Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/342

 

  2025             03             18                                         2025/ДШМ/342

 

Э.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э, түүний өмгөөлөгч Г.Цолмон,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Нд холбогдох 2408000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Н, 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “00” дэлгүүрийн хяналтын ажилтан ажилтай, ам бүл 4, эмэг эх, өвөг эцэг, ахын хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо “00” аж ахуйн хашаанд түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:000000000/,

Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “00” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Б-ыг хавсарч унагаасны улмаас пилтан гадаргатай шалан дээр дагзаараа савж унаж, улмаар “гавал тархины битүү гэмтэл” учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-гийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Э.Н нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд нийт 28.800.000 /хорин найман сая найман зуун мянга /төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн төлсөн болохыг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, эд мөрийн баримтаар тооцон хурааж авсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү С.Б-ыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.Н, Ж гэх хоёр этгээд бүлэглэн онц харгис хэрцгийгээр амь насанд нь хүрсэн байдаг. Гэтэл энэ хэргийг бүлэглэн үйлдсэн Ж гэх этгээдийг татаагүй, ял завшуулсанд туйлын их гомдолтой байна. Миний хүүгийн биед 9 өөр төрлийн гэмтэл учруулчхаад учруулаагүй гэж мэлзэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Э.Н гэх этгээдэд хуульд заасан доод хэмжээнээс доошоо буюу 6 жилийн ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурор нар миний талийгаач хүү болон над руу дайралт хийж миний хүүг архичин, гэр оронгүй, гуйлгачин, хулгайч, халтар муу хувцастай, гудамжны хүн байсан зэргээр ярьж байсан. Бидний гэр бүл хайртай хүүгээ алдсанд маш их гашуудаж харамсаж алуурчин Э.Н, Ж хоёрт туйлын их гомдолтой байхад дэндүү хөнгөн ял шийтгэл оногдуулсанд маш их гомдож байна. Иймд Э.Н-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 6 жилийн хорих ялаар шийтгэж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзэхгүйгээр хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй, иргэний журмаар жич нэхэмжлэхээр зааж шүүгдэгчид давуу байдал олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг ноцтой дордуулсан, уг хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд татагдаагүй, гэм буруутай этгээд ял завшсан, уг хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих байгууллага татагдаагүй зэрэг ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

1. Яллагдагчаар татагдвал зохих этгээд татагдаагүй, гэм буруутай этгээд ял завшсан тухай.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаач С.Б-ы цогцост зулайн ар хэсгээс суман болон титэм заадсыг дайрч духны зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархи, гүүрний эдийн цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, авчилт, зүүн хөмсөгт хуучин шарх, дух, уруул, баруун хацар, зүүн хөмсөгт зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэжээ.

Яллагдагч Э.Н, гэрч Г.Ж нарын хэн аль нь “...ганцхан хавсарч унагаасан, пилтан шалан дээр толгойн ар хэсгээрээ унасан...” гэх мэтээр худал мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл талийгаач С.Б-ы биед учирсан 9 өөр төрлийн гэмтлийг ганцхан удаагийн хавсарч унагах үйлдлээр учруулах боломжгүй юм.

Г.Ж нь уг хэргийг Э.Н-тай бүлэглэн үйлдсэн болох нь: талийгаачийг хяналтын камерын өрөө рүү Э.Н-тай авч орж байгаа, бүтэн 20 минутын дараа өрөөнөөс ухаангүй байдалтай хамтдаа чирч гаргаж байгаа, хоорондоо үгсэн тохирч худал мэдүүлэг өгч байгаа, цагдаагийн байгууллагыг төөрөгдүүлэх зорилгоор “...манай хашаанд согтуу хүн унтаж байна” гэж худал дуудлага өгч байгаа, цагдаагийн алба хаагч ирээд юу болсон талаар тодруулахад “...тамхи татах гээд гарч ирэхэд арын хаалганы энд хэвтэж байхаар нь дуудлага өгсөн. Наад хүн чинь намайг дуудлага өгчхөөд харж байхад хэл амаар доромжилж байгаад тасарчих шиг боллоо.” зэргээр худал хэлж байгаа, талийгаачийг зодуулсны улмаас толгойдоо гэмтэл авсан талаар нуун дарагдуулсан, талийгаачийн биед олон тооны буюу 9 өөр төрлийн гэмтэл учирсан зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдсон гэж үзэж байх тул Жавхланг уг хэрэгт татах нь зүйтэй гэж үзэж байна.

2. Иргэний хариуцагчаар татагдвал зохих байгууллага татагдаагүй тухай.

Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “00” худалдааны төвд ажиллаж байх үедээ буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа С.Б-ы биед халдаж, амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан талуудын мэдүүлэг тайлбар, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байхад уг “00” худалдааны төвийг иргэний хариуцагчаар татаагүй байдаг.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй, иргэний журмаар жич нэхэмжлэхээр зааж шүүгдэгчид давуу байдал олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг ноцтой дордуулсан тухай.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” аргачлалын 3.3 дахь хэсэгт “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. ...” гэж тус тус хуульчилсан байдаг.

Түүнчлэн хавтаст хэргийн 198 дугаар талд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18/1788 дугаартай “...Танай тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Олонбаярын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 2408000000141 дугаартай хэрэгт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсгийг үйл ажиллагаандаа баримтлан ажиллахыг хүсье.” гэх албан бичиг авагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс дээрх албан бичиг болон хууль, журам, тогтоол, аргачлалд зааснаар сэтгэцэд учирсан хохиролд шүүгдэгч Э.Н-гаас 92.125.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-т олгож шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” аргачлал зэргийг үл тоож, хууль, журам, тогтоол, аргачлал зэргийг ноцтойгоор зөрчиж, шүүгдэгчид давуу байдал олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг ноцтой дордуулсан.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” аргачлалыг тус тус ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Э.Нгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж байна. Бүлэглэн үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж хуульчилсан. Гэтэл Э.Н, н.Ж нарын хооронд ямар нэгэн байдлаар үйлдлээрээ нэгдсэн зүйл байхгүй. Хэргийн бодит процесс нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “00 зах” ачаалалтай ажиллаж байхад хяналтын камерын ажилтан Э.Н, ахлах ажилтан нар камераа хянаад сууж байгаад “00 зах”-ын архины тасагны хэсгээс бор өнгөтэй шилтэй вискиг аваад, касс руу очилгүйгээр шууд орох хэсгээр гараад үүдний хаалгаар гараад явахад нь ахлах н.Ж нь Э.Н-г “яваад аваад ир” гэдэг. Э.Н талийгаачийг авчирсан. Архийг буцаагаад аваачиж тавиад, хяналтын камераар өөр эд зүйл хулгайлсан эсэхийг нь шалгахаар байж байх хооронд амь хохирогч С.Б-ы хувьд огцом зугтаах үйлдэл хийхэд нь Э.Н саатуулах үйлдэл хийхдээ хавирч тархиар нь савуулж, унагасан. Хохирогч тухайн үед ухаан алдаж, бие нь муудсан байдаг. Нэг удаагийн үйлдэл буюу амь хохирогчийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт гарсан. Тухайн үед хэрэгжиж байсан Эрүүгийн хуулиар буюу гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-т зааснаар бусад гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаардаг. Мөн хавтаст хэргийн 68 дугаар талд шинжээч эмчийн дахин мэдүүлэг авагдсан. Үүнд гавал тархины битүү гэмтэл нь ямар үйлчлэлийн улмаас үүсэх вэ гэхэд нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед эсвэл унах үед үүссэн байх боломжтой гэсэн. Мөн тусгайлаад гэмтлийг задлаад, цээжинд учирсан, уушгины няцрал нь ямар хүчин зүйлийн улмаас гэмтсэн байх боломжтой вэ гэхэд шинжээч эмч анхны тусламж үзүүлэх эсвэл унахдаа доргих хүчний үйлчлэлд гэмтсэн байх боломжтой байна гэсэн. Үүгээр бүлэглэн гүйцэтгэсэн буюу н.Ж-тэй хамтарч бүлэглэн үйлдсэн гэдгийг няцааж байна.

Шүүгдэгч Э.Н анхнаасаа гэм буруугаа хүлээсэн.”би унагаасан юм” гэх зүйлийг ярьдаг. Мөн хохирогчийн оршуулгын зардалд 28,000,000 төгрөг төлсөн. Үүнээс нотлох баримттай 18.000,000 төгрөг, зан үйлийн гэдэг байдлаар нотлох баримтгүй, хохирогчийн авъя гэсэн зардлыг хугацаа авч, төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлын тухайд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд хүний амь насыг хохироосон тохиолдолд заавал шинжээчийн дүгнэлт гарч, хүснэгтээрээ 1-5 хүртэл дүгнэгддэг. Мөн иргэний хариуцагчийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар 1 дэх хэсэгт “хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан болохоос татан оролцуулна гэсэн заалт байхгүй. Иймд “00 захыг”-ыг иргэний хариуцаж татах нь үндэслэлгүй. Тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хор уршиг гэдгээсээ хамаараад Э.Н-гийн хувьд гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлсөн. Үйлдлийн хувьд ажил үүргийнхээ хуваарийн дагуу ажлаа хийж явсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Хэрэгт авагдсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Нотлох баримтын хүрээнд хоорондоо уялдаа холбоо бусад нотолгооны чанар зэргийг харгалзан үзэхэд н.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулах үндэслэл тогтоогдоогүй. Шинжээч эмчээс цээжний гэмтлийн тухайд тодруулахад цээжний гэмтэл нь анхны тусламж үзүүлэх явцдаа цээжийг шахах үйлчлэлийн хүрээнд үүссэн байх боломжтой гэж мэдүүлсэн. Мөн хөмсөгт учирсан гэмтэл нь хуучны гэмтэл юм. Бусад зулгаралт гэмтлүүд нь тухайн үед тэмцэлдэх үед үүссэн гэмтэл байх боломжтой гэж үзсэн. Амь хохирох болсон гэмтэл нь гавал тархины шугаман гэмтлээс болсон. Нэг удаагийн үйлчлэлээр газар тархиараа савж унасан буюу араасаа урагшаагаа чиглэлтэй гэмтлээс болсон байна. Эдгээр бүх дүгнэлтүүд нь н.Жавхлангийн өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, камерын бичлэг, бусад холбогдох гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар өөр хоорондоо холбоотой, үнэн байх магадлалтай юм. Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял оногдуулсан. Оногдуулсан ялын байдал, хууль хэрэглэсэн байдал, шийтгэх тогтоолын бичилт техникийн шинжтэй алдаа байхгүй. Бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой болон эрүүгийн хэргийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Иргэний хариуцагчийн тухайд болон шүүх шинжилгээний сэтгэцийн хор уршгийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар хамтад нь шийдүүлэх шаардлагагүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг жич нээлттэй үлдээсэн. Энэ нь эрхийг хязгаарласан ойлголт биш. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр тусгагдсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан  бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:

“2.5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана.” гэж тус тус гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үндэслэл, журмыг зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” юм.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн батлагдсан бөгөөд түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг батлах тухай 25 дугаартай тогтоолын “3.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны  дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгч Э.Н нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 28.800.000 /хорин найман сая найман зуун мянга/ төгрөгийг төлсөн боловч /2хх 73-80, 113-114, 124/ шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдаж, хүнд хохирол, хор уршиг учирсан, энэхүү хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа амь хохирогчийн төрсөн эх Р.Э нь гэмт хэргийн улмаас тэрээр сэтгэлийн хямралд орсон, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд мөнгөн дүн нэхэмжилж байгаа талаар тайлбарлан мэдүүлсэн байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзэв.

Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасны дагуу нэг мөр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Э.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний зүй бус үйлдлийн улмаас хохирогч нас барсан, түүний улмаас үүссэн хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол бүрэн арилаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э, түүний өмгөөлөгч нарын гаргасан : “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх гомдлын хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ