Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00935

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00935

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мандиргуагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2018/00724 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Мандиргуагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Гомбожав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мандиргуа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06829 дугаар захирамжаар Б.Мандиргуагаас 48 240 301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 399 152 төгрөг, нийт 48 639 453 төгрөгийг Капитрон банкинд төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Б.Мандиргуагийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байрны 05 тоот хаягт байрлах 86,53 м.кв талбайтай орон сууцыг Мөнх-Оргил Трейд ХХК-иар үнэлүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/29323 дугаартай мэдэгдлээр мөн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр танилцуулсан болно. Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Үүнээс үзэхэд хувийн ашиг сонирхлын зөрчилтэй этгээд дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Мөнх-Оргил Трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж, этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт байхгүй тул үнэлгээ хийх эрхгүй, үнэлгээ хийн дүгнэлт гаргах ямар ч тусгай мэдлэг байхгүй мэргэжлийн бус этгээд гаргаж шинжээчээр ажилласан гэж үзсэн. Түүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох нь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилготой байтал зах зээл дээрх үнээс маш хямдаар үнэлсэн. Үнэлгээний тайланд дурдсан 1 том өрөө, 2 жижиг өрөө, нийт 3 өрөө байр нь 1 орц, гарцтай мөртлөө баруун хойд талын хаалгаар дамжиж гардаг. Уг байр нь 4 өрөө байсныг 2 салгаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан бөгөөд үнэлгээ хийсэн 2 өрөө байр нь орц, гарцгүй байр юм. Үнэлгээ хийхдээ орц, гарцгүй байдлаар нь энэ байрыг бүтнээр нь үнэлэх эсэх, эсхүл орц, гарц гаргасан байдлаар үнэлэх эсэхийг огт тодруулаагүй орхисон. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж байна. Шинжээч томилсон тогтоолыг шинжээчид танилцуулаагүй байх бөгөөд уг тогтоолд ...-г гээд Мягмарсүрэн гарын үсэг зурсан байсан ба тайлантай танилцахад н.Мягмарсүрэн нь туслах үнэлгээчин гэж байсан. Тэгэхээр шинжээчид тогтоолыг танилцуулсан гэж үзэх боломжгүй юм. Түүнээс гадна хариуцагчийн төлөөлөгч нь үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг өөрийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу шинжээчээр томилсон, уг хуулийн этгээдийн хэн нэгэнд шинжээч томилсон тогтоолыг гардуулсан, үүний дагуу дүгнэлт гаргасан тул гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгө үнэлэхдээ сонгон хэрэглэх эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд эрх бүхий этгээдийг хуульд заасны дагуу томилогдоогүй этгээдийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээ хэт бага үнэлэгдсэн байх тул төлбөр төлөгч Б.Мандиргуагийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байр 05 тоот хаягт байрлах 86,53 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн Мөнх-Оргил Трейд ХХК-ийн №63/Ш үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 6829 дугаар шийдвэрээр Б.Мандиргуагаас 48 240 301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 399 152 төгрөг, нийт 48 639 453 төгрөг гаргуулан Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Мандиргуад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар төлбөр төлөгч Б.Мандиргуагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамжны 64 дүгээр байр 05 тоотод байрлах 86,53 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17261920/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17261920/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд" ХХК-иар үнэлгээг тогтоох шинжээчээр томилсон. Шинжээчээр томилогдсоны дагуу Мөнх-Оргил Трейд ХХК нь 127 900 000 төгрөгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Мөнх-Оргил Трейд ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр, 1 жилийн хугацаатай байгуулсан №Х/Н-2017 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу шинжээчээр томилсон бөгөөд захирал Б.Эрдэнэбаатар нь Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 тоот хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ тогтооход Иргэний хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлах бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална гэж зааснаас үзэхэд дээрх хэргүүдийг хянан шийдвэрлэх явц дах оролцогчдод хамааралтай байх ба шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй этгээд болох Б.Мандиргуад хамаарахгүй юм. Шинжээчээр томилогдсон хуулийн этгээдэд албан бичиг хүргүүлсэн. Хуулинд заасан шаардлага хангасан бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр Мөнх-Оргил Трейд ХХК-ийг томилсон. Гэрээний дагуу шинжээчээр томилогдсон хуулийн этгээдийн ажилтанд тогтоолыг гардуулан өгсөн бөгөөд үүний үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан. Шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад Шүүхийн шинжилгээний тухай хуулийг заавал баримтлах шаардлагагүй гэж үзэж байна. Үнэлгээний тайланд 86,53 м.кв талбайтай, уг орон сууц нь том өрөө, 2 жижиг өрөө, ариун цэврийн өрөөтэй, энгийн засалтай, гадна хаалга нь шууд гарц байхгүй, баруун хойд талын сууцаар дамжин гардаг гэдгийг тусгасанаас үзэхэд үнэлгээг багаар үнэлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Дээрх үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/29323 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Мандиргуад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 40 минутанд хүлээлгэн өгч, холбогдох хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч Б.Мандиргуагийн өмчлөлийн, барьцааны хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01ий өдрийн 101/ШШ2016/06829 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 63/Ш тоот үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжд 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав давж заалдах гомдолдоо:

... Төлбөр төлөгч Б.Мандиргуагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авахад уг орон сууцыг 276 896 000 төгрөгөөр үнэлж байгаа болохоо албан бичгээр өгсөн. Уг үнэлгээг төлбөр авагч Капитрон банкинд танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хуулийн дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний "Мөнх-Оргил трейд" ХХК-иар үнэлгээг тогтоолгоход 127 900 000 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/29323 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Мандиргуад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 40 минутанд хүлээлгэн өгч, холбогдох хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн. Иймд дараах байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн УБД:9011106018, РД:2041537 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа" гэж тусгасан байх ба Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 тоот тушаалаар иргэн Б.Эрдэнэбаатарт хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн №07120004 тоот гэрчилгээ олгогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх-Оргил трейд ХХК-тай Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Х/Н-2017 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж уг гэрээнд талуудын эрх үүргийг тусгайлан тусгаж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хуулийн үйлчлэх цар хүрээг тодорхойлжээ. Нэхэмжлэлд дурьдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь зааснаар шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас шүүхийн шинжилгээний байгууллага бодитой дүгнэлт гаргана гэдэгт эргэлзсэн, талууд харилцан тохиролцож хүсэлт гаргасан гэх зэрэг үндэслэлээр шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгааг ойлгохоос шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээчин томилж уг хөрөнгөнд зах зээлийн үнэлгээ тогтоолгож байгааг хамруулж болохгүй юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээчнээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон, уг компанийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан тогтоосон нь хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2018/00724 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Мандиргуа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүргийг хуульд заасны дагуу тайлбарлаагүй, шинжээч томилсон тогтоолыг шинжээчид бус туслах үнэлгээчинд хүлээлгэн өгсөн, эрх, үүрэгтэйгээ танилцаагүй шинжээч дүгнэлт гаргасан, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2016/06829 дугаар шийдвэрээр Б.Мандиргуагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48 240 301 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д  олгож, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байрны 5 тоотод байрлах 86,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр  365 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх-ийн 30-33 тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  төлбөр төлөгч Б.Мандиргуагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байрны 5 тоотод байрлах 86,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17261920/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17261920/05 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 35, 40, 43 тал/

 

Төлбөр төлөгч Б.Мандиргуа нь барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байрны 5 тоотод байрлах 86,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 276 896 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Капитрон банк ХХК нь эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 63/Ш тоот дүгнэлтээр хөрөнгийн үнэлгээг 127 900 000 төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн 45, 46, 48,50-56 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 297 тоот шинжээч томилох тухай тогтоолтой танилцсан шинжээчийн хэсэгт Б.Мягмарсүрэн гэх гарын үсэг зурагдсан байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Б.Мандиргуагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамжны 64 дүгээр байрны 05 тоот, 5 давхар орон сууцны зориулалттай барилгын 3 дахь давхрын 2 өрөө орон сууцыг 127 900 000 төгрөг гэх хөрөнгө үнэлгээний 63/Ш тоот тайланг гаргаж, тайланд үнэлгээ хийсэн захирал Б.Эрдэнэбаатар /хөрөнгийн үнэлгээчин/ гэжээ.

 

Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилохдоо хариуцагч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн, шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй этгээд гэх байдлыг урьдчилан тодруулах хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 63/Ш тоот үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2018/00724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО

1. ..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#