Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 119/2017/0035/З |
Дугаар | 221/МА2018/0324 |
Огноо | 2018-06-07 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2018/0324
Д.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын ““Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, 18430433856942 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс “Э-О” ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М давж заалдах гомдолдоо: “...Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд, 115 дугаар зүйлд заасан журмын дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, 18430433856942 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс “Э-О” ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бүртгэл хийсэн нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн анхан шатны шуүх дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:
Газрын тухай хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршдог. Иргэн Д.Э нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар З... баг, ....дүгээр хороолол ... дугаар байрны урд байрлах 600 м.кв газрыг орон сууц барих зориулалтаар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг.
Газар эзэмших эрхийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, 38 дугаар зүйлд тус тус зааснаар шинээр газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэх буюу бусдаас шилжүүлэн авах замаар олж авах боломжтой байна. “Э-О” ХХК-ийн хувьд газар эзэмших эрх олж авахдаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу хамтран эзэмшигчээр бүртгэж эзэмших эрх үүссэн гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тайлбарладаг.
Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,3.2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар заасан бөгөөд газар эзэмшүүлэх асуудлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүрэн хамааруулан заагаагүй байна. Тодруулбал: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэж “Э-О” ХХК-д газар хамтран эзэмших эрх олгосон нь өөрийн бүрэн эрхэнд хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан байна. Энэхүү Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус байх зохицуулалтад хамаарна. Гэтэл анхан шатны шүүх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдлийг зөвтгөсөн үндэслэлээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.
Газрын тухай хуулийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах’’ гэсэн тавдугаар бүлэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас анх газар эзэмших тухай хүсэлтийг хэрхэн гаргаж, түүнийг захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан хуулийн зохицуулалт юм. Харин уг бүлэгт нэгэнт иргэний эзэмшилд газар олгохоор Засаг дарга шийдвэрлэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон газарт хамтран эзэмшигчээр дахин шийдвэр гаргаж бүртгэл хийгдэх тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй байна.
Газрын тухай хуульд газрыг хамтран эзэмшүүлэх тухай тодорхой зохицуулалт байхгүй учраас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах" гэж заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар журам батлан, энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумдын газрын даамлуудад үүрэг болгосон байна. Журмын 10.12-т “Газар эзэмших эрхийн гэочилгээний арын нүүрэнд хамтран эзэмшигчийг бүртгэхдээ иргэний эцэг /эх/ -ийн нэр” гэсэн баганад “Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын нэр”-ийг “иргэний үнэмлэхний дугаар” гэсэн баганад тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар”-ыг тус тус бичнэ” гэж журамласан байгаагаас дүгнэхэд “Э-О ХХК-ийг иргэн Д.Э-ын газар эзэмших гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхдээ аймгийн Засаг даргын шийдвэргүйгээр, хуулиар эрх хэмжээ олгогдоогүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бүртгэл хийсэн нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ” гэж тайлбарласан нь хариуцагчийн үйлдлийг зөвтгөхийн тулд хуулийг дэлгэрүүлэн тайлбарлаж хэрэглэлгүй, Газрын тухай хуулийн үзэл баримтлал, зорилго, зарчмыг анхааралгүй орхигдуулсан байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан зохицуулалт нь маргаанд хамааралгүй болно. Харин Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын зорилго нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах зорилготой бөгөөд 10.12-т заасан зохицуулалт нь гэрчилгээнд хамтран эзэмшигчийг бүртгэх бүртгэлийн хэлбэр буюу гэрчилгээний хаана юу бичих талаар зохицуулсан зохицуулалт юм. Тодруулбал уг журмын 10.12-т заалтаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт бусдад газар эзэмших эрх олгох эрх хэмжээг олгоогүй тул шүүх газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газар эзэмшүүлэх эрх хэмжээг уг журмаар олгосон мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Д.Э-ын эзэмшлийн газар дээр хамтран эзэмшигчээр “Э-О” ХХК-ийг нэмж бүртгэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан заасан газар төрийн хяналт хамгаалалтад байх, газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулсан нь илт байтал шүүх Газрын тухай хуульд хамтран эзэмшигчээр нэмж бүртгэх нарийвчилсан зохицуулалт байхгүй учир Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хамтран эзэмшигчээр нэмж бүртгэсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
“Э-О” ХХК нь газрыг хамтран эзэмшигч болж бүртгэгдэж, газар эзэмших эрхтэй болж буй процесс нь Газрын тухай хуульд заасан газар шинээр эзэмшихээр хүсэлт гаргаж буй эсэх эсхүл газар эзэмших эрхийг шилжүүлэн авах замаар газар эзэмшигч болж байгаа эсэхийг шүүх дүгнэх ёстой байсан. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэх бус хуулийг тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэх үүргээсээ ухарч, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 10.12-т заасан зохицуулалтыг үндэслэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдлийг зөвтгөсөн нь шүүх хөндлөнгийн, хараат бус, шудрага байх зарчмыг алдагдуулж, үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэжээ.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн
47.1.1-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 987 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар иргэн Д.Э нь өөрийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум З... баг ....дугаар байрны урд байрлах 600 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар дээр хамтран эзэмшигчээр иргэн В.Г-ыг бүртгүүлэх буюу бүртгэхэд татгалзах зүйлгүй байхаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, байгуулалтын газар нь В.Г-ыг бус “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр газар эзэмших гэрчилгээнд бүртгэсэн. Ийнхүү бүртгэхдээ “Э-О” ХХК-аас гаргасан хүсэлтийг үндэслэсэн гэх боловч “Э-О” ХХК-ийн “Хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай” хүсэлтэд гүйцэтгэх захирал Д.Б гэх хүн гарын үсэг зурсан байх ба компанийн тамга, тэмдэг дарагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Д.Б нь компанийн гүйцэтгэх захирал биш бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болно.
Энэ нь хэрэгт авагдсан “Э-О” ХХК-ийн хувийн хэргээс харагддаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр “Э-О” ХХК-ийн нэмж бүртгэхдээ хэдэн оны хэдэн сард бүртгэл хийсэн нь тодорхойгүй, дээрх нөхцөл байдал нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамтран эзэмшигчээр “Э-О” ХХК-ийг бүртгэсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай илт хууль бус актад хамаарах юм. Гэтэл шүүх энэхүү энэхүү нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд /...Д.Э нь хамтран эзэмшигчээр В.Г эсвэл "Э-О” ХХК-ийн аль нэгийг нь бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын усэг зурсан” гэж бичсэн байна.
Д.Э нь шүүгчийн дээр дурдсан шиг “Э-О” ХХК эсвэл В.Г-ыг хамтран өмчлөгчөөр нэмнэ гэх агуулга бүхий эвлэрлийн гэрээг байгуулаагүй байтал шүүгч нь өөрөө ургуулан бодож, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад бичигдээгүй зүйлийг зохиож бичсэн байна.
Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар илт хууль бус тухайд:
Д.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний ард талд “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчийн бүртгэлийн хэсэгт нэмж бүртгэсэн байдаг. Ийнхүү нэмж бүртгэсэн бүртгэлд ямар байгууллагын хэн гэдэг албан тушаалтан бүртгэл хийсэн нь тодорхойгүй бөгөөд тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх шаардлагыг хангаагүй байна.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй бол илт хууль бус болох захиргааны актад хамаарна. Гэтэл анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамтран эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу байна.
Д.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй тухайд:
Д.Э-ын эзэмшиж буй Орхон аймаг Баян-Өндөр сум З... баг, ... дүгээр хороолол ... дугаар байрны урд байрлах 600 м.кв газрыг эзэмших эрхийг гэрчилгээн дээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь гэрчилгээ эзэмшигч Д.Э-ын зөвшөөрөлгүйгээр “Э-О” ХХК-ийг нэмж бүртгэсэн. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигчийн эрхийг заасан бөгөөд 35.1.1-д Газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй байхаар зохицуулсан. Д.Э-ын газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна.
Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн этгээдийг нэмж бүртгэж буй нь эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан үзэх бүрэн үндэслэл мөн. Иргэний хэргийн маргааны явцад иргэн В.Г-ыг хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэл зориг байсан нь түүний эзэмшиж буй газарт хамтран эзэмшигчээр хэнийг ч ямар ч журмаар нэмж болно гэх зөвшөөрөл олгосон гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал Д.Э өмнө нь иргэн В.Г-ыг хамтран эзэмшигчээр бүртгүүлнэ гэж хүсэл зоригоо илэрхийлсэн тул өөр ямарч компанийг нэмж бүртгэж болно гэж шүүх үзсэн нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдийн хүсэл зориг, захиргааны эрх зүйн харилцаанд оролцогчийн эрхийн зөрчилд бодит үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.
Ийнхүү Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо: “Д.Э-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох, “............ нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр “Э-О” ХХК-ийг нэмж бүртгэсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, “Э-О" ХХК-ийг тус газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэр гаргасныг гардаж аваад Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарласан хэрэглэсэн, Иргэний хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэсэн тухайд:
1.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ” Газрын тухай хуулиар хамтран эзэмшигч нэмэх хуулийн зохицуулалт байхгүй” гэж үндэслэл муутай дүгнэлтийг хийж, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан журмыг хуулийг нөхөн зохицуулсан мэтээр ойлгож буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хэм хэмжээний актыг хэрэглэж болох ч Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх олж авах боломжуудын аль нь “Э-О” ХХК-д үүссэн болохыг үндэслэл бүхий дүгнэлт хийх замаар шийдвэрлэх ёстой байтал ийнхүү тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй илтгэн харуулж байна.
Тодруулбал: Газрын тухай хуульд заасан эрх зүйн харилцааг энэхүү маргаанд зөв тодорхойлоогүйгээс мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийн гэрчилгээний төрөл, 33 дугаар зүйлд заасан Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, 34 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа, 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх шилжүүлэх хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх боломжгүй болсон байна.
1.2. Захиргааны ерөнхий хууль нь хэдийгээр энэхүү илт хууль бус захиргааны үйл ажиллагаа явагдаж байх үед батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй хэдий ч Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан хуулийн зохицуулалтаар зөрчигдсөн байгааг шүүх үндэслэл бүхий дүгнэх ёстой байтал хэрэглэхгүй орхигдуулсан нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг зөвтгөн дүгнэх үндэслэл болжээ.
Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зэрэг ерөнхий зарчмуудыг зөрчин “...шүүхийн шийдвэр эцсийн байдаг тул ...” гэх халхавчны дор иргэн Д.Э-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Э-О” ХХК гэх аж ахуйн нэгжийг нэмсэн нь илт хууль бус ахиргааны үйл ажиллагаа байсаар атал шүүх ийнхүү хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөн дүгнэж байгаа нь үндэслэлгүй, хувийн ашиг сонирхолтой мэтээр байгааг харуулж байна.
Хэдийгээр Д.Э нь В.Г-ыг газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэмэх тухай эвлэрлийн гэрээг хийсэн байгаа ч энэ нь Захиргааны байгууллага илт хууль бус үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл болохгүйг анхаарсангүй. Энэхүү үйл ажиллагаанд үндэслэн дүгнэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн үйл ажиллагааны үндэслэл нь аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр байх учиртайг анхааралгүй өөрт байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нь Д.Э-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газрын зарим хэсгийг “Э-О” ХХК-д эзэмшүүлэх бүртгэл хийхдээ Д.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй атал шүүх ийнхүү хариуцагчийн Газрын тухай хууль бус үйл ажиллагааг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй байна. Угтаа бол нэхэмжлэгч Д.Э болон В.Г нар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хүсэлт гаргаагүй байхад зөвхөн 1 талын хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч Д.Э-т мэдэгдэлгүйгээр хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх гэж заасан байхад хариуцагч илт хууль бус үйлдэл гаргасан байна.
1.3. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь хуралдааныг даргалсан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг буруу тодорхойлон Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилго, 2 дугаар зүйлийн 2.1-д заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг тайлбарлах замаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг тодорхойлох замаар хэргийг хянан шийдвэрлэхийн оронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан зохицуулалтыг тайлбарлах замаар нэхэмжлэгчийн буруутгах аргыг эрж хайж байгаа нь шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болохыг нотлон харуулж байна.
Захиргааны хэргийн шүүх нэгэнт Иргэний хуулийг тайлбарлан хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар .. зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл нь байгуулсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл байдгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэглээгүй нь хачирхалтай. Хэдийгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг тайлбарлан шийдвэрлэх ёстой ч тухайн маргааны байдалд дүгнэлт хийхдээ тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх, тайлбарлах замаар хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах төдийгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах нь буурах, улмаар шүүхийн ачаалал буурах, захиргааны байгууллага хууль бус шийдвэр, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг бусад доод шатны байгууллага, түүний дотор Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хууль бусаар хэрэгжүүлэхгүй байх, эрх зүйн ухамсар төлөвшихөд түлхэц болох, хуулийг захиргааны байгууллага, иргэд нэг мөр ойлгох, хүний эрхийг хангах, цаашид зөрчихгүй байх, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх зэрэг маш чухал ач холбогдолтойг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд:
2.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу нотлох баримтыг үнэлэхээр заасан байтал хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчдын хэн аль нь тайлбарлаагүй “...Д.Э нь “Э-О” эсвэл В.Г-ыг нэмнэ...” гэх агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулсан гэж гүтгэж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.
Тодруулбал: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт дүгнэлт хийхдээ хэний ч тайлбарлаагүй үйл баримтыг өөрөө зохиох байдлаар нэхэмжлэгчийн эсрэг тайлбарлаж болохгүй юм. Энэ байдлаас үзвэл шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй байна.
2.2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 987 дугаар захирамжаар иргэн Д.Э, В.Г нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан хэдий ч энэ нь иргэн Д.Э-ын захиргааны байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргахгүй эрхийг хязгаарлахгүйгээр барахгүй, захиргааны байгууллагын илт хууль бус шийдвэр, үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2/-т төрийн үйл ажиллагаа нь ...хууль дээдлэх... зарчимд үндэслэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дугаар зүйлд заасан хуульд үндэслэх зэрэг ерөнхий зохицуулалтыг шүүх анхаарч үзэлгүй, Д.Э нь газар эзэмших эрхийн гэрчилгээндээ хэн нэгнийг нэмэхийг зөвшөөрсөн гэх байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг зөрчин шүүгч өөртөө итгэл үнэмшлийг бий болгож, түүний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна гэж үзэж байна. Нөгөө талаас иргэний хэргийн шүүхийн баталсан эвлэрлийн гэрээ нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах гэрээ бөгөөд уг асуудлаар хэргийн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр биш юм.
2.3. Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүрэгтэй байтал хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлээгүй төдийгүй хэрэгт нотлогдоогүй үйл баримтыг тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслээгүй байна.
Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянав.
Нэхэмжлэгч Д.Э-аас Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “ “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, 18430433856942 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс “Э-О” ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар Орхон аймгийн Засаг дарга 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар Зэст баг, 1 дүгээр хороолол 6 дугаар байрны урд 600 м.кв газрыг Д.Э-т орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон, тухайн газрыг хамтран эзэмшихээр Д.Э болон “Э-О” ХХК-ийн захирал В.Г нарын хооронд 2013 оны 11 дүгээр 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 987 дугаартай шүүгчийн захирамжаар баталж, тус шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримт тогтоогджээ.
Дээрх эвлэрлийн гэрээ болон эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийн дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Д.Э-ын газар эзэмших 000431424 дугаартай гэрчилгээний арын нүүрэнд хамтран эзэмшигчээр “Э-О” ХХК-ийг бүртгэсэн байна. Захиргааны хэргийн шүүх нь субьектив эрхийн зөрчил байгаа эсэхэд нэн тэргүүнд анхаарах ёстой.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаачлан нь “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэвэл “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө” харин тухайн компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцааг эзэмшигч, захирал, иргэн В.Г-ыг бүртгэвэл эрх нь зөрчигдөхгүй гэж дүгнэх боломжгүй.
Талуудын хооронд болсон үйл баримтуудыг дүгнэж үзэхэд энэ нь шинээр газар эзэмшиж байгаа харилцаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан болон Газрын тухай хуулийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэсэн тавдугаар бүлэг нь энэ тохиолдолд хамааралгүй байна. Тавдугаар бүлэгт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас анх газар эзэмших тухай хүсэлтийг хэрхэн гаргаж, түүнийг захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан хуулийн зохицуулалт болно.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “газар эзэмших эрх шилжүүлэх” тухай зохицуулалт энэ тохиолдолд мөн хамааралгүй. Харин талуудын хүсэлт, шүүхийн шийдвэрийн дагуу “хамтран эзэмшигч нэмэгдсэн” гэж ойлгох үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийг аймгийн Засаг даргын захирамж гараагүй байхад газар шинээр эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийг нь шилжүүлчихсэн мэтээр буруутгах боломжгүй.
Газрын тухай хуульд тухайн газрыг зөвхөн нэг иргэн, хуулийн этгээд эзэмших ёстой, хамтран эзэмших хэлбэр байж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх эдгээр болон бусад нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Захиргааны байгууллага болох Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн “Захиргааны үйл ажиллагааны зарчим” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2.1-д “хуульд үндэслэх” гэсэн тусгай зарчмуудыг, мөн холбогдох салбарын хуулиудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн бөгөөд харин маргаж буй бүртгэл нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай “Э-О” ХХК-ийн зүгээс “хамтран эзэмшигчээр бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу хийгдсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР