Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

 

 

 

 

 

     2025        3              13                                                          2025/ДШМ/21

 

 

 

 

С.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.А. /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2434004160517 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,                                         шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б. овогт С. Б., 1. оны   дүгээр сарын  -ны өдөр Т  аймгийн Б  суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт У  хот, С  дүүрэг,  дугаар хороо,   тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: .

 

2. С.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн МИХ сууцны хорооллын гудамжинд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн тэжээвэр Немц үүлдрийн нохойд зориулалтын хошуувч зүүлгээгүйн улмаас тухайн гудамжинд үхэр тууж явсан 5 настай эрэгтэй Т.Д ыг хазаж, эрүүл мэндэд зүүн бугалга, дух, нуруу, өгзөгт шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Төв аймгийн Прокурорын газраас С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б  овогт С Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулж,  

Шүүгдэгч С.Бод оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь насанд хүрээгүй хохирогч Т.Дарханбаярт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд 4,190,326 төгрөг төлснийг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баасанхүү нь цаашид гарах эмчилгээний зардалтай нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,

Эрүүгийн 2434004160517 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Төв аймаг, Батсүмбэр сум 1-р багийн нутаг дэвсгэрт МИХ сууцны хорооллын гудамжинд манай гэрийн тэжээвэр нохой болох Немц үүлдрийн нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Дарханбаярыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн шатанд ч мэдүүлгээ тогтвортой өгч байсан. Хэрэг гарсан даруйд насанд хүрээгүй хохирогч Т.Дарханбаяр, насанд хүрээгүй гэрч Т.Тэргэлсаран нарыг эх Д.Баасанхүү болон өөрийн эхнэрийн хамт Батсүмбэр сумын эмнэлэгт очиж үзүүлэн, анхан шатны ариутгал боолт хийлгэсэн. Мөн өөрсдийн унаагаар ГССҮТ рүү авч явж, үзлэг хийлгэн, боолт хийгээд буцаах гэхэд нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүсэхээс сэргийлэх, эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнг сайжруулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнуудад хүсэлт тавьж, Т.Дарханбаярыг 5 хоног хэвтүүлэн эмчлүүлсэн, мөн хэрэг гарсан өдөр болох 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болон 11-ний өдөр шаардлагатай хэрэгсэл болох гарын сойлт, барагшун, эмнэлэгт өмсөх хувцас, ахуйн хэрэглэл зэргийг авч өгч, 325,326 төгрөгийн дэмжлэг үзүүлж, хохиролд 3,864,500 төгрөг нөхөн төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно.

Хэдийгээр насанд хүрээгүй хохирогчийн эцэг н.Тунгалагтамирын 1,928,000 төгрөгийн сарын үндсэн цалинтай, 772,000 төгрөгийн хангамжтай, 2024 оны 7 дугаар сард 14 хоног ажиллаагүй гэх "Vertex mining partner" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/163 дугаартай албан бичиг, тодорхойлолт, 2024 оны 7 дугаар сард 151,503.35 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай төрийн үйлчилгээний цахим сангийн лавлагаа, өмнө төлсөн сорви арилгах тосны үнийг дахин нэхэмжилсэн зэргээс н.Тунгалагтамирын сарын үндсэн цалин, хангамжийг бүтнээр буюу 2,700,000 төгрөг болон нэхэмжилсэн зарим мөнгөн дүнг төлж барагдуулах ёстой эсэх нь эргэлзээтэй байсан ч насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй учирсан хохирлын талаар маргахаас зайлсхийж, төлж барагдуулсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

2. Миний хувьд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан, учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн. хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх боломжийг эдлэх хүсэлтэй байсан. Миний холбогдсон гэрийн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Дарханбаярыг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх боломжтой байсан. Мөн гэрийн тэжээвэр нохойгоо хангалттай сургаж чадаагүй, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулсандаа ихэд гэмшиж, Немц үүлдрийн нэг настай Артем нэртэй Овчарк нохойг дахин бусдыг хазаж, гэмтээх, эрүүл мэндэд нь хохирол учруулахаас сэргийлж, хилийн цэргийн нохойн сургуульд буюу илүү хэрэгцээт газарт нь хандивлаж, сургалтад хамруулж, одоо хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа талаар нь шүүхийн шатанд удаа дараа мэдүүлсэн болно. Миний хувьд анх удаа, хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд бага насны хүүхдээ сургуульд хүргэж өгч, авдаг зэрэг ар гэрийн шалтгаанаар 2024 оны 8 дугаар сараас ямар нэг ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан надад оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

6. Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бод оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бод  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцжээ.  

           

            3. Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн МИХ сууцны хорооллын гудамжинд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн тэжээвэр Немц үүлдрийн нохойд зориулалтын хошуувч зүүлгээгүйн улмаас тухайн гудамжинд үхэр тууж явсан 5 настай эрэгтэй Т.Дарханбаярыг хазаж эрүүл мэндэд зүүн бугалга, дух, нуруу, өгзөгт шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэлсарангийн: “...2024 оны 7 дугаар сарын 10-ны орой дүү Т.Дарханбаярын хамт гудамжинд өөрийнхөө үхрийг хашаа руугаа туугаад явж байтал нэг хашаанаас нохой гэнэт гарч ирээд дүү Т.Дарханбаярыг хазсан. Тэгэхээр нь би барьж явсан шилбүүрээрээ ороолгосон чинь холдчихоод буцаж ирээд дайрч дахин дүүг маань хазсан. Хазсан нохойны эзэн бололтой хоёр хүүхэд нохойгоо хорьж, ээж маань араас машинтай дагаад явж байсан. ...Манай дүүгийн гараас нь аймар хазсан...” /хх-н 15/ гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баасанхүүгийн: “...2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед би өөрийн машинтайгаа Агьтын гудамжинд байх худгаас үхрээ аваад 5 настай хүү Т.Дарханбаяр, 10 настай охин Т.Тэргэлсаран нар туугаад би машин дотроос хараад дагаж явтал ...5 настай хүү Т.Дарханбаярыг эхэлж хазаж унагаад дараа нь охиныг маань бас хазсан. Би машинаа зогсоож араас нь гүйж очиж нөгөө нохойг салгах гэтэл над руу бас дайрсан. ...хүү Т.Дарханбаярын зүүн гарын бугалга хэсгийн махыг нь яраад хаясан байсан ба олон тооны шүд орсон, мөн охиныг маань бас олон удаа хазсан байсан. ...Гомдол саналтай байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” /хх-н 17/ гэх,

Насанд хүрээгүй хохирогч Т.Дарханбаярын: “...Би 2024 оны 7 дугаар сарын 10-ны орой эгч Т.Тэргэлсарангийн хамт худгаас үхэр, тугалаа туугаад гудамжаар гэр рүү явж байтал гэнэт нохой гарч ирээд эгч бид хоёрыг хазсан. ...эгч бид хоёр эмчид үзүүлсэн. Би эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна.” /хх-н 23/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “...Иргэн Т.Дарханбаяр нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 330,440 төгрөгийн хөнгөлөлтийг гаргуулсан байна. Т.Тэргэлсаран нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 249,642 төгрөгийн хөнгөлөлтийг гаргуулсан байна. 580,082 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжилж байна.” /хх-н 31/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 939 дугаартай “1. Т.Тэргэлсарангийн биед баруун шуунд хазагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Т.Тэргэлсарангийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /хх-н 82-84/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 957 дугаартай “1. Т.Дарханбаярын биед тухайн үед зүүн бугалгад урагдсан шарх, баруун өгзөг, дух, зүүн зулайн хуйх, нуруунд олон тооны шарх гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх зүүн бугалгын хууларсан шарх гэмтэл нь одоогоор тавшиж гүйцэт эдгэрээгүй байгаа тул эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад шарх, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-н 87-90/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэмт хэргийн үндсэн шинж нь орчин тойронд аюул учруулж болох гэрийн тэжээвэр амьтныг олон нийтийн газар авч явахдаа тусгай хөтөлгөө, хошуувч хэрэглээгүй, эсхүл тухайн амьтныг орон сууц, хашаа зэрэг өөрийн амьдарч байгаа бүсэд байлгахдаа хараа хяналтгүй орхисон, тасарч алдуурахааргүй уяагүй, эсхүл зориулалтын торонд байлгаагүй, сул байгаа тохиолдолд өөрийн амьдарч байгаа бүсээс гарч гудамж, талбайд чөлөөтэй нэвтрэх боломжийг нь хязгаарлан хаалга, цонх, хашаа зэрэг газруудыг хааж, бэхлэх үүргээ уг амьтныг эзэмшигч биелүүлээгүйн улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан байдаг тул прокуророос шүүгдэгч С.Бод зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

5. Шүүгдэгч С.Бод холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

7. Шүүгдэгч С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

8. Шүүгдэгч С.Б нь “...насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй учирсан хохирлын талаар маргахаас зайлсхийж, төлж барагдуулсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Миний хувьд анх удаа, хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Надад оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

           

            9. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд аливаа гэм буруутай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг хууль ёсны зарчимд үндэслэн тодорхойлох ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.

            Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу шүүх, шүүгч нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах зэрэг онцгой бүрэн эрхийг эдэлдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч С.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч С.Б нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Дарханбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, уг гэмт хэргийн хохирол, хор уршигт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4,190,326 төгрөгийг, мөн  Эрүүл мэндийн даатгалын санд 424,082 төгрөгийг тус тус төлсөн.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.” гэсэн хууль ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч С.Бын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх тул хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэх шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

           

            10. Иймд шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

            11. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, ...” гэж бичигдсэн нь шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 2 удаа тогтоосон мэт, мөн 4 дүгээр заалтад “...шүүгдэгч С.Бод оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай” гэж шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хэд хэдэн газарт даалгасан мэт ойлгогдохоор ойлгомжгүй бичигдсэнийг зөвтгөн дээрх заалтуудад утга, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан дээрх үндэслэл нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл болон түүнд оногдуулсан ял шийтгэлтэй холбоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлаагүй болно.  

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэж,

            4 дэх заалтын “ ...Шүүгдэгч С.Бод оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.” гэснийг “...Шүүгдэгч С.Бод торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   

                    ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              М.МӨНХДАВАА  

 

                        ШҮҮГЧИД                                            А.ЦЭРЭНХАНД

                                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ