2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/01552

 

2025 12 12 193/ШШ2025/01552

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******гийн *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, , ХХК-д холбогдох

31,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-д 2021 оны 05 дугаар сард Т. той ажлын аман гэрээ байгуулж сарын 1,500,000 төгрөгийн цалин тохирч ажиллаж эхэлсэн. 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл цалингаа өөрийн дансанд авч хэрэглэсэн. 2022 оны 09 дүгээр сараас Т. цалинг нь хурааж хуримтлуулж хашаа байшин авч өгнө гээд хуримтлал үүсгэх нэрийдлээр цалинг минь дансанд хийхээ больсон. 2024 оны 09 дүгээр сард ажиллах хугацаа дуусаж ажлын хөлс хашаа башингаа авах тухайгаа Т.ид хэлэхэд цалин хөлс өгөхгүй, манайд ажиллаагүй гэж хэлсэн. Хөдөлмөрийн хөлс 2022 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалин 31,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-иас хөдөлмөрийн харилцаанд нэхэмжлэгчтэй орж байгаагүй. Ж.******* тухайн компанийн хашаанд тоног төхөөрөмж түрээслээд ашиг олохоор " ХХК-ий гүйцэтгэх захирал Б.тэй тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. ХХК нь 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Т. тухайн компанийн манаачаар ажилладаг, түүнтэй ямар байдлаар харилцаатай байсан гэдгийг мэдэхгүй. Т., Ж.******* нар найз нөхдийн харилцаатай, манай компанитай хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ХААН банкны Ж.*******ын дансны хуулга, тодорхойлолт, гэрэл зураг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 193/ШЗ2025/01339 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр аламж үйлчилгээний хэлтсээс гаргуулсан ХХК улсын бүртгэлийн лавлагаа, ХХК дүрэм, өргөдөл, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, мод, модон материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэх Ж.*******ын боловсруулсан төсөл, түрээсийн гэрээ, ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, иргэний газар эзэмшихийн гэрчилгээ,эд хөрөнгө хөлслөх гэрээ зэрэг баримтууд болно.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 31,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Т.той амаар сарын 1,500,000 төгрөгийн цалинтай, 2 жилийн хугацаанд ажиллаж ажлын хөлсөнд хашаа, байшин Т. өгөхөөр тохирсон. Би Т.ийн хий гэсэн ажил болгоныг нь хийж ирсэн. Гэтэл одоо хашаа байшингаа өгөхгүй байх тул 2022 оны 9 сараас 2024 оны 9 дүгээр сарын хүртэл хугацааны цалин 31,500,000 төгрөгийг ХХК-с гаргуулна гэж нэхэмжлэлээ дэмжсэн.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай компанид Ж.******* ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн харилцаанд ороогүй. Харин манай компанийн хашаанд тоног төхөөрөмж түрээслээд ашиг олохоор захирал Б.тэй тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Ж.******* тухайн хашаанд хөрөө рам ажиллуулаад өөрөө мөнгийг нь авдаг байсан. Манай компанийн манаач Т.той юу тохирсныг мэдэхгүй. Манай компанийн хашаанд Ж.******* гэрээ барьж амьдарч байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

8.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ХХК-ий гүйцэтгэх захирал Г. гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд ХХК-иас ажилласан хугацааны цалин 31,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлээ дэмжсэн.

9.Нэхэмжлэгчээс ХХК-д ажиллаж байснаа нотлохоор Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс баримт гаргуулсан ба ХХК-ий хашаанд түрээсийн гэрээгээр мод, модон материалын үйлдэвр худалдаа эрхэлж байгаа талаарх баримтууд, түрээсийн гэрээ, тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 193/ШЗ2025/01339 дугаартай эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай Шүүгчийн захирамж ирүүлсэн. Уг захирамжид Ж.*******, Т. нар нь аж ахуй эрхлэгчдийг хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдан мод, модон чиглэлээр зээл авснаа төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулсаныг баталсан байна.

Мөн гэрчээр Х. ... Ж.******* ямар компанид ажиллаж байсныг мэдэхгүй, Чимэдээ гэдэг хүнтэй ажиллаж байсан. Дэнжийн складанд мод хөрөөднө, хагална, портероор мод, нүүрс зөөдөг, хөрөө раманд нь ажилладаг байсан. Би хааяа л эднийд очиж хонодог байсан гэж, гэрч Ц. ... 2022 онд Т.ийн гуйснаар хөрөө раманд нь хааяа л ирж мод зүсвэрт нь тусалж байсан. Ж.*******ыг ажилладаг талаар мэдэхгүй гэж тус тус шүүх хуралдаанд мэдүүлсэн.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.

ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, ХХК-ний орлогч захирал, менежер Т.той тохиролцож ажилласан тул түүнээс цалингаа авна гэж нэхэмжлэгч тайлбар гаргасан боловч ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирал нь Б. болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба Т. нь ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс манаачаар ажиллаж байгааг нотолсон ХХК-ий захирлын тушаалыг ирүүлсэн, Т. нь ХХК -ийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдоогүй.

11.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 359.2.Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2-т шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.

Нэхэмжлэгч нь ХХК-ний хий гэсэн ажлыг хийж ирсэн, хөрөө рамд туслах ажил, портерийг нь барьж мод, банз хүргэлтээр хүргэх ажлыг хийж, хүргэлтийн мөнгийг нь би өөртөө авч машиндаа зарцуулдаг байсан. Т.той 2 жил ажиллаад ажлын хөлсөнд хашаа, байшин өгөхөөр тохирсон гэж тайлбар гаргаж байх ба ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.

12.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагчаар ХХК-г татсан бөгөөд шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

13.Нэхэмжлэгчээс нийгмийн даатгал төлж байгаагүй, 2 жилийн хугацаатай Т.той тохиролцож ажлын хөлс хашаа, байшин өгөхөөр тохирсон гэж тайлбар гаргаж байх тул ХХК нь хариуцагч биш байна.

14.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ХХК-иас ажлын хөлсөө шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.*******ын хариуцагч ХХК-нд холбогдуулан 31,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ын хариуцагч ХХК-нд холбогдуулан 31,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА