Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/246

 

 

 

 

Д.Ц, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн  даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Б.Ц нарт холбогдох 2309000002007 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овгийн Д-ын Ц /РД: ............../, .............. багийн задгайд оршин суух хаягтай, урьд 7 удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан:

1993 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

1995 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

1998 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2001 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2004 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь заалт, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

2008 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх заалтад тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан;

2. Ч овгийн Б-ийн Ц /РД: ........................../, ......................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Ц, Д.Ц нар нь Н.М-тэй бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.С-ыг боож унагаан, гэдэс рүү нь өшиглөх, өвдөглөх зэргээр хүч хэрэглэж, хэтэвчийг нь аван 340,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ц, Д.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Д-ын Ц-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 390 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдпүүлэхээр тогтоож, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ц миний бие 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20:00 цагийн үед гэртээ харих гэж яваад Дамбадаржаагийн автобусны буудалд дээр Н.М-, Д.Ц нартай тааралдсан. ...Тэгээд ярилцаж байх үед С-тай таарч Ц, С хоёр юм яриад цаашаа явсан. Энэ хооронд би тамхи татаад зогсож байтал М намайг нударч араас нь очъё гэсэн. Тэгтэл замын цаана С, Ц хоёр барьцалдаж, зууралдаад байхаар нь би очиж зодолдоод байгаа юм уу, болиоч гэж хэлэх үед С гүйгээд яваад өгсөн. Тэгээд тэр хоёр дэлгүүр орж архи авч ууя гэсэн. Дэлгүүр орох үед би гадаа тамхи татаад хүлээж байсан. Гандангийн хашаанд орж архи уусны дараа би тэр хоёрыг орхиод явсан. Тухайн үед би дээрэмдэх гэмт хэрэг болсоныг огт мэдээгүй, тэр хавиар явж, тааралдсанаараа л гэмт хэрэгт буруутгагдсан. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд Д.Ц мэдүүлэхдээ “Ц энэ хэргийн талаар огт мэдээгүй” гэж мэдүүлсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг учрал 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагийн үед буюу орчны гэрэл бүүдгэр болсон цаг хугацаанд болж өнгөрсөн байх бөгөөд хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр Соёмбо худалдааны төвийн үүдэнд гэрэлтэй орчноос харанхүй бүүдгэр орчны хооронд болж өнгөрсөн байдаг.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц нь бусдын эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхлүүлсэн буюу хохирогчийн араас хөөсөн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн эд юмсыг хүч хэрэглэж авсан үйл баримтыг хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд олж тогтоогоогүй.

Хохирогч Л.С-ын 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ “...үл таних 3 эрэгтэй хүн тааралдаад ганц шил архи аваад өгчих гээд шаналгаад байсан. Тэгэхээр нь би үгүй гэсэн. Тэгтэл тэр 3 хүн салахгүй байхаар нь сүүлдээ зугтаасан. Тэгтэл нэг нь араас гүйж ирээд дарж унагаад, багалзуур шахаж боогоод, баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа, хоолой хувцасаар боосон, гэдэс рүү өвдөглөсөн, өшиглөсөн. Тэгээд байж байтал нөгөө 2 нь араас гүйцэж ирээд ямар овоо пизда вэ гээд куртикны зүүн талын дотор халаасанд байсан түрүүвийг авсан. Миний гар утсыг нэг нь дээр нь гишгээд дэлгэцийг нь хагалсан...” гэх бөгөөд уг мэдүүлэг нь хохирогч Л.С- болон шүүгдэгч Д.Ц нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс хэн хэн хохирогчийн биед халдсан болохыг тодорхой болгодог.

Тодруулбал, шүүгдэгч Д.Ц хохирогчийн биед халдаж цохих үйлдэл хийсэн, мөн гар утсанд дээр гишгэж дэлгэцийг нь хагалсан байдаг бол шүүгдэгч Н.М- нь хохирогчийн халааснаас түрүүвчийг нь авсан болох нь тус тус тогтоогддог.

Энэ нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад явуулсан таньж олуулах ажиллагаагаар “шүүгдэгч Д.Ц-ыг намайг зугтаж байхад араас гүйж ирээд унагаагаад дээрээс дараад, хоолой боогоод, түрүүвчийг минь авсан хүн мөн байна”гэж, шүүгдэгч Н.М-г “М Ц-ийн надаас авсан түрийвчийг нээж үзсэн хүн мөн байна” гэж, харин шүүгдэгч Б.Ц-г “махлаг, монхор хамартай эрэгтэй нь зүгээр хамт явж байсан хүн мөн байна” гэснээр давхар нотлогддог.

Мөн шүүгдэгч Д.Ц, Н.М- нараас өгсөн мэдүүлгүүдэд шүүгдэгч Б.Ц-г хаана байсныг мэддэггүй гэх ба хохирогч Л.С- нь шүүгдэгч Б.Ц-г замын нөгөө талд байсан гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн. Түүнчлэн, хохирогч Л.С- нь хохирогчийн мэдүүлэгтээ “тэр гурвуулаа халаас ухсан” гэх боловч шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд өгсөн мэдүүлэгтээ “тухайн үед мэдүүлэгт өгөх үедээ цочирдсон байсан тул тэгж мэдүүлсэн” гэдэг. Тэд Ц-гаас 7 ах хүмүүс, М, Ц нараас айдаг байсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогчийн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлгийг ач холбогдол бүхий баримт гэж үнэлсэн нь хэрэг учрал болсон газрын үйл баримтыг шүүгдэгч нарын оролцоо талаас нарийвчлан салгаж дүгнээгүй, шүүгдэгч Б.Ц-гийн үйлдэл оролцоог тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүхээс “...“Дээрэмдэх гэмт хэрэг” нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай үйлдлээр илэрдэг. “Довтлох” гэдэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж хүчтэй, санаатай, идэвхитэй хөдөлгөөнөөр илрэх бөгөөд хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах бодит хүчирхийлэл эсхүл гэнэтийн түрэмгий нууц хүчирхийллийг өмчлөгч, бусад өмч эзэмшигч, ашиглагч, эсхүлэд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшихэд нь саад хийсэн бусад хүмүүсийн эсрэг үйлдлүүд хамаарна” гэж тодорхойлсон.

Миний үйлчлүүлэгч Б.Ц-гийн хувьд хохирогчийн биед хүч хэрэглэн халдсан, эсхүл хүч хэрэглэхээр бие махбодийн эсхүл сэтгэл зүйн хувьд заналхийлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлгээр тогтоогддоггүй.

Хохирогч Л.С- нь “энэ 3-ыг барахгүй гэж бодоод цааш зугтсан” гэх боловч шүүгдэгч Б.Ц-г Соёмбо дэлгүүрийн өмнө шүүгдэгч Д.Ц, Н.М- нарын ард тамхи татаад зогсож байсан, ярианд оролцоогүй, хохирогчтой яриа өдөөгүй болохыг мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ц-гаас хохирогч руу чиглэсэн идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй нь түүнийг бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Тэрээр хохирогч зугтсан үйлдлийг огт мэдээгүй, шүүгдэгч Н.М-гийн тохой татаж гүйхэд дагаж гүйх явцаа замын эсрэг талд бусдын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гарч байгааг мэдсэн даруйдаа зогссон нь түүнийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр эсхүл хохирогч руу бие махбодиор, эсхүл сэтгэл зүйн хувьд довтолж эхэлснээр эхэлж, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг өөрийн болгон авснаар төгсгөл болдог. Энэ ч утгаараа миний үйлчлүүлэгч Б.Ц нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон, хүч хэрэглэн дээрэмдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул түүний гүйсэн үйлдлийг довтолсон буюу хохирогчийн араас хөөсөн гэж үнэлж дүгнэх нь хэргийн бодит байдалтай үл нийцэж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан байх бөгөөд уг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримтын талаар огт дүгнээгүй нь шүүгдэгч нараас хэн хэн нь гэмт хэргийг үйлдсэн болон оролцоог нотлоогүй гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 болон 1.6 дахь заалт тус тус тогтоогдоогүй нөхцөл байдал бий болсон байна.

Мөн хэргийн үйл баримтад огт хамааралгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Ц-г буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт түүнийг үйлдлийг гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж хууль зуйн хувьд дүгнэж байна. Иймд Б-ийн Ц-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Д.Ц тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Шүүгдэгч Д.Ц-ы өмгөөлөгч Ц.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлийг шүүгдэгч Б.Ц тус гэмт хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгыг хүрээнд тайлбар гаргалаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа тухайн үйл баримт нь зөвхөн шүүдэгч Б.Ц-гийн өгсөн мэдүүлгүүдээр үндэслэн хэргийн үйл баримтууд нотлох баримтуудыг дурдаж байна. Гэтэл шүүгдэгч Б.Ц-гийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул түүнийг хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй. Үйл баримтын тухайд тухайн дурдсан зүйл болсон гэх хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “манай үйлчлүүлэгч тухайн үед зүгээр зогсож байсан, гэмт хэрэг хамтран оролцоо байхгүй” гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэгт хамтран оролцохдоо урьдчилсан тохиролцсон болон тухайн үед үйлдлээрээ нэгдсэн байх тохиолдолд хамтран оролцсон байна гэж хуульчлан тогтоосон. Хэрэгт цугларсан нотлох баримтыг хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар сэргээн дүрсэлсэнтэй холбоотойгоор тухайн үед Б.Ц, Н.М-, Д.Ц нар нь гэмт хэрэг болохоос өмнө архи уух талаар ярилцсан, мөн архи авах мөнгө байхгүй талаар хэн аль нь мэдэж байсан. Үүнтэй холбогдуулаад хохирогч С-ыг автобуснаас буухад архины мөнгө нэхсэн үйл баримтын талаар шүүгдэгч Д.Ц мэдүүлдэг энэ талаар Н.М- Б.Ц нар хажууд талаас нь харж байх боломжтой байсан. Хохирогч С нь амь нас эрүүл мэндэд 3 этгээд халдах боломжтой гэдэг талаараа өөрийн оюун дүгнэлтээр гэмт хэргээс зайлсхийж зугтаасан, түүний араас шүүгдэгч Д.Ц, Б.Ц, Н.М- нар гүйсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эд хөрөнгө авснаар биш тухайн эд хөрөнгийг авахаар довтолсон үйлдлээр төгсөж байгаа, ямар нэгэн байдлаар материаллаг бүрэлдэхүүн байхгүй. Иймээс довтолсон үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс таньж олуулах ажиллагаанд хохирогчоос “шүүгдэгч Б.Ц зүгээр хамт зогсож байсан гэж хэлсэн байна шүү дээ” гэж тайлбарласан. Гэтэл хамт зогссон эсэхээс үл хамаараад шүүгдэгч Б.Ц нь хохирогч С-ын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах бололцоо нөхцөл байдал үүсэж байгаа, архины мөнгө нэхсэн, түүнээс зугтаж байгаа үйлдлийг харж зогсоод ардаас нь гүйж байгаа, довтолж байгаа үйлдлүүд нь гэмт хэрэгт урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “манай үйлчлүүлэгч гэмт хэргийн гүйцэтгэгч, хамжигч, хатгагч, зохион байгуулагч биш” гэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж дүгнэсэн. Гүйцэтгэгчээр оролцсон нь өөрөө эрүүгийн хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Ц-г шүүдэгч Д.Ц болон Н.М- нартай бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн. Ийнхүү шүүгдэгч Б.Ц гүйцэтгэгчээр оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Ц гаргасан гомдлынхоо 3 дахь хуудсанд “Ц өөрөө мэдүүлэхдээ Ц энэ талаар мэдээгүй гэж хэлсэн шүү дээ” гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгчийн тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Тодруулбал, шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт 2023 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл 01 жил 5 сар цагдан хоригдож байна. Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар маргаагүй. Гэвч шүүгдэгч Б.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаж байгаатай холбоотой шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа, хууль зүйн дүгнэлттэй, шүүхийн шийдвэр, өмгөөлөгчдийн гомдол, прокурорыг эсэргүүцэлтэй холбоотой удааширсан. Ийнхүү шүүгдэгч Д.Ц-ы зүгээс тухайн өгсөн мэдүүлэг нь өөрт холбогдох хэрэг түргэн шуурхай шийдвэрлүүлэх санаа зорилгын хүрээнд тухайн үед тийм мэдүүлэг өгсөн байх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэх үүрэггүй. Шүүгдэгч Д.Ц-ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг ч гэсэн шийтгэх тогтоолд нотлох баримтаар үндэслэж дүгнээгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “манай үйлчүүлэгч гүйсэн юм чинь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулаад байгаа юм биш үү” гэж тайлбарладаг. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий бол гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзнэ. Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “хохирогч С-ын биед ямар нэгэн гэмтэл учирсан, уг гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн хор уршигтай холбоотой зүйл байгаа. Түүний түрийвчинд байсан 340,000 төгргийг авсан үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хэрэв гэм буруутайд тооцвол маргасан гэж дүгнэхгүйгээр холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлж шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл журам нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, өөрөө гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Гэвч шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлын талаар маргадаг. Түүнчлэн хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Д.Ц нь ганцаараа төлсөн. Шүүгдэгч Д.Ц-гийн зүгээс хохирогчид ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлөөгүй. Хохирогч С нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд “би хэрэг учир болсны дараа мэдүүлэг өгсөн, Ц-тай уулзсан, надад хэрэг хийгээгүй талаар хэл гэж хэлсэн, би иймээс энэ мэдүүлгийг хэлсэн” гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Иймд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдсэн даруй өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээд нотлох баримтын шаардлага хангахуйц байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Ц, Б.Ц нарт холбогдох 2309000002007 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Ц, Д.Ц нар нь Н.М-тэй бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.С-ыг боож унагаан, гэдэс рүү нь өшиглөх, өвдөглөх зэргээр хүч хэрэглэж, хохирогч Л.С-ын хэтэвчийг нь авч 340,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэн авсан болох нь:

хохирогч Л.С-ын хэрэгт хохирогчоор 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр анх өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо Дамбадаржаагийн эцсийн автобусны буудал дээр автобуснаас буугаад Дамбадаржаагийн гэрлэн дохио тал руу замын хойд талаар алхаж байтал үл таних 3 эрэгтэй хүн тааралдаад ганц шил архи аваад өгчих гээд шаналгаад байхаар нь үгүй гэсэн. Тэгтэл тэр 3 хүн салахгүй байхаар нь сүүлдээ зугтаасан. Тэгтэл нэг нь ардаас гүйцэж ирээд дарж унагаад багалзуур шахаж боогоод, баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа, хоолой хувцсаар боосон, гэдэс рүү өвдөглөсөн, өшиглөсөн. Тэгээд байж байтал нөгөө хоёр нь ардаас гүйцэж ирээд яасан овоо пизда вэ гээд куртикны зүүн талын дотор талын халаасанд байсан түрийвчийг авсан. Миний гар утсыг нэг нь дээр нь гишгээд дэлгэцийг нь хагалсан. ...Тэр хүмүүс надтай Соёмбо захын урд талд таараад би буцаж зугтаад 33-ын автобусны буудал тал руугаа явдаг хэсэгт байх замын урд талын тос, масло зардаг ТҮЦ-ний урд баригдсан юм. Одоо харвал танина. ...Миний биеэс түрийвч алдагдсан. Хүрэн шаргал өнгийн арьсан түрийвч дотор нь бэлнээр 340,000 төгрөг байсан. Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, хүмүүсийн нэрийн хуудас байсан. Миний барьж байгаа Huawei загварын гар утасны дэлгэцэн дээр 2-3 удаа дэвсээд дэлгэцийг нь хагалчихсан. ...Жижиг биетэй хар царайтай, туранхай, 40-50 орчим насны хоёр залуу хамт байсан. М Ц нь намайг дарж унагаад гар мушгиж байгаад тэр гурав гурвуулаа миний халаасыг ухсан...” /1-р хх-ийн 152-153/ гэх мэдүүлэг,

энэ хэргээс тусгаарлагдсан шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Л.С-ын хэрэгт анх өгсөн мэдүүлгээ нотлон мэдүүлсэн “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цагаан сарын шинийн 6 байсан. 33 буудлын тэр хавьцаа эгчийндээ очоод буцаж явсан. Харих гэж явж байх замдаа энэ хүмүүстэй тааралдаад энэ хэрэг болсон. Түрүүвчээ булаалгасан. Тухайн үед цагдаад мэдэгдэж мэдүүлэг өгсөн. Энэ 3 хүнтэй Соёмбо захын үүдэнд тааралдсан. Архи авч өг гэж шаардсан. Би чадахгүй гэдгээ хэлсэн. Би өөрөө халамцуу байсан, ганцаараа 3 хүнтэй зодолдож чадахгүй учраас зам хөндлөн гарч зугтаасан. 200 гаруй метр зугтаагаад баригдсан. Ц гэх хүн нь араас түрүүлж ирж намайг барьсан. Гүйгээд амьсгаадсан учраас хурдан ухаан алдсан байх. Нэг сэрээд харах үед Ц нь миний утсан дээр гишгээд байж байсан. Нөгөө 2 хүн нь араас гүйцэж ирсэн. Түрүүвчийг маань аваад явсан. Тэгээд би араас нь дагаж явах замдаа олон удаа хэлсэн. Миний түрүүвчийг өгчих, наад мөнгөнөөсөө архиныхаа мөнгийг авчих гэж хэлсэн. Энэ гурван хүн тэр үед эрүүл байсан. Тэгээд дэлгүүрт орж утсаа цэнэглээд цагдаад дуудлага өгч болсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн...” мэдүүлэг /2-р хх-ийн 217-129/,

гэрч Л.А-ийн: “...Би тухайн өдрийн өмнөх өдөр нь С ахаас 300,000 төгрөг авч сайжруулсан түлшээ татах гээд зээлсэн байсан. Тэгээд ахыг манай ажил дээр байж байгаад явах гэхэд би нөгөө зээлсэн 300,000 төгрөгөө бэлэн өгсөн. Тэрнээс өөр мөнгө байх шиг байсан. Миний мөнгийг бор өнгийн хавтгай түрүүвчинд хийж байхад цаана нь мөнгө харагдаж байсан...” /1-р хх-ийн 162/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн СБ2-23-272 дугаартай “...Huawei LDN-TL10 загварын гар утсыг 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 160,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 178-179/,

Л.С-т хүч хэрэглэж түрүүвчийг нь авсан байдлыг нотолж буй Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3045 дугаартай “...Л.С-ын биед баруун шагайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1-р хх-ийн 185/ гэх шинжээчийн дүгнэлт,

өөрийх нь түрүүвийг хүч хэрэглэн авч явсан 3 хүн хэн болохыг гэрэл зургаар нь Л.С- таньж заасан “...Оролцогч Д.Ц-ы зургийг 4, Н.М-гийн зургийг 6, Б.Ц-гийн зургийг 9 гэж дугаарлан бусад үл таних хүмүүсийн 1, 2, 3, 5, 7, 8 гэж дугаарласан зурагнуудын хамт байршуулан таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч Г.С нь “...4 гэж дугаарласан оролцогч Д.Ц-ы зургийг зааж энэ хүн миний араас хөөж, намайг боож унагаан миний утас болон түрүүвчийг гарган авч, утсыг маань газар унагаан түрүүвчийг хамт байсан хоёр хүндээ өгсөн хүн мөн байна. Харин 6 гэсэн дугаартай эрэгтэй хүн нь намайг газар байхад М Ц-ийн надаас авсан түрийвчийг нээж үзсэн хүн мөн байна. Харин 9 гэж дугаарласан махлаг монхор хамартай эрэгтэй хүн нь зүгээр хамт явж байсан хүмүүс мөн байна...” гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.

Тухайн гэрэл зургуудын байрыг сольж оролцогч Б.Ц-гийн зургийг 2. Н.М-гийн зургийг 5, Д.Ц-ы зургийг 7 гэж дугаарлан бусад үл таних хүмүүсийн зургийг 1,3 4, 6, 8, 9 гэж дугаарлан хохирогч Г.С заалгахад 2 гэж дугаарласан Б.Ц-гийн зургийг, 5 гэж дугаарласан Н.М-гийн зургийг, 7 гэж дугаарласан оролцогч Д.Ц-ы зургийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч таньж олуулах ажиллагааг дуусгав. ...” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 144-147/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарыг бүлэглэж иргэн Л.С-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж авсан байна гэж дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Тэдний бүлэглэн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ...авахаар довтолсон...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэсэн гэмт хэрэгт хамтран оролцох заалтыг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж заасан гэмт хэргийн гүйцэтгэгч гэсэн заалтыг тус тус хэрэглэсэн (журамласан) нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Б.Ц, Д.Ц, Н.М- нарын Л.С-аас мөнгийг нь авах санаа зорилгодоо нэгдсэн байдал нь хохирогчийн удаа дараа мэдүүлсэн “...гурвуулаа мөнгө нэхээд дагаад байсан, зугтаахад араас гурвуулаа хөөсөн, мөнгө бүхий түрүүвчийг нь аваад гурвуулаа явсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг, цагдаагийн байгууллагад хохирогч Л.С-ын гаргасан “...Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Соёмбо төвийн урд байрлах автобусны буудлын орчим бусдад дээрэмдүүлсэн...” гэх гомдол /1 хх-ийн 140/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын “Д.Ц дээрэмдэх үйлдэлд оролцоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хорих ялын хэмжээний дотор гэмт хэргийг үйлдэхэд оролцсон үйлдлийн оролцоог нь харгалзан шүүгдэгч Б.Ц-д 2 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Ц-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 125 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.Ц 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

  3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

          ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ