| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2411000000974 |
| Дугаар | 2025/ДШМ/422 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/422
2025 04 08 2025/ДШМ/422
Ч.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Ч.Ч-ий өмгөөлөгч М.Алтанцэцэг,
хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Д.Батбилэг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Ч-ий гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411000000974 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Ч, 1996 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, “00” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор 00 тоотод түр оршин суудаг, /РД:00000000/,
Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг:
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2 дугаар зүйлд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 713 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан хувийн байдалтай.
Шүүгдэгч Ч.Ч нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын ойролцоох “МН” тауэрын гадаа хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум, хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн арын хананд сэлтэрсэн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ч.Ч-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-д оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Ч.Ч-д Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Чээс эмчилгээ хохирлын 5.000.000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан эдийн бус гэм хорын хохиролд 3.300.000 төгрөг нийт 8.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Ч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хохирогч Б.А-ийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд эмчилгээтэй холбоотой баримтыг үнэлж, 5 сая төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Б.А нь эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. ...Хувийн эмнэлэгт үзүүлэхэд заавал төлбөр төлсөн баримт байхаас гадна уг эмнэлэгт үзүүлсэн бол эмчлүүлэгчийн картанд бичилт хийдэг бөгөөд уг хагалгааг улсын эмнэлэгт 800.000 төгрөгөөр орох боломжтой байхад яагаад заавал хувийн эмнэлэгт 5 сая төгрөгөөр орох боломжтой гэсэн бичиг авч ирж байгааг хууль бус нотлох баримт гэж үзэж байна. Уг баримтыг тухайн эмнэлэгт ажилладаг хэн нэгэн хүнээс хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх хурлаас өмнө 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссан талаар прокурор болон шүүгчийн туслахад хэлж байсан. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй гэсэн. Миний бие 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан дээрх торгох болон, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн гүйцэтгэж дуусан болно. Гэтэл тогтоох хэсэгт тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолоос хохирогчид төлөх 5,000,000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолыг давхцуулж эдлүүлэхээр заасныг зөвтгөж хасаж өгнө үү. ... гэжээ.
Шүүгдэгч Ч.Ч-ий өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүх хохирогчид учирсан хохирлыг түүний шүүхэд гаргаж өгсөн 5,000,000 төгрөгийн баримтыг үндэслэж, хагалгаанд ороогүй буюу учраагүй хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч хувийн эмнэлэг биш улсын эмнэлэгт 800,000 төгрөгөөр тус хагалгааг хийлгэх боломжтой. Хохирогч хувийн эмнэлэгт үзүүлсэн бол мөнгө төлсөн баримт байх ёстой. Гэтэл хохирогчоос манай эмнэлэгт энэ хагалгааг 5,000,000 төгрөгөөр хийх боломжтой гэсэн бичиг өгсөн. Амбулаторын карт, и баримт, эмчид үзүүлсэн баримтгүй учраас нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5,000,000 төгрөгтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчийг 480 цаг нийтэд тустай ажил хийх буюу 1,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө энэ ялаа эдэлж дууссан гэдгээ прокурорт хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд энэ баримтууд байгаагүй учраас ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхэд сая эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг гаргаж өгсөн. Бодит эмчилгээ, хагалгаанд орсон мөнгө, сэтгэцэд учирсан хохирлыг төлнө. Анхан шатны шүүхийн ял шийтгэл оногдуулсан дээр гомдолгүй. ...” гэв.
Хохирогч Д.Б.А тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Д.Батбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Ч эмчилгээний 5,000,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх шаардлагагүй, 800,000 төгрөгөөр улсын эмнэлэгт эмчилгээ хийлгэх боломжтой, баримт нь хууль бус байна гэдэг агуулгатай гомдол гаргасан байна. Хохирогч пластик мэс ажилбар хийлгэх гэж байгаа. Улсын эмнэлэг пластик мэс заслыг хэр барагтаа хийдэггүй. Эрүүл мэндийн байгууллагыг сонгон үйлчлүүлэх нь хуулиар олгогдсон эрх гэж бодож байна. Гэмт хэргийн хохирогч болсноор улсын эмнэлэгт 800,000 төгрөгөөр үзүүлнэ гэж байгаа гомдол үндэслэлгүй байна. 5,000,000 төгрөгийн баримтыг хууль бусаар үйлдсэн гэж байна. Уг эмнэлгийн баримт дээр бар кодоор баталгаажсан. Бар код нь тухайн нотлох баримтын эх сурвалжийг зааж байгаа. Хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа бол гомдол гаргаж, шалгуулах эрх нь нээлттэй. Пластик мэс засалд орсноор гэмт хэргийн хохирогч болохоос өмнөх байдалд орж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх сэргэнэ гэж үзэж байна. Зөвхөн хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд эмнэлгийн карт олгодог. Үзлэг хийлгэж, үзлэгээр тогтоогдсон хацрын ясны цөмрөлийн пластик мэс засал 5,000,000 төгрөг болно. 5,000,000 төгрөгөөр урьдын байдалд шинжинэ гэдэг агуулгатай баримт. Тиймээс давж заалдах гомдлын 5,000,000 төгрөгтэй холбоотой хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Хохирогчид учирсан гэмтэл нь бодит факт. Хохирогч өөрийн сонгож авсан байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Хохирогч өөрөө судалж, пластик мэс засал хийх боломжтой байгууллагын үнийн саналыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хохирлыг шүүх баримтын хүрээнд дүгнэж, хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 2024 оны 09 дүгээр сард шүүгдэгчийн өмнө нь эдэлж байсан эрүүгийн хариуцлага ял шийтгэлтэй холбоотой баримтыг авсан. Шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, ял эдэлж байгаатай холбоотой баримтыг аваагүй байх үед шүүх хурал болсон. Шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан эсэх нь тодорхойгүй байсан учраас тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзсэн. Прокурорын зүгээс ялыг тусад нь эдлүүлэх санал гаргаж, шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүх ямар нэг байдлаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэж тайлбарлаагүй, хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чий гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тодруулбал;
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Шүүгдэгч нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байжээ. /хх 45-46/
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Ч-д хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх ёстой атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталсан, хууль хэрэглээний алдаа гаргасан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаж гарч чадаагүй байгааг зөвтгөж шийдвэрлэх шаардлагатай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан “... гэмт хэрэг тус бүрд ял оногдуулсны дараагаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэсэн зохицуулалт нь хэд хэдэн гэмт хэрэгт тус тусад ял оногдуулснаар нэмж нэгтгэх тухай зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл шүүх аливаа хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ эрх олгосон, эсхүл үүрэг болгосон шинжтэй заалтуудыг хэрэглэх, үнэлж дүгнэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэнэ.
Шүүгдэгч Ч.Ч-ий нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн байдал, хугацааг бодитойгоор тогтоосон баримтат мэдээллийг цуглуулах, шалгах, үнэлж үзсэний дараагаар шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны журмыг хэрэглэх үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийн талаар хууль ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
2. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар огт дүгнэлгүй орхигдуулж, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгор ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зүй зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Ч нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын ойролцоох “МН” тауэрын гадаа хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум, хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн арын хананд сэлтэрсэн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийг харгалзахгүйгээр “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ...” гэсэн үндэслэлээр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх ба шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд удаа дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн эсрэг” гэмт хэргийг үйлдэж, тухайн зүйл хэсэгт зааснаар ял шийтгүүлж, дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байхад торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ч.Ч-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ