Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____ овогт Д_н Н_т холбогдох эрүүгийн 1______1 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______

 

Шүүгдэгч Д-н Н нь 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг, дэлгүүрийн орчим иргэн Д.Сын биед хүч хэрэглэхгүйгээр довтолж, айфоне 5 эс загварын гар утсыг илээр хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ:

“...Хорооллын эцэст явж байхад урд нэг охин явж байхаар нь гар руу нь цохиод утсыг нь аваад явсан. Тэгээд байрны голоор явж байхад намайг хоёр залуу бариад авсан...” гэх мэдүүлэг,

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Нын өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байсан байх цагийг нарийн санахгүй байна. Ганцаараа Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүрийн ойролцоо гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэр үед нэг охин автобусны буудлын ойролцоо алхаад явж байхаар нь би гар руу нь гараараа цохисон юм. Тэгээд зугтаасан чинь нэг залуу миний араас гүйж ирээд намайг байрнуудын дунд гүйж явахад барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Сын өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг" дэлгүүр орчим Гандан талруугаа ганцаараа алхаад явж байсан. Тэгээд би гар утсаараа ярих гэтэл сим карт нь хөндийрөөд болохгүй байсан ба сим картаа янзлах гээд гар утсаа оролдоод явж байтал нэг танихгүй залуу миний барьж явсан гар утсыг гарнаас минь шүүрч аваад зугтаасан. Тэгээд тэр хавьд зогсож байсан таксины ах миний гар утсыг булаасан залуугийн араас нь хөөгөөд тэр залууг барьж өгсөн. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Хийн өгсөн:

            “...Би хувиараа оройн цагаар таксинд явдаг. 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 18-р хороо Алтантөгрөг дэлгүүрийн хажууд такси барих хүн хараад зогсож байтал миний машины урдуур 20 орчим насны хар куртиктэй эмэгтэй хүүхэд гар утсаа бариад явж байсан. Тэгтэл араас нь 165-170 см орчим өндөртэй хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар хөх өнгийн пүүзэн гуталтай 22 орчим насны эрэгтэй хүн гар утсыг нь шүүрээд зугтаахаар нь би хамт явж байсан өөрийн дүү болох Арвиннэмэхийг машиндаа үлдээгээд араас нь гүйгээд барьж автал миний гарыг мултлаад зугтаагаад явсан. Тэгэхээр нь гарч ирж магадгүй гээд харанхуй хэсэг рүү гүйгээд ортол зугтаасан залуу өөдөөс гараад ирэхээр нь бариад автал бас гар мултлаад зугтаагаад явсан. Тэгэхээр нь буцаад машин дээрээ очоод утсаа булаалгасан охиныг суулгаад Номуун эмнэлгийн урд талд очоод хартал явган хүний замаас бууж ирж байхаар нь өөрийн дүү Арвиннэмэхийг дагуулаад араас нь очоод нөгөө залууг барьж аваад цагдаа дээр аваачсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Аийн өгсөн:

            “...Би өөрийн ах Хүдэрмөнхтэй түүний машинтай таксинд явах гээд зогсож байтал ганцаараа явж байсан эмэгтэйгийн араас нь эрэгтэй хүн ирээд гар утсыг нь булаагаад зугтаагаад явсан. Тэгтэл манай ах араас нь гараад удалгүй нөгөө залууг бариад алдчихлаа гээд хүрээд ирсэн. Тэгтэл нөгөө хохирогч охинтой бид 3 ийшээ явсан байж магадгүй гээд доошоо яваад зогсож байтал нөгөө гар утас булаасан залуу яг зам дагаад гараад ирэхээр нь ах бид 2 очоод барьж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 16/,

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Шгийн өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө тайшир-113 машинт эргүүлийн чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тайшир-113 машин эргүүлийн чиглэл нь Алтан төгрөг дэлгүүр орчимыг хариуцаж 24 цагаар эргүүлд явдаг. Тэр шөнө 00:00-01:00 цагийн үед байх цагийг нь нарийн санахгүй байна. Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүрээс ертөнцийн зүгээр урд талд 200 м газарт эргүүл хийгээд явж байтал нэг залууг 2 залуу хөөж байгаад барьчихлаа гээд байж байсан. Тэгэхээр нь би тэр гурван залуу дээр очоод юу болсон юм гэж асуутал нөгөө залууг барьж авсан 2 залуу нь надад хандан энэ залуу сая нэг эмэгтэйгийн гар утсыг булаагаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө гар утас булаасан гэх залуугаас нь гар утас нь хаана байна гэж асуутал гар утсыг нь булааж авчихаад 2 хүн араас нь хөөхөөр нь сандарсандаа замын хажуу руу шидчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг /Н/-г дагуулж яваад булаан авсан гар утсаа хаана шидсэнийг нь заалгаад гар утсыг нь хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 51/,

 

- Эд зүйлийн үнэлгээ /хх-н 20/,

 

Шүүгдэгч Д.Нын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/,

-  Оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-н 23/,

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 24, 38/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д-н Н нь иргэн Д.С-ын биед хүч хэрэглэхгүйгээр довтолж, айфоне 5 эс загварын гар утсыг илээр хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.С-ын өгсөн “...Би 2017 оны 12-р сарын 30-31-нд шилжих шөнө 01:00 цагийн үед ... нэг танихгүй залуу миний барьж явсан гар утсыг гарнаас шүүрч аваад зугтаасан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.Х-ийн “...2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 18-р хороо Алтантөгрөг дэлгүүрийн хажууд такси барих хүн хараад зогсож байтал миний машины урдуур 20 орчим насны хар куртиктэй эмэгтэй хүүхэд гар утсаа бариад явж байтал араас нь 165-170 см орчим өндөртэй хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар хөх өнгийн пүүзэн гуталтай 22 орчим насны эрэгтэй хүн гар утсыг нь шүүрээд зугтаасан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.А-ийн “...Би өөрийн ах Хүдэрмөнхтэй түүний машинтай таксинд явах гээд зогсож байтал ганцаараа явж байсан эмэгтэйгийн араас нь эрэгтэй хүн ирээд гар утсыг нь булаагаад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Т.Ш-гийн          “...2017 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө тайшир-113 машинт эргүүлийн чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ... Тэр шөнө 00:00-01:00 цагийн үед ... гар утас булаасан гэх залуугаас нь гар утас нь хаана байна гэж асуутал гар утсыг нь булааж авчихаад 2 хүн араас нь хөөхөөр нь сандарсандаа замын хажуу руу шидчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-н 20/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Н-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирлоо авсан, цаашид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн хохирогч Ц.Сосорбарамын хүсэлтийг гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урчуулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Д___н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ