай албадан ажил хийлгэх ялыг өөрчилж шийдвэрлэж өгнө үү. ...Шүүх дүгнэхдээ хохирогчийн буруутай үйлдэл байгаагүй мэтээр дүгнэсэн нь хэргийг буруугаар төсөөлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Камерын бичлэг дээр ч, гэрчийн мэдүүлэг дээр ч тэр хохирогч намайг түлхэж, цохиж байгаа үйлдэл тодорхойлогддог. Тэр тусмаа гэрчийн мэдүүлэгт хохирогч намайг газарт унагаж дэвсэж байхад салгасан гэсэн үйл баримтыг тайлбарладаг. Энэ бүхнээс үзэхэд шүүгч зөвхөн намайг гэм буруутай мэтээр, урьд өмнөх ял шийтгэлээр минь хөтлөгдөж шийдвэр гаргасан гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Хохирогчийн гаргаж өгсөн баримтуудыг шүүхэд ирэхэд хуралдааны өмнө танилцсан бөгөөд шүүх хохирлын баримтуудын эх сурвалжийг огтоос шалган тогтоолгүйгээр дүгнэж надаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Мөн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах сургалтад суухыг даалгаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Миний хувьд уух болгондоо хүнтэй маргалдаад байдаггүй, урьд өмнөх шийдвэрүүдтэй танилцах юм бол найз нөхдийн хоорондын таарамжгүй бусдын өдөөн хатгалгаас болж хэрэгт холбогдсон болохоос шүүгчийн тайлбарласан шиг уух болгондоо хүнд гар хүрдэг хүн бол би биш. Энэ удаагийн хэрэг ч тэр хохирогч өдөөн хатгалаг хийж, намайг газарт дэвслээгүй бол ийм нөхцөл байдал үүсэхгүй. Гэтэл шүүх намайг угаасаа гэмт хэрэгтэн хүн гэмт хэрэг л үйлддэг гэсэн өнгө аясаар хандаж, хэргийн нөхцөл байдлыг тодорхойлолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эцэст нь шүүх тухайн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой атал урьд өмнөх алдаа болгоныг минь энэ хэргээрээ нэгтгэн шийдэж байгаа мэт шийдвэр гаргаж намайг илтэд хохироож байгаад гомдолтой байгаа тул миний ял шийтгэлийг багасгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ялаар шийтгэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийг маш сайн ойлгосон. Гэтэл шүүх хуралдааны шатанд шүүгчээс субьектив хандлага гаргаж, шийдвэрээ гаргасан гэж үзэх нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, шүүгчээс “Урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож байсан байна” гэсэн нөхцөл байдлыг дурдаж ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэхээр байна. Миний үйлчлүүлэгч урьд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү, одоогоор үсчний ажил хийж, орлого олдог тул хохирогчийн өр төлбөрийг төлөхөд нэмэртэй” гэдэг байдлаар тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгсөн. Санкцийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл нь хүнд төрөлд ордог. Гэтэл шүүхээс 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний орлого олох боломжийг шууд хязгаарласан. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан зан үйл засах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийг барих хууль зүйн зохицуулалт байхгүй тул шүүх хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан. Хохирлын баримтын талаар шүүх хуралдаанд маргаан үүсэж, хохирогч хагалгаа, эмчилгээ хийлгэсэн эсэх талаар тодорхойлолт, баримтыг шаардсан. Гэтэл шүүх үүнийг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь маргах эрхийг шууд хязгаарласан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, холбогдох баримтуудыг гаргуулах, эсхүл үйлчлүүлэгчийн гомдлын дагуу ял шийтгэлийг торгох болгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.Э-ийн өмгөөлөгч А.Баттуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүгдэгчээс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж байгаа боловч тус заалтад хохирлоо бүрэн төлсөн байхыг тусгасан. Мөн гомдолдоо хохирогчийн буруутай үйлдлийн талаар удаа дараа бичсэн байдаг ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн буруутай үйлдлээс үүдэж гэмт хэрэг гарсан гэж тогтоогдсон ямар ч нөхцөл байгаагүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс нотлох баримтын эх сурвалжийн тухайд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэх асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ярьдаг. Гэтэл хохирогчоос “Яагаад шүүх хуралдааны өмнө эмнэлгийн төлбөрийн баримтыг гаргаж өгсөн бэ” гэж асуухад хохирогч нь зөөгчийн ажил хийж шүдээ эмчлүүлсэн, 12 дугаар сард төлбөр дуусаж, НӨАТ-ын баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасны дагуу гаргаж өгсөн бөгөөд уг баримтад хэзээ, хэн, ямар эмчилгээ хийсэн, татвар төлөгчийн дугаар бичигдсэн байсан. Сэтгэл санааны хохиролтой байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд дурдсан. Бусад ял шийтгэлийн төрөл болон зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах зэрэг асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар тусгайлсан санал байхгүй. ...” гэв.
Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн биеэ авч яваа байдал, гэм буруутай үйлдлээ хүлээж буй байдал, хохирогчийн зүгээс буруутай үйлдлийг гаргаагүй, шүүгдэгчийн уг гэмт хэргийг нэг бус удаа үйлдэж ял шийтгүүлсэн зэргийг харгалзан түүнийг биеэ зөв авч явж чадахгүй, үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр кино үйлдвэрийн урд талын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “СS 25” сүлжээ дэлгүүр дотор хохирогч Э.Э-ийг зодож эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1,2-р шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Gs-25-д үйлчлүүлж байхад согтуу хүн унтаж байсан ба Gs-25-ын эмэгтэй ажилтан тэр хүнийг “сэрээрэй” гэхэд тэр согтуу эрэгтэй босож ирээд “зайл пизда минь” гэж хэлсэн. ...Тэгээд би согтуу эрэгтэй рүү харсан чинь намайг “муу мал бацаан инээгээд байна уу” гээд над руу ирээд толгойгоо над руу наагаад байхаар нь би тайван байгаарай ахаа би үйлчлүүлж байгаа хүн байна тан руу хараагүй гэж хэлээд цаашаа түлхсэн чинь “чи муу андуураад байна уу лалар минь” гэж хэлээд миний бөгс рүү өшиглөсөн. ...Тэгэхээр нь би баруун гараараа тэр хүний нүүр хэсэг рүү цохисон чинь хариу гараараа миний зүүн шанаа руу цохиод хоорондоо зууралдсан. ...Тэгээд тэр хүн миний толгой руу 2 удаа толгойгоороо мөргөсөн. ...Дахиад миний толгой руу 1 удаа мөргөхөд миний амнаас цус гарсан. ... 2 шүд хугарсан, 1 шүд хөдөлгөөнтэй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх 07/,
гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /Gs 25-ын ажилтан/: “...Согтуу хүн унтаад байхаар нь босоорой гэж хэлтэл миний өөдөөс хэрэлдээд байсан. ...Тэгээд манайхаар үйлчлүүлж байсан залуу касс нь дээр юм бичүүлж байхад “намайг чимээгүй бай” гээд надтай маргалдаад байсан согтуу хүн тэр залуу дээр хүрч ирээд тэр залууд хандаж “чамд хамаагүй байхад чи инээгээд байна уу” гэсэн. ...Тэгээд нөгөө залуу “би инээгээгүй” гэж хэлсэн чинь согтуу хүн шууд хөлөөрөө өшиглөсөн. ...Тэр 2 хүн харилцан зодолдсон. ...” гэсэн мэдүүлэг /хх 09/,
гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /шүүгдэгчтэй хамт тухайн өдөр согтуу хамт явж байсан гэх/: “....Нөгөө залуу /хохирогч/ М.Б-ыг /шүүгдэгч/ шалан дээр унагаачихсан толгой руу нь гараараа цохиод байсан. ...Тэр залуу /хохирогч/ миний 2 шүд уначихлаа гэж хэлсэн. ....Түүний 2 шүд унасан байдалтай, унасан 2 шүдээ надад үзүүлсэн. ...М.Б /шүүгдэгч/ тэр залуугийн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хх 11-12/,
шүүгдэгч М.Б: “..Би согтуу байсан. ... Үйл явдал маш хурдан болж өнгөрсөн нэг мэдэхэд би нүүрэндээ цохиулаад газар унасан байсан. ...Тэгээд би босож ирээд тэр залуугийн нүүрэн тус хэсэгт гараараа 2 удаа цохисон. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 14, шүүх хуралдааны тэмдэглэл хх 144/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10455 дугаартай: “Э.Э-ийн эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1,2-р шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 21-22/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11084 дугаартай: “...М.Б-ын /шүүгдэгч/ биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэх дүгнэлтүүд /хх 27-28/, ял шалгах хуудас /хх 31/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 86-89/, хохирогч Э.Э-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тодорхойлолтод: 2024.8.07-ны өдөр буюу гэмт хэрэг гарсан өдөр 20,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна /хх 94/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Шүүгдэгч М.Б “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь удаа дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж /хх 33-37, 38-44, 45-51, 52-54/, энэхүү байдалдаа огт дүгнэлт хийлгүйгээр дахин “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, “нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүх М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” сургалтад суух үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
4. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар;
Хохирогч Э.Э-ийн биед учирсан гэмтэлтэй холбоотой шүд хийлгэсэн 5,130,000 төгрөг, эм тарианы 38,610 төгрөг, компьютер зураг авхуулсны 350,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Харин, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар шүүгдэгч М.Б-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 4,620,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч Э.Э-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 99/ анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 4,620,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч М.Б-аас нийт 10,138,610 /арван сая нэг зуун гучин найман мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс сэтгэцэд учирсан хор уршигт 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, харин хохирогч Э.Э-ийн биед учирсан гэмтэлтэй холбоотой 5,518,610 /таван сая таван зуун арван найман мянга зургаан зуун арван/ төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, дутуу авсан цалин хөлс, сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийн шаардлага хангасан, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “...Шүүгдэгч М.Б-аас гэм хорын хохиролд 10,138,610 төгрөгийг гаргуулан. ...” гэснийг “....Шүүгдэгч М.Б-аас 5,518,610 төгрөгийг гаргуулан. ...” гэж өөрчилсүгэй.
2. Хохирогч Э.Э нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ