Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/421

 

 

  2025             04             08                                         2025/ДШМ/421

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Болортуяа,

хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/493 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Болортуяа, хохирогч Э.Бын өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Бд холбогдох 2206055152731 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б 1978 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр, хүүхдийн хамт 00 хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, 00 дүүргийн 00дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр хотхонд 246 мкв үйлчилгээний талбай захиална” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Э.Б-ыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 00000000 тоот дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Б-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг хоёр (2) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 7 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 105.000 төгрөгөөр тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 9,895,000 төгрөгийн торгуулийн ялаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 100,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бод олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны буюу үндэслэл бүхий болоогүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болоогүй тухайд:

Э.Б-ыг ...246 м.кв үйлчилгээний талбай захиална” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэдэг. 2021.8.11-ний өдрийн 122 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ” зохиомол уу үгүй. Бодитоор хийгдсэн. Урьдчилгаа төлбөр 100 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 588.800.000 төгрөгийг 2021.9.15-ний өдөр төлөх байсан үүргээ хөрөнгө оруулагч Э.Б үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн нотлогдож байна. Гэрээний нэг тал буюу хөрөнгө оруулагч нь Э.Б, тэрээр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад гарын үсэг зурж, ашиглуулснаараа яагаад Э.Б буруутай байх билээ.

Мөн шүүх “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” гэжээ.

Тухайн гэрээг байгуулахад Э.Б-ыг ашигласан, өөрөө байсаар байж хийгээгүй, хохирогч гээд байгаа Э.Б-ын хэлсэн болгон дээр дүгнэлт хийгээгүй, энэ хүний гэмт хэрэг болгох гэж хэлээд байгаа зүйл нь “гэрээ хийсэн тухайн цаг хугацаанд гэрээг миний зөвшөөрөлгүй өөрчилж өөртөө 2 өрөө байр худалдан авч, бусдад түрээсэлж ашиг олоод байна” гэх ба урьдын харилцааны явцад бий болсон ямар итгэлийг яриад байна вэ, түүний эд хөрөнгийг шилжүүлэн авсан зүйл огт байхгүй.

Түүнчлэн Э.Б-ыг төөрөгдөлд оруулсан гэдэг хуульд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах гэж заасан байдаг. Бодит байдлыг нуусан зүйл огт байхгүй. Гэтэл Э.-Быг хэрхэн, ямар арга хэлбэрээр төөрөгдүүлсэн нь тодорхойгүй.

Анхлан обьектын талаар, ярилцсан, очиж үзсэн, өөрөө гэрээ хийх боломжгүй учир гэрээ хий гэж явуулсан гэрээний нөхцөлийн талаар хүргэн нь хэлэхэд зөвшөөрөөд мөнгөө шилжүүлсэн, ашиглалтад орох нь бүү хэл комисс ч хүлээж аваагүй байсан болох нь тухайн үеийн фото зургаар нотлогдож, Э.Б-аас үл шалтгаалах нөхцөл байдал тэр тусмаа хорио цээр, Э.Б-ыг хэл ам хийгээд байсан тул болихоор шийдвэрлэж хөрөнгө оруулсан мөнгийг өөрөөсөө буцаан өгөхөд хүрсэн.

2. ЭХХШТХ-ийн 8.2 -3-т: хохирогч дараахь үүрэгтэй: мөн хуулийн 3.2-т: хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх: хохирогч анхлан гаргасан гомдолдоо: “бараа материалын мөнгө яаралтай хэрэг болоод байна ахаа 100 сая төгрөг зээлээч” /хх-12/“ ,

хохирогчоос мэдүүлэг авахад /2022.10.25, хх-19/ уурхайд хоолоор үйлчлэх бизнес хийдэг гэдгийг мэдэх учир бараа материал авна гэж хэлэхээр нь итгэж түүний данс руу шилжүүлсэн”, хохирогчоос дахин мэдүүлэг авахад “картаа өгч явуулаад, өөрийнхөө данс руу шилжүүлж аваад ... захиалгын гэрээг хийсэн гэж би мэдэж байсан, ... надаас мөнгө гуйхдаа 246 м.кв талбай худалдаж авъя урьдчилгаа хэрэгтэй байна гэж хэлсэн учир би зөвшөөрсөн...надад хэлэлгүйгээр тухайн гэрээний нөхцөлийг өөрчилсөн гэж байснаа /хх-23/, дахин мэдүүлэгтээ “...уг байр нь тухайн үедээ ашиглалтанд орцон, улсын комисс нь хүлээгээд авсан байсан, /хх-26/, байрны план зургийг нь гаргуулан авч, надад үзүүлж байгаад 100 сая төгрөг авсан”, хохирогчоос мэдүүлэхдээ: “Э.Б өөрөө миний картнаас 100 сая төгрөг авсан” , /хх-32/ хохирогч ерөнхий прокурорт гаргасан гомдолдоо: ... өөрийн виза картаа өгч явуулсан ...ажлын байр худалдаж авахаар шилжүүлсэн мөнгийг хуурч, бодит байдлыг нуун өөрийн хувьдаа ашигласан ...хамтран ажиллах гэж мөнгө авч ажлын байрны гэрээ хийж надад үзүүлсний дараа түүнийгээ өөрчилж өөртөө 2 өрөө байр худалдан авч ашиглаж байгаа үйлдэл нь ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна”,/хх-ийн 166/, хүсэлтдээ: “.. ажлын байр худалдаж авна гэж худал хэлж өөртөө 2 өрөө байр худалдаж авсан”,... надаас залилан авсан 100 сая төгрөгөөр худалдаж авсан 2 өрөө орон сууцыг битүүмжилж өгнө үү /хх-177/, хүсэлтдээ “дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул ЦХТСАХ авах /Э.Б хэрэг бүртгэлтийн шатанд эрэн сурвалжлагдаж байсан/ гэх мэтчилэнгээр бодит нөхцөл байдлыг гуйвуулснаас болж Э.Б-д энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж эцэст нь гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгохоор шүүх рүү шилжүүлсэн байдаг. /хх 190/ ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйл “Мэдүүлэг” мөн хуулийн 3-т: мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг. Хохирогч нь хэрэгт авагдсан түүний мэдүүлгийг няцаасан нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт “миний мөнгийг аваад зугтсан гэдэг”.

3. Хэргийн бодит байдалд дүгнэлт өгөхөд:

2021 оны хавраас Э.Б ах Э.Б-той “ БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр байрлах Ботаник центр хотхонд 246 м.кв үйлчилгээний талбайг нийтийн хоолны чиглэлээр ажиллуулахаар ярилцаж, 2-уул очиж үзээд “хичнээн ширээ багтах, цонх нь хаашаа харсан, гадаах машины зогсоол” зэргийг нь тооцоолоод авахаар шийдсэн байна. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дүү Э.Б-раа 122 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ” -г хийлгэхээр баз хүргэн У-ын хамт явуулсан. Бусдаар гэрээ хийлгэх шалтгаан нь Э.Б-ын хувьд “эргэн төрийн албанд ажиллах” байсан. Улмаар гэрээ байгуулахдаа төлбөрийн асуудал дээр /хх-ийн 91 ар/ урьдчилгаа 100 сая төгрөгийг 2021.8.11-ний өдөр, үлдэгдэл 588.800.000 төгрөгийг 2021.9.15-ны өдөр төлөхөөр тохиролцсон тул энэ нөхцөлийг баз хүргэн, гэрч Ууганбаяр Э.Бод хэлэхэд тэрээр зөвшөөрснөөр 100 сая төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр /хх-ийн 13/ 16:55, 16:56, 16:58, 16:59, 17 цагуудад шилжүүлсэн нь /хх-ийн 49/ авагдсан бол, “...харчхаад болохоор юм байна гэж бодоод Э.Б-д хэлтэл урьдчилгаа 100 сая төгрөгөө хийлээ шүү гэж хэлэхээр нь” гэж гэрч Ууганбаяр Э.Б дүү рүүгээ мөнгө шилжүүлснийг нотолдог ба тэр даруй Э.Б 7 минутын дараа буюу 17:07 минутад ажлын байрны урьдчилгаа гэж компанийн захирал Баттулгын 5006922412 тоот данс руу шилжүүлсэн байдаг.

Э.Б тухайн цаг хугацаанд хоёрдох гэрээ буюу “ 2 өрөө орон сууцны захиалгын гэрээ” №123-г /хх-ийн 55/ хийсэн. Гэрээний 1.5-д: энэхүү гэрээнд харилцан тохиролцсон графикийн төлөлтийг бэлэн төлөлтөөр хийнэ” гэж заасны дагуу /хх-ийн 58/ эхний төлөлтийг 2021.9.18-ний өдөр, 2 дох төлөлтийг 2021.10.18-ний өдөр төлсөн байна. Гэтэл Э.Б гомдол, хүсэлт, мэдүүлэгтээ эхний гэрээний нөхцөлийг тэр даруй өөрчилж, өөртөө 2 өрөө байр худалдан авсан мэтээр ойлголтыг төрүүлсээр ирсэн. Анхан шатны шүүх ч мөн ингэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэтэл 122 дугаартай “ Орон сууцны захиалгын гэрээ” -ний ерөнхий нөхцөлийн 1.1-т: “ доорх нөхцөлөөр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцов” гэж заасан байх ба төлбөр төлөх нөхцөлийг харахад 2021.9.15-ны өдөр 2 дох хөрөнгө оруулалт буюу 588.800.000 төгрөгийг төлөх байтал 1-рт: захиалагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна, 2-рт: Байгууллагын зүгээс гэрээний дагуу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах байсан, 3-рт: Дэлхий нийтээр цар тахал буюу коронавируст халдварт /ковид-19/ өвчин дэлгэрч Монгол улс ч мөн адил арга хэмжээ авч улмаар хатуу хөл хориог тогтоосон төдийгүй үүнтэй холбоотой 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан энэ хуульд 2020.12.31, 2021.01.29, 2021.06.29-ний өдрүүдийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хуулиуд болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг МУ-ын ИХЗГ, УОК онцгой журмаар шийдвэрлэж байсан үед хатуу хөл хорио, хил хаагдсан зэрэг онцгой зүйлийн улмаас бүх салбар зогсонги байдалд орж барилгын ажил зогсонги байдалд орсон байсан билээ. Дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж Э.Б нь Э.Б л гэрчилгээгийн гаргаж өгөхгүй байгаа мэт аашилж Э.Б, Э.Б-ын хооронд маргаан үүсэх болсноор Э.Б байгууллага хурдан мөнгийг нь буцаан төлөхгүй удах нь ойлгомжтой тул өөрийн зүгээс: 2022.2.15-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 20,20,10 саяар, 2021.8.25 нд 19 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт /хх-ийн 75,76/ авагдсан. Нийт 69 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Захиалгын гэрээ 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн. Захиалгыг цуцалж гэрээний мөнгийг Э.Б-ын данс руу хийсэн хугацаа /гэрээг Э.Бын данс руу хийх нь зүйн хэрэг, гэрээнд гарын үсэг зурсан хүн нь Э.Б/ 2022 оны 4 дүгээр сарын 19, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр. Харин 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ах нь дүүгээсээ 19 сая төгрөг зээлж авсан хугацааны мөнгийг Э.Б төлбөртөө тооцох нь зүйн хэрэг байх. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Прогресс цамхаг констракшн” ХХК-нд Э.Б-ын гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллага 77.786.000 төгрөгийг 2 өрөө байрны үлдэгдэлд шилжүүлж, үлдэгдэл 22.214.000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 23-ний өдөр Э.Бын дансанд байгууллагын захирал Баттулгын 0000000 тоот /тухайн дансыг эзэмшдэг болохыг нотолсон ХААН банкны албан бичиг хх-ийн 122 талд авагдсан/ данснаас шилжигдсэн дансны хуулга, гэрээний төлбөр төлөлтийн графикаар /хх-ийн 58, шинээр өгсөн гэрээний хавсралтаар/ 2 өрөө байрны мөнгийг гүйцээж төлсөн цаг хугацаа нотлогдоно. Энэ нь Э.Бын “ анх гэрээг хийхэд л гэрээний нөхцөлийг өөрчилж 2 өрөө байр худалдан авч залилсан” гэх байдлыг үгүйсгэж байгаа болно. Үлдэгдэл 31 сая төгрөгийг: - ХХ-ийн 84-р талд 18 сая төгрөг төлсөн баримт болон хх-ийн 151-р талд авагдсан “Үнэнч Итгэл” ББСБ-гын албан бичигт “автотээврийн газарт зээл бүрэн төлж дууссан тул Э.Б-ын нэр дээр шилжүүлж өгнө үү “ гэсэн нотлох баримт болон Э.Бын мэдүүлэг /хх-ийн 28/, тайлбартаа хэлсэнчлэн “ үлдэгдэлтэй байсныг Э.Б төлөөд 2021 оны 11-р сард шилжүүлж өгсөн” гэх мэдүүлгээр ББСБ-д 25 сая төгрөгийг Э.Б төлсөн тул одоо ямар нэг тооцоо байхгүй билээ.

Түүнчлэн Э.Б нь “надад хэлэлгүй гэрээний нөхцөлийг өөрчилж 2 өрөө байр худалдан авч түрээслүүлэн ашиг олж байгаа” гэсэн ойлголтыг төрүүлдэг ба дээрх фактууд нь 1-т: Э.Быг тухайн өдөр 2 гэрээ хийсэн, 2 дох гэрээ болох 2 өрөө байрны төлбөрийг графикийн дагуу 2 cap төлсөн, 2-т: Э.Б цагдаад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргахаас өмнө буюу 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээг дүгнэж, дуусгавар болгосон байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа тул мөн л түүний гомдлыг үгүйсгэж байгаа болно.

Э.Б нь хэрэг мөрдөн шалгах явцад: Э.Б-ын дансаараа өгсөн 69 сая төгрөгийг /хх-ийн 30, 2024.03,27/ өгсөн мэдүүлэгтээ “энэ өгсөн гээд байгаа 69 сая төгрөгөнд Ланд-200 маркийн машины болон өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн 2 өрөө байрны үнээс төлсөн төлбөр байгаа юм” гэж маш тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ нь шийтгэх тогтоолын 7-р талд ч мөн авагдсан байгаа. Үүнийг нь: хх-ийн 77,78,79-р талд авагдсан 4 удаагийн гүйлгээг хийхдээ машины төлбөр гэж гүйлгээний утгыг бичсэн 20,20,10,20 сая төгрөгийн нийт 70 сая төгрөгийг шилжүүлсэн баримт няцаана. хх-ийн 83-85-р талд: Дансны хуулган дээр О-с авсан 2 өрөө байрны төлөлт “ байрны мөнгө үлдэгдэл 90 саяас” гэсэн гүйлгээний утгатай баримт дээр 2020.11.19-ний өдөр 10 сая, 80 сая төгрөг, төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдож, гомдлыг бас үгүйсгэж байна.

Мөн Э.Б нь “Э.Б-ыг өдийг хүртэл чирч ирсэн, бид хоёрын хооронд урд нь 240 сая төгрөгийн тооцоо байгаа” гэсэн байх тул хэн хэнийгээ чирээд байгааг, төрийн албанд ажиллаж байсан хүн тэр их мөнгийг хэрхэн олж Э.Быг хөрөнгөжүүлсэн гэдэг нь анхаарал татсан тул үүнийг нь тодруулж үзэхэд:

Э.Б нь 2020-2022 оны хооронд 70-200 хүний хоолыг хийж үйлчлэхдээ: Эхнэр Отгонбатад нь: 2020 онд 51 сая, 2021 онд 414.405.000 төгрөг, 2022 онд 32 сая, Э.Б-д : 2020 онд 200.000 төг, 2021 онд 20 сая, 2022 онд 51 сая төгрөгийг тус тус шилжүүлж байсан төдийгүй ажлаа хүлээлгэж өгөхдөө бусдаас 320 сая төгрөгийн авлагатай, 150 хүний 45 хоногийн 300 гаран сая төгрөгийн хоолны бараа материалыг компанид нь үлдээсэн байна. Энэ нь Э.Быг ашиггүй ажиллаж байсан гэдгийг үгүйсгэнэ.

Түүнчлэн “Э.Б-ын байгуулсан компанитай гэрээ байгуулсан иргэн мах нийлүүлсэн төлбөрөө нэхэхэд Э.Б-аас ав” гэснээр 16.850.000 төгрөгийг хүртэл Э.Б төлсөн байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн билээ.

4. ЭХХШТХ-ийн 16.1 дүгээр зүйлийн 13-т: “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үзнэ" гэж заасан ба шийтгэх тогтоолд “шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав” гээд Э.Б-ын мэдүүлгүүд, 46-47,49,51-53,55-58,89-92,94,156,138-142, Э.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтууд 104-113,152 талд авагдсан нотлох баримтуудыг л шинжлэн судалжээ.

Гэтэл хэрэгт авагдчихсан байсан 19,30,75,76,77,78,79,83,85,89-91-р талд авагдсан Э.Быг цагаатгах талын төлбөрийн баримтуудыг шинжлэн судлаагүй төдийгүй, ач холбогдол өгч, өмгөөлөгчийн дүгнэлтэд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг үгүйсгээд байгаа хэргийн үйл баримт, нотлох баримтууд, Иргэний эрх зүйн харилцаа үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болчхоод байхад гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн Э.Б-д холбогдох үйлдэл холбогдол, гэмт хэргийг үгүйсгэж буй нөхцөл байдлуудад дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Б-ын өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн товч утга: 2021 оны хавар Э.Б өөрийн төрсөн ах Э.Б-той уулзаад “ Амгаланд Цагдаагийн академийн урьд талд “ Ботаник центр “ гэх орон сууцны хотхон баригдаж байна. Барилгыг хооронд нь холбосон 2 давхар үйлчилгээний төвийн зориулалтай барилгаас ажлын байр худалдаж авч нийтийн хоолны чиглэлээр ажиллуулъя гэж хэлсэн”. Тэгэхээр нь хамт очиж тэр 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг орж үзсэн.  Тэнд бид нар очоод 246 м.кв талбай бүхий байрыг үзээд хоолны газар байгуулахад хичнээн ширээ багтах, цонх нь хаашаа харсан, гадаах машины зогсоол зэргийг нь үзээд худалдан авахаар шийдсэн.

Тухайн барилгын эзэмшигчтэй уулзаж худалдах-худалдан гэрээ хийхэд Э.Б-тай хамт Э.Б-ын баз хүргэн В.У явсан. Тухайн үед В.У-ыг хамт очоод санхүү талаас нь зөвлөгөө өгөөрэй гэж хэлээд явуулсан юм. Тэр хоёр очоод боломжтой юм байна гэхээр нь авахаар шийдсэн. Тухайн үед гэрээний урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөгийг төлөөрэй гээд өөрийн ХААН банкны картыг Э.Б-д өгсөн байсан. 2021 оны 08 сарын 11-ны өдөр 20 сая төгрөгөөр 5 удаагийн гүйлгээгээр 100,000,000 төгрөгийг Э.Б өөрийн данс руу шилжүүлэн авсан. Ингээд ахтайгаа уулзахгүй алга болсон. Э.Б Э.Б-тай уулзах гээд хайсан чинь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Дүнжингарав захын урд талд “ National park” хотхонд 3 өрөө байр худалдан авсан байсан. Тэгээд гэрт очихоор хаалгаа тайлахгүй, хаалгыг нь чанга цохихоор ахыгаа хаалга үүд балбалаа гээд цагдаад өгч байсан. Үүнээс хойш 2022 оны цагаан сараар ээжтэйгээ ч ирж уулзахгүй алга болсон.  Ингээд өөрийн биеэр нөгөө худалдан авахаар тохирсон ажлын байрыг юу болж байгаа талаар “ Ботаник центр “ хотхон дээр очиж барилгын хүмүүстэй уулзахад ажлын байрны гэрээг цуцлаад харалдаа байранд нь 2 давхарт 2 өрөө байр өөрийн нэр дээр худалдаж аваад ажлын байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг тухайн байрны төлбөрт тушаагаад тэр байраа хүнд түрээслүүлсэн байсан.  Э.Б нь ажлын байр худалдан авах гэрээний урьдчилгаанд төлөх зориулалтаар 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болохоос өөр ямар нэгэн зориулалтаар ашиглах захиран зарцуулах эрхийг олгоогүй юм.  Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь шүүхээс төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 100,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байсан мөн хохирогч, шүүгдэгч нар нь төрсөн ах дүүс, өндөр настай эх нь байдаг тул хохирогчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан. Шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч Э.Б нь шүүх хурал дээр илэрхийлж байсан шигээ хохирлоо төлөөгүй, өөрийн ах дүү нарын дунд шүүх миний талд шийдвэрлэсэн гэж худал ярьж ах Э.Б-той төлбөр төлөх талаар санаачилга гаргахгүй байгаад гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

 

Хохирогч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд эдгээр зүйлс яригдсан. Төрсөн дүү учраас янз бүрийн гомдол гаргаагүй. Би байр, машин зэргээ алдсан. Цагдаа энэ хэргийн 3 жил шалгаж, авлига авч, хэргийн материалыг устгаж байсан. Дахин сэргээсэн. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа өмгөөлөгч Б.Болортуяа надад “баярлалаа” гэж байсан. “Сар шинэ болох гэж байна. Манай настай ээж байгаа. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж өөрөө хэрэг хийчихсэн хүн шиг ингэж хэлээд зогсож байсан. Энэ хүнийг өмгөөлж манай ах, дүү нараас нэг ч хүн шүүх хуралдаанд ирэхгүй. Ийм муухай, нүгэлтэй зүйл хийснийг бүгд мэдэж байгаа. Улиастайд амьдарч байхад нь ээжийнхээ байрны нэг өрөөнд амьдруулж, өөд нь татаж байсан. Мөнгөний бараа харангуутаа Солонгост ажиллаж байгаа нөхрөө хаяж, миний юмнуудыг авч явсан. Банк, санхүүтэй харьцах гэхээр өөр нь үл хөдлөх эд хөрөнгө байдаггүй. Эхнэрийнхээ нэр дээр байсан ээжийнхээ байрыг шилжүүлж өгсөн. Ланд-200 маркийн 0000 улсын дугаартай машины оронд Вангуард гэдэг машин үлдээгээд явсан. Тэр нь дээр нь миний улсын дугаар байдаг. Ирж авдаггүй. “Хохирол барагдуулъя” гэж надтай нэг ч удаа яриагүй. Шүүх дээр уйлаад байсан. Хүүг нь өрөвдөж, ээжийгээ надтай яриарай гэж хэлсэн. Надтай ирээд уулзчих юм бол асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөө зугтаагаад яваад байгаа. Өмгөөлөгч төөрөгдүүлж, үйлдлийг нь өөхшүүлж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч н.Энхбат намайг дуудсан. Баянзүрх захын нэг хүнээс 48,000,000 төгрөг залилсан гэдэг асуудалтай байгаа. Манай өмгөөлөгч рүү “би ахтайгаа холбогдож байгаа” гэж худлаа ярьдаг. Энэ хүнд хариуцлага тооцож, хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хууль заасны дагуу ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлэхгүй байхаар заасан учраас хохирогчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, залилах гэмт хэргийн нэг шинжээр ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар гэх мэт шинжийг орхиж, зөвхөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч бодит байдлыг нуун дарагдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож гэж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийсэн. Мөн хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэж байна. Хохирогч нэг зүйлийг 2,3 талаас нь тайлбарлаж, мэдүүлэг өгсөн болохоос илт худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдоогүй. Мөн хэргийн бодит байдал дээр дүгнэлт хийгээгүй гэж хэллээ. Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, нотлох баримтуудыг үнэлж, няцаах болон тогтоох нөхцөл байдлуудад дүгнэлт хийсэн. Хохирлын асуудал яригддаг. Э.Б-д мөнгө шилжүүлсэн байдаг боловч тухайн 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогддоггүй. Гэрээ болон бусад зүйлтэй холбоотой төлбөрийг шилжүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. 100,000,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь баримтаар тогтоогддоггүй учраас прокуророос хохирлыг төлөөгүй гэж үзэж, шүүх дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр хотхонд 246 мкв үйлчилгээний талбай захиална” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Э.Б-ыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 00000000 тоот дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн дансны хуулга: Хохирогч Э.Бын данснаас шүүгдэгчийн 00000000 тоот данс руу 2021.08.11-ний өдөр нийт 5 удаагийн гүйлгээгээр 100,000,000 /нэг зуун сая төгрөгийг “Бараа материал” гэх утгаар шилжүүлсэн /1хх 13/,

хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний төрсөн дүү Э.Б нь /шүүгдэгч/ над руу залгаад бараа материал хэрэг болоод байна 100 сая төгрөг зээлээч гэхээр нь шилжүүлсэн. ...Гэвч бараа материал авалгүй байрны урьдчилгаанд надаас авсан мөнгөө өгсөн байсан. ...Надаас авсан мөнгөө бараа материал л авна гэж авсан болохоос байранд зарцуулна гэж огт яриагүй. ...” гэх мэдүүлэг /1хх 19-20/,

хохирогч Э.Б дахин: “...Би төрсөн дүү Э.Бын гуйлтын дагуу өөрийн хаан банкны картаа өгч явуулаад “энэ дотор 100 сая төгрөг байгаа үүнийг авч бай” гээд өгөөд явуулсан. ...Тухайн үед миний картнаас мөнгийг өөрийнхөө 00000000 дугаартай данс руугаа шилжүүлж аваад ажлын байр авахаар захиалгын гэрээ хийсэн газрын дансанд бүтнээр нь 100 сая төгрөг шилжүүлсэн. ...Надаас мөнгө гуйхдаа БЗД-ийн 12 дугаар хороонд баригдаж байгаа “Ботаник центр” цогцолбороос хоёр давхарт 246 мкв талбай худалдаж авъя урьдчилгаа хэрэгтэй байна гэж хэлсэн учир би зөвшөөрсөн. Учир нь манай ээж Э насаараа тогооч хийсэн, Э.Б /шүүгдэгч/ бас тогооч хийдэг байсан болохоор гэр бүлээрээ ажлын байртай болвол хойшид амар юм даа гэж бодсоны үндсэн дээр би урьдчилгаа болох 100 сая төгрөгийг төлсөн юм. Би өөрөө яагаад очоогүй вэ гэвэл буцаад төрийн албанд ажиллах бодолтой байсан учир гэрээг өөрийн нэрээр хийгээгүй. Тиймээс Э.Б өөрийнхөө нэрээр захиалгын гэрээг хийсэн гэж би мэдэж байсан. Э.Б /шүүгдэгч/ надад хэлэлгүйгээр тухайн гэрээнийхээ нөхцөлийг өөрчилж тус “Прогресс цамхаг Констракшн” ХХК-аас 2 өрөө байр худалдаж аваад тэрийгээ өөрийнхөө нэр дээр болгож бусдад түрээслүүлэн мөнгө олж байгаа. Үүнийг нь би 2022.06 дугаар сард би тухайн ажлын байр худалдан авахаар захиалсан компанитай утсаар ярьж байж түүнийг надаас ажлын байр авахаар зээлж авсан мөнгөөрөө байр худалдаж авсан болохыг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 23-24/,

            хохирогч Э.Б дахин:  “...Манай ээж насаараа тогоочийн ажил хийсэн хүн. ...Тухайн үед Э.Бтай /шүүгдэгч/ ярилцаад ээждээ тогоочийн ажлын байр бэлдэж өгье гэж ярилцаад байр худалдаж авахаар болоод 100,000,000 сая төгрөг надаас авсан. Уг байр нь тухайн үедээ ашиглалтанд орцон, улсын комисс нь хүлээгээд авсан байсан. Тэгтэл Э.Б уг байрыг ашиглалтанд ороогүй байсан, улсын комисс хүлээж аваагүй байсан гээд худлаа хэлээд дайраад байгаа. Хамгийн гол нь Ботаник таун центр цогцолборын гүйцэтгэгч талтай гэрээ байгуулж, байрны план зургийг хүртэл гаргуулан авч надад үзүүлж байгаад надаас 100,000,000 сая төгрөг авсан.

Тэгээд надаас авсан 100,000,000 сая төгрөгөөрөө уг анх авах гэж байсан ажлын байрны яг хажуу талын хаалганд хүн амьдрах 2 өрөө орон сууц худалдаж аваад өөр хүмүүст түрээслээд ашиг олоод явж байсан. ... Надад энэ талаараа огт хэлээгүй, надаас нуусан байсан. Миний 100,000,000 сая төгрөгийг надаас нууцаар хувьдаа ашиглаж, хүн амьдрах нөхцөлтэй байр аваад уг байраа түрээслээд ашиг олоод явж байгаа энэ залилан хууран мэхэлж байгаа үйлдлийг хурдан шалгуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх 26/,

хохирогч Э.Б дахин: Тухайн барилгын эзэмшигчтэй уулзаж худалдах-худалдан гэрээ хийхэд Э.Бтай хамт манай баз хүргэн В.У явсан. Би В.У-ыг хамт очоод санхүү талаас нь зөвлөгөө өгөөрэй гэж хэлээд явуулсан юм. Тэр хоёр очоод гэрээ байгуулсан байсан. Ажлын байр худалдан авах урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөгийг төлөөрэй гээд өөрийн ХААН банкны картыг өгөөд явуулсан. Миний данснаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20 сая төгрөгөөр 5 удаагийн гүйлгээгээр 100,000,000 төгрөгийг Э.Б өөрийн данс руу шилжүүлэн авсан. Ингээд л надтай уулзахгүй алга болсон. Би Э.Б-тай уулзах гээд хайсан чинь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Дүнжингарав захын урд талд байр худалдан авсан байсан. ...Тэгэхээр нь би өөрөө явж нөгөө худалдан авахаар тохирсон ажлын байрыг юу болж байгаа талаар “Ботаник центр” дээр очиж барилгын хүмүүстэй уулзахад ажлын байрны гэрээг цуцлаад харалдаа байранд нь 2 давхарт 2 өрөө байр өөрийн нэр дээр худалдаж аваад хүнд түрээслүүлсэн байсан. Э.Б бидний хооронд 2 өрөө байр худалдаж авах ямар нэгэн яриа гараагүй зөвхөн ажлын байр худалдан авч ресторан, нийтийн хоолны чиглэлээр ажиллуулахаар ярилцсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 28-30/,

гэрч Х.Отгонбат /хохирогчийн Э.Бын эхнэр/: “...Манай нөхөр Э.Б-тай /шүүгдэгч/ хамтарч ажлын байр худалдаж авахаар 100 сая төгрөг түүнд өгсөн чинь миний мөнгөөр 2 өрөө байр аваад хүнд түрээслүүлчихсэн байна гэсэн. ...Э.Баас машины мөнгө, байрны мөнгө гэсэн утгатай мөнгө орж ирж байсан. ...Тэр нь нөхөр бид 2 өмнө амьдарч байсан 3 өрөө байраа 2 өрөө байр болгон өөрчилж Э.Б-д зарсан. ...Бас манайх машинаа Э.Б-д зарсан. ...Тэдгээрийн мөнгө л миний дансанд цувуулан ирдэг байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 46-47/,

гэрч Г.Баярцэцэг /Тухайн барилгын нягтлан/: “...Э.Б нь Ботаник Центрээс  үйлчилгээний талбай болон 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулсан. ...Захиалах гэрээ байгуулахдаа урьдчилгаа 100 сая төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд манай байгууллагын зүгээс ковид-19 гарсантай холбоотойгоор уг байрны гэрчилгээ гарахгүй удаад байсан болохоор Э.Б нь гэрээгээ цуцалъя гээд байхаар нь манайх Э.Б-ын мөнгийг буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 51-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

2. Прокуророос шүүгдэгч Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-ыг “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Болортуяа “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Б-д үйлчилгээний талбайг хамтран худалдах талаар тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Прогресс цамхаг констракшн” ХХК-тай гэрээг байгуулж/ 1хх 89-91/ гэрээний төлбөрт хохирогч Э.Б-ын 100,000,000 төгрөгийг шилжүүлж авсан байх боловч дээрх гэрээг цуцалж төлбөрийг өөрийн захиалсан 2 өрөө байрны төлбөрт тооцуулахаар өгсөн талаараа хохирогчид мэдэгдээгүй, дээрх мөнгийг буцаалт хэлбэрээр авсан /1хх 53, 58/ атлаа хохирогч Э.Б-ын уг хөрөнгийн зориулалт, түүний хүсэл зоригийн илэрхийлэл, харилцан буцааж өгөх, захиран зарцуулан бусад байдлын талаар мэдэгдэлгүй дур мэдэн захиран зарцуулсан үйлдэл нь хохирогч Э.Бын өгсөн мэдүүлгүүд /1хх 19-20, 23-24, 26, 28-30/, гэрч Х.О-ын өгсөн мэдүүлэг /1хх 46-47/, гэрч Г.Б-ийн өгсөн “...Би “Прогресс цамхаг констракшн” ХХК-д нягтлангийн ажил эрхэлдэг. 2021.08.11-ний өдөр Э.Б нь /шүүгдэгч/ “Ботаник Центр”-ээс 246 м2 үйлчилгээний байр болон 52,67 м2 2 өрөө байрыг тус тус авахаар гэрээ байгуулсан. 246 м2 үйлчилгээний байр захиалах гэрээ байгуулахдаа урьдчилгаа 100,000,000 сая төгрөг дансаар шилжүүлж, үлдэгдэл 588,800,000 төгрөгийг нь зээлээр буцаан төлнө гэж тохирсон. Харин 52,68 м2 2 өрөө байрыг захиалах гэрээ байгуулахдаа урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр сар бүр төлөх график зээлээр төлөхөөр тохирч сард 19,300,000 төгрөг төлөхөөр нийт 6 сард 115,786,000 төгрөгийн тооцоо төлж дуусахаар байсан. Э.Б нь /шүүгдэгч/ уг 2 өрөө байрны эхний 2 сарын урьдчилгаа мөнгө болох 2021.09.18-ны өдөр 19,000,000 төгрөг, 2021.10.18-ны өдөр 19,000,000 төгрөгийг тус тус захирал Баттулгын данс руу шилжүүлсэн. Тэгтэл Э.Б нь /шүүгдэгч/ 246 м2 үйлчилгээний байрны гэрээг цуцалбар болгож 100,000,000 төгрөгийг нь 52,68 м2 2 өрөө байрны үлдэгдэлд шилжүүлэх хүсэлт гаргаж өгсний дагуу 246 м2 үйлчилгээний байр захиалах гэрээг дуусгавар болгосон. Тэгээд 52,68 м2 байрны үлдэгдэл 77,786,000 төгрөгийг урьдчилгаа 100,000,000 төгрөгөөс төлж дуусгасан. Харин 100,000,000 төгрөгөөс үлдсэн 22,214,000 төгрөгийг тус үйлчилгээний байранд засал чимэглэл хийлгэсний засвар үйлчилгээг харилцан тохиролцож хийлгэсэн тул уг зардалд уг 22,214,000 төгрөгийг тооцож авсан. Ингээд Э.Б нь /шүүгдэгч/ 52,68 м2 2 өрөө байрныхаа 115,786,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч манай байгууллагын зүгээс ковид-19 өвчинтэй холбоотой уг байрны гэрчилгээ гарах гэж удсан тул Э.Б нь /шүүгдэгч/ байрны гэрчилгээ удаад байна байраа буцааж мөнгөө авъя гээд манай байгууллагаас улсын комиссын акт удааширсантай холбоотой байрны гэрчилгээний маргаан үүсэж уг байрны гэрээг цуцалбар болгож 115,786,000 төгрөгөөс дулаан цахилгаан ус зэрэг хэрэглээний зардлыг хасаж мөнгийг нь бүрэн буцааж өгсөн. Э.Б-ын хүсэлтээр уг 246 м2 байр захиалсан гэрээг дуусгавар болгож урьдчилгаа 100,000,000 төгрөгийг 52,68 м2 байрны үлдэгдэл тооцоонд оруулж байрны төлбөрийг бүрэн төлье гэсэн хүсэлтийн дагуу 2 өрөө байрны үлдэгдэл 77,786,000 төгрөгт нь суутгаж байсан. Харин үлдэгдэл 22,214,000 төгрөгийг нь өмнө 246 м2 байрны засварын ажил хийлгэнэ гэж тохирч байсан Э.Б манайхаас уг үйлчилгээний байранд засвар хийх ажлын хөлсөнд суутгаж авахаар Э.Б-тай тохирч байсан. Дуусгавар болсон гэрээг манай байгууллага хийдэггүй. Э.Б-ын өөрийнх нь хүсэлтээр гэрээг цуцалбар болгож 100,000,000 төгрөгийг 2 өрөө байр руу нь суутгуулж байсан. Уг баримтын гэрээ дуусгавар болсон өдрөөр гэрээний хавсралтад тэмдэглэлээ хийж өгсөн. ....” гэх мэдүүлэг /1хх 51-53/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э.Б-ын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр хотхонд 246 мкв үйлчилгээний талбай захиална” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Э.Б-ыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 0000000 тоот дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” хүндрүүлэх шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн Э.Б-ын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, түүний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан торгох болон хорих ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Э.Б-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал болох 47 настай, эмэгтэй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирлоо төлөхөөр эд хөрөнгийн баталгаа гаргасан зэрэгт тохирсноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

4. Хохирогч Э.Б-ын өмгөөлөгч Я.Баярсайхан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно" гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор хүлээн зөвшөөрч дээрх заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар “...хүндрүүлж. ...” гэснийг хассан өөрчлөлтийг оруулсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан “Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ” 39.9 дүгээр зүйлд заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр” гаргахдаа хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрх хэмжээ, шийдвэрийг дээрх хуулиар хориглосон тул хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудал хууль зүйн үндэслэлгүй.

5. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хохирлоос хохирогч Э.Б-д 50,000,000 /тавин сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж дүгнээд, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэх, хохирогч Э.Б-ын өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/493 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Болортуяа, хохирогч Э.Б-ын өмгөөлөгч  Я.Баярсайхан нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ