Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч С.б,

Шүүгдэгч М.Онарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ____ овогт М____н О_т холбогдох ______дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Онь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Оын өгсөн:

“...Би иргэн Э.Аыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, надад сонсгож байгаа зүйл ангийг мөн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Аы өгсөн:

            “...2018 оны 4 сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн нарангийн 13-226 тоотын гадна өөрийн автомашинаа янзлаад сууж байхад Баатар гэх хүн ирээд чи наашаа хүрээд ир гэж хэлэхээр нь би завгүй байна та өөрөө хүрээд ир гэж хэлэхэд чи яасан том юм бэ гэж хэлээд миний өөдөөс салаавч гаргаад ахиад салаавч гаргаж байхаар нь цохиж байна гэж бодоод тэврээд авахад миний нүүрэн тус газар нэг удаа хальт цохисон. Баатар гэх хүн намайг 2-3 удаа цохиж намайг боосон тэр үед хажуу айлын хүмүүс ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 5-8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч И.Дын өгсөн:

  “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн үед гадаа хашаагаа янзалж байсан. Баатар ирээд Алтанбаганыг буугаад ир гэж хэлсэн, Алтанбагана би завгүй байна, та гараад ир гэж хэлсэн. Үгийн зөрүүгүй Баатар Алтанбаганыг хэл амаар доромжилон заамдаж аван нүүр рүү нь цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 4916 тоот: 

1. Э.Аын биед зүүн хөмсөгний шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 13/,

 

            - Хохирогч Э.Аы Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 27/,

 

Шүүгдэгч М.Оын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 21/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 22/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.От холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос М.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Онь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Аы “...Баатар гэх хүн намайг 2-3 удаа цохиж намайг боосон тэр үед хажуу айлын хүмүүс ирж салгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч И.Дын “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн үед ... Баатар Алтанбаганыг хэл амаар доромжилон заамдаж аван нүүр рүү нь цохиж авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 4916 тоот дүгнэлт, шүүгдэгч М.Оын “...Би иргэн Э.Аыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, надад сонсгож байгаа зүйл ангийг мөн хүлээн зөвшөөрч байна...” гэсэн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Аа нь “...эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал байхгүй...” /хх-н 27/ гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч М.Онь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч М.Онь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.От Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ялыг 1 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ гол овогт М_н О_ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.О-ын торгох ялыг биелүүлэх хугацааг 1 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ