Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Олхонууд Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810011850247 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, “Эрчимд Сервис” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д.М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын “Магнай трейд” ШТС-н замд Ниссан Санни маркийнн 83-76 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгслийг, явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Х.Хулангийн жолоодож явсан Тоёота Приус-30 маркийнн 86-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Д.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй..” гэв.

 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хамт ажилладаг Хулангийн 86-82 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийнн автомашины жолоочийн хажуугийн суудалд сууж, арын суудалд Долгорсүрэн, Үүрцайх, Н нар суугаад Айдасын даваа даваад Өлзийт хорооолол руу эргээд Магнай трейд ШТС-ын урд замд явж байхад гэнэт нэг машин хажуугаас орж ирээд мөргөлдсөн...” /хх-ийн 49-51/ гэсэн,

 

Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 20 минут өнгөрч байхад ээж Хулангийн хамт 86-82 УБВ улсын дугаартай автомашиын жолоочийн арын суудалд Долгорсүрэн, Үүрцайх нарын хамт суугаад Өлзийт хорооллын замаар зүүнээс баруун тийш Магнай трейдын ШТС дөнгөж өнгөрч байхад хойд туслах замаас нэг машин гарч ирээд манай машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 58-59/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Хулан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутын үед Өлзийт хороолол руу өөрийн 86-82 УБВ улсын дугаартай Тоёот Приус-30 маркийнн автомашиныг жолоодоод ажилдаа явж байгаад Өлзийт хорооллын Магнай трейдын ШТС-ын урд замаар зүүнээс баруун тийш явж байхад хойд талын туслах замаас 83-76 УНТ улсын дугаартай Ниссан Санни маркийнн автомашин гарч ирээд мөргөлдсөн...” /хх-ийн 62-63/ гэсэн,

 

Гэрч Г.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Хулангийн машины арын суудалд суугаад Өлзийт хорооллын замаар зүүнээс баруун тийшээ Магнай трейд ШТС дөнгөж өнгөрөөд явж байхад гэнэт нэг машин хажуугаас орж миний сууж явсан машиныг мөргөсөн...” /хх-ийн 69-71/ гэсэн,

 

Гэрч Э.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Хулан эгчийн машинд Долгорсүрэн, Н, Ц, Хулан эгч нарын хамтаар Өлзийт хорооллын замд Магнай трейд ШТС өнгөрөөд явж байхад хойд талын туслах замаар нэг машин гарч ирээд миний сууж явсан машины урд хэсгийг мөргөж осол гаргасан...” /хх-ийн 72-73/ гэсэн,

 

Гэрч Г.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутын үед Өлзийт хороололд байдаг гэрээс гараад нөхөр М Ниссан санни маркийнн 83-76 УБТ улсын дугаартай машинаа жолоодож, би хажууд нь суугаад Магнай трейд ШТС-ын хойноос урагшаа туслах замаас төв зам руу эргээд ороход 86-82 УБВ улсын дугаартай Тоёота приус маркийнн машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 74-75/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад өөрийн 83-76 УБТ улсын дугаартай Ниссан санни маркийнн машинаа жолоодон явахдаа Өлзийт хорооллын Магнайт трейдын ШТС-ын хойноос урагшаа  туслах замаас төв зам руу орох гээд зүүн тийш харахад нэг машин хол зайтай ирж байгаа харагдахаар нь амжих байх гээд урдуур нь дараад ороход 86-82 УБВ улсын дугаартай автомашины жолоочийн эсрэг урд талд мөргөж осол гаргасан юм...” /хх-ийн 96-99/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №5627 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Цгийн биед баруун талын 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, хоёр шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  /хх-ийн 82/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сраын 06-ны өдрийн №7215 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Нгийн биед хамар ясны хугарал, хамарт сорви, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 85/ гэсэн,

 

- Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №374  тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ниссан Санни маркийнн 83-76 УБТ улсын дугаартай автомашины жолооч Д.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй.

2. Тоёота Приус маркийнн 86-82 УБВ улсын дугаартай автомашины жолооч Х.Хулан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.  Тухайн зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 87-88/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19/,

- Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22-23/,

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 20/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24-25/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36-38/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 52-54/,

- Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 39/,

- Хохирол хүлээн авсан баримт /хх-ийн 45/,

- Шүүгдэгч Д.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 101-113/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Мэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Мэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын “Магнай трейд” шатахуун түгээх станцын замд 83-76 УБТ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгслийг, явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Х.Хулангийн жолоодож явсан Тоёота Приус-30 маркийнн 86-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Цгийн эрүүл мэндэд баруун талын 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, хоёр шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Цгийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хамт ажилладаг Хулангийн 86-82 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийнн автомашины жолоочийн хажуугийн суудалд сууж, арын суудалд Долгорсүрэн, Үүрцайх, Н нар суугаад Айдасын даваа даваад Өлзийт хорооолол руу эргээд Магнай трейд ШТС-ын урд замд явж байхад гэнэт нэг машин хажуугаас орж ирээд мөргөлдсөн...” /хх-ийн 49-51/ гэсэн,

Хохирогч М.Нгийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 20 минут өнгөрч байхад ээж Хулангийн хамт 86-82 УБВ улсын дугаартай автомашиын жолоочийн арын суудалд Долгорсүрэн, Үүрцайх нарын хамт суугаад Өлзийт хорооллын замаар зүүнээс баруун тийш Магнай трейдын ШТС дөнгөж өнгөрч байхад хойд туслах замаас нэг машин гарч ирээд манай машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 58-59/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Х.Хулангийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутын үед Өлзийт хороолол руу өөрийн 86-82 УБВ улсын дугаартай Тоёот Приус маркийнн автомашиныг жолоодоод ажилдаа явж байгаад Өлзийт хорооллын Магнай трейдын ШТС-ын урд замаар зүүнээс баруун тийш явж байхад хойд талын туслах замаас 83-76 УНТ улсын дугаартай Ниссан Санни маркийнн автомашин гарч ирээд мөргөлдсөн...” /хх-ийн 62-63/ гэсэн,

Гэрч Г.Долгорсүрэнгийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Хулангийн машины арын суудалд суугаад Өлзийт хорооллын замаар зүүнээс баруун тийшээ Магнай трейд ШТС дөнгөж өнгөрөөд явж байхад гэнэт нэг машин хажуугаас орж миний сууж явсан машиныг мөргөсөн...” /хх-ийн 69-71/ гэсэн,

Гэрч Э.Үүрцайхын “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Хулан эгчийн машинд Долгорсүрэн, Н, Ц, Хулан эгч нарын хамтаар Өлзийт хорооллын замд Магнай трейд ШТС өнгөрөөд явж байхад хойд талын туслах замаар нэг машин гарч ирээд миний сууж явсан машины урд хэсгийг мөргөж осол гаргасан...” /хх-ийн 72-73/ гэсэн,

Гэрч Г.Эрдэнэчимэгийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутын үед Өлзийт хороололд байдаг гэрээс гараад нөхөр М Ниссан санни маркийнн 83-76 УБТ улсын дугаартай машинаа жолоодож, би хажууд нь суугаад Магнай трейд ШТС-ын хойноос урагшаа туслах замаас төв зам руу эргээд ороход 86-82 УБВ улсын дугаартай Тоёота приус маркийнн машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 74-75/ гэсэн,

Шүүгдэгч Д.Мийн“...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад өөрийн 83-76 УБТ улсын дугаартай Ниссан санни маркийнн машинаа жолоодон явахдаа Өлзийт хорооллын Магнайт трейд ШТС-ын хойноос урагшаа  туслах замаас төв зам руу орох гээд зүүн тийш харахад нэг машин хол зайтай ирж байгаа харагдахаар нь амжих байх гээд урдуур нь дараад ороход 86-82 УБВ улсын дугаартай автомашины жолоочийн эсрэг урд талд мөргөж осол гаргасан юм...” /хх-ийн 96-99/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №5627 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Цгийн биед баруун талын 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, хоёр шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...”  /хх-ийн 82/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7215 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Нгийн биед хамар ясны хугарал, хамарт сорви, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 85/ гэсэн,

- Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны №374  тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ниссан Санни маркийнн 83-76 УБТ улсын дугаартай автомашины жолооч Д.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй.

2. Тоёота Приус маркийнн 86-82 УБВ улсын дугаартай автомашины жолооч Х.Хулан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.  Тухайн зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 87-88/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 39/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасныг зөрчсөний улмаас зорчигч Д.Цгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч М.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд баруун талын 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, хоёр шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч М.Нгийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамарт сорви, тархи доргилт бүхий хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Хулангийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд 6,832,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан.

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Цд эмчилгээний зардалд 600,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Хуланд 6,832,000 төгрөгийг, хохирогч М.Нд 250,000 төгрөгийг төлж барагдуулсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж, түүний гэртээ ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810011850247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Ц, иргэний нэхэмжлэгч Х.Хулан нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Д.М-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.М-д оногдуулсан торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810011850247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Ц, иргэний нэхэмжлэгч Х.Хулан нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР