| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0304/Э |
| Дугаар | 321 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.НАРАНГЭРЭЛ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч /хохирогч/ П.М -,
шүүгдэгч /хохирогч/ Н.А - нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н-ийн А-д, Б овогт П-ын М- нарт холбогдох 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, компьютер веб дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А овогт Н-ийн А /РД:00000000000/,
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ард салбарын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 000 дүгээр хороолсл 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт П-ын М/РД:00000000000/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.А - нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” хороолол 0000 дугаар байр 0 тоотод хадам дүү болох П.М -тэй маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч П.М - нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” хороолол 0000 дугаар байр 00 тоотод хүргэн ах болох Н.А -той маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч /хохирогч/: Н.А -оос: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/: П.М -эс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Н.А -ын “....Тэгтэл миний толгой руу гэнэт хүчтэй 2-3 удаа цохисон, сэрээд хартал М- байсан, би М-д хандаж чи яагаад ахыгаа зодож байгаа юм гэж хэлтэл миний цээжин дээр суугаад 2 гар дараад хамар руу цохисон. ...би М-д хандаж, чам шиг бандид зодуулахгүй гэж хэлээд хамар руу нь гараараа 1 удаа цохитол зөрүүлээд намайг барьж аваад буйдан дээр дарж хэвтээд толгой руу мөргөөд байсан. Намайг 15-20 минут буйдан дээр дараад гар мушгиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Хохирогч П.М -ийн: “...Биднийг орох үед үүдний коридорт А - ах доошоо хараад хэвтээд унтаж байсан. Тэгэхээр нь би эгчийгээ хувцасаа авахаар нөгөө өрөөнд орох үед нь А - ахын нуруун дээр нь алгадаад “та орон дээрээ очоод унт” гэж хэлтэл А - ах босч ирээд намайг заамдаж аваад “чи намайг зодлоо” гээд миний хамранд нэг удаа цохичихоор нь би зөрүүлээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохиод түүнийг тэвэрч аваад буйдан дээр дээрээс нь дарж хэвтсэн. Тэгээд би дүүгээрээ цагдаад дуудлага өгүүлсэн юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч С. Мын:“...бид нарыг гэрт орох үед манай нөхөр архи уучихсан согтуу гэрийхээ үүдэнд унтаж байсан. ...намайг хувцсаа сольж байтал манай охин ирээд намайг цохиод аавыг М- ах зодоод байна гэж хэлэхээр нь би очтол манай нөхөр коридорт М-тэй заамдалцаад зогсож байсан. ...Манай нөхрийг буйдан дээр М- дараад хэвтээд байсан. Би сонсохгүй учраас юу ярьж байгааг нь мэдээгүй, манай охин надад хандаж, аав цагдаа дууд гээд байна гэж хэлэхэд нь чи битгий цагдаа дууд насанд хүрээгүй хүүхдээс дуудлага авахгүй гэж хэлээд дүү О-ийг цагдаа дууд гэж ойлгуулж хэлээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.А-ын: “....М- ах 00 орно гээд босоод 00 руу орчихоод гарахдаа аавыг өшиглөх шиг болсон, би нүдээрээ хараагүй ч сонсоод шууд аав руу хараад ээжийг дуудаад хэлсэн. Аав хэн бэ гэж хэлээд өө М-э чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэтэл М- ах аавын 2 гарыг бариад хананд шахаад зогссон. М- ах аавыг гараас нь барьсан чигээрээ буйдан дээр татаад аваачаад өөрөө биеэрээ аавыг дарчихаад хөдөлгөхгүй байсан, мөн гарыг нь мушгиад нэг гараараа аавын нүүр лүү болон толгой руу олон удаа цохиод байсан, мөн толгойгоороо мөргөөд байсан. Ингээд гайгүй болоод М- ах аавыг тавиад гадуур хувцасаа тайлаад 00 орж гарч иртэл аав М- ахын хамар луу цохисон чинь хамарнаас нь цус гараад М- ах дахиад аавыг буйдан дээр дараад хоёр гарыг нь бариад хэвтсэн. М- ахын хамраас цус гараад аавын дээр гоожоод байсан учраас би 00-ын цаас авчирч цусыг нь арчиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
Гэрч Э.Б -ий “...Намайг тухайн дуудлаганд очих үед гэрийн эзний гэрт ирсэн хоёр дүү нь нилээн ууртай, А - гэх хүнийг архи ууж дандаа эхнэрээ дээрэлхдэг гэж ярьж байсан ба тэр А - гэх гэрийн эзэн гэрт нь ирсэн эрэгтэй дүү /М-/ гэх залуу хоёр өмнө нь зодолдсон байдалтай байсан ба М- нь А -ыг ер нь зодчих гээд л нилээн ууртай байсан. Миний санаж байгаагаар гэрийн эзэн А - гэх хүний нүүр нь цус болсон байсан бөгөөд би нилээн хэдэн сарын өмнө очсон болохоор юу ярьцгааж байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг очсон байхад гэрийн ззэн А -ыг эхнэрийнх нь дүү М- юм ярьж байгаад нүүрнийх нь зүүн хэсэгт, чих хавьцаа нь гараараа цохьчихоор нь би түүнийг салгаж байснаа бол сайн санаж байна. Түүнээс өөрөөр миний нүдэн дээр зодолдсон асуудал байхгүй. Харин тухайн үед байсан хүмүүс тэр хоёрыг намайг очихоос, өмнө нь зодолдсон талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №14552 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №182 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч П.М -ийн: “...А - ахын нуруун дээр нь алгадаад “та босоод орон дээрээ очоод унт” гэж хэлтэл А - ах босож ирээд намайг заамдаж аваад чи намайг зодлоо гээд миний хамарт 1 удаа цохьчихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиод түүнийг тэвэрч аваад том өрөөний буйдан дээр унагаагаад дээрээс нь дарж хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/
Яллагдагч Н.А -ын: “...тэгтэл миний толгойг гэнэт түс гээд цохихоор нь хартал манай эхнэрийн дүү М- байхаар нь би түүнд чи яагаад ахыгаа зоддог юм бэ” гэж хэлтэл намайг хэвтэж байсан болохоор цээжин дээр суугаад нүүрэнд гараараа цохисон. ...тэгээд бид нар том өрөөнд байж байтал би дүүдээ зодуулсан учраас шаралхаад М-д чам шиг бандид зодуулахгүй шүү гэж хэлтэл М- миний шарыг малтаад байхаар нь би түүний хамарт нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл намайг М- барьж аваад буйдан дээр дарж хэвтүүлээд толгой, нүүр хэсэгт толгойгоороо мөргөөд байсан ба намайг босгохгүй 20 орчим минут гар дээр дарж миний дээр хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80, 87 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81, 91 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч нарын боловсрол, хувийн байдалтай холбоотой мэдээлэл /хх-ийн 89, 90 дүгээр хуудас/
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 дугаар хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж П.М -, Н.А - нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Н.А - нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” хороолол 0000 дугаар байр 00 тоотод хадам дүү болох П.М -тэй маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч П.М - нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” хороолол 0000 дугаар байр 0 тоотод хүргэн ах болох Н.А -той маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч Н.А -ын мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч П.М -ийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч С. Мын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч А.Ариунжаргалын мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Э.Б -ий мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №14552 дугаартай
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №182 дугаартай
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч П.М -, Н.А - нарыг харилцан зодолдож бие биендээ хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч П.М -, Н.А - нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч /хохирогч/ Н.А -, П.М - нар нь хавтаст хэргийн материалтай танилцаж, харилцан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Н.А -, П.М - нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв .
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.А -, П.М - нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Н.А -, П.М - нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Н-ийн А -, Б овогт П-ын М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А -, П.М - нарыг тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М -, Н.А - нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.А -, П.М - нарт мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.А -, П.М - нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.А -, П.М - нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ