Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00833

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00833

 

 

Ц.Цэйгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00529 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Цэйгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Бд холбогдох

 

31 455 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Цэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Цэй миний төрсөн хүү болох Ц.Болд-Эрдэнэ нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад Мүгэн констракшн ХХК-д барилгын шалны бетон, ханын шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус компанийн захирал Л.Б нь миний өөрийн эзэмшлийн ачааны автомашиныг худалдан авах санал тавьсан. Ингээд 2016 оны 10 дугаар сард Мүгэн констракшн ХХК-ийн захирал ажилтай Л.Б гэх хүнтэй харилцан тохиролцож аман хэлбэрээр хэлцэл байгуулан 1995 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн 97-24 УНЯ улсын дугаартай, ачааны автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн биеэр Авто тээврийн үндэсний төвд очиж би шилжүүлж өгсөн. Харилцан тохиролцохдоо автомашины үнийг 32 000 000 төгрөгөөр үнэлж үнийн дүнд 233 м.куб газо бетон блокийг шилжүүлэхээр болсон. Гэвч хариуцагч Л.Б нь харилцан тохиролцооны дагуу 233 м.куб газо бетоныг шилжүүлж өгөөгүй. Автомашинд тохирсон үнэ буюу блокийг шилжүүлээгүй учир 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Л.Бгийн гэрт очиж уулзахад газо бетон блокийг танай хүү голсон учир блок өгөхгүй ээ, харин 97-24 УНЯ улсын дугаартай автомашинаа буцааж ав гэсэн. Ингээд автомашиныг буцаан авахаар болсон боловч сонгуулийн дараа шилжүүлж өгнө гэсэн. Гэвч дахин сонгууль болж мөн автомашин шилжүүлж өгөх хугацааг хойшлуулсан. Нэхэмжлэгч миний бие Авто тээврийн үндэсний төвөөс дээрх маргаан бүхий 97-24 УНЯ улсын дугаартай автомашины эзэмшигчийн талаарх лавлагааг авахад хариуцагч Л.Бгээс иргэн Л.Мягмаржав, цаашаа иргэн М.Оюунсүрэнгийн нэр дээр тус тус шилжсэн байх тул автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон нь харагдаж байна. Иймд Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн яриад байгаа блок миний машинтай холбоогүй. Энэ хүнээс одоо машинаа авах гэхээр цааш нь зарчихсан, блокоо авъя гэхээр өгөхгүй. Хэрвээ намайг блокоо ачаад аваарай гэсэн бол очоод аваад хэлэх байсан, тийм зүйл огт болоогүй гэв. Сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээлгэж өгсөн гэж яриад байдаг. Гэтэл би автомашинаа 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн. Энэ хүн машиныг цааш зарахдаа хэдэн төгрөгөөр зарах нь өөрийнх нь эрх шүү дээ гэжээ.

 

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Цэй нь автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шаардлага байна. Л.Б миний бие нэхэмжлэгч Ц.Цэйтэй автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй болно. Харин нэхэмжлэгч Ц.Цэйгийн хүү Ц.Болд-эрдэнэ нь манай Мүгэн констракшн ХХК-тай 2016 оны 10 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 233 метр куб газобетон блокыг худалдан авагч Ц.Болд-эрдэнийн өмчлөлд шилжүүлж, худалдагч Мүгэн констракшн ХХК-д 31 455 000 төгрөг төлөх төлбөртөө тооцон 97-24 УНЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авч Мүгэн констракшн ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох бэлэн байсан 233 м.куб газо бетон блокийг хүлээлгэн өгсөн болно. Хашаанд байгааг нь зургаар шүүхэд гаргаж өгсөн. Ц.Болд-Эрдэнийн ах нь ирж нэг удаа пронтер машинаар блок ачиж явсан, энэ машинд 70 поддон ордог. Блокоо ав гэдгийг Ц.Болд-Эрдэнэд зөндөө хэлж байсан. Нэхэмжлэгч Ц.Цэй нь 97-24 УНЯ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг өөрийн биеэр шилжүүлэн өгсөн ба энэ тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн байх бөгөөд дээрх автомашиныг өөрийн хүү Ц.Болд-эрдэнийнхээ бусадтай байгуулсан гэрээний төлбөрт өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн хирнээ одоо надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц.Цэй нь Л.Б надтай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй байх тул миний бие түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийн жинхэнэ хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн маргаан бүхий автомашиныг түүний хүү Ц.Болд-Эрдэнэ нь Мүгэн констракшн ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцон өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлсэн байхад автомашины үнийг 32 000 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд нэхэмжлэгч Ц.Цэйгийн автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бгээс 31 455 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Цэйгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Ц.Цэйгийн төрсөн хүү болох Ц.Болд-Эрдэнэ нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад Мүгэн констракшн ХХК-д барилгын шалны бетон, ханын шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус компанийн захирал Л.Б нь Ц.Цэйгийн эзэмшлийн ачааны автомашиныг худалдан авах санал тавьсан.

Ингээд 2016 оны 10 дугаар сард Мүгэн констракшн ХХК-ийн захирал ажилтай Л.Б гэх хүнтэй харилцан тохиролцож аман хэлбэрээр хэлцэл байгуулан арлын JALCXZ180S3000016 дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, 97-24 УНЯ улсын дугаартай, lsuzu СХZ180 маркийн ачааны автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Ц.Цэй өөрийн биеэр автотээврийн үндэсний төвд очиж шилжүүлж өгсөн. Харилцан тохиролцохдоо автомашиныг үнийг 32 000 000 төгрөгөөр үнэлж үнийн дүнд 233 м.куб газо бетон блокыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагч Л.Б нь харилцан тохиролцооны дагуу 233 м.куб газо бетоныг шилжүүлж өгөөгүй учир шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Гэвч анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.Болд-Эрдэнийг "Мүгэн констракшн" ХХК-тай хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь хэргийн материалд авагдсан баримтууд болон зохигчийн тайлбартай зөрүүтэй дүгнэсэн гэж үзэхээр байна.

Хэргийн материалд авагдсан Ц.Болд-Эрдэнэ болон "Мүгэн констракшн" ХХК-ийн захирал Л.Б нарын хооронд илгээгдсэн е-майл, болон худалдах-худалдан авах гэрээний төслийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь дээрх гэрээний төсөлд талууд гарын үсэг зураагүй, зөвхөн санал солилцсон байтал энэхүү гэрээний төслийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс маргаан бүхий автомашины өмчлөгч нэхэмжлэгч Ц.Цэй, мөн автомашины өмчлөх эрхийг хэн нэгэн этгээдэд шилжүүлээгүй өөрийн биеэр хариуцагч Л.Бд шилжүүлж өгсөн байхад шүүхээс анхаарч үзээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ц.Болд-Эрдэнэ "Мүгэн констракшн" ХХК-ийн хооронд хэлцэл хийгдсэн хэмээн дүгнэсэн боловч үндэслэх хэсэгтээ дахин Ц.Болд-Эрдэнэ болон Л.Б нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ магадлалд дурдсан ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр хийж гүйцэтгэж маргаан бүхий автомашины үнийг тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цэй хариуцагч Л.Бд холбогдуулан автомашины үнэд 31 455 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Цэй хариуцагч Л.Бтэй гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу өөрийн эзэмшлийн автомашиныг Л.Бд өгсөн, автомашины үнэд газо бетон блок авахаар тохиролцсон, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл заасан байна.

 

Анхан шатны шүүх Ц.Цэй Л.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон байна. Учир нь, нэхэмжлэгч Ц.Цэйгийн эзэмшлийн 97-24 УНЯ улсын дугаартай Исузу маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хариуцагч Л.Бгийн эзэмшилд шилжүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байна. /1 хавтас 6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч автомашины үнэд авах газо блокийн үнийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 31 455 000 төгрөгөөр тодорхойлсон, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэж шинжээч томилж, Монголын хохирол үнэлгээчдийн холбооны шинжээчийн дүгнэлтээр маргааны зүйл болж буй автомашины үнийг 2016 оны 10 дугаар сарын байдлаар 34 670 000 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын байдлаар 32 100 000 төгрөгөөр, мөн хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 40 000 000 төгрөгөөр тус тус зөрүүтэй үнэлсэн баримтууд авагдсан байхад шүүх уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна. /2 хавтас 1-8, 27-32 дугаар тал/

 

Түүнчлэн Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг зохих ёсоор хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар дамжуулан хэргийг шийдвэрлэх боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх боломжтой талаар шүүх тусгайлан сануулсан, талуудад эвлэрэх боломж олгосон гэж үзэх баримт хэрэгт байхгүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүх дээрх ажиллагааг хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцээх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00529 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО