Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 312/шш2025/02534

 

 

 

 

 

 

 

 

2025 12 02 312/ШШ2025/02534

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараа сангийн аж ахуйд 1983 оноос 1990 он хүртэл трактор, камбайнчнаар, 1990 оноос 1994 он хүртэл Шанд дов ХХК-д трактор, комбайнчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Л.*******

Гэрч Н., Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараа сангийн аж аж ахуйд 1983 оноос 1990 он хүртэл трактор, комбайнчнаар ажиллаж байсан. Тус Сангийн аж ахуй нь 1990 оноос хувьчлагдаж Шанд дов ХХК нэртэй болсон бөгөөд компани болсноос хойш 1990 оноос 1994 он хүрэл мөн трактор, комбайнчнаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтрүүд алга болсон учир тогтоогдох боломжгүй болоод байна. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараа сангийн аж ахуйд 1983 оноос 1990 он хүртэл трактор, камбайнчнаар, 1990 оноос 1994 он хүртэл тус сумын Шанд дов ХХК-д трактор, комбайнчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 104 дугаартай Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-7/, 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаартай Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-9/, хугацаат цэргийн алба хаасан тодорхойлолт /хх-10/, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын арга хэмжээ авах, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-12/ гэрчийн мэдүүлэг /хх-13-21/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Л.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Л.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараа сангийн аж аж ахуйд 1983 оноос 1990 он хүртэл трактор, комбайнчнаар ажиллаж байсан. Тус Сангийн аж ахуй нь 1990 оноос хувьчлагдаж Шанд дов ХХК нэртэй болсон бөгөөд компани болсноос хойш 1990 оноос 1994 он хүрэл мөн трактор, комбайнчнаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтрүүд алга болсон учир тогтоогдох боломжгүй болоод байна. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараа сангийн аж ахуйд 1983 оноос 1990 он хүртэл трактор, камбайнчнаар, 1990 оноос 1994 он хүртэл тус сумын Шанд дов ХХК-д трактор, комбайнчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах байдлууд тогтоогдож байна. Үүнд: Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 104 дүгээр тушаалд: Шаамарын ТМС төгссөн ******* *******ыг трактор, комбайнчаар томилж, мөн сангийн аж ахуйн даргын 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тушаалаар ээлжийн амралт олгож, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 265 дугаар ангид хуваарилагдан 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр халагдсан болох нь дээрх тушаалууд, цэргийн батлах, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7823 дугаар албан бичгээр нотлогдож байна.

4. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 116 дугаар тушаалд: цэргээс халагдаж ирсэн ******* *******ыг 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хадлангийн бригадад тракторчиноор ажиллуулахаар, 1988 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 236 дугаар тушаалд: тракторч, комбайнчдын удаан жилийн нэмэгдэл олгоход Л.*******т 10 хувь олгохоор, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр тушаалд: Л.*******т ээлжийн амралтыг 26 хоногоор олгохоор, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар тушаалд: Л.*******т ээлжийн амралтыг 24 хоногоор олгохоор тушаал гарсан,

5. Сэлэнгэ Баянгол Шанддов ББХ компанийн захиргааны 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тушаалд: Л.*******-т сануулах арга хэмжээ авсан байна.

6. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.: Л.******* нь 1992-1995 он хүртэл Шанддов ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан. Би тус сангийн аж ахуйд 1983-1998 онд хүртэл тракторын жолооч, комбайнчнаар ажилласан. Баруунхараа сангийн аж ахуй нь хувьчлагдаад дараа нь Шанд дов ХХК болсон. Л.*******тай хамт Шанддов ХХК-д тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг,

7. Гэрч Д.*******: Би 1977-1990 он хүртэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Сангийн аж аж ахуйд хадлангийн бригадад тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан, 1990 оноос Сангийн аж ахуй нь Шанддов ХХК болсон. Л.******* нь 1992-1994 он хүртэл Шанддов ХХК-д тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан. Би тус компанид 1992-1998 онуудад тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан... гэсэн.

8. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр Л.******* нь 1983 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баруунхараа сангийн аж ахуйд, 1992 оноос 1995 оны 01 дүгээр сар хүртэл Шанддов ХХК-д тус тус трактор, комбайнчаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

9. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г 1983 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баруунхараа сангийн аж ахуйд, 1992 оноос 1995 оны 01 дүгээр сар хүртэл Шанддов ХХК-д тус тус трактор, комбайнчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА