Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар   2025/ДШМ/244

 

              

 

Б.Д-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1331 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгчдэгч Б.Д-ын өмгөөлөгч Г.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-од холбогдох 2403006210846 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Д  .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Д- нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Ар гүнтийн даваа уруудах замд 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 15 цаг 30  минутын үед Daewoo загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу тийш онхолдож зорчигч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Э.Д-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ийн Д-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар 871,560 төгрөгийг гаргуулж Улаанбаатар зам засвар арчлалтын газар, ΟΗӨΑΑΤΥΓ-т олгож, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь цаашид гарах хохирол, хор уршгийг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нар нь эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн туслалцаа авч, нийт 11,028,480 төгрөгийг Б.Д-од төлсөн. Хохирогч Б.О нь Б.Д-ын эхнэр бөгөөд хохирол нэхэмжлээгүй. Хохирогч Э.Д мөн хохирлын баримт гарган өгөөгүй гэсэн ч түүний хохирлыг өөрсдөө 20,000,000 төгрөг гэж тооцож 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар график гаргаж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх хурлын өмнө 5,000,000 төгрөгийг төлсөн байсан боловч баримтаа шүүхэд гаргаж өгөхийг мартсан байсан. Эвлэрлийн гэрээний хугацааг харгалзахгүйгээр хохирлыг бүрэн төлж барагдуулах бодолтой байгаа. Б.Д-ын эцэг зуурдаар 5 хоногийн өмнө нас барсан нь түүний амьдралд хүнд цохилт боллоо. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осол гаргаж, хүний биед гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхээс надад зорчих эрхийг хязаарлах ял оногдуулсан нь ажил хөдөлмөр эрхлэх хүндрэлтэй байна. ...” гэв. 

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлдээ: “...Шүүгдэгч Б.Д-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзэж тус зүйл, хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтаар хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан. Хэрэгт эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримт байна. Хэрэгт эрүүл мэндийн даатгалын сангийн санд учирсан хохирол төлсөн баримт авагдсан. Хүнд хохирол учирсан хохирогч Э.Д-тай 20,000,000 төгрөгийн гэрээ хийж бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хангасан гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д-од холбогдох 2403006210846 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.Д- нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Ар гүнтийн даваа уруудах замд 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 15 цаг 30 минутын үед Daewoo загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,

12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна,

12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Э.Д-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн: “...Осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваа уруудах замд байлаа. Daewoo загварын 0000 ААА улсын дугаартай том автомашин зорчих хэсгийн урд шороон хөвөө хэсэгт замын хашлага мөргөж онхолдсон байдалтай автомашины толгой хэсэг ...дугуйнууд дээш харж онхолдсон, автомашины кабин дотор 1 зорчигч хавчуулагдсан байх ба онцгой байдлын алба хаагчид гаргах чиглэлээр ажиллаж байгаад 17 цаг 13 минутад кабинд гацсан зорчигчийн гаргаж түргэн тусламжийн авто машинд суулгасан. Зорчигчийн биеийн байдал зүүн хөл хэсэгт цус ихээр гарсан шархтай, ухаан санаа тогтвортой байх бөгөөд жолооч зорчигч нарыг гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан тэмдэглэлд тусгав. ...Осол хэргийн газарт үүссэн ул мөр буюу тээврийн хэрэгслийн дугуйн даралтын мөр, зам дээр үүссэн онхолдсон байгаа байрлал, замын хашлагийн эвдрэл зэргийн үндэслэн хэмжилтийг хийж, тухайн онхолдсон автомашины жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад 0.00 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв...” гэх тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд /хх-ийн 5-12/,

хохирогч Э.Д-ийн: “...Д Ар гүнтэд ажил ороод ирлээ явъя гэж хэлээд намайг болон эхнэр О-ийг машиндаа суулгаад явсан. Тухайн үед Daewoo загварын том оврын цутгалт хийдэг помп машинтай явсан. ...Ар гүнт рүү явсан Ар гүнтийн давааны замд явж байхад сэрүүн явсан бөгөөд замын уруу хэсэгт машин гэнэт хурд аваад эхэлсэн Д уналаа шүү гээд хэлж байсан. Тэгээд л осол болсон.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11178 дугаартай: “...1. Э.Д-н биед зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн гуяны олон тооны хуйларсан эдийн дутагдал бүхий шарх, баруун сарвуунд шарх, баруун чамархай, шанаа, дух, баруун шуу, сарвуу, зүүн өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/,

хохирогч Б.О-ийн: “...би урд зорчигчийн суудал дээр суугаад Д суудлын арын хэсэгт хэвтээд явж байсан. Даваагаар уруудаад явж байхад машин гэнэт хурд аваад эхэлсэн. Тэгээд нөхөр сайн бариарай уналаа шүү гээд хэлсэн. Тэгээд юу болсныг санахгүй байна.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,  

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11190 дугаартай: “...1. Б.О-ийн биед баруун шаант ясны далд хугарал, дух, зулайн, хуйхны хуйларсан шарх, зулгаралт, хэвлий, зүүн бугалга, шуу, тохой, баруун бугалгад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ын: “...Би ослын талаар мэдээд Ар гүнтэд машин осолдсон газар ирсэн. Намайг ослын газарт ирэхэд манай байгууллагын эзэмшлийн Daewoo загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон, жолооч болон 1 зорчигч нь түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан, 1 зорчигч нь машин дотроо хавчуулагдсан онцгой байдлын алба хаагчид гаргаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1583 дугаартай: “...1. Жолооч Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна мөн дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.4 жолооч дараахь үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Зорчигч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/,

иргэний нэхэмжлэгч Б.Ж-ын: “...Манай зүгээс тус хайсанд учирсан эвдрэлийн хэмжээг гаргаж өгсөн Улаанбаатар захирагчийн албанаас хохирол төлбөрийг 871.560 төгрөгөөр тогтоосон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д, Б.О нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 11.028.480 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 2. Шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Э.Д-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Б.Д-ын үйлдсэн хэргийг зүйлчилсэн байна гэж дүгнэв.  

 3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Д-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон нэг жилийн хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшиний гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-од холбогдох эрүүгийн хэргийн хохирол, уршгийн талаар үндэслэл бүхий шийдвэрлэжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Д- нь Хаан банк дахь 528ххххххх дугаар З.О гэсэн нэртэй дансанд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:43:59 цагт 5,000,000 төгрөгийг “d nohon tolbor” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн баримтыг хохирогч Э.Дд хохиролд төлсөн баримт гэж гаргасан. Хэрэгт иргэн З.О-ыг хохирогч Э.Д-тай хамаарал бүхий этгээд эсэхийг нотолсон баримт байхгүй тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-оос хохирогч Э.Д-д 5,000,000 төгрөгийг хохиролд төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 5. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол...” гэж бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцүүлэн хууль зүйн хувьд зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав. 

 6. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч Б.Д-од оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн хэдий боловч зорчих хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээгээр хэт өргөн тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгуулллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох ...-ийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан ялын нөлөөллийг алдагдуулсан байна гэж дүгнэв.

Иймд эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдэгчид нөлөөлөх зорилго, шаардлагад  нийцүүлэн Б.Д-ын оршин суудаг гэх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоосон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд оруулж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1331 дүгээр шийтгэх тогтоолын:  

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Х овогт Б-ийн Д-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Г.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

          ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ