| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2405026831512 |
| Дугаар | 2025/ДШМ/365 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Баямөнгх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/365
А.Д-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч А.Д- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
***************, Хан-Уул, *************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Д-т холбогдох 2405 02683 1512 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
М ургийн овогт А-ын Д-, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ***************аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт ********************* дүүргийн ** дугаар хороо **-* тоотод оршин суух хаягтай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар *************** дүүргийн ** дүгээр хороо *************** ** дугаар гудамж ** тоотод оршин суух,
урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 831 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай хорих ял,
*************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
*************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 469 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
*************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
*************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн ялаар, *************** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай захирамжаар 03 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, /РД:***************/,
Шүүгдэгч А.Д- нь *************** дүүргийн ** дугаар хорооны * дүгээр хорооллын *******-** тоотод байрлах иргэн Н.Б-ын гэрт байхдаа 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр иргэн Н.Б-ын Голомт банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Н.Б-ын эзэмшлийн Голомт банкны ********тоот данснаас 2024 оны 6 дугаар сарын 6, 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн гүйлгээгээр нийт 894.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,
2024 оны 8 дүгээр сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед *************** дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын ******** дугаар сургуулийн хажуугийн байрны саравчинд "...гар утсаар чинь ээжтэйгээ яриад эргүүлээд өгье.." гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар Г.А-ыг төөрөгдөлд оруулан 500.000 төгрөгийн үнэ бүхий “Red Маgіс” загварын гар утсыг нь авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
*************** дүүргийн прокурорын газар: А.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно. Иймд шүүгдэгч А.Д-т оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч А.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрөөсөө болж амьдралдаа хар толбо үлдээсэндээ харамсаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Т.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Д-т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Учир нь, шүүгдэгч А.Д- нь өөрийн гэмт зан үйлийг засаж чадахгүй удаа дараа энэ төрлийн гэмт хэргүүдэд холбогдсон. Энэ нөхцөл байдлуудыг нь харгалзан түүнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Д- нь *************** дүүргийн ** дугаар хорооны * дүгээр хорооллын **а-** тоотод байрлах иргэн Н.Б-ын гэрт байхдаа 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр иргэн Н.Б-ын Голомт банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Н.Б-ын эзэмшлийн Голомт банкны ********тоот данснаас 2024 оны 6 дугаар сарын 6, 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн гүйлгээгээр нийт 894.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/,
- Н.Б-ын Голомт банкны дансны хуулга /хх 13-14/,
- хохирогч Н.Б-ын: “...2024 оны 6 дугаар сарын 6-ны өглөө 11 цагийн үед манай гэрийн ойролцоо гэртэй Дашка гэх залуу ирсэн... *************** дүүргийн Таван-Эрдэнэ нэртэй захын АТМ-ээс Дашкад виза картаа өгөөд картны нууц үгээ хэлээд картнаас 50.000 мянган төгрөг авахуулаад, гар утасныхаа лизингийн мөнгийг өөр данс руу хийсэн...Миний гар утсанд орлого зарлагын гүйлгээ ирдэг. Миний Голомт банкны 18.......22 тоот данснаас хамгийн сүүлд миний гүйлгээ хийснээс хойш 2024 оны 6 дугаар сарын 6-наас хойш ...түүний авсан мөнгө нь 894.200 төгрөг болж байгаа. Дашка гэх залуу миний картыг дэлгүүрт уншуулж байгаа дүрс бүхий 2 зураг байгаа…” /хх 36/,
- хохирогч Н.Б-ын: “...2025 оны 01 дүгээр сарын 13-нд А.Д-ээс 800.000 төгрөг шилжүүлэн авсан...” /хх 227/,
- Голомт банкны 18...22 дугаартай дансны гүйлгээний тэмдэглэл /хх 32-33/,
- шүүгдэгч А.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 6-нд нэг шил архи, ундаа, тамхи аваад Оргил ахын гэрт орж хувааж уусан. Оргил ах надаас арай илүү согтсон. Мөнгө шилжүүл гээд надад картаа өгөөд нууц үгээ хэлээд шилжүүлүүлсэн. Би дахиж уумаар санагдсан болохоор гарахдаа Оргил ахад картнаас чинь ганц нэг шил юм авч уулаа шүү гэж хэлээд аваад гарсан. Гараад би түүний картнаас бэлнээр мөнгө гаргаж аваад бас дэлгүүрт уншуулаад архи уусан. Би мөнгийг нь үрчихсэндээ санаа зовоод картыг нь аваачиж өгөөгүй...” /хх 52-53/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,
мөн А.Д- нь 2024 оны 8 дүгээр сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 02:00 цагийн үед *************** дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын ******** дугаар сургуулийн хажуугийн байрны саравчинд "...Гар утсаар чинь ээжтэйгээ яриад эргүүлээд өгье.." гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар Г.А-ыг төөрөгдөлд оруулан 500.000 төгрөгийн үнэ бүхий “Red Маgіс” загварын гар утсыг нь авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч Г.А-ы: “...Би Модны 2-т байх пабаар үйлчлүүлж байгаад нэг үл таних эрэгтэй хүнтэй танилцаад ... ******** дугаар сургуулийн баруун талд байрлах сааданд хамт пиво уугаад сууж байгаад “Ээжтэйгээ утсаар ярьчихаад өгнө” гэхээр би утсаа өгсөн. Миний утсаар цааш нь яриад алхаад явж байгаад буцаж ирэхээр нь “Утсаа авъя” гэхэд “Хадам ээж ирээд утсыг чинь аваад явчихлаа маргааш авчих” хэлсэн. Би гар утсаа 2.000.000 сая төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг/хх 125-126/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 127-135/,
- ***************ХХК-ийн шинжээчийн “…Гар утас 500.000 төгрөг…” гэсэн дүгнэлт /хх 142-144/,
- шүүгдэгч А.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...А- гэдэг залуутай танилцаад байрны гадаа нэг пиво уусан. А- нь хоёр гар утастай явж байсан. “Чи нэг гар утсаа надаа өгөөд явуулчих, маргааш ярьж байгаад аваарай” гээд аваад явсан. Маргааш нь би архи ууж явж байгаад А-ы гар утсыг хаячихсан. Би хаясан гэдгийг нь хэлэхгүй байж байхад цагдаад өгчихсөн байсан...” /хх 151-152/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 155/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч А.Д-ийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар залилах”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.Д-ийн хохирогч Н.Б-ын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Голомт банкны 18......22 тоот данснаас нь үргэлжилсэн үйлдлээр 6 удаагийн гүйлгээгээр нийт 894.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, мөн хохирогч Г.А-ыг "Гар утсаар чинь ээжтэйгээ яриад эргүүлээд өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нууж түүнд 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан бөгөөд анхан шатны шүүхээс зөв дүгнэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаа хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял мөн Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ХМШЗ/48 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосон нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид “...шүүгдэгч А.Д- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Д-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***************, Хан-Уул, *************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийн цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ