Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 854

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ХХК,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн,

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж буй эсэх дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүн шаардлагад нийцсэн эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Боловсролын хүрээлэн даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******, С.У*******, П.У*******, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагч Боловсролын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхдэлгэр нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ХХК-ийн захирал Р.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  “...Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь агуулга гаргах буюу шинэ ном, бүтээл хэвлэхийн өмнөх оюуны үйл ажиллагаа байдаг.  Бид өөрсдийн санал санаачлагаар хэрэгжүүлж буй тэдгээр ажлуудын нэг нь Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг орчин үеийн техник технологи ашиглан, түүхийн болоод эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэлтэйгээр шинэчлэн боловсруулж үүнийгээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын хэрэглэгдэхүүний нэг хэсэг болгож, сурагчид болоод багш нар, эрдэмтэн судлаачид ашиглах боломжтой байхаар цоо шинээр, анх удаа, үнэн зөвөөр боловсруулаад байна. Энэхүү бүтээлийг ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгээс албан ёсоор дэмжиж “...Эдгээр зургууд нь Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг байдлаар бүтээсэн бөгөөд цаашид хэвлэн нийтлүүлж сургалтад хэрэглэхийг тус хүрээлэнгийн зүгээс бүрэн дэмжиж байна.

Үүний дагуу дээрх бүтээлийг цаашид Ерөнхий боловсролын сургуулийн Хүн ба нийгэм, түүх газар зүйн хичээлүүдэд сургалтын хэрэглэгдэхүүнээр ашиглуулахаар Монгол улсын боловсрол, түүний бодлого боловсруулах, агуулга тодорхойлох эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх, ухааны яаманд удаа дараа хандаж “сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж буй эсэх дүгнэлт гаргуулах, сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалтад оруулан батлуулах” хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй удааширч, дүгнэлт гаргах, албан ёсны тайлбар өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, харьяа болон өөр бусад байгууллага руу шилжүүлэх зэргээр зохих шийдвэрийг гаргахгүй байна.

Мөн одоогийн ашиглаж байгаа зарим сурах бичиг /VI ангийн Түүх -VI/ нь агуулга, стандартын олон алдаатай байгаа бөгөөд бидний боловсруулсан түүхэн зураг нь энэхүү алдааг засан залруулах, үнэн зөв шинжлэх ухаанч мэдлэг олгох боломжтой сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн гэж үзэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Боловсролын тухай хуулийн 28.1.8-д “боловсролын хөтөлбөр, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах;” ажлыг хариуцах бөгөөд хэрэв сургалтын хөтөлбөр, түүнд хэрэглэж байгаа болон хэрэглэхээр боловсруулагдсан сурах бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүний чанар стандартад үнэлэлт дүгнэлт өгч, дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлтэй. Гэвч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын 1 дүгээр зүйлийн 1.3.1-д заасан “боловсролыг хөгжүүлэх бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, иргэний оролцоог хангах;", 1.3.2-д “боловсролын талаар шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, ил тод, судалгаа, нотолгоонд суурилсан, сайн засаглалын зарчимд нийцсэн байх;” 2.1.3-т “боловсролын үйл хэргийг төрийн зүгээс нэгдсэн бодлого зохицуулалт, санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр хангаж, аж ахуйн нэгж, олон нийт, иргэдийн оролцоог дэмжин, ил тод, нээлттэй, хяналттай байлгах;” зэрэг заалтаараа боловсролын хөгжилд оруулах хувь нэмрийг бүх нийтийн үйлс болгосон байдаг.

Гэтэл бодит байдал дээр энэ салбарыг хариуцсан яам нь бүх нийтийн ийм хамтын ажиллагааг дэмжиж хөгжүүлэхийн оронд зөвхөн өөрийн харьяа байгууллагуудын хүрээнд явагддаг ажлуудыг гол болгож, төрийн байгууллага иргэд аж ахуй нэгжийн бүтээлч санал санаачлагыг үл тоох байдал үзүүлэх нь байх ёстой үзэгдэл мэт болоод байна. Төрөөс баталсан сургалтын хөтөлбөрт тохирсон, ерөнхий боловсролын сургуулиудад заагдаж буй хичээлийн сэдвийг гүнзгийрүүлэх, өргөтгөх мөн тэрчлэн сурах бичгүүдэд яахын аргагүй дутагдалтай байгаа сэдэв агуулгуудыг дэлгэрүүлж өгсөн материал маш их дутагдалтай байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс сургалтад ашиглах ийм дэлгэрүүлсэн материал хийх мөнгө төсөв байдаггүй гэх боловч энэ чиглэлээр иргэд аж ахуйн байгууллагуудаас гарч буй санал санаачлага, бүтээлч үйл ажиллагааг дэмжих өчүүхэн ч алхам хийдэггүй.

Иргэд аж ахуйн нэгжээс санаачлан хийсэн ийм хэд хэдэн ажлыг жишээ болгон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд албан ёсоор хүргүүлж, эдгээр нь өнөөдөр хэрэглэгдэж байгаа сургалтын агуулга хөтөлбөрт нийцэж буй эсэхийг, хэрэв нийцэж буй бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны албан ёсны дүгнэлтийг гаргаж өгөхийг хүссэн боловч элдэв байдлаар хүнд суртал гаргах, бидэнд хариу өгөхгүй байх, ирүүлсэн хариу нь тодорхой бус байх зэрэг нь төрийн байгууллага, ажилтнуудын хариуцлагагүй байдлаас улбаатай учраас гомдол гаргаж, тэдгээрийг баримт болгон шүүхэд хандаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас бидэнд үзүүлж буй энэхүү хүнд суртал нь Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 “ил тод байх”, 4.2.3 “ард түмэнд үйлчлэх”, 13 дугаар зүйл буюу Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, Боловсролын тухай хуулийн 171 дүгээр зүйл буюу Боловсролын үнэлгээний байгууллагын тухай, мөн хуулийн 28.1.5 “иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;” 45.1.1 “суралцах нөхцөл бололцоогоор хангуулах” зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн. Монгол Улсын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж байгаа сурагчдын хичээлийн гол хэрэглэгдэхүүн болсон сурах бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын дагуу зохиодог. Ийнхүү зохиож хэвлэсэн сурах бичгийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эзэмшил нь Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд байдаг.

Гэтэл дээрх байдлаар зохиож сурагчдын хичээлд хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд нь хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүйн болон найруулга зүй, зөв бичих зүйн гэх мэт ихээхэн алдаатай сурах бичгүүд гарч сурагч хүүхдүүдэд боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байна. Жишээлбэл, Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн “Түүх VI” сурах бичиг нь маш их алдаатай, шинжлэх ухаанч мэдлэгийг түгээж чадахгүй байна. Энэхүү сурах бичиг нь Монгол Улсад хэрэгжиж байгаа “Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” МУ5 5418-2008 стандартыг зөрчсөн байна.

Тухайлбал, Сурах бичигт тавигдах ерөнхий шаардлагын 4.2,4.3; “Сурах бичгийн агуулгад тавигдах шаардлага”-ын 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5, 5.1.6, 5.1.7, 5.1.8; “Аргазүйд тавигдах шаардлага”-ын 5.2.2, 5.2.3, 5.2.4; 5.2.7;“Хэл найруулгад тавигдах шаардлага”-ын 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4 дэх заалтыг тус тус хангахгүй байна. Сурах бичиг нь энэ мэтчилэн алдаатай, зургууд нь оюуны өмчийг ноцтой зөрчсөн тул манай байгууллага сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр ашиглагдах боломжтой, Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг шинжлэх ухааны үндэслэлтэй, сургалтын цөм хөтөлбөрт нийцсэн, техник технологийн дэвшлийг ашиглан шинэлэг байдлаар боловсруулан, Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгээр албан ёсоор батлуулсан билээ. Дээр дурдсан үндэслэл зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16/07 тоот албан бичгээр мэдэгдэхэд эдгээр зургууд нь сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар боловсролын эрдэм шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулна уу гэсэн хариуг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 3/911 тоот бичгээрээ өгсөн юм.

Иймээс бид Боловсролын хүрээлэнд 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 16/24 тоот албан бичгээр Боловсрол соёл шинжлэх ухааны яамны зүгээс эдгээр зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг танай байгууллагаар гаргуулах шаардлагатай гэсэн тул та бүхэн дүгнэлт гаргаж өгнө үү хэмээхэд 2016 оны 2 дугаар сарын 22-ны 37 тоот бичгээр “Эдгээр зургуудыг Шинжлэх Ухааны Түүх Археологийн хүрээлэнгээс өгсөн санал зэргийг үндэслэж, хэвлэн нийтлэх нь танай хэвлэлийн газрын эрхлэх асуудал гэдгийг хүндэтгэн үзэж байна” гэсэн хариу ирүүлсэн юм. Үүний дагуу бид дахин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 16/45 тоот бичгээр хандан“ сурах бичгийг сайжруулах, сурагчдад үнэн зөв мэдлэг олгоход тус дэм болохуйц энэ мэт бүтээлд ямар учраас удаа дараалан сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг үнэн зөвөөр гаргаж өгдөггүйг тайлбарлах,  Хэрвээ Шинжлэх Ухааны Түүх Археологийн хүрээлэн, Боловсролын хүрээлэнгийн тайлбарыг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн хэмээн үзэж байгаа бол албан ёсны эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг илгээхэд өмнө буюу 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр илгээсэн 3/911 тоот албан бичгээс үг үсгийн зөрөөгүй албан бичгийг ирүүлсэн байна.

Иймээс бид 3 дахь удаагаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16/58 тоот албан бичиг илгээж бага боловсролын цөм хөтөлбөрт “Сургууль, орон нутаг, эх орны газрын зураг, түүхийн зураг, атлас, музейн үзмэр танилцуулга бусад баримт бичиг” зэргээр сурагчдыг дэмжих, хангах хэмээн заасан байна. Хүн ба нийгэм, түүх, газарзүйн хичээлүүдэд ашиглагдах бүрэн боломжтой, урьд өмнө огт байгаагүй ийм шинэлэг ажлыг юуны улмаас дэмждэггүй, сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг үнэн зөвөөр гаргаж өгдөггүйг тайлбарлана уу” гэсэн хүсэлтийг илгээсэн боловч энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ямар ч хариу ирээгүй болно.

Иймд Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн “Түүх VI” сурах бичгийг ерөнхий боловсролын сургалтад хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Мон Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар албан ёсны дүгнэлтийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж буй эсэх дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүн шаардлагад нийцсэн эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргуулахаар даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...М******* ХХК нь Монголын түүхтэй холбоотой 32 ширхэг зураг хийсэн байдаг. Хамгийн анх Түүх археологийн хүрээлэнгээс албан ёсоор энэ зургийн агуулга үнэн байгаа эсэх талаар албан бичгийг явуулсан. Тэдний зас гэсэн  засваруудыг хийгээд алдаагүй байна гэсэн хариу авсан. Үүний дараа бид Боловсрол соёл Шинжлэх ухааны яаманд бидний хийсэн зураг цөм хөтөлбөрийн агуулгад нийцэж байгаа эсэх талаар албан бичиг хүргүүлсэн. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас Боловсролын хүрээлэнгээс сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтээ гаргуул гэсэн хариу ирсэн. Бид Боловсролын хүрээлэнгээс сургалтын хэрэглэгдэхүүний чанарт нийцэж байгаа эсэх талаар дүгнэлтийг гаргаж өгөөч гэсэн бичиг явуулсан. Боловсролын хүрээлэнгээс хэвлэн нийтлэхийг дэмжиж байна гэсэн хариуг өгсөн байдаг. Бид хэвлэн нийтлэх талаар асуулт асуугаагүй. Бид дахин Боловсролын яаманд дахин нөгөө бичгээ явуулсан. Ингээд бид шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Боловсролын яам болон Боловсролын хүрээлэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр бид нарын ажилд саад болоод байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах, Сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, Монгол нутаг дахь анхны Хүннү гүрний үеэс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж байгаа эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргуулахаар даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өгсөн албан бичгүүдийг тус компани үл зөвшөөрч 2016.03.30-ны өдрийн 16/58 тоот албан бичиг ирүүлсэн. Үүнд “Түүх археологийн хүрээлэн, Боловсролын хүрээлэнгийн тайлбарыг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн хэмээн үзэж байгаа бол дүгнэлт гаргаж өгнө үү” хэмээн дахин хандсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2016 оны 4 дүгээр сарын 26-ны 2/3402 дугаар албан бичгээр ‘Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас танай байгууллагын зохион хэвлэсэн дээр дурдсан газрын зургийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад сургалтын хэрэглэгдэхүүн хэлбэрээр авч хэрэглэх чиглэлээр зөвшөөрөл, чиглэл олгох, дүгнэлт өгөх эрх зүйн үүрэг, үндэслэл байхгүй болно. Тус яам нь ерөнхий боловсролын сургуулийн сургуульд судлах сурах бичгээс бусад сургалтын хэрэглэгдэхүүнд зөвшөөрөл олгодоггүй.” гэсэн хариу өгсөн. Энэ нь тус яам компанийн ирүүлсэн албан хүсэлтэд зохих хариуг өгсөн болно.

2. “Монгол нутаг дахь төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар албан ёсны дүгнэлтийг гаргуулахаар даалгах” гэсэн тухайд:

Түүх Археологийн хүрээлэнгээс тус компанид “... хэвлэн нийтлүүлж сургалтад хэрэглэхийг бүрэн дэмжиж байна." гэсэн хариу өгсөн нь Монсудар хэвлэлийн газар нь энэхүү газрын зургийг зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүн болгох зорилгоор бус Монгол Улсын иргэн, судлаач, эрдэмтэн, суралцагч бүгд чөлөөтэй судалж, хэрэглэхээр хэвлэн түгээх нь зүйтэй гэсэн агуулга болов уу. Гэтэл Монсудар хэвлэлийн газар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас газрын зургийг зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүн болгох талаар дүгнэлт гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Тус компанийн хэвлэсэн гэх энэхүү газрын зураг нь Монгол Улсын иргэн, судлаач, эрдэмтэн, багш, оюутан, суралцагч судлан чөлөөтэй танилцаж байхаар бүтээгдсэн хэмээн ойлгож байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь ерөнхий боловсролын сургуульд судлах сурах бичгээс бусад сургалтын хэрэглэгдэхүүнд зөвшөөрөл олгодоггүй учир түүхэн зургууд сургалтын хөтөлбөр болон сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх, сургалтын хэрэглэгдэхүүн хэлбэрээр ашиглах талаар дүгнэлт гаргахгүй болно” гэжээ.

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Нэхэмжлэгч юу хүсээд байгаа нь тодорхойгүй байгаа. 32 ширхэг түүхэн зураг хаана ч байсан маргаантай асуудал байгаа. Сургалтын хэрэглэгдэхүүнд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах гээд байгаа асуудал ойлгомжгүй байна. Түүх археологийн хүрээлэнгээс ирсэн бичиг дээр 20 гаруй зургийг нь дахин боловсруулах шаардлагатай байна гэсэн хариуг өгсөн байснаа 2 сарын дараа 32 ширхэг түүхэн зургийг засаад эцсийн хариу ирсэн талаар хэрэгт авагдсан байгаа. Яагаад ерөнхий боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн болох талаар дүгнэлт гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Мөн Боловсролын хууль болон бусад хуульд энэ дүгнэлтийг Боловсролын яам болон Боловсролын хүрээлэн гаргана гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэгч компани заавал сургалтын хэрэглэгдэхүүнд орох талаар биш, ном хэвлэж гаргаад явах, нэмэлт хэрэглэгдэхүүн болгож худалдаанд гаргаж, олны хүртээл болгох эсэх асуудал нь нээлттэй байдаг. Яагаад заавал дүгнэлт гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байгаа” гэв. 

Хариуцагч Боловсролын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Боловсролын хүрээлэнгээс Боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль бусад холбогдох хууль, дүрэм, стандартын заалтын хүрээнд 2016 дугаар 2 дугаар сарын 22-ны 37 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно. Тухайн албан бичгийг Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Боловсролын эрдэм шинжилгээ, аргазүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ." Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн "3.1.7 Эрдэм шинжилгээний ажилтан” гэж шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн судлаач", Тус хуулийн "13.1 Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтны эдлэх эрх 13.1.9 эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх", Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэмд” 4.1. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээ" зэрэг хэм хэмжээ, заалтыг тус тус үндэслэн Боловсролын хүрээлэн чиг үүргийнхээ дагуу дээрх албан бичигт зохих ёсны хариулт өгсөн гэж үзэж байна.

Эрх зүйн баримт бичгүүдийн зүйл, заалтаас үзвэл тус хүрээлэн нь М******* ХХК-аас 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 16/24 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт (Хүннү гүрнээс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зураг)-д дүгнэлт гаргах эрхзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн одоо мөрдөж буй Сурах бичгийн стандарт (Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага МNS 5418-2008) ёсоор сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохиох, хэвлэх үйл ажиллагаанд зохиогч, редактораас гадна мэргэжлийн төлөөлөл тухайлбал, багш, сурагчдын болон мэргэжил, арга зүйн зөвлөлийн санал, дүгнэлт бас шаардагддаг. Эдгээр ажил нь холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тодорхой эрх, үүргээр баталгаажин хэрэгждэг. Энэ бүхний үндсэн дээр сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг хэвлэх тухай албан ёсны шийдвэр гардгийг хэлэх ёстой.

Мөн Адмон ХХК-ийн охин компани болох “М*******” ХХК нь номыг эрхлэх үүргийнхээ дагуу олон сайхан ном, зохиол гаргасан байгаа. Энэ нь чухам ямар хүмүүсийн зөвшөөрлөөр  гаргадаг эсэх асуудал нь ойлгомжгүй байна. Цөм хөтөлбөрийг өнгөрсөн 2014 онд суурь болон бага боловсролд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь уламжлалт багш төвт сургалтаас өөр төвд шилжих оролдлогуудыг хийж байгаа. Олон нийтийн оролцоог яамнаас хориогүй байгаа. Ямар нэгэн байдлаар манай яамнаас энэ хүмүүсийг эрх үүргийг хаагаагүй, гаргаж болно гэсэн хариуг л өгсөн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М******* ХХК-ийн захирал Р.Э******* нь тус шүүхэд “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж буй эсэх дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан боловч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Боловсролын хүрээлэнд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгчээс Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн “Түүх VI” сурах бичгийг шаардлага хангахгүй гэж үзэн сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр ашиглагдах боломжтой, Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг шинжлэх ухааны үндэслэлтэй, сургалтын цөм хөтөлбөрт нийцсэн, техник технологийн дэвшлийг ашиглан шинэлэг байдлаар боловсруулан, Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгээр албан ёсоор батлуулсан түүхэн 32 зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлага хангасан талаар дүгнэлт гаргуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж, тус яамны 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 3/911, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/2155, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2/3402 тоот бичгээр тус тус хариу өгчээ.

  Нэхэмжлэгч “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 “ил тод байх”, 4.2.3 “ард түмэнд үйлчлэх”, 13 дугаар зүйл буюу Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, Боловсролын тухай хуулийн 171 дүгээр зүйл буюу Боловсролын үнэлгээний байгууллагын тухай, мөн хуулийн 28.1.5 “иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;” 45.1.1 “суралцах нөхцөл бололцоогоор хангуулах” зэрэг заалтуудыг ноцтой зөрчиж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн “Түүх VI” сурах бичиг нь “Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” МУ5 5418-2008 стандартын Сурах бичигт тавигдах ерөнхий шаардлагын 4.2,4.3; “Сурах бичгийн агуулгад тавигдах шаардлага”-ын 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5, 5.1.6, 5.1.7, 5.1.8; “Аргазүйд тавигдах шаардлага”-ын 5.2.2, 5.2.3, 5.2.4; 5.2.7; “Хэл найруулгад тавигдах шаардлага”-ын 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4 дэх заалтыг тус тус хангахгүй байна.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, ...дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дүгнэлт гаргахыг тус яам болон Боловсролын хүрээлэнд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчлан тогтоож өгсөн. Харин уг хуульд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах” бүрэн эрх Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд олгогдоогүй байна.           

             Түүнчлэн Боловсролын хүрээлэн Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “Боловсролын эрдэм шинжилгээ, аргазүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, аргазүйн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ." чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэлд дурдсан асуудлаар дүгнэлт гаргах эрх хэмжээ мөн олгогдоогүй.

Нэхэмжлэгч нь Түүх Археологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/20 дугаар албан бичгээр “Танай хэвлэлийн газраас ирүүлсэн сургалтад зориулагдах Монголын түүхэн үеүүдийн газрын зургийг судалж, үзлээ. Эдгээр зургууд нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг байдлаар бүтээсэн бөгөөд цаашид хэвлэн нийтлүүлэх сургалтад хэрэглэхийг тус хүрээлэнгийн зүгээс дэмжиж байна” гэсэн хариуг өгсөн талаар дурдсан боловч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн уг албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргах талаар холбогдох хууль тогтоомжид зохицуулаагүй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам “Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах” боломжгүй талаар үндэслэл бүхий хариуг өгснийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтэд өгсөн хариу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн зүгээс Түүх Археологийн хүрээлэнгийн ирүүлсэн албан бичгийн дагуу Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэвлэн нийтэлж, түгээхэд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах дүгнэлт гаргуулах шаардлагагүй, түүнчлэн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-д заасны дагуу сурах бичгийг зохиох зохиогчийн багт орох эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна. 

Иймээс Нэхэмжлэгч М******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцэж буй эсэх дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Боловсролын хүрээлэнд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн гаргасан “Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахгүй байгаа  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дүгнэлт гаргахыг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Боловсролын хүрээлэнд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114  дүгээр  зүйлийн  114.1-т  зааснаар  хэргийн  оролцогч,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шүүхийн  шийдвэрийг  гардан  авснаас  хойш  14  хоногийн  дотор  Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхэд  давж  заалдах  гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН