Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00863

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00863

 

 

Ц.Н-Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00541 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Н-Уын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Энхтөрд холбогдох

 

4 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Н-У нь хариуцагч С.Энхтөрийн хүсэлтийн дагуу 4 740 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлүүлж түүний Хаан банкны 5003480770 тоот данс руу шилжүүлсэн. Талууд найз нөхдийн харилцаатай, нэгнийхээ гэрээр орж гардаг байсан учраас хариуцагч нь нэхэмжлэгчийг танихгүй гэх тайлбар үндэслэлгүй. Тэгээд ч нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар хувьцаа худалдаж аваагүй. Хариуцагч С.Энхтөр нь дээрх мөнгийг эгүүлэн төлөхгүй, шаардахад удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүргэсэн учраас зээлийн гэрээний үүрэгт 4 740 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний эцэг Энхтөр нь нэхэмжлэгч Ц.Н-У гэдэг хүнийг танихгүй, намайг нэхэмжлэгч Ц.Н-Уын дэлгүүрт ажилладаг болохоор хүргэж өгч байхдаа нэг удаа харсан байх. Харин ээж М.Оюунжаргалыг таньдаг найз нөхдийн холбоотой байсан. Ц.Н-У 2016 оны 6 дугаар сарын сүүлээр манай ээж М.Оюунжаргалыг өөрт нь хувьцаа аваад өгөөч гэсний үндсэн дээр ээж маань өөрийнхөө нэр дээр авсан байсан доллар88 нэртэй хувьцааг 7 000 юаниар бодож 18 180 нэгж хувьцааг 7 дугаар сарын эхээр өөрт нь шилжүүлсэн байдаг. Дараа нь дахин 2 хувьцаа авах хүсэлтэй байгаа боловч одоогоор мөнгө байхгүй байна та боломжтой бол аваад өгөөч гэсний дагуу 7 дугаар сарын 7-ны өдөр Ц.Н-Уаас өөрөөс нь 5 000 юань, ээж Оюунжаргал өөрөөсөө 5 000 юанийг бэлнээр гарган нийтдээ 10 000 юанийг н.Өнөрцэцэг гэдэг хүнд илгээгээд 2 хувьцааны цахим мөнгө захиалсан байдаг. Цахим мөнгө захиалахад 14-21 хоногийн дотор гардаг бөгөөд хувьцааны үлдэгдэл 4 000 юанийг шилжүүлээгүй байсан бөгөөд 7 дугаар сарын 19-ний өдөр мөнгө болох 4 000 юань буюу 1 300 000 төгрөгийг миний аав С.Энхтөрийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулга дээр байгаа бөгөөд мөн манай талаас 7 дугаар сарын 19-ний өдөр н.Өнөрцэцэг рүү 4 000 юань буюу 1 261 400 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа. Ингээд 7 дугаар сарын 20-ны өдөр хоёр хувьцааны цахим мөнгө ирснээр 7 дугаар сарын 20-ны орой нь Ц.Н-Уын нэр дээр У 1, У 2 гэсэн 11 210 нэгж хувьцааг үүсгэж өгсөн байдаг. Түүнээс хойш Ц.Н-У нь М.Оюунжаргалаас хувьцаа авсан төлбөрүүдээ Энхтөрийн дансаар төлдөг байсан гэсэн үг. Өөрөөр бол 4,740,000 төгрөгийн 1 300 000 төгрөгийг 7 дугаар сарын 19-ний өдөр 400 000 төгрөг, 900 000 төгрөг гэж буцааж н.Өнөрцэцэгт шилжүүлсэн. Тухайн үед манай аав машин засвар хийдэг бөгөөд Хятад улсаас сэлбэг оруулж ирж зардаг байсан бөгөөд манай гэр бүл зээл авахын тулд бүх гүйлгээг С.Энхтөрийн дансаар хийдэг байсан учраас түүний дансаар мөнгө хүлээн авсан байдаг. Ц.Н-Уаас манай аав С.Энхтөрийн дансанд орж ирсэн 4 740 000 төгрөг бол зээл биш түүний даалгавраар манай ээж Оюунжаргалын түүнд өөрийнхөө мөнгөөр хувьцаа худалдаж авч өгсөн мөнгийг буцаан шилжүүлсэн төлбөр юм. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар С.Энхтөрөөс зээлийн гэрээний үүрэгт 2 424 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-Уад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ц.Энхтөрөөс 53 734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-Уад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Энхтөрийн хүсэлтийн дагуу гүйлгээний утга дээр сэлбэг, засвар гэх зэргээр бичиж шилжүүлэг хийдэг байсан. Хариуцагч нь энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбар хэлдэг ба банкнаас зээл хөөцөлдөж байсан учир гүйлгээний утгыг иймэрхүү байдлаар хэлж авч байсан хэмээн хэлсэн үүнээс үзвэл шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянхишиг давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч нь нэхэмжлэгчийг танихгүй, нэг ч үг сольж үзээгүй бөгөөд бусдаас зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Иймээс түүнд Ц.Н-Уаас зээл авах хүсэл зориг байгаагүй. Талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Харин хариуцагчийн эхнэрт Ц.Н-У нь өгөх ёстой байсан мөнгөө нөхрийнх нь дансаар өгсөн байдаг. Хариуцагчийн дансаар шилжүүлсэн гэх мөнгийг хариуцагч захиран зарцуулаагүй бөгөөд дансаар нь мөнгө шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэлийг гардаж авснаар мэдсэн. Харин хариуцагчийн эхнэр тухайн мөнгийг авч Ц.Н-Уын худалдаж авсан хувьцааны үнэнд өгсөн гэдгийг гэрч М.Оюунжаргал тодорхой мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Ц.Н-У нь ямар нэгэн хувьцаа худалдаж аваагүй" гэж шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр БНХАУ-ын Юн Шуи Мон ХХК-ийн цахим хуудсанд шүүхийн журмаар үзлэг хийж, Ц.Н-Уын нэр дээрх хувьцааг нотолж, баталгаажуулсан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд болсон үйл явдал бодит байдалд нийцээгүй гэдэг нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд хариуцагч С.Энхтөр нь шилжүүлсэн гэх мөнгийг хүлээн аваагүй захиран зарцуулаагүй гэдэг нь нотлогдож байхад шүүх бодит байдалд үл нийцэх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хэргийн оролцогчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлох үүрэг нь дан ганц хариуцагчийн үүрэг биш бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө бас нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч зээлийн харилцаа үүссэн гэдгийг нотлоогүй, нэгэнт зээлийн харилцаа үүсээгүй тул нотолж чадахгүй нь ойлгомжтой. Учир нь хариуцагч зээл авах хүсэлт нэхэмжлэгчид гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийг танихгүй бөгөөд зээл аваагүй, зээлийн харилцаа үүсээгүй тул зээл аваагүй гэдгийг нотлох боломжгүй. Шилжүүлсэн мөнгийг С.Энхтөр буцаан төлөх үүрэг үүсээгүй бөгөөд харин түүний эхнэр хүлээн авсан, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүнд хувьцаа худалдаж авч өгсөн гэдгээ нотолсон. Улмаар жинхэнэ хариуцагч биш гэдэг нь тогтоогдож байхад маргааны зүйлтэй хамааралгүй хүнээс 2 424 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж нэхэмжлэгчийн үндэслэлгүй шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хариуцагчийн эхнэр нэхэмжлэгчид хувьцаа худалдаж авч өгсөн явдал нь тусдаа бөгөөд өөр этгээдүүдийн хооронд үүссэн. Харин хариуцагчийн эхнэр М.Оюунжаргал, нэхэмжлэгч Ц.Н-У нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан. М.Оюунжаргал нь даалгаврын гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн. Энэхүү даалгаврын гэрээ нь С.Энхтөрд хамааралгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Гэтэл тухайн харилцаанд хамааралгүй хүнээс үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байхад шүүх түүнийг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл, боломжийг олгож байгаад гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан заалтуудад нийцээгүй. Энэ нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглэж, тайлбарлаж чадаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан "нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх" тухай заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 2 424 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Н-У хариуцагч С.Энхтөрд холбогдуулан 4 740 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Н-У нь хариуцагч С.Энхтөрд 4 740 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Most Money гүйлгээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар маргаагүй боловч мөнгийг шилжүүлсэн зориулалтыг зохигчид өөр өөрөөр тайлбарлажээ. Тухайлбал, нэхэмжлэгч Ц.Н-У ... хариуцагч С.Энхтөрд мөнгө зээлүүлсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... уг мөнгийг Ц.Н-У М.Оюунжаргалаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдааны Юн Шуи Мон компанийн хувьцаа худалдаж авсны үнэ гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр www.ysmdream.com цахим хаягт үзлэг хийж, уг үзлэгээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 59 минут 27 секундэд нийт 5 000 юаниар 18 180 ширхэг, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 02 минут 38 секундэд 11 210 ширхэг, мөн өдрийн 22 цаг 08 минут 08 секундэд 11 210 ширхэг хувьцаа Ц.Н-У гэсэн нэр дээр бүртгэгдсэн болох нь тогтоогджээ. /хх-ийн 81-82 дугаар тал/

 

Анхан шатны шүүх үзлэгээр нэхэмжлэгч Ц.Н-Уад тодорхой хэмжээний хувьцаа байгаа болох нь тогтоогдсон хэдий ч С.Энхтөрд шилжүүлсэн мөнгөөр дээрх хувьцааг худалдаж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Мөн гэрч М.Оюунжаргалын ...Ц.Н-У надаар захиалж авахуулсан хувьцааныхаа мөнгийг манай нөхөр С.Энхтөрийн дансаар шилжүүлсэн гэсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул уг мэдүүлгийг эргэлзээгүй шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ц.Н-Уаас хариуцагч С.Энхтөрд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн худалдаж авсан хувьцааны үнэ гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч талаас зээлийн гэрээний үүргийг эс зөвшөөрсөн өөрийн тайлбараа нотолсон нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зээлдэгч С.Энхтөр гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Н-У хариуцагч С.Энхтөрөөс зээлсэн мөнгөө буцаан төлөхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс зээлийн мөнгийг буцаан төлөхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагч С.Энхтөрөөс 2 424 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-Уад олгож, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Зохигчдын хэн аль нь хариуцагч С.Энхтөрийг автомашины засвар, үйлчилгээ эрхэлж сэлбэг зардаг байсан талаар тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүх Ц.Н-Уаас С.Энхтөрд төлбөр, сэлбэг, засвар, машины дугуй, хүнс гэсэн утгаар шилжүүлсэн мөнгийг түүний нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцсон нь буруу биш юм. Нэхэмжлэгч Ц.Н-У тодорхой зорилго зааж шилжүүлсэн мөнгөө зээлийн мөнгө гэж тайлбарладаг боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон дүгнэж, хуулийн зүйл заалтыг зөв баримталсан байгаа боловч ... тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэг гэж бичсэнийг техникийн алдаа байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 52 550 төгрөг, хариуцагч талаас төлсөн 53 734 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО