| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 24002000000279 |
| Дугаар | 2025/ДШМ/245 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/245
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Оюунчимэг,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 24002000000279 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Б-ийн М, /РД: ...................../, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 292 дугаар байрны 06 тоотод түр оршин суух, урьд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;
Шүүгдэгч Б.М- нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо, ..... дугаар байрны .... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 33,8 грамм зэрлэг олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Б-ийн М-ыг “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан “Соса Соlа гэсэн бичиглэлтэй 2 литрийн ундааны саван дотор байх ногоон өнгийн ургамал мэт зүйл...”-ийг устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдолдоо: “...Миний бие өндөр настай эхийн хамт хоёул амьдардаг, ээж маань биеийн байдал тааруу, даралт ихэсдэг бөгөөд байнгын хараа хяналт шаардлагатай байдаг. Мөн миний бие удаа дараагийн хагалгаанд орж бөөрөө авахуулсан, түнхний мултралтай сайн алхаж гишгэж чаддаггүй. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцсон. Түүний гэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис илэрснийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар магадаггүй. Шүүгдэгч эрүүл мэндийн хувьд зүүн бөөрөө авахуулсан, баруун түнх мултралттай, гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй тул түүний эрүүлийн мэндийн байдлыг харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэв.
Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн хэд хэдэн шалтгаантай хэдий ч энэ нь хорих ялыг эдлэхэд харшлах нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүл мэнд, хууль зүйн сайдын хамтарсан жагсаалтаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх өвчний жагсаалтад шүүгдэгчийн өвчин ороогүй. Мөн шүүгдэгч нь айлын ганц хүүхэд бөгөөд ээжийнхээ сэтгэл санааг чилээдэг, зарим тохиолдолд биед нь хүрдэг, сэтгэцэд нөлөөлөх бодисыг байнгын давтамжтай хэрэглэдэг. Улмаар сэтгэцийн эрүүл мэндэд өөрчлөлт орсон талаар мөрдөн байцаалтын шатанд анзаарагдсан, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсандаа дүгнэлт өгөхгүйгээр дахин гэмт хэрэгт холбогдсон байдалд харгалзан шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн 24002000000279 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Б.М-ын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 33,8 грамм зэрлэг олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь:
Б.М-ын амьдарч буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 292 дугаар байрны 2 давхрын 6 тоот орон байранд 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэгжлэг хийхэд “Өвс” илэрсэн болохыг бэхжүүлсэн “...Шүүгээний дээд хэсгийг гэрэл тусган үзэхэд “Соса Соlа гэсэн бичиглэлтэй 2 литрийн ундааны сав байх ба дотор нь ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг “1” дугаараар тэмдэглэн хураан авав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 14-20/,
Б.М-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад “...ТНС урьдчилсан байдлаар илэрсэн...” талаарх 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 21-23/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4491 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.М- УА........... 2024.07.30” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. 2.3. Шинжилгээнд илэрсэн бодис нь тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 50-51/, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4492 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савалгаатай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Ургамал мэт зүйлийн хуванцар савны хамт жин нь 88,0 грамм, цэвэр жин нь 33,8 грамм болов. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 55-56/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
Б.М-ын яллагдагчаар мэдүүлсэн: “....Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа...” /хх-ийн 10-11/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Шүүгдэгч Б.М-ын гэртээ “Соса Соlа” гэсэн бичиглэлтэй 2 литрийн ундааны саван дотор хийж хадгалсан байсан цэвэр жин нь 33,8 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис байх ба худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо, ..... дугаар байрны .... тоот гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, ...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна.
Анхан шатны шүүх, Б.М-ын үйлдлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг зөв зүйлчилжээ.
3. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 753 дугаартай: “..4. Б.М- нь хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-ийн 60-61/ гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай болох хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 65-76/, гэрч Б.Д-ний: “...Өмнө нь М-ыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг ээжээс нь мэдсэн байсан учраас магадгүй хар тамхи хэрэглэчихсэн юм болов уу? гэж бодоод дуугүй хоолыг нь хийж өгчихөөд гараад явчихдаг байсан. М-ын гэрт найзууд нь гээд янз бүрийн нөхдүүд ирчихсэн байж байдаг байсан. Би гэрээс нь хөөгөөд гаргадаг байсан. Түүнээс биш М гэрээс гараад гадуур тэнээд байдаггүй. Энэ хүн цоо эрүүл хүн бол биш. Үе үе ганцаараа яриад суугаад байдаг. Шар хаданд хэвтэж эмчлүүлж байсан. М-ын ээж надад хэлэхдээ М нь ээжийгээ зодож нүддэг гээд айгаад ганцаараа М дээр ирдэггүй, намайг дагуулж очдог байсан. М нь айлын ганц хүүхэд болохоор эрхлүүлээд ийм болгочихсон юм шиг байсан. М-ын гэрээр орж ирдэг нөхдүүдийг харвал танина. Түүнээс биш нэр усыг нь мэдэхгүй...” /хх-ийн 33-34/ гэх мэдүүлэг, урьд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан /хх-ийн 71-76/ зэргээр шүүгдэгч Б.М-ын сэтгэцэт нөлөөлөх ургамлыг хэрэглэдэг, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хувийн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялаас шүүх Б.М-д хорих ялын төлийг сонгож, тус зүйл хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн хугацаанаас 2 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Б.М-ын сэтгэцэт нөлөөлөх ургамлыг хэрэглэдэг, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.М-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ