Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00616

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00616

 

 

 

Л.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00054 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 665 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүлэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жамъян

Хариуцагч А.Цэцгээ

Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Одонтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нартай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15 600 000 төгрөгийг 2.4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 12 сард гэрээний хугацаа дууссан боловч 5 350 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Манай тал 2 350 000 төгрөгийг хүүтэй нь төлсөн. Дахин гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг хүүтэй нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгана гэж тохиролцсон боловч өдий хүртэл төлж дуусаагүй.

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж, 19 тоот хаягт байрлах 700 метр квадрат газар болон 253.5 метр квадрат хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Э.Эрдэнэцогтод 120 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Э.Эрдэнэцогтын мөнгө, санхүүгийн байдлыг харгалзан үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг нийт 100 000 000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Үлдэгдэл 20 000 000 төгрөгөөс 4 400 000 төгрөгийг бэлнээр болон бараа солилцоогоор төлсөн учир үлдсэн 15 600 000 төгрөгийг төлөх талаар бичгээр баталгаа гаргаж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцсон. Э.Эрдэнэцогт, А.Цэцгээ нар үлдэгдэл мөнгөнөөс тодорхой хэсгийг төлж барагдуулсан боловч өнөөдрийн байдлаар 4 655 000 төгрөгийг төлөхгүй байгаа. Хариуцагч уг мөнгийг төлсөн гэдэг баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөнгийг төлсөн гэдгээ нотолж чадахгүй байгаа учир хариуцагч А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нараас 4 655 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Цэцгээ миний бие нэхэмжлэгч Л.Цэцэгмаа, түүний нөхөр Хишигсүрэн нараас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-19 тоотод байрлалтай хүнсний дэлгүүр, гуанзны үйлчилгээ явуулах эрхтэй, дээрээ амьдрах өрөөтэй 2 давхар байшин хашааг 120 000 000 төгрөгөөр худалдан авч, тохиролцсоны үндсэн дээр 100 000 000 төгрөгийн гэрээ хийж, хүү Э.Эрдэнэцогтын нэр дээр Хаан банкнаас 4 жилийн хугацаатай 50 000 000 төгрөгийн зээл авч, бэлнээр 50 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг Цэцэгмаад төлж, байшин хашаагаа Э.Эрдэнэцогтын нэр дээр шилжүүлж авсан. Үлдсэн 20 000 000 төгрөгийг боломжоороо төлөх гэрээ хийсэн бөгөөд Цэцэгмаагаас 2.4 хувийн хүүтэй нэг ч төгрөг зээлээгүй. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Цэцэгмаагийн Ариг банкны 2106000148 тоот дансанд үлдэгдэл мөнгөө төлсөн ба Цэцэгмаагийн нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийн хувьд Цэцэгмаагийн 5090508589 тоот дансанд 2 600 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдсэн 400 000 төгрөгнөөс 282 500 төгрөгийг Цахиур ХХК-иас Цэцэгмаагийн өөрийнх нь зээлсэн тамхины /вест/ өрийг 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн. Үлдсэн 117 500 төгрөгийг байшингийн 2 давхрын тааз нурж унахад өөрсдийнх нь зөвшөөрсний дагуу лампир, хөөсөнцөр, шруп авсан мөнгөндөө суутгаж авсан. Одоо Цэцэгмаад нэг ч төгрөгийн өр төлбөр байхгүй. Анх зарын дагуу 8 нэрийн барааны тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, хажуудаа цайны газартай, дээр нь амьдарч болохоор нийт 6 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000-30 000 000 төгрөгийн бараатай, 120 сая төгрөгөөр худалдах, худалдаж авахаар Цэцэгмаа болон түүний нөхөр Хишигсүрэн нартай тохиролцсон. Энэ үед бэлэн мөнгө бүрэн байхгүй гэдгээ хэлэхэд Цэцэгмаагийн нөхөр Хишигсүрэн зааж өгөн Хаан банкны хүмүүстэй уулзаж, зээл хөөцөлдсөн. Ингээд бэлэн байсан 30 000 000 гаруй төгрөг, дээрээс нь Хаан банкнаас 50 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлөөр, мөн дүү Бадамжаваас 8 000 000 төгрөгийг хүүтэй зээлж, өөрийн охин Болормаагийн хадгаламжаас 4 500 000 төгрөг, хүү Эрдэнэцогтын 3 000 000 төгрөг байсныг нэмж 100 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Энэ бүгдийг Цэцэгмаа болон түүний нөхөр Хишигсүрэн нар мэдэж байгаа. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийн хувьд Цэцэгмаагийн Ариг банкнаас авсан 20 000 000 төгрөгийн зээлийг бага багаар төлбөл дэлгүүрээ 20 000 000 төгрөгийн зээлээр зарж болно гэж хэлсэн. Анх уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад банкны зээл гараагүй байхад дэлгүүрээ хүлээлгэн өгсөн. Анх 20 000 000 төгрөгийн бараатай нь 120 000 000 төгрөгөөр зарна гэсэн боловч 10 000 000 төгрөгийн бараа дутуу өгсөн, мөн Цэцэгмаагийн нэр дээрх карт уншдаг машинд байсан миний 2 085 000 төгрөг дур мэдэн шилжүүлэн авсан. 6 000 000 төгрөгийн ашиг хасч тооцоогүй. Анх банкинд 20 000 000 төгрөгийн өртэй гэж байсан ч 7 хоногийн дараа өр нь 15 000 000 төгрөг болсон, 5 000 000 төгрөгийн зээлээ төлсөн байсан. Уг баримт нь хэргийн материалд байгаа. Миний хувьд Цэцэгмаагийн өр болох Ариг банкинд 10 436 340 төгрөг, Хаан банкинд 2 600 000 төгрөг, тамхины өрөнд 282 500 төгрөг, Барс-2 худалдааны төвийн өрөнд 570 000 төгрөг, бусад явуулын падаанаар зээлж авсан 500 000 төгрөгийн өрийг тус тус төлсөн.

Л.Цэцэгмаа, А.Цэцгээ нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна. Хэргийн материалаас харахад худалдах-худалдан авах 2 гэрээ байгаа. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгө болох обьектыг 90 000 000 төгрөгөөр, газраа 10 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 100 000 000 төгрөгийн гэрээ байгаа. Хэрвээ үлдэх 20 000 000 төгрөгийг зээлээр өгч байгаа бол заавал бичгийн гэрээ хэлцэл хийгдэх ёстой. Энэ гэрээ хэлцэл хийгдээгүй. 20 000 000 төгрөгийн хувьд уг мөнгийг өгөх ёстой гээд сар бүр төлөлт хийгээд 15 600 000 төгрөгийг дуусгавар болгож гэрээ хийлээ гээд тодорхойлолт бичүүлж авсан нь гэрээ байгуулагдсанд тооцох уу гэдэг нь эргэлзээтэй, гэрээний гол нөхцөлийн талаар тодорхой зүйлийг тайлбарлаагүй. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг дээр харилцан тохиролцож, тодорхойлолт хийсэн нь гэрээг чөлөөт байдлаар хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Уг баримт дээр нэхэмжлэгч Л.Цэцэгмаагийн гарын үсэг байхгүй ч нэхэмжлэгч талаас уг баримтыг гаргаж үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг хоёр баримтыг харилцан тохиролцож байгуулсан учир 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3 000 000 төгрөгийн баримт нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Уг баримт нь өмнөх 15 600 000 төгрөгийн баримт шиг адилхан хийгдсэн. Хариуцагч 2 085 000 төгрөг, нэхэмжлэгчийн өр зээлийг дарсан гэдэг нь баримтаар нотлогдож, үлдэгдэл төлбөрийг төлсөн нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.655.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цэцэгмаад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 11.170 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, хариуцагч А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нараас 89.430 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Цэцэгмаад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ...Миний хувьд Цэцэгмаагийн өрөнд Ариг банкинд 10 436 340 төгрөг, ХААН банкинд 2 600 000 төгрөг, 282 500 тамхины өр, Барс-2 худалдааны төвд 570 000 төгрөг, бусад явуулын паданаар зээлж авсан 500 000 төгрөг, тамхины 282 500 төгрөгийн өрийг тус тус төлсөн. Гэтэл Цэцэгмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг мөнгөө төлөхгүй арга заль хэрэглэсэн гэж бид нарын наймаа тохиролцоог огт мэдэхгүй байж худлаа ярьсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь өөрийн худалдсан газрыг 180 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед мөнгө төгрөгийн шаардлагатай байсан тул зах зээлээс хямд 120 000 000 төгрөгөөр борлуулсан. Дэлгүүр доторх лангуу, хөргөгч, үнэ бүхий зүйл буюу 20 сая гаруй төгрөгийн барааг анх харилцан тохиролцсоны дагуу бэлэглэлийн журмаар өгсөн гэж худал мэдүүлсэн. Цэцгээ миний бие Цэцэгмаад мөнгө төлөхгүй гэж арга саам хэзээ ч гаргаж байгаагүй. Харин ч ярьж тохиролцсоны дагуу сap алгасалгүй боломжоороо мөнгөө төлж байсан ба Ариг банкин дах Л.Цэцэгмаагийн 2106000148 тоот дансанд өөрийн биеэр очиж cap бүр мөнгөө төлж байсан. Энэ нь хэргийн материалд байгаа банкны хуулгаар нотлогдоно. Цэцэгмаагийн төлөх Ариг банкны зээлийн хүүг төлөх үндэслэлгүй учир Цэцэгмаатай харилцан тохиролцоод түүний ХААН банкны 5090508589 тоот данс руу хүү Эрдэнэцогтын ХААН банкны 5079145531 тоот данснаас 9 удаа 3 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь банкны хуулгаар нотлогддог. Дэлгүүрт бараа нэмж аваагүй дэлгүүрийн бараа багассан талаар гэрч Алтанцэцэг гэрчилсэн. Цэцэгмаа нь миний хуулийн мэдлэг мууг далимдуулж намайг болон хүү Эрдэнэцогтоор өөрөө хэлж бичүүлээд, гарын үсэг зуруулж авахдаа өөрөө гарын үсэг зурдаггүй байсныг мэдээгүй. Шүүх хуралдаанд шүүгч Баярмаа энэ баримтад хэн, хэний гарын үсэг байна гэж үзүүлэхэд л мэдсэн. Урьд нь 2015.06.05-ны өдөр мөнгөө яаж төлөх талаар бичиж өгөөд гарын үсгээ гарын үсгээ зур гэхээр нь зурсан, уг баримтуудыг нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилготой гаргаж өгсөөр байтал түүний гарын үсэг байхгүйгээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж илт хууль бус үндэслэл гаргаж, нэхэмжлэгчийн байр суурийг илтэд дэмжиж, нэг талыг барьж шийдвэрлэснийг анхаарч үзнэ үү. Цэцэгмаа нь объектоо 180 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг нь худлаа бөгөөд өөрийн төрсөн эгчийн хүү болох Чинзоригоос 2014 оны 8-р сард 2 өрөө байраараа сольж байсан гэдэг. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Цэцэгмаа бид нарын тохиролцооноос илт худал зүйлийг ярьсан ч бичгийн нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондох эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа нь хариуцагч А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нарт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 4 655 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Цэцэгмаа нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 19 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015242 дугаарт бүртгэлтэй, 253.5 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон мөн хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201025327 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Э.Эрдэнэцогтын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нар нь гэрээнд заасан 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хүлээн авах үүрэг тус тус хүлээсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэ 100 000 000 төгрөгийг хариуцагч нар төлж үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Түүнчлэн зохигчид үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үнийг 100 000 000 төгрөгөөр тохиролцсоноос гадна нэмж 20 000 000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон ба ийнхүү тохиролцсон талаар болон өмчлөх эрх шилжих үндэслэл болсон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Хэдийгээр хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний /100 сая төгрөгийн/ дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч хариуцагч нар нь нэмж 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хэсэгчилэн төлөхөөр тохиролцсоны дагуу үүргээ биелүүлж байсан үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд 120 000 000 сая төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж, гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж тус тус дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Харин дээрх худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг шүүх буруу тодорхойлжээ.

 

Талууд нэмж 20 000 000 төгрөгийг төлөх хэлцлийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 15 600 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа талаар тооцоо нийлж, харилцан гарын үсэг зурсан тодорхойлолт үйлдсэн ба уг баримтаар энэ хүү төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 4/

 

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нар нь 3 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний дотор 2.4 хувийн хүүтэй төлнө гэсэн бичгийн баримтыг үйлдсэн байдаг /хх-ийн 5/ ба уг баримтыг нэхэмжлэгч Л.Цэцэгмаа анх нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар гаргаж ирүүлсэн, тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...дахин хэлэлцэж тохиролцоод гэрээ хийж 3 000 000 төгрөгийг хүүтэй нь 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 3-р сарын 15-нд төлж дуусгана гэж тохирсон... гэж уг бичгийн баримтыг иш татаж тайлбарлаж /хх-ийн 1/ байсан, зохигчийн тайлбар өөрөө нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой зэргээс үзэхэд хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 3 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа нь анх гаргасан шаардлагаа өөрчлөхдөө дээрх 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бичгийн баримтын дагуу хүү нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Э.Эрдэнэцогт нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 2 600 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул үлдэгдэл 400 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь үлдэгдэл 117 500 төгрөгийг нэхэмжлэгчтэй тохиролцон дэлгүүрийн тааз засварт зарцуулсан гэх тайлбараа нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн өмнөөс вест тамхины үнэд 282 500 төгрөг төлсөн нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлэхээс өмнө төлөгдсөн байх тул дээрх 3 000 000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00054 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Цэцгээ, Э.Эрдэнэцогт нараас 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 255 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 89 430 гэснийг 12 650 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Цэцгээгийн төлсөн 89 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ