Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 369

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч М.М,

шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт Т_ын О_д холбогдох эрүүгийн 1805019790394 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүлжмэлийн автобусны буудал дээр Д.Дын халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг Эс 6 Эджи голд загварын гар утас хулгайлан 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.   

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Оын өгсөн:

            “...2018 оны 4 сарын 06-ны өдрийн 11 цагийн үед би ганцаараа 100 айл орох гээд Баянгол дүүргийн 20-р хороо Сүлжмэлийн автобусны буудлаас автобусанд суух гэж байтал 20 орчим насны эрэгтэй хүүхдийн өмднийх нь зүүн халааснаас гар утас нь харагдаад байхаар нь автобусанд суух гэж байхад нь араас нь дагаж очоод автобусны урд талын хаалганы дэргэд шахаад халааснаас нь суйлж аваад зам гараад явж байсан чинь араас энгийн хувцастай 2 цагдаа ирээд намайг бариад авсан. Тэгээд авсан зүйлээ гаргаад ир гэсэн гаргаж өгөөд цагдаагийн газарт намайг аваачсан. Энэ миний буруу, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-ын өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би өглөө 10:40 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сүлжмэлийн автобусны буудлаас Орбит чиглэлийн автобусанд суух үедээ куртикны баруун гадна талын халааснаасаа Самсунг Эс-6 эджи голд маркийн гар утсаа хулгайд алдчихсан байсан юм. Тэгээд гар утсаа алдсанаа мэдээд дараачийн буудал дээр бууж найз Гончигдоржийн 95359159 дугаарын утсаар залгахад цагдаагийн алба хаагч миний гар утсыг хулгайлсан хүнийг барьсан тул баруун 4 замд байрлах ажлын байрнаас ирж гар утсаа хүлээж авахыг хэлсэн. Гар утсаа олж авсан учир гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Тийн өгсөн:

“...Би 2018 оны 4 сарын 06-ны өглөө 07 цагт Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн газрын баталсан хуваарийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг чиглэл авч хариуцсан маршрутанд үүрэг гүйцэтгэн ажилласан. Ажиллах хугацаанд өдөр 10:40 цагт Баянгол дүүргийн 20-р хороо Сүлжмэлийн автобусны урд талын буудал дээрээс Цамбагарав-Сүлжмэл-5 шар чиглэлийн автобусанд иргэн Д.Д суух үед нь араас нь Т.О шахаж орон халааснаас нь Самсунг Эс-6 эджи голд загварын гар утас хулгайлсан. Сэжигтэн Т.О гар утас хулгайлан цааш явган хүний гарц руу чиглэн явж байх үед саатуулан биед нь үзлэг хийж хулгайн гар утсыг хураан авч НЦГ-н МШГ-н ХХГХТХ-н эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/,

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 11/,

- Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 16-17/,

 

Шүүгдэгч Т.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 22/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 23/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 32-34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Т.О нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүлжмэлийн автобусны буудал дээр Д.Дын халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг Эс 6 Эджи голд загварын гар утас хулгайлан 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Дын “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би өглөө 10:40 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сүлжмэлийн автобусны буудлаас Орбит чиглэлийн автобусанд суух үедээ куртикны баруун гадна талын халааснаасаа Самсунг Эс-6 эджи голд маркийн гар утсаа хулгайд алдчихсан байсан юм...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Ж.Тийн “...Би 2018 оны 4 сарын 06-ны ... 10:40 цагт Баянгол дүүргийн 20-р хороо Сүлжмэлийн автобусны урд талын буудал дээрээс Цамбагарав-Сүлмэл-5 шар чиглэлийн автобусанд иргэн Д.Д суух үед нь араас нь Т.О шахаж орон халааснаас нь Самсунг Эс-6 эджи голд загварын гар утас хулгайлсан...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Т.Оын үйлдсэн хэргээ хүлээсэн “...2018 оны 4 сарын 06-ны өдрийн 11 цагийн үед би ганцаараа 100 айл орох гээд Баянгол дүүргийн 20-р хороо Сүлжмэлийн автобусны буудлаас автобусанд суух гэж байтал 20 орчим насны эрэгтэй хүүхдийн өмднийх нь зүүн халааснаас гар утас нь харагдаад байхаар нь автобусанд суух гэж байхад нь араас нь дагаж очоод автобусны урд талын хаалганы дэргэд шахаад халааснаас нь суйлж аваад зам гараад явж байсан чинь араас энгийн хувцастай 2 цагдаа ирээд намайг бариад авсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.О-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д нь “...Гар утсаа олж авсан учир гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-10/ өгсөн байх тул шүүгдэгч Т.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Т.Оын хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _______ овогт Т-ын О-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-ыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ