Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 638

 

 

Х.Жамбалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                              

Прокурор Ж.Бат-Эрдэнэ,                                        

Ялтан Х.Жамбалын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,         

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Жамбалын өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Жамбалд холбогдох эрүүгийн 2016 2502 0900 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Хүрэлбаатарын Жамбал, 1994 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Батлан хамгаалахын Их сургуулийн менежмэнт, эдийн засгийн 4 дүгээр ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 16-р хороо, бэлхийн 33 дугаар гудамжны 1-35 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 21а байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП94071015/,

Х.Жамбал нь 2016 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч У.Өнөболдыг “миний найз Э.Баттулгыг аллаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас уурлан түүнийг өшиглөж, зүүн богтос ясны далд хугарал бүхий “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Жамбалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Жамбалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жамбалыг 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Х.Жамбалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч Х.Жамбал нь цагдан  хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд  мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Жамбалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.Жамбалын өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Х.Жамбалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өмгөөлөгч би, дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолынх тодорхойлох нь хэсэгт: “Шүүх хуралдаанд Х.Жамбал “хохирогчийг зодоогүй, намайг гүтгэж байна” гэх зэргээр гэмт хэрэг үйлдээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа боловч хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Х.Жамбал нь 2016 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 дугаар орцонд “миний найз Э.Баттулгыг аллаа” гэх шалтгаанаар хохирогч У.Өнөболдыг буруутган зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан, ...шүүгдэгч Х.Жамбалын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна” хэмээн дүгнэжээ.

Миний үйлчлүүлэгч Х.Жамбалыг “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэлээ, гэмт хэрэг үйлдсэн байна, гэм буруутай болох нь хангалттай тогтоогдлоо” гэсэн шүүхийн дээрх дүгнэлтийг өмгөөлөгч миний бие хэрэг гарах болсон сэдэлт, шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэтгэл зүйн байдалд  хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьсан, нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт болжээ гэж үзэж байна.

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр талийгаач Э.Баттулга болон түүний найз нөхөд болох нэр бүхий 10 гаруй залуучууд Э.Баттулгын гэрт цуглаж архидан согтуурч, хоорондоо зодолдож муудалцсаны эцэст Э.Баттулга орцныхоо 9 дүгээр давхарт нас барсан байдалтай олдож, энэ үед эдгээр залуустай огт нийлээгүй, хамааралгүй 2 хүн болох, гадаа машиндаа сууж байсан Э.Баттулгын ангийн найз Т.Ананд, Х.Жамбал нарт Т.Анандын эхнэр Э.Цолмон утсаар “Э.Баттулга хаалганы гадаа ухаангүй хэвтэж байна” гэж хэлж дуудсанаар Т.Ананд, Х.Жамбал нар орцонд орж шатаар дээш өгсөх замд нь ангийн охин Үүрийнцолмон нь тааралдан Х.Жамбалыг заамдан авч “Жамбалаа, Жамбалаа” гэж хашгираад зөрсөн байна. Ийм түгшүүртэй байдалтай тааралдсан Х.Жамбал, Т.Ананд нарыг 9 дүгээр давхарт гарч ирэх үед ухаан алдсан шинжтэй хэвтэж байгаа найз Э.Баттулгынх нь дээрээс дараад хэвтэж байсан У.Өнөболдыг Х.Жамбал эхлээд түлхээд, дараа нь татаж найзаасаа холдуулаад, Э.Баттулгыгаа үүрээд 7 дугаар давхарт аваачсан байдаг. 7 дугаар давхарт Э.Баттулгыг газарт буулгаад үзэхэд хоолойд нь боолтын оромтой, амьсгаагүй нас барчихсан байгааг мэдээд санаа сэтгэл нь хүчтэйгээр цочрон давчдаж, тухайн үедээ юу хийхээ, яахаа мэдэхээ байсан шинжтэйгээр 9 дүгээр давхар руу гарч У.Өнөболд дээр очсон байсан. Тэнд очоод миний үйлчлүүлэгч Х.Жамбал У.Өнөболдыг цохиж зодсоноо ч мэддэггүй, аффектын байдалд орсон байдаг.

Сэтгэл санааны хүчтэй цочролд орсон байдлаасаа шалтгаалан У.Өнөболдыг цохиж зодсон эсэхээ ч мэдэхгүй байгаа миний үйлчлүүлэгчийг шүүх, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа хэмээн дүгнээд, мөн шүүгдэгч Х.Жамбалд ял оногдуулахад түүний хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж давхар дүгнэсэн нь тун харамсалтай бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан “яллагдагч/шүүгдэгч/ өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, хэргээ хүлээсэнгүй хэмээн хатуурхсан дүгнэлт хийсэн байна.

Хавтас хэрэгт миний үйлчлүүлэгч Х.Жамбалыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох баримт нь шүүгдэгч Х.Жамбал, гэрч Т.Ананд, хохирогч У.Өнөболд нарын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, Х.Жамбал хохирогч У.Өнөболдыг зодож гарыг нь хугалсан гэх цаг хугацаанд тухайн газарт энэ гурван хүнээс өөр хүн байгаагүй. Ганц гэрч болох Т.Ананд “...дээшээ гүйгээд гарсан чинь Э.Баттулгын дээр нь нэг банди байхаар нь Х.Жамбал миний өмнө явсан болохоор Э.Баттулгын дээр байсан бандийг түлхэж чирч холдуулсан” гэж мэдүүлдэг. Харин хохирогч У.Өнөболд шүүх хуралдаанд “...би талийгаачийн хажууд байж байхад Т.Ананд, Х.Жамбал  нар орж ирээд намайг шууд түлхээд, хоёулаа эхэлж зэрэг өшиглөсөн. Ер нь бол ихэнхийг нь Х.Жамбал өшиглөсөн, намайг буланд сууж байхад Х.Жамбал, Т.Ананд 2 талийгаачийг доош буулгах үед нь түргэн тусламж орж ирсэн”  хэмээн мэдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын эхний үед “Э.Баттулга нас барсан” гэх асуудлыг шалгаж байхад хохирогч У.Өнөболд зодуулсан, гэмтсэн талаараа огт гомдол гаргаагүй, мэдүүлэг ч өгөөгүй, бусад гэрчүүд ч У.Өнөболдын гар гэмтсэн байсан талаар мэдүүлээгүй атал эрүүгийн хэрэг үүсгэснээс 27 хоногийн дараа гэнэт У.Өнөболдыг хохирогчоор тогтоон шалгаж, шинжээч томилон дүгнэлт гаргуулсан байна. Шүүгдэгч Х.Жамбалын эцэг, эх, өмгөөлөгч бид ГССЗҮТ-ийн хүлээн авах тасгийн бүртгэлээс шүүлгэж үзэхэд 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр амбулаториор үзүүлэгчдийн бүртгэлд У.Өнөболд бүртгэгдээгүй, харин 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр амбулаториор үзүүлэгчдийн бүртгэлд бүртгэгдэж, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хэвтэж эмчлүүлсэн байна. Мөн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр авахуулсан рентген зургаа 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр авахуулсан болгож бүртгүүлсэн боловч компьютерын файл нь зурган дээрээ хадгалагдсан харагдаж байна. Түүнчлэн У.Өнөболд нь гэмтлийн эмнэлгийн бүртгэлд насаа буруу бичүүлж, дараа нь засварласан зэрэг нь уг гэмтлийг тухайн өдөр авсан гэхэд ихээхэн эргэлзээтэй байгаа болно. Энэ байдлыг нарийвчлан шалгаж өгөөч. 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн ЦХ-ийн камерын бичлэгт үзлэг хийж өгөөч хэмээн мөрдөн байцаагчид хандахад огт хүлээж аваагүй байна.

Э.Баттулга нас барсан гэх асуудлыг шалгасан эрүүгийн хэргээс Х.Жамбалд холбогдох хэрэг гэгчийг бий болгож, үндэслэлгүйгээр тусгаарлан шүүхэд шилжүүлж, бусдын амь нас хохирсон хэргийн мөрдөн байцаалтын чиглэлийг санаатайгаар өөр асуудалд хандуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Хохирогч У.Өнөболд ямар ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг ч анхаарч үзэх л ёстой.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд миний үйлчлүүлэгч Х.Жамбал бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрвээ давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзээд миний үйлчлүүлэгч Х.Жамбалыг хохирогч У.Өнөболдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна гэж дүгнэхэд хүрвэл, түүний санаа сэтэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан байж болох нөхцөл байдлыг анхааран үзэж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.Жамбалыг цагаатгаж өгнө үү.

 

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Х.Жамбалыг анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн/өөрийнх нь ойлгосноор/ хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хохирогч У.Өнөболдод хохирлын 356.194 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Х.Жамбал нь 2016 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч У.Өнөболдыг “миний найз Э.Баттулгыг аллаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас уурлан түүнийг өшиглөж, зүүн богтос ясны далд хугарал бүхий бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

           

Хохирогч У.Өнөболдын “...Жамбал, нэг танихгүй залуугийн хамт гараад ирсэн.  Тэгэнгүүтээ шууд намайг хараад толгой руу өшиглөхөөр нь би талийгаачийг газар тавьчихаад цаашаа болсон чинь Жамбал цуг явсан залуугийнхаа хамт намайг өшиглөөд унасан, 9 давхрын лифтний хажуугийн буланд сууж байсан чинь Жамбал миний толгой руу өшиглөх гэхээр нь би гараараа хаасан чинь гар луу олон удаа өшиглөсөн, ...Жамбал, Ананд нар намайг орцонд орж ирээд талийгаачийг тэврээд сууж байхад шууд үг дуугүй учрыг нь ололгүй өшиглөхөөр нь босоод цаад буланд очоод суутал дахин ирж өшиглөсөн, гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу хугарсан байсан...”/хх-3-6/,

 

Гэрч Д.Булганчимэгийн “...Жамбал, нэг танихгүй залуутай зөрсөн, тэгээд түргэн тусламжийн тэргийг дагуулаад иртэл 7 давхар луу буулгаад ирсэн байсан. Жамбал тэр найзтайгаа Өнөболд руу дайраад байсан, дээр 9 давхарт байхад нь зодсон юм шиг байсан, би хараагүй, Жамбал бас тэр үед Тэнгисийн хамар луу цохиж авсан, түргэний эмч “та нар битгий бие биерүүгээ дайраад бай, энэ хүн нас барсан байна” гэж хэлсэн...”/хх-10-11/,

Гэрч Н.Төгөлдөрийн “...У.Өнөболдыг байцаалт өгчихөөд гарч ирэхэд нь таарсан, зүүн талын гараа цамцаараа сойгоод боочихсон байхаар нь “гараа яасан бэ” гэхэд “Жамбал гэдэг хүүхэд намайг зодоод, гарыг маань хугалчихлаа” гэхээр нь “яагаад зоддог юм бэ” гэхэд “талийгаачийг намайг боож алсан гээд зодсон” гэж байсан...”/хх-32-83/,

 

Гэрч Ч.Оюун-Эрдэнийн “...Байцаалт нь дуусаад гарч ирсэн чинь зүүн талын гараа цамцаараа сойгоод боочихсон байхаар нь “юу болсон яасан, гараа яасан юм бэ” гэхэд “ээжээ санаа зоволтгүй” гэж байсан. Тэгээд “түргэний эмчид үзүүлсэн чинь зөөлөн эдийн гэмтэлтэй, хугаралт гэж хэлээгүй” гэж байсан. Хүүгээ дагуулаад Цагдаагийн хэлтсээс гараад явж байхад хүү халуурах янзтай, куртикыг нь өмсүүлэх гэсэн чинь өмсөж чадахгүй байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд зүүн гар нь хугарчихсан байсан...”/хх-79-80/,

 

Гэрч Ч.Сүх-Эрдэнийн “...намайг машиндаа сууж байхад У.Өнөболдыг эгч Оюун-Эрдэнэ, дүү Шинэбаяр нар дагуулчихсан гарч ирсэн. У.Өнөболд гарч ирэхдээ зүүн талын гар нь эвгүй харагдаад зовиуртай юм шиг байхаар нь бид нар гэмтэл орж үзүүлье гээд гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд зургийг нь авахуулсан. Зүүн талын гар нь хугарсан байна гээд гарыг нь шохойдуулсан...”/хх-84/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...У.Өнөболдын биед тухайн хэргийн хугацаанд зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 2900 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-39-41/,

           

Хохирлын баримтууд/хх-63, 93-95, 97/, хохирогч У.Өнөболдын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх/хх-85-92, 96/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Ялтан Х.Жамбалын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Гэвч Х.Жамбал нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн байх бөгөөд Х.Жамбалын тус шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “...шүүх нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол миний хувьд маргалдах, мэтгэлзэх зүйлгүй, уг асуудал миний буруутай үйлдлээс болжээ гэж хүлээн зөвшөөрч, хохирогч У.Өнөболд болон Монгол Улсын төрөөс уучлалт гуйж байна...” гэсэн хүсэлт, хохирогч У.Өнөболдын “...Х.Жамбалд гомдол, санал байхгүй болно. Миний нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан, дахин нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт зэргүүдийг тус тус харгалзан Х.Жамбалд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Х.Жамбалд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт заасныг журамлан Хүрэлбаатарын Жамбалд оногдуулсан 1 /нэг/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Х.Жамбал нь нийт 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР                      

 

            ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           

                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ