Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Батхишиг /томилолтоор/, хохирогч У.М, иргэний нэхэмжлэгч Х.А, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Н.Оролжмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Чандмань овогт Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002240225 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “АПУ” ХХК-ийн баруун талын замд Киа Оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасныг зөрчсөнөөс зорчигч У.М-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч У.М: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим найз Тамирын машины урд талд суугаад, урдаас хойш чиглэлтэй, 20-30 км цагийн хурдтай явж байхад өөдөөс Киа оптима маркийн машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Би тухайн үед бүсээ зүүсэн байсан, аюулгүйн дэр задрахад өөрийн эрхгүй тухайн дэрийг гараараа хаасан, энэ үед миний гар хугарсан. Хэрэг болсноос хойш шүүгдэгч над руу залгаагүй. Шүүгдэгчийг хийсэн зүйлээ ойлгоод ухамсартай байгаасай гэж хүсэж байна. Би хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнээс 670.000 төгрөгийг авсан, үлдсэн мөнгө болох ажилгүй байсан хугацааны зардлаа нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол саналгүй...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Х.А: “...Хэрэг болох үед миний дүү Тамир машиныг унаж байсан. Маргааш нь болсон явдлын талаар ярьсан. Нийт 3,996,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 2,500,000 төгрөгийг нь авсан үлдсэн 1,466,000 төгрөгийг 7 дугаар сараас эхлэн сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд 250,000 төгрөг төлөхөөр график гаргаж эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрөө авч байгаа тул гомдол, саналгүй...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим “АПУ” ХХК-ийн хажуугийн замд хойноос урагш чиглэлтэй явж байхад миний урд том нүх байсан. Нүхийг тойроод гарах гэтэл өөдөөс машин гараад ирсэн. Тухайн үед би хурдтай яваагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч У.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цаг 50 минутын орчим найз Тамираа, Бямбаа нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “АПУ” ХХК-ийн баруун талын замд Тамираагийн жолоодон явсан суудлын автомашины урд суугаад урдаасаа хойш чиглэлтэй 30-40 км/цаг хурдтай явж байхад хойноос урагш чиглэлтэй явж байсан саарал өнгийн Киа оптима маркын автомашины жолооч нь урсгал сөрж бид нарын явж байсан эгнээ рүү орж ирээд эгц урдаас мөргөсөн. Тухайн үед автомашины аюулгүйн хоёр дэр задарсан. ...Хоёр жолоочийн яриаг сонсоход мөргөсөн автомашины жолооч би нүх тойрох гэж байгаад эсрэг урсгал дор таныг мөргөчихлөө гэж байсан. ...Замын хувьд үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, цас бага зэрэг орж эхэлсэн, гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг асаалттай, түгжрэлгүй байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ниссан Скулине маркын 28-49 УБМ улсын дугаартай автомашин миний эзэмшлийн машин боловч “Фүжи капитал” ББСБ-ын 600,000 төгрөгийн барьцаанд унаж явах нөхцөлтэй тавьсан байгаа...” /хх-ийн 31/ гэсэн,

 

Гэрч Т.Наранзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед Зайсан орохоор дүү Г.Эын хамт түүний эзэмшлийн Киа Оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай автомашины урд суудалд суугаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын замаар хойноосоо урагшаа чиглэлтэй замын нэгдүгээр эгнээнд ойролцоогоор 20-30 орчим км/цагийн хурдтай явж байхад замын голд эвдэрсэн нүх байсан. Эвдэрсэн нүхийг Э тойрч гарахаар зүүн гар талруу дарж эсрэг урсгал руу орох үед урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашинтай мөргөлдсөн. Замын үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун тэгш, хальтиргаатай, цас орж байсан...” /хх-ийн 44-45/ гэсэн,

 

Гэрч М.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед найз Тамираагийн Ниссан Скулине маркийн 28-49 УБМ улсын дугаартай автомашины арын суудалд суугаад урдаасаа хойш чиглэлтэй явж байхад цагаан өнгийн жижиг автомашин урсгал сөрж ирээд манай машиныг мөргөсөн. ...Урсгал сөрөөд ирсэн автомашиныг ойролцоогоор 4 метр орчим зайнаас хараад хөөе гэж хэлэхийн завдалгүй ирээд мөргөсөн...” /хх-ийн 47-48/ гэсэн,

 

Гэрч Б.Тамир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед дүү Аын эзэмшлийн Ниссэн Скулине  маркын 28-49 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон найз М, Бямбадорж нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын замаар урдаасаа хойш чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр 30 км/цагийн хурдтай явж байхад хойноос урагш чиглэлтэй явж байсан 99-86  УНИ улсын дугаартай Киа Оптима маркын автомашины жолооч урсгал сөрөөд орж ирсэн. Би тухайн машиныг 3 метр орчим зайнаас харж шууд тоормос гишгэж баруун тал руугаа дарсан боловч миний автомашины зүүн урд тал руу ирж мөргөсөн...” /хх-ийн 50-51/ гэсэн,

 

Шинжээч Б.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Осол хэрэг болсон газрын дөрвөлжин 1.4х1.9 хэмжээтэй нүхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр замын осолд нөлөөлсөн эсэхийг дүгнэх боломжгүй. Учир нь нүхний хэмжээг бодож осолд нөлөөлсөн эсэхийг боддог томьёо байхгүй тул осол хэрхэн нөлөөлөх эсэхийг тодорхойлох боломжгүй. ...Хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг ослын схем бүдүүвч зэрэг хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй танилцахад Киа оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч урдаа саад байгааг мэдэнгүүтээ зүүн гар тийш дараад зам тээврийн осол гаргасан нь уг жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасныг зөрчиж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” /хх-ийн 100-101/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны орой 22 цаг болж байхад Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун замд хойноос урагш чиглэлтэй явж байгаад зам дээр байсан нүхийг тойрч гарах гээд зүүн гар тийш дараад эсрэг урсгалаар явж байсан Ниссан Скулине маркын хөх өнгийн машинтай зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, замын хөдөлгөөн бага, үзэгдэх орчин чөлөөтэй, бага зэрэг цас хаялж байсан...” /хх-ийн 108-110/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №3895 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. У.Мын биед зүүн гарын шуу, ясны доод булуу болон 1-р хурууны шивнүүрийн далд хугарал, зүүн сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөхөгүй...”  /хх-ийн 66/ гэсэн,

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №74 тоот шинжээчийн дүгнэлтэд “...1. 99-86 УНИ улсын дугаартай Киа оптима маркын автомашин нь Швед Улсад үйлвэрлэгдсэн EWJ94060 маркын тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0,1 мм/м буюу тохиргоо хэвийн байна. Харин автомашины зүүн гар талын урд их гэрлийн шил хагарч, хол ойрын гэрлийн чийдэн асахгүй болсон, баруун гар талын хол, ойрын их гэрэл асаж байгаа боловч сэнжнүүд нь хугарч сууринаасаа хөдөлсөн, гэрлийн тусгалын чадал илт муу, дотор талын цайранд шороо орсон зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдал явах анги жолооны механизм эвдрэл, гэмтэлтэй байгаа техникийн бүрэн байдлыг хангахгүй байна.

2. Уг автомашин ерөнхий байдлын хувьд зүүн гар талын урд крыло хуниралдаж чихэгдэж орсон, зүүн гар талын урд их гэрэл хагарч унасан байхгүй, зүүн гар талын урд /лонжром/ хажуу тал руугаа нугарсан, зүүн гар талын урд их гэрлийн суурь /панель/ хойш тахийж орсон, урд буфер бүхэлдээ хагарч унасан, буферын дотор талын зөөлөвч зүүн талдаа хугарсан, баруун гар талын урд хол, ойрын их гэрлийн сэнжнүүд нь хугарч сууринаасаа салсан, копуд зүүн гар талын урд хэсэгтээ цоорч хонхойж орсон, зүүн гар талын урд овор дохионы гэрлийн чийдэнгүүд асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, ухрах арааны хоёр гэрлийн чийдэн асахгүй, хойд буфер баруун гар талын булан хэсэгтээ цоорч хонхойж будаг халцарсан, баруун гар талын хойд крыло хонхойж будаг халцарсан, зүүн гар талын хойд крылоны доод хэсэгтээ зэвэрч будаг халцарсан, зүүн гар талын урд, хойд дугуйн обудын ирмэг цохигдсон, хойд хоёр /амортизатор/ зөөллүүрээс тос гоожсон, хүч дамжуулах анги /кроп/-аас тос гоожсон, зүүн гар талын босоо тэнцүүлэгч, шарнер хөдөлгөөн орсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3.4 Уг автомашины зүүн гар талын урд крыло хуниралдаж чихэгдэж орсон, зүүн гар талын урд их гэрэл хагарч унасан байхгүй, зүүн гар талын урд /лонжром/ хажуу тал руугаа нугарсан, зүүн гар талын урд их гэрлийн суурь /панель/ хойш тахийж орсон, урд буфер бүхэлдээ хагарч унасан, буферын дотор талын зөөлөвч зүүн талдаа хугарсан, баруун гар талын урд хол, ойрын их гэрлийн сэнжнүүд нь хугарч сууринаасаа салсан, копуд зүүн гар талын урд хэсэгтээ цоорч хонхойж орсон, зүүн гар талын урд овор дохионы гэрлийн чийдэнгүүд асахгүй, зүүн гар талын урд, хойд дугуйн обудын ирмэг цохигдсон зэрэг эвдрэл, гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой тул уг осолд ямар байдлаар нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй байна. Харин автомашинны улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, ухрах арааны хоёр гэрлийн чийдэн асахгүй, хойд буфер баруун гар талын булан хэсэгтээ цоорч хонхойж будаг халцарсан, баруун гар талын хойд крыло хонхойж будаг халцарсан, зүүн гар талын хойд крылоны доод хэсэгтээ зэвэрч будаг халцарсан, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, ухрах арааны хоёр гэрлийн чийдэн асахгүй, хойд буфер баруун гар талын булан хэсэгтээ цоорч хонхойж будаг халцарсан, баруун гар талын хойд крыло хонхойж будаг халцарсан, зүүн гар талын хойд крылоны доод хэсэгтээ зэвэрч будаг халцарсан эвдрэл гэмтэл нь автомашиын ашиглалтын үед үүссэн байх боломжтой тул уг осолд нөлөөлөхгүй.

5. Уг автомашин нь тоормосны шингэн дамжуулгатай, энгийн системтэй.

6. Уг автомашин Швед Улсад үйлвэрлэгдсэн EWJ94060 маркын тоног төхөөрөмжөөр шалгахад урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.8 кН, баруун талдаа 2.6 кН, зөрүү нь 7.14% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7 кН, баруун талдаа 1.5 кН, зөрүү нь 11,76% /стандарт <30%/ буюу ажлын болон зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна...” /хх-ийн 79-87/ гэсэн,  

- Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №66 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Киа оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай автомашины жолооч Гантулга овогтой Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.

2. Ослын газрын схем зураг, жолоочоос асууж авсан тэмдэглэл, хэргийг газрын үзлэг зэргийг уншихад Киа оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай автомашинд тоормосны мөр тусгагдаагүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй.

3. Ниссан Скулине маркын 28-49 УБМ улсын дугаартай автомашины жолооч Базар овогтой Тамир нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Ослын газрын схем зураг, жолоочоос асууж авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг зэргийг уншихад Ниссан Скулине маркын 28-49 УБМ улсын дугаартай автомашинд тоормосны мөр тусгагдаагүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй.

5. Ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлж авсан зураг №13, Г.Эын өөрийнх нь бичсэн тайлбар зэргээс үзэхэд зорчих хэсэг дээр 1.4х1.4 см хэмжээ бүхий дөрвөлжин хэлбэртэй зориулалт, харьяалал тодорхой бус байгууламж байх боловч зорчих хэсгийн түвшингээс ямар хэмжээний зөрүүтэй эсэх нь тодорхойгүй байх тул зам тээврийн осолд нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй.

6. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ө.Мөнхнаст, М.Цэдэнгомбо, М.Галбадрах нарын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №74 дугаартай Киа оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай автомашины шинжээчийн дүгнэлт гарсан байх тул дүгнэлт гаргах боломжгүй...” /хх-ийн 91-92/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/,

- Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/,

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11, 13, 15/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12/,

- Тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14, 16/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32, 111/,

- “Фүжи капитал” ББСБ-ын албан бичиг /хх-ийн 34/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 27-28/,

- Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 71-73/,

- Шүүгдэгч Г.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 112-121/,

- Эвлэрлийн гэрээ /хх-ийн 128-129/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 134/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Эод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “АПУ” ХХК-ийн баруун талын замд Киа Оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д “...Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэж заасныг зөрчсөнөөс зорчигч У.Мын эрүүл мэндэд зүүн гарын шуу, ясны доод булуу болон 1-р хурууны шивнүүрийн далд хугарал, зүүн сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Мын “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цаг 50 минутын орчим ...“АПУ” ХХК-ийн баруун талын замд ...хойноос урагш чиглэлтэй явж байсан саарал өнгийн Киа оптима маркын автомашины жолооч нь урсгал сөрж бид нарын явж байсан эгнээ рүү орж ирээд эгц урдаас мөргөсөн...” /хх-ийн 23-24/ гэсэн,

Гэрч Т.Наранзулын “...2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед ...“АПУ” ХХК-ийн баруун талын замаар хойноосоо урагшаа чиглэлтэй замын нэгдүгээр эгнээнд ойролцоогоор 20-30 орчим км/цагийн хурдтай явж байхад замын голд эвдэрсэн байсан. Эвдэрсэн нүхийг Э тойрч гарахаар зүүн гар талруу дарж эсрэг урсгал руу орох үед урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашинтай мөргөлдсөн...” /хх-ийн 44-45/ гэсэн,

Гэрч М.Бямбадоржийн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед найз Тамираагийн Ниссан Скулине маркийн 28-49 УБМ улсын дугаартай автомашины арын суудалд суугаад урдаасаа хойш чиглэлтэй явж байхад цагаан өнгийн жижиг автомашин урсгал сөрж ирээд манай машиныг мөргөсөн...” /хх-ийн 47-48/ гэсэн,

Гэрч Б.Тамирын “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед ...“АПУ” ХХК-ийн баруун талын замаар урдаасаа хойш чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр 30 км/цагийн хурдтай явж байхад хойноос урагш чиглэлтэй явж байсан 99-86  УНИ улсын дугаартай Киа Оптима маркын автомашины жолооч урсгал сөрөөд орж ирсэн. Би тухайн машиныг 3 метр орчим зайнаас харж шууд тоормос гишгэж баруун тал руугаа дарсан боловч миний автомашины зүүн урд тал руу ирж мөргөсөн...” /хх-ийн 50-51/ гэсэн,

Шинжээч Б.Амарсанаагийн “...Хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг ослын схем бүдүүвч зэрэг хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй танилцахад Киа оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч урдаа саад байгааг мэдэнгүүтээ зүүн гар тийш дараад зам тээврийн осол гаргасан нь уг жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасныг зөрчиж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” /хх-ийн 100-101/ гэсэн,

Шүүгдэгч Г.Эын “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цаг болж байхад Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун замд хойноос урагш чиглэлтэй явж байгаад зам дээр байсан нүхийг тойрч гарах гээд зүүн гар тийш дараад эсрэг урсгалаар явж байсан Ниссан Скулине маркын хөх өнгийн машинтай зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн...” /хх-ийн 108-110/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №3895 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. У.Мын биед зүүн гарын шуу, ясны доод булуу болон 1-р хурууны шивнүүрийн далд хугарал, зүүн сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...”  /хх-ийн 66/ гэсэн,

 

- Техникийн шинжээчийн 2018 оны №66 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Киа оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай автомашины жолооч Гантулга овогтой Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.

2. Ослын газрын схем зураг, жолоочоос асууж авсан тэмдэглэл, хэргийг газрын үзлэг зэргийг уншихад Киа оптима маркын 99-86 УНИ улсын дугаартай автомашинд тоормосны мөр тусгагдаагүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй.

3. Ниссан Скулине маркын 28-49 УБМ улсын дугаартай автомашины жолооч Базар овогтой Тамир нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хх-ийн 91-92/ гэсэн, Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны №74 тоот шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11, 13, 15/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12/, тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14, 16/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 71-73/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасныг зөрчсөний улмаас зорчигч У.Мын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оролжмаа шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Г.Э нь хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг хэдий боловч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д “...Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэж заасныг шүүгдэгч Г.Э зөрчиж, зам тээврийн осол гаргасан түүний үйлдлийг гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Мын эрүүл мэндэд зүүн гарын шуу, ясны доод булуу болон 1-р хурууны шивнүүрийн далд хугарал, зүүн сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Аын эзэмшлийн Ниссан Скайлань маркын тээврийн хэрэгсэлд 3,966,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан.

Хохирогч У.М нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор эмчилгээний зардалд 678,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж /хх-ийн 134/ барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Х.Аын эд хөрөнгөд учирсан 3,966,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,000,000 төгрөгийг /хх-ийн 134/, шүүхийн шатанд 500,000 төгрөгийг, нийтдээ 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 1,466,000 төгрөгийг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар эвлэрлийн гэрээ байгуулж /хх-ийн 128-129/ 2018 оны 10 дугаар сар хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон нь хууль зөрчөөгүй, тэднийг сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Хохирогч У.М ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэсэн бөгөөд нийгмийн даатгал төлдөг гэснээс өөрөөр баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Иргэний нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээнд заасны дагуу үлдэх төлбөрийг төлж барагдуулахгүй тохиолдод иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж, энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Э нь тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, ар гэрийн нөхцөл байдал, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг ойлгоогүй, гэмшээгүй байдал, гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа түүний хувийн байдлуудыг харгалзан хуульд зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1803002240225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Г.Э Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн жолоочийн №1020682 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн 1803002240225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.М гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР