Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 144

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Т.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1807003380136 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Налайх эрчим ТӨХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 11 дүгээр гудамж 07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД89100755 дугаартай, Боржигон овогт Түмэн-Өлзийн Алтангэрэл.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Алтангэрэл нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед согтуугаар Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 19-317 тоотод Ч.Баяржаргалтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.Алтангэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Алтангэрэл нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед согтуугаар Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 19 дүгээр гудамж 317 тоотод Ч.Баяржаргалтай маргалдаж улмаар зодож түүний биед баруун дээд 1-р шүдний сулрал, нүүр, цээжинд зулгаралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Алтангэрэлийн өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 19 цагийн үед орой ажлаа тараад найз Г.Батзаяагийнд очиж пиво уугаад сууж байтал гаднаас Г.Өлзиймаа Ц.Баяржаргал нар орж ирсэн. Бид цуг ууж байгаад би Ц.Баяржаргалтай өмссөн өмднөөс болж муудалцаж, би зүүн шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд надад цохиулаад унахад газар нь уруу байсан учраас Ц.Баяржаргал газрын уруу унасан. Тэгээд Г.Өлзиймаа Ц.Баяржаргалыг аваад явахаар нь би гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Баяржаргалын өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Найман шарга цэргийн амралтанд найзуудтайгаа амрах гэж ирсэн юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр найз маань надад хамааралтай машиныг журамлуулсан учраас би амралтын өдөр байсан болохоор би мөнгийг нь төлөөд машинаа авчих санаатай Найман шарга амралтаас Налайхад танидаг хүн байхгүй, ганц таньдаг хүн нь Өлзиймаа учраас Өлзиймааг дуудсан. Тэгээд Налайхад ирээд цагдаатай уулзсан боловч амралтын өдөр журмын хашаанаас гарах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд Өлзиймаатай хамт урьд нь клубт хамт байсан хүн энд байдаг гээд тэнд очихоор болоод Заяа гэдэг айл руу дэлгүүр ороод чихэр, сүү, архи аваад очсон юм. Тэгээд тэнд очиход нөхрийг нь Заяа гэдэг залуу найз Жижигээ гэх залуутай хамт пиво уугаад сууж байсан. тэгээд бид 4 уусан. Тэгээд Жижигээ гэх залуутай танилцаад юм яриад сууж байсан юм. Би тэр үед нэлээн согтсон учраас болсон асуудлын зармыг нь санаад байна. Тэгээд би нүүрээрээ газар унаад л ухаан орсон. Тэгээд босоод иртэл хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Тэгээд хөмсөг сэтэрчихсэн байна гэж бодсон. Тэгтэл Өлзиймаа “чи манай найзыг зодлоо” гээд тэр Жижигээ гэх залуу руу дайраад байсан.

... Надад нэхэмжлээд байх зүйл байхгүй. Гомдол саналгүй байна. Надад энэ хүнээс нэхэмжлээд байх зүйл байхгүй. Хохирол байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 08-09 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Батзаяагийн өгсөн “...Тэгээд архи ууж дуусаагүй байж байтал  Алтангэрэл тэр танихгүй залуу /Баяржаргал/-ыг “гарах уу” гэхэд эхлээд гараагүй тэгснээ тэр залуу өөрөө “гарах уу” гэхэд Алтангэрэл “тэгье” гэж хэлээд гарсан. Тэгээд удаад байхаар нь араас нь гэрээс гарахад Баяржаргал газар уначихсан, нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Өлзиймаагийн өгсөн “...Тэгээд Баяржаргал өмнө нь нэлээн уучихсан ирсэн дээр нь нэмээд пиво уусан учраас согтоод унтаад байсан. Тэр үед Алтангэрэл, Баяржаргал 2 адилхан өмд өмссөн байснаа тэрийг асуугаад хаанаас авсан талаар асуутал Баяржаргал би америкаас авсан, нэг эсвэл Арми шопоос авдаг гэхэд Алтангэрэл нь наад өмд чинь хаа сайгүй байдаг комист хүртэл байдаг гээд хоорондоо хэрүүл гарч эхэлсэн. Тэр үед Батзаяа, Алтангэрэл, Баяржаргал нар нь тамхи татъя гээд гарч ороод байсан юм. Тэгээд Алтангэрэл, Баяржаргалд хандаж “хоёулаа гарч тамхи татъя” гэхэд “тэгье” гээд гараад явсан. Тэгээд удалгүй гэнэт түс, тас гээд чимээ гарахаар нь эхлээд Батзаяа түрүүлээд гарсан, араас нь би гартал Баяржаргал гэрийн гадаа газар нүүрээрээ уначихсан хажууд нь Алтангэрэл “новшоо босоод ир” энэ тэр гээд байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №08шэ/277 дугаар:

  1. “Ч.Баяржаргалын биед баруун дээд 1-р шүдний сулрал, нүүр, цээжинд зулгаралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 36 дугаар тал/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хуулбар,

/хх-ийн 41-43 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 44 дүгээр тал/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,

/хх-ийн 45 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Баяржаргалд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтад “Надад нэхэмжлээд байх зүйл байхгүй. Гомдол саналгүй байна. Надад энэ хүнээс нэхэмжлээд байх зүйл байхгүй. Хохирол байхгүй ” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Алтангэрэлийг Ч.Баяржаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Түмэн-Өлзийн Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Алтангэрэлийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Алтангэрэлд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Алтангэрэлд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ