| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0352/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Н |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710009310393 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, хоёр ах, хоёр эгчийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн автобусны буудлын орчим найз Г.Тэмүүжинг өмөөрч маргалдахдаа хохирогч Б.Мыг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой найз Батхишигийн хамт 19 дүгээр хороололд байдаг караокед очиж архи ууцгаасан. Тухайн өдөр ...нилээн их хэмжээний архи уусан. ...Нэг ухаан ортол Яармагт ирчихсэн, М миний нүүрэнд цохиод жоохон сэргэсэн...” /хх-ийн 10-12/ гэсэн,
Гэрч Б.Бумгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Яармагийн хуучин эцсийн ТҮЦ орж бэлэн хоол аваад явж байхад зүс таних дүүг Улака дээрэлхээд цохиж зодоод байсан тэгэхээр нь очоод Улакаг болиоч гэсэн чинь шууд намайг хавсарч унагаасан, Улакатай хамт явж байсан хоёр залуу нь цохиж зодоод байхаар нь би зугатаагаад холоос харж байгаад буцаад ирэхэд М таксинаас буугаад юу болсон талаар асуухад Мыг ...унагаад зодсон...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Гэрч Г.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед найз Мөнх-Эрдэнэ, М нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн ТҮЦ-нээс ундаа авч байхад Бумгэрэл халамцуу орж ирээд Мөнх-Эрдэнийг гараад ир гээд түрүүлээд аваад гарсан. ...Бид хэд маргалдаад зогсож байхад М, Батхишиг нар согтуу ирсэн. Тэгтэл Бумгэрэл нь тэр хоёр “энэ дүү нар чинь барьж идлээ” гээд шургах маягтай үг хэлэхэд М нь Мыг нүүрэнд гараараа нэг удаа цохиход М зөрүүлээд нүүрэнд нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” /хх-ийн 20-22/ гэсэн,
Гэрч Д.Батхишиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед найз Мын хамтаар Яармаг руу явсан. ...Яармагаас цааш дэнж рүү явах унаанд суух гэж байхад таньдаг дүү Мөнх-Эрдэнэтэй таараад мэндлэхэд хамт явж байсан танихгүй залуу нь ...Мыг баруун шанаа, нүд хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон...” /хх-ийн 23-24, 25-26/ гэсэн,
Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед найз Тэмүүжин, Мөнх-Эрдэнэ нарын хамт Яармагийн ТҮЦ-нээс ундаа авах гээд орсон юм. ТҮЦ-нд байж байхад Бумгэрэл орж ирээд Мөнх-Эрдэнийг дагуулаад гарахаар нь Тэмүүжин бид хоёр гарахад Мөнх-Эрдэнийг алгадсан. ...Тэгээд юм яриад зогсож байхад М, өөр нэг залуутай хүрч ирсэн. ...М Тэмүүжинг нүүрэнд нь нэг удаа цохихоор нь би Тэмүүжинг өмөөрөөд Мын баруун шанаа, нүд орчимд нь зүүн гараараа нэг удаа цохьсон...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14356 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Мын биед баруун нүдний дээд зовхи, дух, баруун шанаа, баруу алга, баруун сарвуу, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын буланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 31/ гэсэн дүгнэлт,
- Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 48/,
- Шүүгдэгч Ж.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Мод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн автобусны буудлын орчим найз Г.Тэмүүжинг өмөөрч, маргалдахдаа хохирогч Б.Мыг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, дух, баруун шанаа, баруу алга, баруун сарвуу, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын буланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мын “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой найз Батхишигийн хамт 19 дүгээр хороололд байдаг караокед очиж архи ууцгаасан. Тухайн өдөр ...нилээн их хэмжээний архи уусан. ...Нэг ухаан ортол Яармагт ирчихсэн, М миний нүүрэнд цохиод жоохон сэргэсэн...” /хх-ийн 10-12/ гэсэн,
Гэрч Г.Тэмүүжингийн “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед ...М, Батхишиг нар согтуу ирсэн. Тэгтэл Бумгэрэл нь тэр хоёрт “энэ дүү нар чинь барьж идлээ” гээд шургах маягтай үг хэлэхэд М нь Мыг нүүрэнд гараараа нэг удаа цохиход М зөрүүлээд нүүрэнд нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” /хх-ийн 20-22/ гэсэн,
Гэрч Д.Батхишигийн “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед найз Мын хамтаар Яармаг руу явсан. ...Яармагаас цааш дэнж рүү явах унаанд суух гэж байгаад таньдаг дүү Мөнх-Эрдэнэтэй таараад мэндлэхэд хамт явж байсан танихгүй залуу нь ...Мыг баруун шанаа, нүд хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон...” /хх-ийн 23-24, 25-26/ гэсэн,
Шүүгдэгч Ж.Мын “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед ...юм яриад зогсож байхад М, өөр нэг залуутай хүрч ирсэн. ...М Тэмүүжинг нүүрэнд нь нэг удаа цохихоор нь би Тэмүүжинг өмөөрөөд Мын баруун шанаа, нүд орчимд нь зүүн гараараа нэг удаа цохьсон...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №14356 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Мын биед баруун нүдний дээд зовхи, дух, баруун шанаа, баруу алга, баруун сарвуу, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын буланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 31/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс Ж.Мод дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-н эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхи, дух, баруун шанаа, баруу алга, баруун сарвуу, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын буланд шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 10-12/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн гэм буругаа хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх санал гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно.” гэж заасан нь бөгөөд шүүгдэгч Ж.М нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18 насанд хүрсэн /хх-ийн 45/, түүний эрүүл мэнд, сэтгэцийн хувьд хоцрогдсон гэх баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Ж.Мод ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1710009310393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.М-од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710009310393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР