| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01018/И |
| Дугаар | 305/ШШ2025/00898 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00898
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* тоот хаягт байрлах /РД:******/ А ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ******** тоот хаягт байрлах /РД:********/ М ХХК-д холбогдох
худалдах худалдан авах гэрээний үүрэг 16,566,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэг 16,566,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: А ХХК нь хариуцагч М XXК- түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан Галсангийн Долгормаатай 2023 оны 10 сарын 08-ны өдөр Сэргээн засах физик, эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авах №2023100801 дугаартай гэрээ байгуулж, 2024 оны 09 сарын 11-ний өдөр №2023100801 дугаартай гэрээг дахин шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээгээр БНСУ-н DМС компанид үйлдвэрлэгдсэн сэргээн засах физик эмчилгээнд зориулагдсан цахилгаан эмчилгээний аппарат-BIOТRОN DX, Халуун жин, Лазер эмчилгээний аппарат, Өвдөгний үений идэвхгүй дасгал хийх аппарат (СРМ) болон татлагын ор зэрэг нийт 5-н төрлийн аппаратыг худалдаж 2024.07.09-ний өдөр аппаратуудаа М ХХК-нд нэхэмжлэгч байгууллага нь Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу онгоцоор очиж, бүрэн бүтэн хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэрээний нийт төлбөр 60,900,000 /жаран сая есөн зуу мянган/ төгрөг байна. Үүнээс 45,900,000 төгрөг нь компанийн дансанд орсон бөгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2024.11.22-ны өдрөөс 2025.03.22-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд сар бүр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс олон удаа гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаад гомдолтой байна. Мөн худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,03 хувийн алданги төлөх үүрэгтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги 1,566,000 төгрөг гаргуулах саналтай байна. Иймд хариуцагч М ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 /арван таван сая/ төгрөг, алданги 1,566,000 /нэг сая таван зуун жаран зургаа мянга/ төгрөг нийт 16,566,000 /арван зургаан сая таван зуун жаран зургаа мянга/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говь Алтай аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг М ХХК нь сүүлийн сонгуулиас хойш үйл ажиллагаа явуулж чадахгүй хүнд байдалд ороод байна. ЭМДЕГ-тай 3 жилийн гэрээ байгуулж Улсын эмнэлэг шиг үзүүлж буй бүх туслам) үйлчилгээгээ үнэгүй болгоод Сонгон шалгаруулалтад тэнцээд ажиллаж байсан билээ. Хувийн эмнэлгүүдэд санхүүжилт өгөхгүй гэсэн төрийн бодлогоос болж төлбөргүйгээс төлбөртэйд шилжих нь туйлын хүндрэлтэй явдал болсоор л байна. Бүтэн 2 жил үйл ажиллагаа зогсож эмнэлэг бүрэн дампуурч байна. А ХХК тай 2023 оны 8 дугаар сард Сэргээн засахын тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч эмнэлэгтээ засвар хийгээд санхүү болохгүй байсан.2024 оны 05.03-нд 10 сая төгрөг шилжүүлж худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. 2024.08.10 гэхэд төлбөрийн 70 хувийг хийсэн байсан.09 сарын 13-нд хүлээлцэхэд 250 мянган төгрөг шилжүүлж, 15 сая төгрөгийн тооцоо үлдсэн.Энэ тооцоог хийж чадахгүй эмнэлэг ажиллахгүй, магадлангийн шалгалт ирнэ, ирэхгүй гэсээр 2 жил боллоо. 2025.08.02-нд арайхийж Магадлан ирж, тэнцээд одоо л санхүүжилтээ авах нь гэтэл Даатгалын сан хоосорсон, Гэрээг бүр хаасан. Хувийн эмнэлэг уналтад орлоо. Эдний компани ч биш Монос, Ази фарм, пролианс. Биосистемс, Итгэлт түнш, Гэгээн хутагт гээд олон харилцагч компаниуд маань хэцүү байна. Бүгд л мөнгөө хүлээж байна. Зээлээ төлж чадахгүй найдваргүй зээлдэгч болсон. М эмнэлгийн төрх байдал иймэрхүү, хаалгаа барьсан байдалтай, төлбөр төлж үйлчлүүлэх хүн манай нутагт ховор байна даа. Алданги төлж чадахгүй, 15 сая төгрөгөө 2026 оны эхний хагаст багтаан төлье. Цаашид ч мөн хамтран ажиллах болно гэжээ.
4. А ХК шүүхэд ирүүлсэн хүсэлт болон эвлэрлийн гэрээндээ: А ХХК /РД:5******-н нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК /РД:*******/-д холбогдох "Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,566,000 /арван зургаан сая таван зуун жаран зургаа мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч би хариуцагчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч алданги 1,566,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байна. Нэхэмжлэгч А ХХК-ийн зүгээс хариуцагчийн тайлбарыг бүрэн хүлээн зөвшөөрч үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад оруулж 1,566,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Иймд Иргэний хээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Зохигч нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. 1. Нэхэмжлэгч талаас 16,566,000 /арван зургаан сая таван зуун жаран зургаа мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 1,566,000 /нэг сая таван зуун жаран зургаа мянга/ төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагчаас 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2 Хариуцагч М ХХК нь 15,000,00.0 /арван таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-нд 2026 оны 01 сарын 30-ны дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны дотор 5.000,000 /таван сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,566,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч А ХХК нь алданги 1,566,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М ХХК нь 15,000,000 төгрөгийг 2026 оны 01 сарын 30-ны дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны дотор 5.000,000 /таван сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч А ХХК нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.780 төгрөгийн 120,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 120,390 төгрөгийг, хариуцагч М ХХК-аас 120,390 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,566,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт А ХХК нь алданги 1,566,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М ХХК нь 15,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.780 төгрөгийн 120,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 120,390 төгрөгийг, хариуцагч М ХХК-аас 120,390 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА