Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/341

 

 

  2025             03            18                                          2025/ДШМ/341

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.-Гийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Гт холбогдох 2305040910287 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Г, 1976 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “00” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт 00 дүүрэг, 0 дүгээр хороо, 00 хотхон, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 721 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар хөнгөрүүлэн тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, “00” ХХК-ийн захирал Р.Д-г Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “00” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэр дээр дагуулан очиж “энэ миний үйлдвэр, мөнгөө шилжүүлбэл 7-оос 10 хоногийн дотор захиалсан сендвичийг чинь гаргаж өгнө” гэж төөрөгдөлд оруулан хуурч, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 411 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 721 дугаартай магадлалаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 (ес) cap 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 (хоёр) жил 09 (ес) cap 29 (хорин ес) хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 (далан долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 28,000,000 (хорин найман сая) төгрөгийг гаргуулж хохирогч “00” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“00” ХХК-ийн захирал 00 болон түүний хууль ёсны төлөөлөгч н.Н нарын зүгээс “тухайн мөнгө манай компанийн ажилтан н.А-ийн дансанд шилжсэн” гэж мэдүүлсэн. Гэвч хавтас хэрэгт авагдсан баримтад тухайн компанийн ажилтан мөн талаар баримт авагдаагүй. Шүүх тухайн 28,000,000 төгрөгийг “00” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. н.А гэх хүнийг тухайн компанид ажилладаг эсэхийг тогтооход асуудалгүй байсан. Хөдөлмөрийн гэрээг “00” ХХК-ийн захирал Р.Д-гээс авч болох байсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг тодорхой болгохыг хүссэн. Хэрэв тухайн асуудлыг тодорхой болгочихвол шүүгдэгч Б.Г-ийн зүгээс “Хангарьд сити” хорооллын доор байрлалтай, 20 метр квадрат талбайтай, авто зогсоолын зориулалттай, 30 сая төгрөгийн үнэ бүхий зогсоолыг өгөхөд бэлэн байгаа. Хохирогчийг хэн гэдгийг эцсийн байдлаар шийдсэний дараа шилжүүлж өгнө гэдгээ илэрхийлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “00” ХХК-с Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд тус компанийн хууль ёсны төлөөлөгч А.Н-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, Б.Г-ээс 28,000,000 төгрөг гаргуулж “00” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх 28 сая төгрөгийг хэний мөнгө болохыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэхийн сацуу иргэн Я.А Хаан банкны 00000000 тоот данснаас Б.Г-ийн Хаан банкны 00000000 тоот дансанд 28 сая төгрөгийг шилжүүлсэн бегөөд мөрдөгч, прокурор, шүүхээс ямар баримтыг үндэслэн “00” ХХК-ийг хохирогчоор тогтоож, уг мөнгийг тус компанид олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн Я.А-с гэрчийн мэдүүлэг аваагүй нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхэд хүргэж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 1 жил 3 сарын хугацаагаар хорих саналыг шүүхэд гаргасан ч шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувьд хохирогч этгээдэд хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд шүүхээс нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоригдож буй хүн хэрхэн ямар байдлаар бусдын хохирлыг барагдуулах вэ гэдэг нь ойлгомжгүй асуудал атал шүүх дээрх байдлаар дүгнэж түүний эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзсэн. Заавал хорих бус, өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэх саналыг гаргасан. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруу болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлийн талаар маргаагүй. Шүүгдэгчийн хувьд хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруу нь бүрэн тогтоогдсон гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцад өгсөн хэргийн оролцогч нарын мэдүүлэгт тулгуурлан, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны гарсан гэж үзсэн. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэм буруу нь үйл баримтаар бүрэн нотлогдсон. Шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага оногдуулж байсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Г-т 2 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, “00” ХХК-ийн захирал Р.Д-г Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “00” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэр дээр дагуулан очиж “энэ миний үйлдвэр, мөнгөө шилжүүлбэл 7-оос 10 хоногийн дотор захиалсан сендвичийг чинь гаргаж өгнө” гэж төөрөгдөлд оруулан хуурч, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компанийн гүйцэтгэх захирал Р.Д 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.Г гэх эмэгтэй хүнтэй барилгын сендвичин хавтан худалдаж авахаар тохиролцож Б.Гийн үйлдвэртэй нь танилцсан. Б.Г төлбөр тооцоогоо хийх юм бол 7-оос 10 хоногийн дотор захиалсан сендвичийг чинь гаргаж өгнө гэж манай захиралд хэлсэн байсан. Манай компани Б.Гт 6 ширхэг, 33 хана, 7,65 см хэмжээтэй 24 ширхэг, 6,23 см хэмжээтэй 16 ширхэг хана, 8,20 см хэмжээтэй дээвэр 64 ширхэг зэрэг сендвич хавтан захиалж нийт 28,000,000 төгрөгийн үнэтэй болно гэж хэлсэн. Харин манай компани захиалга өгч сендвичний үнэ болох 28,000,000 төгрөгийг Б.Гийн Хаан банкны 000000 дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин манай компани Б.Гээс захиалсан сендвичээ удаа дараа залгаж асуусан. Б.Г маргааш өгнө, нөгөөдөр өгнө, хийж дуусаагүй байна гэх мэтээр худлаа хэлж, манайд хүргэж өгөх хугацаа нь дууссан. Тэгээд манай Мөнхцог гэдэг салбар компанийн захирал Б.Гийн зааж үзүүлсэн сендвичний үйлдвэр дээр нь очсон чинь тус үйлдвэр дээр Б.Г байхгүй, өөр хүн гарч ирээд манайд Б.Г гэдэг хүн байдаггүй, манай захирал өөр хүн байгаа, манайх Б.Г гэж хүнийг танихгүй гэж хэлсэн байсан. ...Б.Г танай мөнгийг чинь буцааж өгнө , маргааш мөнгийг чинь хийнэ гэж надад хэлсэн. Түүнээс хойш утсаар ярихаар Б.Г мөнгийг чинь маргааш хийнэ гэж худлаа ярьсаар байгаа. ... Дүгэрсүрэн надад хэлэхдээ дүүгээ дэмжээд хэдэн төгрөгөөр сендвичин хавтан авч 28,000,000 төгрөг шилжүүлсэн чинь залилуулчихсан. ...” гэх мэдүүлэг /1хх 13-15/,

гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүгэрсүрэн бид 2 хөөсний үйлдвэрт очиж Б.Г гэх эмэгтэйтэй уулзсан. Б.Г одоо манай үйлдвэр захиалгатай байгаа, та мөнгө хийчих юм бол араас нь оруулаад хийж өгнө гэж хэлж байсан. Р.Дүгэрсүрэн нь Б.Гтэй ярьж тохиролцоод явсан. ...Тус үйлдвэрийг Б.Г миний үйлдвэр гэж танилцуулсан. Б.Г өөрийнхөө үйлдвэр юм шиг л бид хоёрт дээшээ, доошоо яваад танилцуулаад байсан. Б.Г энэ миний үйлдвэр гээд юмаа үзүүлээд мөнгө өгөх юм бол араас нь хийж өгнө гээд л байсан. ....Би Б.Г рүү утсаар залгаад “сендвичин хавтан яасан бэ” гэж асуусан чинь Б.Г “хөөс байхгүй, хөөстэй болохоороо хийнэ” гэж хэлсэн, дараа нь төмөр байхгүй байна, төмөр авахаараа хийнэ гэж хэлсэн. 7 хоногийн дараа Б.Г утсаа авахгүй алга болсон. ...”  гэх мэдүүлэг /1хх 21-23/,

гэрч О.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани (“Алькор ЭДЦ” XXК) Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дулааны 2 дугаар цахилгаан станцын зүүн хойд талд байрлах хөөсөнцөр, сэндвич, хуурай хольцны үйлдвэр байдаг. ...2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Г манай үйлдвэрт 28,000,000 төгрөгийн сендвичин хавтан захиалсан зүйл огт байхгүй.  ...Б.Г хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 11,000,000 төгрөгийн хөөс хийлгэж авсан байна. Түүнээс хойш манай үйлдвэрээс хөөс хийлгэж аваагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 29-30/,

“00” ХХК-ийн захирал Р.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.Гтэй уулзсан чинь Б.Г энэ миний хөөсний үйлдвэр байгаа юм, манай үйлдвэрээс хана, дээвэр авч болно гэж надад хэлсэн. Би Б.Гтэй ярьж тохиролцоод, 28,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шууд Б.Гийн данс руу шилжүүлсэн. Харин Б.Г одоо гааль дээр манай түүхий эд ирсэн байгаа, гаалийн татвараа төлөөд бараагаа үйлдвэрлэх гээд байна, миний захиалсан барааг 2-3 хоногийн дотор гаргаж өгнө гэж надад хэлсэн. Би 2-3 хоногийн дараа Б.Гээс бараагаа авах хэрэгтэй байна гэж ярьсан, Б.Г танай сендвичин хавтанг үйлдвэрлэж байна, цавуу нь хатаагүй байна, ганц хоёр хоног хүлээж бай гэж надад хэлсэн. Б.Г бараагаа өгөхгүй байхаар нь удаа дараа утсаар залгасан, Б.Г худлаа хэлж байгаад сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Компанийг төлөөлж манай хуулийн ажилтан Н мөн Б.Гтэй удаа дараа ярьж, бараагаа нэхсэн боловч Б.Г сендвичин хавтангаа өгч чадахгүй, мөнгийг чинь буцааж өгнө гэж надад хэлж байсан. Түүнээс хойш одоо болтол бараа ч байхгүй, мөнгө ч байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх 25-27/,

хохирогчоос шүүгдэгч рүү 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 28,000,000 /хорин найман сая/ төгрөг шилжүүлсэн баримт, шүүгдэгчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 08, 35-42/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

2. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-ийг залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Ц.Энхбаяр “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь удаа дараа буюу 2012 оны  05 дугаар сарын 05-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан /1хх 51-107, 137-151/, энэ байдалдаа огт дүгнэлт хийлгүйгээр дахин “Өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Б.Г-ийн өмнөх шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 01 /нэг/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 /ес/ сар, 29 /хорин ес/ хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил, 09 /ес/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосон нь хуульд нийцсэн байх төдийгүй зөв нэмж нэгтгэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Ц.Энхбаярын “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр “....хохирогчийг зөв тогтоогоогүй” гэх гомдлын хувьд;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан.

Мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.”,  1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг...” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; “Хэв хашмал” ХХК-ийн нярав Я.А нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч рүү “Урд талбайн сендвич” гэсэн утгатай 28,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн /1хх 08/, “Хэв хашмал” ХХК-ийн захирал нь Р.Дү гэдэг хүнийг тодорхойлсон баримт /1хх 07/, тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Н-ыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэл бүхий байх бөгөөд /1хх 07/ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн эцсийн хохирогчийг “Хэв Хашмал” ХХК гэж зөв тогтоосон байна.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 53 /тавин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон нийт 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                  Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ