| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2403006150866 |
| Дугаар | 2025/ДШМ/258 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/258
Б.*******т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, даргалж, шүүгч Г.Ган*******, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, Д.Болд-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Д.Болд-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2403 00615 0866 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*******овогт *******ын *******, ******* оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, "Таван толгой" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ************** дүүргийн 8 дугаар хороо, *******тоотод оршин суух,
урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:*******/,
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 01 цаг 50 минутын үед ******* дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын урд талын замд “Кia bongo” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...*******овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан "замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 46 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.******* нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ************** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 33.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******т олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоолд явган зорчигч Л.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөдлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөдлөн гарна гэсэн заалтыг зөрчин явснаас баруунаас зүүн чиглэлд явж байсан Б.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргөгдөн гэмтсэн осол болсон байхад энэ талаар дүгнээгүй, зөвхөн шүүгдэгч Б.******* Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол болсон гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Явган зорчигч тухайн үед согтуугаар тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Жолооч Б.******* анхны мэдүүлэгтээ гэнэт зам дээр хүн гарч ирсэн. Торомз гишгэсэн боловч мөргөсөн. Гэр бүлээрээ явж байсан 50 км/цагийн хурдтай явсан гэж мэдүүлсэн. Энэ осол гарахад жолооч шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэсэн нь эргэлзээтэй байна. Эргэлзээгүй баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Харин хохирогч өөрийн бурууг бүрэн ухамсарлаж ямар ч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, ахаас нь л боллоо гээд дүүгийн хамт ирж өөрийн гараар нотариат дээр бичиж өгсөн байгаа. Иймд ЭХХШТухай хуулийн 1.15-р зүйлийн 2-т заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.
Хавтаст хэрэгт 11-р ХХ-ийн 204-р хуу. шүүгдэгчийн ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа авагдсан байх ба шүүгдэгч СХДүүргийн ЭХАШШүүхийн 2023 оны 10-р сарын 09 ны өдрийн 1198 дугаарын шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн талаарх мэдээлэл авагджээ. Б.******* нь торгуулийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шийтгэх тогтоолын хамт гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт очсон эсэх энэ талаар шалгаагүй баримтгүй байхад шүүгдэгч Б.*******т Зорчих эрхийг хязгаарлах ял дээр 700.000 төгрөгийн торгох ялыг эдлээгүй гэж үзэж 46 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Хэргийн бодит байдлын тухайд: Шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэг нь "2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр хороо Нарантуул захын урд талд 01 цаг 50 минутын орчим ******* дүүргийн гарсан зам тээврийн осол" юм. Энэ талаар мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1628 дугаартай магадалгаа гарч, хохирогч болон холбогдогч нар хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар дурдсан байна. Хэдийгээр хохирогчийн буруутай үйлдэл байгаа боловч шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. (Осол гарсны дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогчид учирсан бодит хохирлыг төлсөн, сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлж ирсэн байна. Энэ нь "Ослын газарт шууд 102, 103 утаснууд руу дуудлага өгөөд ослын газраа хүлээж байсан, удалгүй цагдаа ирээд дараа нь 30-40 мин дараа 103 ирсэн, тэгээд нөгөө хүнийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан, би машинаа ачуулаад нөгөө хүний араас гэмтлийн эмнэлэг рүү явсан"/ ХХ-185-186/. Улмаар “мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,200,000 төгрөг, мөн эм тариандаа хэрэглээрэй гэж 3,000,000 төгрөг нийт 5,200,000 төгрөг өгсөн. Энэ хохирогчид одоогийн байдлаар учирсан хохирлыг төлж барагдуулсан". Хохирогч нь "..цаашид санал гомдолгүй.." гэдэг баримтуудаар нотлогдсон байна. /2ХХ-5/ Хоёр. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ял торгуулийн ялыг нэгтэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал шүүгдэгч Б.******* 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төрийн сангийн 100200300988 төрийн банкны дугаар дансанд 700.000 мянган төгрөгийг төлж барагдуулсан байхад тухайн ялыг нэмж нэгтгэн оногдуулсан нь ял шийтгэлийг давхардуулж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Гурав. Шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын тухайд: Шүүгдэгч Б.*******т Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар"...өөрийн оршин суух газраас явахыг хориглох....." буюу ************** дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах ялаар шийтгэсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж хуульчлан заасан байхад анхан шатны шүүхээс ингэж шийдвэрлэж буй нь миний үйлчлүүлэгчийн үйлдэлд тохирохгүй байна. Тодруулбал; Миний үйлчлүүлэгчийн эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, жирэмсэн, бага насны 18 нас болон 12 настай/ хоёр хүүхэдтэй; Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хөдөлмөр эрхэлдэг бөгөөд шүүгдэгчийн хувьд тухайн ажил нь ростероор буюу ээлжийн ажил. Энэ ял хэрэгжсэнээр шүүгдэгч Б. ******* нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх боломж, нөхцөл хязгаарлагдаж, банк болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийг төлөх боломжгүй нөхцөл үүсэж, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал зэргийг төлж барагдуулах боломжгүй нөхцөх байдал үүсэхээр байна. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэг "Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй" гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт", "Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт" зэрэг эх сурвалжуудад "Хөдөлмөрлөх эрх" хүний амьдралын салшгүй хэсэг үндсэн эрх болох талаар тусгасан байдаг. Нөгөөтээгүүр зорчих эрх хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олон нийтийн харилцаанаас тусгаарлахгүйгээр гэмт болон нийгмийн эсрэг зан үйлийг өөрчлөх, зохистой, зөв амьдралд ороход туслалцаа үзүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэгт оршино. Мөн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх ёстой гэж үзэж энэхүү гомдлыг гаргах үндэслэл болсон. Иймд өмгөөлөгчийн зүгээс доорх саналыг гаргаж байна. Зорчих эрхийн ялын хүрээнд ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой байдлаар Улаан*******- Өмнөговь гэсэн маршрутаар хязгаарлалт тогтоох эсхүл Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жил тэнсэж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хөнгөрүүлэн, өөрчлөлт оруулж өгнө үү. Иймд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэв.
Шүүгдэгч Б.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх тул зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх хүсэлтэй шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэг гарсан шалтгааныг эхнээс нь аваад үзвэл миний ах хэн нэгэн хүнийг хохироох зорилгоор яваагүй. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ очсон байх ёстой байсан. Дундговь аймгийн Луу суманд хороо барих ажилтай байсан. Машиныг ирэхээс өмнө амжаад гарчихна гэж бодоод зам хөндлөн гарсан. Хохирогчийн хувьд 9 хоног комд байсан. Бидний зүгээс очих ёстой газраа очоогүй байсан болохоор ахыгаа эрэн сурвалжилсан. 102-т хандаж, моргоор хүртэл 14 хоногийн турш хайсан. 14 дэх хоног дээр олж, Гэмтлийн хавсарсан мэс засалд гурван удаа орж, гурван эрхтэн авхуулсан. Тархи цууралттай, 2 тал харвалттай, гар хөл саажилттай болсон. Хоолоо халбагадуулж иддэг. Байнга памперстай хэрэглэдэг. Ийм хүнд нөхцөлтэй байдаг тул эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн. Ахын гэр бүлийн байдлыг салсан гээд байна. Эхнэр нь нүдний хагалгаанд орох гэж гурван өрөө байрыг нь зарсан. Үүнээс болоод энэ хоёрын харилцаа холдсон. Үр хүүхдүүд нь тус тусдаа амьдардаг. Ахын хувьд манайхтай айл байдаг. Хүүхдүүд нь тус, тусдаа байдаг тул тэр бүр ирээд байдаггүй. Миний хувьд өрх толгойлсон, хоёр охины хамт амьдардаг. Миний ах миний амьдралд их нэмэр болдог байсан. Миний хувьд ахыгаа асарсаар байгаад нурууны өвчтэй болж байна. Б.*******ыг буруутгаад ял авхуулах гээд, анхан шатны шүүхээс өгсөн ялаар явуулах гээд байгаа юм биш. Хэн ч ийм байдалд орвол маш их гомдол тээнэ. Ахын хувьд маш их өвдөлтийг тэвчиж байгаа. Шүүгдэгчид хар буруу санаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийг аваад ирэхгүй яасан юм бэ гээд байсан. Бид эмнэлгээр явахдаа хэвтүүлж авч явдаг. Одоогийн байдлаар хатгаатай байгаа. Тархины хагалгаанд ор гэсэн боловч санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоход 33,000,000 төгрөг хохирогчид хуулийн дагуу гаргаж өгөх ёстой гэсэн. Энэ мөнгө олгогдвол бидэнд маш их хэрэгтэй байна. Бидэнд мөнгө нь л хэрэгтэй болохоос энэ хүнийг цагдан хорих, зорчих эрхийг хязгаарлах зэргийг хүсээгүй. Иймд 33,000,000 төгрөгийг бидэнд өгөхийн тулд шүүгдэгч ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Миний ахыг согтуу байсан, өөрөө нотариат дээр очоод гарын үсэг зураад “…гомдолгүй…” гээд бичиж өгсөн гэж давтан давтан худлаа яриад байгааг ойлгохгүй байна. 2,200,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг эмнэлгийн эмчилгээний зардалд өгөөд дууссан. Хувь, хувьсгалын эмнэлэг эмчилгээнд хамруулах дургүй байдаг. Нэг эмнэлэг авчихаар эмчилгээ буруудвал энэ хүн байхгүй болчих тул хариуцлага хүлээнэ гээд авах эмнэлэг олдоггүй. Ах тэтгэвэр тогтоолгох гэхээр 8 жилтэй тул жил нь хүрдэггүй. 61 настай хүнийг группэд оруулдаггүй тул орж чадахгүй байгаа. Миний хувьд хувийн байгууллагад тогооч хийдэг байсан. Ахыг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр явуулчхаад,14-ний өдөр алга болсон цагаас хойш хайлтын 14 хоног, олсон хойноо гэмтэл дээр бүтэн хоёр сар гэртээ асарсан. Өмнөх сараас ах эгчтэйгээ ээлжилж асрахаар болсон. Гэхдээ би ерөнхийд нь хариуцаж байгаа. Цооролт нь эдгэнэ гэдэг нь хэцүү юм билээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч хүнээ авчрахгүй яасан юм бэ гэдэгт маш их гомдсон. Б.******* залуу хүн амьдарна гэж яриад байдаг. 61 настай хөгшин хүн ч гэсэн амьдармаар байна. Бүх зүйл хэвэндээ буцаад орчихдог бол сайхан байна...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Б.******* нь "замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй. Ял шийтгэлийн хувьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолд 700,000 төгрөгийг торгол ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Д.Болд-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 01 цаг 50 минутын үед ******* дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд талын замд “Кia bongo” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
- жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /1хх 4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 5-7/, хэргийн газрын үзлэг хийсэн акт /1хх 7-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 11/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ийн: “...2024 оны 8 дугаар сарын 27-нд Дунд говь аймгийн цагдаагаас залгаад эрэн сурвалжлаад байсан ахыг чинь оллоо гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Ослын талаар эмнэлэгт очиж мэдсэн. Тухайн ослоос болж биедээ тархины цууралт, зүүн тал харвалт, зүүн гар хугарсан, зүүн талын 3-н хавирга хугарсан, баруун хөлийн дотор тал шарх сорвитой, элэг бяцарсан, цөс дэлүү авхуулсан уутнууд нь хагарсан гээд хагалгаанд орсон, хэвлийн хагалгаа нь маш их бохирдол ихтэй байна гэж эмч нь хэлсэн. Одоо бол болсон хэргийн талаар өөрийгөө илэрхийлэх боломжгүй юу ч ярьж чадахгүй байгаа 100% гэртээ хэвтэрт маш хэцүү байгаа, байнгын асаргаатай байгаа. Мөргөсөн жолоочоос 2,000,000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /1хх 17/,
- яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /1хх 27-95/, хохирлын баримтууд /1хх 97-114/, Л.*******гийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /1хх 140/,
- иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн: “...Л.*******д 3.974.640 төгрөгийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн. Уг мөнгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” /1хх 143/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10856 дугаар шинжээчийн дүгнэлт “...Л.*******-н биед дэлүүний няцрал, язрал, элэгний няцрал, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, шулуун синус, баруун тенториум, зүүн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 7,8,9,10,11-р хавирга, сээрний 10,11,12-р нугалмын арын сэртэнгийн хугарал, мөн сээрний 11,12-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, зүүн атгаал ясны хугарал, зүүн шилбэний шарх гэмтэл, гэмтлийн улмаас дэлүү, цөсний хүүдий авах мэс засал (2024.08.14) тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дэлүү авагдалд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын- 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.46.7-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30% тогтонгид алдагдуулна, цөсний хүүдий авагдалт нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын- 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.46.5-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20% тогтонгид алдагдуулах ба нийлээд цөсний хүүдий, дэлүү авагдалт цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 50% алдагдуулна...” /1хх 149-153/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4708 дугаар шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Б.*******" гэж хаягласан цуснаас 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжийн хэмжээ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд хүрэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй. Жич: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд 10 мл-ээс дээш хэмжээтэй цусны дээж болон 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж шаардлагатай/...” /1хх 158-160/,
- ******* техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү хэвийн, баруун болон зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, урд нүүр хонхойж эвдэрсэн, шил арчигч ажиллахгүй эвдрэлтэй байна. Иж бүрдэл байна. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч бяцарсан, урд нүүр хонхойж эвдэрсэн, шил арчигч ажиллахгүй эвдрэлтэй байна. Кіа маркийн Bongo3 загварын тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй. Тоормос бүрэн ажиллагаатай байна. Кіа маркийн Bongo3 загварын 73-42 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй, авто тээврийн хэрэгслийн хурд, зам орчны байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Кіа маркийн Bongo3 загварын 73-42 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд их гэрэлтүүлэг нь стандартын шаардлага хангаж байна. Ухрах арааны гэрлийн баруун тал ажиллахгүй байна...” /1хх 167-170/,
-“...жолооч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг, мөн дүрмийн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт 6.3. Шил арчуур, цан үлээгүүр ажиллаагүй болсон гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна....Явган зорчигч Л.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн гэх мөрдөгчийн магадлагаа /1хх 173-174/,
- шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би тэр өдөр шөнийн 01 цаг 50 минутын орчимд гэрлүүгээ харих гээд эхнэр Оюундарь болон 2 хүүхдийн хамт Наран туул захын машин ордог хаалганы харалдаа ертөнцийн зүгээрээ урдаас хойш чиглэлтэй явган хүн гэнэт гараад ирсэн тэр хүнийг харангуутаа тоормосоо гишгэсэн боловч зогсож амжилгүй тэр хүнийг машиныхаа урд талын дунд хэсгээрээ мөргөсөн. Би эмчилгээнд нийт 2.000.000 төгрөг өгсөн...” /1хх 185/ гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
2. Анхан шатны шүүхээс Б.*******ын үйлдлийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 46 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 33.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******т олгож, ...цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнээс “...Б.*******т ялыг нэмж нэгтгэн оногдуулсан нь ял шийтгэлийг давхардуулж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар биелүүлээгүй байсан ба 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дээрх 700.000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Иймд шүүгдэгч Б.*******т хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Л.*******гийн биед дэлүүний няцрал, язрал, элэгний няцрал, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, шулуун синус, баруун тенториум, зүүн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 7,8,9,10,11-р хавирга, сээрний 10,11,12-р нугалмын арын сэртэнгийн хугарал, мөн сээрний 11,12-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, зүүн атгаал ясны хугарал, зүүн шилбэний шарх гэмтэл, гэмтлийн улмаас дэлүү, цөсний хүүдий авах мэс засалд орж хүнд зэргийн гэмтэл авсан нь шүүгдэгч Б.*******ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн зам тээврийн ослын улмаас учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан “шүүгдэгч Б.*******ыг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Дээрх зарчмыг баримтлан Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Л.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн “5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг төлж байгаа, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үүргийг хүлээлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Иймд энэхүү үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авлаа.
4. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан хэдий ч энэхүү хэргийн нөхцөл байдал, хохирогч Л.*******гийн биед учирсан хүнд гэмтэл, хөдөлмөрийн чадвараа 50% алдсан гэсэн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн, мөн шүүгдэгч Б.******* нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 33.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Д.Болд-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудын заримыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,
5 дахь заалтыг “Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5 дахь заалт зааснаар “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн, өмгөөлөгч Д.Бурмаа, Д.Болд-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ