Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00615

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00615

 

 

Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/01361 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Энхсайхан, Д.Батбаатар нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн

Хариуцагч Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов. 

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А.Энхсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаатартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд зээлийн барьцаанд А.Энхсайханы өмчлөлийн ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 81А, 81Б байр, зоорийн давхарын 144 тоот байрлах, 16 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Д.Батбаатарын даалгасны дагуу 8 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хаан банкны 5099540808 тоот дансанд шилжүүлж үлдэгдэл 7 000 000 төгрөгийг Д.Батбаатарт бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд гэрээний дагуу нэг сарын хүү 1 500 000 төгрөг өгсөн боловч үндсэн зээлээ одоо болтол төлөхгүй байх тул А.Энхсайханаас үндсэн зээлийн төлбөр 15 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 7 500 000 төгрөг нийт 22 500 000 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Энхсайханы өмчлөлийн авто зогсоолыг Ц.Баяр-Эрдэнэд нэг сарын хугацаанд барьцаанд тавьж мөнгө авахыг зөвшөөрч  Д.Оюунчимэгтэй гэрээ хийсэн. Д.Оюунчимэгээс миний бие өөрийн данс буюу бэлнээр мөнгө аваагүй. Нотариат энэ гэрээгээр зээлийн гэрээ хийж болохгүй гэсэн. Маргааш орой нь гэрээ хийж болохоор болно гэж Ц.Баяр-Эрдэнэ утсаар намайг дуудсан. Тэгээд гэрээ хийж Д.Оюунчимэг 6 000 000 төгрөгийг С.Түмээд өгч гарын үсэг зуруулж өгсөн байдаг. Үлдсэн 8 000 000 төгрөгийг Ц.Баяр-Эрдэнэд дансаар өгсөн байна. Би иргэн Д.Оюунчимэгээс мөнгө аваагүй учир энэ маргааныг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 22 500 000 төгрөгийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ШҮүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч Д.Батбаатар нь зээлсэн мөнгийг бодитоор хүлээж аваагүй гэж маргасан боловч хариуцагчийн татгалзал нь баримтаар тогтоогдоогүй байхад Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хасэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэтэрхий нэг талыг барьж үнэлж дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хариуцагч А.Энхсайхан, Д.Батбаатар нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ "...Ц.Баяр-Эрдэнийн хүсэлтийн дагуу Д.Оюунчимэгтэй зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн өөрийн хүсэл зоригоор мөнгийг аваагүй. Уг мөнгийг Ц.Баяр-Эрдэнээс нэхэмжлэх ёстой. Нэхэмжилж байгаа 22 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна..." гэж тайлбарладаг. 2016 оны 2 сарын 5-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нар 15 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн хүү сарын 10 хувь байхаар гэрээнд заасан. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл юм. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээ болон анзын гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх тул зээлсэн 15 000 000 төгрөгт хүү тооцох, ...хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй юм.

Талууд зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл бөгөөд Иргэний хуулийн 281 дүгзэр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч А.Энхсайхан, Д.Батбаатар нарт 15 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх ба Б.Батбаатарын хэлсэн данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна. Хариуцагч нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, энэ нь түүний хүсэл зоригоос гадуур байсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хийвэл зохих зарим дүгнэлтийг хийгээгүй орхигдуулсныг нэмж дүгнэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч А.Энхсайхан, Д.Батбаатар нарт холбогдуулан зээл, алдангийн хамт 16 430 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, зээлийн гэрээнд заасан мөнгийг аваагүй гэж маргасан байна.

Зохигчид 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийж, нэхэмжлэгч нь хариуцагчид 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна. Уг гэрээний 3.2-т гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор хүлээлгэн өгсөнөөр хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 15 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Д.Батбаатар нар нь Д.Оюунчимэгээс 15 000 000 төгрөгийг хүлээн авлаа гэсэн бичгийн баримтад /хх-ийн 17/ хариуцагч нар гарын үсэг зураагүй байхаас гадна зээлийн 15 000 000 төгрөгийг өөр этгээдэд буюу дээрх баримтад гарын үсэг зурсан С.Түмээ гэгчид хүлээлгэн өгөхийг, мөн 8 000 000 төгрөгийг Батсайхан гэгчийн 5099540808 тоот дансанд шилжүүлэхийг тус тус хариуцагч нар Иргэний хуулийн 211.2-т зааснаар зөвшөөрсөн /даалгасан/ гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн нь дээрх байдлаар нотлогдоогүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд байгуулагдаагүй зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас зээл, алданги шаардах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн 2 дах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг нэмж дүгнэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд барьцааны гэрээ бичгээр үйлдэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч зээлийн гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болж, хэрэгжээгүй тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, уг гэрээгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй барьцааны эрх Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүсэхгүй тул нэхэмжлэгч мөн хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах боломжгүй юм.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөө өөрөө нотлох үүрэгтэй тул хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/01361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ