Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 637

 

 

Б.Сугаржаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Э.Одончимэг,                                        

          Ялтан Б.Сугаржаргал, түүний өмгөөлөгч Р.Энхтайван,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Сарантунгалагын гаргасан давж заалдах гомдлоор 2016 2602 0080 дугаартай Б.Сугаржаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Луваан овгийн Болдпүрэвийн Сугаржаргал, 1989 оны 12 дугаар сарын 29-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 28 дугаар гудамжны 758 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 14-60 тоотод оршин суух,

2013 онд Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, үндэсний бөхийн улсын начин цолтой, ял шийтгэлгүй, /РД:ЙЮ89122914/,

 

Б.Сугаржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх гал” үйлчилгээний төв дотор О.Сарантунгалагийг илтэд үл хүндэтгэн, шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь дээд, доод уруулд язарсан шарх, хамрын ясны хугарал, баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүд, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Сугаржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сугаржаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Сугаржаргалыг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Б.Сугаржаргалд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Сугаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Сугаржаргалд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Сугаржаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч О.Сарантунгалаг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Сарантунгалаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэн үзэж байгаа хэдий ч хохирол бүрэн барагдсан гэдэгт санал нэгдэхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь: Би эрүүл саруул хамар, шүдтэй, ямар нэг өвчин зовиургүй, гоо сайхны хувьд гэмтэл согоггүй байсан. Шүүхээс эхлээд эмчлүүлээд гарсан мөнгийг нэхэмжил гэж байгаа. Би 0-2 насны 3 охин, сургуулийн насны 1 охин, 4 хүүхэдтэй. Үндсэн ажлын хажуугаар цагийн ажил хийж амьдарлаа залгуулдаг байсан. Гэмтэл авснаас болж цагийн ажлаасаа гарсан. Өөрөө мөнгөө гаргаад эмчлүүлэх ямар ч боломжгүй. Хэрэв энэ хүн эмчилж, янзалж өгөхгүй бол 30 настайгаасаа цөмөрхий, муруй хамартай, үүдэн шүдгүй эмэгтэй болж үлдэх гээд байна. Мөн цагийн ажил болон үндсэн ажлын дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнийг минь төлөөгүй байхад хохирол төлбөр бүрэн барагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх учир шалтгааныг харгалзан үзэж, гомдолгүй болгож өгнө үү...” гэжээ. 

Ялтан Б.Сугаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Ялтан Б.Сугаржарлын өмгөөлөгч Р.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.Сугаржаргал нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд маш их харамсаж байгаа. Мөн хохиролд төлөх төлбөрийг илүү төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөр төлөгдөөгүй, хохирогч маш их гомдолтой байсан. Яагаад хохирол төлбөр бүрэн барагдсан гэж шийтгэх тогтоолд заасныг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд “хохирол төлбөр төлөгдсөн, гэм хорыг бүрэн арилгасан” гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхээс Б.Сугаржаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсаныг өөрчилж, ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд доорх зүйлийг нэг мөр шалгавал зохино. Үүнд:

            Хавтаст хэргийн 42, 43 дугаар талуудад Д.Гантулга гэрчээр мэдүүлэхдээ “...Дандарваанчиг ах, эхнэр бид 3 караокены 00-ын өрөөнд юм яриад зогсож байхад махлагдуу биетэй өндөр залуу ирээд 00-ын хаалга гараараа тэгнээд зогсоод байсан, тэгснээ миний нүүр лүү гараараа цохиж унагасан, тэгэхээр нь эхнэр “чи яаж байгаа юм бэ”  гэсэн чинь эхнэрийг бас цохьсон. Эхнэрийн маань нүүр лүү гараараа нэг удаа цохьсон байх. ...Бид 3 тэр залуутай юу ч яриагүй ээ, шууд л намайг цохьсон, дараа нь эхнэрийг цохьсон, одоо миний толгой тархи, нуруугаар дагаж өвдөөд байгаа, тухайн үед би мөнгөний боломжгүй байдлаас болоод шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй...” гэж ялтан Б.Сугаржаргалд цохиулсны улмаас гэмтсэн, хохирол учирсан талаар мэдүүлжээ.

            Дээрх байдлаас дүгнэж үзвэл ялтан Б.Сугаржаргалын танхайрах гэмт хэрэг нь гэрч Д.Гантулгыг цохьсноор эхэлж, улмаар хохирогч О.Сарантунгалагийн биед халдаж түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаас үл хамааран нийгмийн хэв журмыг ноцтой зөрчснөөр хангагддаг онцлогтой тул энэ  талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ыг нарийн тодорхойлж, дээрх байдлыг тодруулсны дараа Д.Гантулгыг хохирогчоор тогтоож, түүний биед гэмтэл учирсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг нэг мөр шалгах шаардлагатай.

          Хохирогч О.Сарантунгалагын гаргасан “…гэмтэл авснаас болж цагийн ажлаасаа гарсан, өөрөө мөнгө гаргаад эмчлүүлэх ямар ч боломжгүй, энэ хүн эмчилж, янзалж өгөхгүй бол 30 настайгаасаа цөмөрхий, муруй хамартай, үүдэн шүдгүй эмэгтэй болж үлдэх гээд байна, хохирол төлбөр бүрэн барагдсан гэж үзэх үндэслэлгүй байна…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

          Анхан шатны шүүх Б.Сугаржаргалд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан “…гэм хорыг арилгасан…” гэсэн заалтыг зөв хэрэгжүүлээгүй буюу гэм хор нь арилаагүй байхад гэм буруутай этгээдэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь буруу байгааг анхаарвал зохино.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Сугаржаргалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

          2. Хэрэг шүүхэд очтол Б.Сугаржаралд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР                      

            ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           

                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ