Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00848

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******  нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ******  нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  нэгдлийн ******  бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ******  өдөр төрсөн. Одоо ******  настай. Би 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16 нас хүрч 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн ******  сумын ******  нэгдлийн ******  бригадад илгээлт аван малчнаар ажиллаж эхэлсэн. 1991 оны 06 дугаар сарын 15-нд цэрэгт татагдаж, 1992 оны 06 дугаар сард халагдаж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архив аас 1987-1991 оны баримт лавлагааг олсон боловч 1987 оны 1-10 дугаар сарын тооцсон үндсэн хөлс, цалин байхгүй мөртлөө, хөдөлмөрийн дэвтэрт тухайн тооцсон үндсэн хөлс, цалин 1-12 дугаар сар бүрэн байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 942 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ******  цалингийн цэс

- Хөдөлмөрийн дэвтэр

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******  нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******  нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  нэгдлийн ******  бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 942 дугаартай тус аймгийн ******  сумын ******  нэгдлийн ******  бригадад малчин байсан ******  нь 1987 оны 11-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12, 1991 оны 01-12, 1992 онд жилийн хөлс 17138 төгрөгийн цалин хөлс авч байсан архивын лавлагаа,

Говь-Алтай аймгийн ******  сумын ******  нэгдлийн ******  бригадад малчнаар ажиллаж байсан ******  1987-1992 онуудад цалин хөлсний цэс,

Говь-Алтай аймгийн ******  сумын ******  нэгдлээс ******  олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 01-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан бичилт хийгдсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүх дээрх цалин хөлсний лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биенээ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ******  1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  нэгдлийн ******  бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдлвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ******  ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******  1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ленинийн зам нэгдлийн Хамтын хүч бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР