| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0002/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Б.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Баттогтохын Одончимэгт холбогдох эрүүгийн 1707000410056 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар Налайх дүүрэг 4 дүгээр хороо Нисэхийн 37 дугаар гудамж 7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн НЭ89110707 дугаартай, Боржигон овогт Баттогтохын Одончимэг.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Одончимэг нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” кафе дотор Ж.Батболдтой ариун цэврийн өрөөнд бие засчихаад усаа татсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Одончимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Одончимэг нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” кафе дотор Ж.Батболдтой ариун цэврийн өрөөнд бие засчихаад усаа татсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиж биед хамрын нуруунд шарх, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одончимэгийн өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 18-19 цагийн орчим Одонтунгалагтай хамт “Баялаг” кафед орсон. Би нөхрөө дуудсан. Тэгээд Оюунтунгалаг, нөхөр бид гурав хоол идэж, хоёр хоёр пиво уусан. Би текэндээр очиж тооцоо хийгээд, 00 орох гэхэд гаднаас хүн орсон байсан. Би нэлээн хүлээсэн. Тэгээд хаалгыг 2-3 удаа тогшиход “хүн бие засч байна, пизда минь” гэж хэлсэн. Кафены бармен 00-д ирж, хүн орох гэж байна гэхэд нөгөө залуу 00-ын хаалгыг онгойлгоод буцааж хаасан. Тэгээд 00-оос гарч ирээд намайг “пизда, нохой, гичий” гэж дахин хэл амаар доромжилсон. Би ямар нэгэн зүйл дугараагүй 00 ороод гарч ирээд тек дээр зогсож байхад хажууд ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “над шиг ийм пизда, гичий хаана харсан юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалаад би хохирогчийн гараараа нүүр лүү нь түлхсэн. Хохирогч цагдаа дуудсан. Цагдаа ирж бид хоёрыг авч яваад цагдаагийн газар байцаалт өгч 22 цаг хүртэл байсан. Тэгээд цагдаагийн газраас гарч ирээд хохирогч бид хэд хамт Ордон хүртэл алхаад хохирогч бизон дээрээс унаанд суугаад явсан. Хохирогч хэсэг чимээгүй болоод 2017 оны 09 дүгээр сард намайг цагдаагаас дуудаж, би мэдүүлэг өгсөн. Дахиж чимээгүй болж байгаад 2017 оны 12 дугаар сард цагдаагаас дуудсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Батболдын өгсөн “...2017 оны 07 дугаар сарын арван хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Зайсангийн барилга дээр өрлөгийн ажил авсан болохоор Налайхаас тоосго авах гээд ирсэн. Энд ажлаа бүтээчихээд “Баялаг” кафед хоол идэх гээд орсон. Хоолны захиалгаа өгчихөөд 00 ороод утсаараа фэйсбүүк ороод удчихсан юм. Намайг 00 ороход гаднаас хаалга цохиод “наадах чинь олон нийтийнх, гар” гээд элдвээр хэлж байхад нь би юм яриагүй. Дараа нь текний хажууд салат, нэг шил пиво захиалах гээд зогсож байхад энэ эмэгтэй дахин элдвээр хэлж “пизда, наахуугаар” дуудахад би мөн адил “пизда, наахуугаар нь” дуудаж адилхан харьцсан. Гараа угаачихаад текний тэнд 00 цаас аваад гараа арчаад зогсож байхад энэ эмэгтэй гарч ирээд “пизда минь чи олон нийтийн газар наад заваан юм аа гаргасан юм бол усаа татаж мэддэггүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи эмэгтэй хүн байж аятайхан харьцаарай” гэж хэлэхэд намайг цохиод авсан. Текэн дээр зогсож байсан эмэгтэй “болиоч” гэж хэлсэн. Энэ эмэгтэй нөхөртэйгөө, бас нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тухайн үед нөхөр нь ирээд татаад салгасан. Тэгэхэд “чамайг ална” гээд дахиад цохьсон. Тэгэхээр нь би зөөгч эмэгтэйд “цагдаа дуудаарай, энэ хүүхэн яах аргагүй хүн зодлоо шүү” гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн. Налайх дүүргийн цагдаа дээр очиход хамраас цус гарсан байсан. Цагдаа нь “эмнэлэгт очоод үзүүлчихээд ир” гэсэн. Эмнэлэгт очиж хамарт хөвөн хийж цус тогтоож өгөөд хамрын дээд талд шархны лент нааж өгсөн. Тэгээд би байцаагчид буцаж ирэхэд “маргааш шинжээч дээр ирээрэй” гэсэн. Би маргааш нь шинжээч дээр ирж үзүүлэхэд миний хамарт хоёр оёо тавиулсан байгааг харсан. Байцаагч дахин дуудаж байцаалт авсан. Би хамраа тэгшлүүлэх гэж 600.000 төгрөг зарцуулсан. Яг эмнэлэг дээр тэгшлүүлэхэд 350.000 төгрөг зарцуулсан. Дээр нь эм тариа авсан байгаа. Би Одончимэгийг 3 хүүхэдтэй, энэ тэрийг нь харж үзээд “хамар тэгшлүүлсэн 300.000 төгрөгийн хохирол барагдуулчих” гэж хэлэхэд “за тэгье” гэсэн. Тэгээд байцаагчдаа ороод “Одончимэг миний хохирлыг барагдуулж, хэргээ аль болох зөөлөн шийдүүлье гэж байна” гэж хэлсэн. Одончимэгийг нөхөртэйгөө хамт байхад нь би “надад мөнгө төгрөг чухал биш, тухайн үед чамайг ямар зан ааш гаргасан чинь надад таалагдаагүй, цаашид анхаараарай” гэж хэлээд ярьж тохироод 300.000 төгрөг өгсөн. Тухайн үед байцаагч нь “шүүхээр орохын хувьд орно шүү” гэж хэлэхэд Одончимэг “за” гэж хэлж байсан. 3 Намайг ажилтай байхад “шүүх хуралтай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бэлэн бай” гэж дуудахад би ажлаа орхиод ирсэн. Ирж, очих онгоцны зардал гарсан байгаа” гэх мэдүүлэг,
/хх-ийн 09-10 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Одонтунгалагийн өгсөн “...Хэрэлдэж байхдаа Одончимэгийн гар нь нөгөө залуугийн хамрыг шүргэх шиг болсон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Батхуягийн өгсөн “...Манай эхнэр “чи яахлаараа хүнийг пизда энэ тэр гэж доромжилдог юм бэ” гээд гараараа нөгөө залуугийн хамар руу гараараа нидрэнгүүд хүн цохилоо цагдаа дуудна гээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч С.Түвшинжаргалийн өгсөн “...ямар ч байсан эрэгтэйгийнх нь хамраас цус гараад хувцасных нь урд энгэр цусаар бохирлогдсон байдалтай байсан ба энэ эмэгтэй намайг цохисон гэж хамт орж ирсэн эмэгтэй рүүгээ зааж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 132 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Цолмонгийн өгсөн “...Үзлэг хийсэн эмчийн бичиг бол миний өвчтөнд үзлэг хийгээд бичиж өгсөн бичиг мөн байна. Одоо тухайн үзлэгийн талаар сайн санахгүй байгаа боловч бичсэн үзлэгийн тэмдэглэгээний “үзлэг” гэсэн хэсэг дээр хамар муруйсан, хамраас цус гойжсон байдалтай, хамрын зүүн хэсэгт зулгарсан” гэж бичсэн байна. Тэгэхээр өвчтөн тухайн өдрөө шинээр гэмтэл аваад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн нь тодорхой байна. Ингээд мэдээж анхны анхны тусламж үйлчилгээ үзүүлээд цаашид нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх талаар зөвлөөд явуулсан байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 135-136 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №08шэ/347 дугаар:
/хх-ийн 17 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 26 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 27 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 28 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэхдээ Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Одончимэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Одончимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Одончимэг нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш /2018.7.25-ны өдөр/ 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Батболдод хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтад “Одоо надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Одончимэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 17.5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Баттогтохын Одончимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Одончимэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Одончимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одончимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ