Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 35,200,000 төгрөг, алданги 17,600,000 төгрөг, нийт 52,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 35,200,000 төгрөг, алданги 17,600,000 төгрөг, нийт 52,800,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч *******т нь ******* ХХК/РД:*******/-тай 2022 өны 04-р сарын 25-ны өдөр 22/01 дугаартай Техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Дархан чиглэлийн замын нэгдүгээр хэсгийн ажилд 2 сарын хугацаатай өөрийн тээврийн хэрэгслийг түрээслэн, ажил үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцож тохиролцсон ажлаа гүйцэтгэж дууссан. Улмаар 35,200,000 /гучин таван сая/ төгрөгийн өглөгтэйг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгааг 2022 оны 06-р сарын 22-ны өдөр хамтран үйлдсэн. Тус тооцоо нийлсэн актад дээрх төлбөрийг 2022 оны 08-р сарын 01-ний дотор төлнө гэж тохиролцсон боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна. Хариуцагч талаас төлбөрөө төлөхийг шаардах үөд эхлээд мөнгөө өгнө, хугацаа өгөөч гэж гуйж байсан ба дараа нь ор сураггүй алга болсон тул гэрээт ажлын хөлс болох 35,200,000 /гучин таван сая, хоёр зуун мянга/-н төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэрээний дөрөвдүгээр бүлгийн 5-т Түрээсийн төлбөрийг дээр дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0,3 хувиар алданги тооцно, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасныг тус тус үндэслэн 17,600,000 /арван долоон сая, зургаан зуун мянга/-н төгрөгийн алдангид тооцож, гэрээт ажлын хөлстэй хамт нэхэмжилж байна. Алдангийг бодохдоо төлбөр төлөх ёстой огноо болох 2022 оны 08-р сарын 01- ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 05-р сарын 22-ны өдрийг хүртэл нийт 1024 хоногийн хугацаанд, хоног тутамд 105,600 төгрөгийн алданги буюу нийт 108,134,400 төгрөгийн алданги тооцсон. Улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн 17,600,000 болгон бууруулж нэхэмжилж байна. Иймд хариуцагч компаниас нийт 52,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар: Манай компани нь 2021-2022 хооронд Дархан Улаанбаатар зам засвар шинэчлэл багц 1-1 чиглэлийн замын ажил гүйцэтгэхээр ******* энд ******* ХХК гэрээ байгуулан ажилласан. Тухайн хугацаанд иргэн ******* техникийг түрээсээр ажиллуулж байсан. 2022 оны 4 сараас хойш одоог хүрэтл тус компаниас санхүүжилт авч чадаагүй тул ******* нэхэмжилсэн 35,200,000/Гучин таван сая хоёр зуун мянган/ төгрөгний төлбөрийг төлөх боломжгүй байна. Мөн ******* гаргасан нэхэмжлэлд тусгагдсан 17,600,000/Арван долоон зургаан зуун мянган/ төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Техник түрээсийн гэрээ

- Тооцооны үлдэгдэлийн баталгаа

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15/617 дугаартай албан бичиг

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа

- Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГОА0125/043 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлт гаргахад хэрэглэсэн хавсралт баримтууд

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. ******* нь ******* ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,200,000 төгрөг, алданги 17,600,000 төгрөг, нийт 52,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК/РД:*******/-тай 2022 өны 04-р сарын 25-ны өдөр 22/01 дугаартай Техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Дархан чиглэлийн замын нэгдүгээр хэсгийн ажилд 2 сарын хугацаатай өөрийн тээврийн хэрэгслийг түрээслэн, ажил үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцож тохиролцсон ажлаа гүйцэтгэж дууссан. Улмаар 35,200,000 /гучин таван сая/ төгрөгийн өглөгтэйг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгааг 2022 оны 06-р сарын 22-ны өдөр хамтран үйлдсэн. Тус тооцоо нийлсэн актад дээрх төлбөрийг 2022 оны 08-р сарын 01-ний дотор төлнө гэж тохиролцсон боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна. Мөн гэрээний дөрөвдүгээр бүлгийн 5-т Түрээсийн төлбөрийг дээр дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0,3 хувиар алданги тооцно, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасныг тус тус үндэслэн 17,600,000 /арван долоон сая, зургаан зуун мянга/-н төгрөгийн алдангид тооцож, гэрээт ажлын хөлстэй хамт нэхэмжилж байна. Алдангийг бодохдоо төлбөр төлөх ёстой огноо болох 2022 оны 08-р сарын 01- ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 05-р сарын 22-ны өдрийг хүртэл нийт 1024 хоногийн хугацаанд, хоног тутамд 105,600 төгрөгийн алданги буюу нийт 108,134,400 төгрөгийн алданги тооцсон. Улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн 17,600,000 болгон бууруулж нэхэмжилж байна. Иймд хариуцагч компаниас нийт 52,800,000 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* ХХК нь Манай компани нь 2021-2022 хооронд ******* зам засвар шинэчлэл багц 1-1 чиглэлийн замын ажил гүйцэтгэхээр ******* энд ******* ХХК гэрээ байгуулан ажилласан. Тухайн хугацаанд иргэн ******* техникийг түрээсээр ажиллуулж байсан. 2022 оны 4 сараас хойш одоог хүртэл тус компаниас санхүүжилт авч чадаагүй тул ******* нэхэмжилсэн 35,200,000/Гучин таван сая хоёр зуун мянган/ төгрөгний төлбөрийг төлөх боломжгүй байна. Мөн ******* гаргасан нэхэмжлэлд тусгагдсан 17,600,000/Арван долоон зургаан зуун мянган/ төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй байна гэж маргажээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулжээ. Уг гэрээнд иргэн *******болон ******* ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурж, тамга дарж гэрээ байгуулсан байна.

Дээрх үйл баримт, талуудын тайлбараас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх удирдлагаар ******* бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

Тухайн гэрээ байгуулагдах үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК нь 1 гишүүнтэй буюу гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдох бөгөөд инженерээр ажиллаж байсан ******* нь тус компани эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч компанийг шууд төлөөлж гэрээ, хэлцэл хийх эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник түрээсийн гэрээг шууд байгуулах эрхийг зөвхөн ******* эдлэх бөгөөд *******гэрээ байгуулах эрхгүй, гэрээ байгуулах эрх олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан Техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулах үед ******* захирал ******* нь баталж, гэрээний зүүн дээд талд байрлах Батлав хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч тус гарын үсэг нь гүйцэтгэх захирал байсан ******* гарын үсэг биш болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГОА0125/043 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт захирлаар ажиллаж байсан ******* нь тухайн гэрээг байгуулах үед мэдээгүй, ажил хариуцагч инженер ******* нь хэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж няцаагаагүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор хуульчилсан хэдий ч мөн хуулийн 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж хуульчилсан байна.

Уг хуулийн зохицуулалтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэхэд нэг талаас техникээ түрээслүүлэн ашиглуулах хүсэл зоригийн илэрхийлсэн этгээд болох нэхэмжлэгч *******, нөгөө талаас тухайн техникийг ашигласныхаа үр дүнд тодорхой хөлс төлөхөөр тохиролцсон ******* гэх хуулийн этгээд оролцсон байх бөгөөд уг гэрээний төрлийг талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар огт маргаагүй.

Харин тус Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр эсэх, зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх үед хариуцагч ******* ХХК-ны гүйцэтгэх захирлаар тус гэрээг анх байгуулагдах үед инженерээр ажиллаж байсан ******* нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр томилогдож, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж хуульчилсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Техник хэрэгслийн түрээс-ийн гэрээг тухайн үедээ зохих этгээдийн буюу гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй байгуулсан инженер ******* нь өөрөө 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ******* ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн 35.200.000 төгрөгийн төлбөрийг ажил гүйцэтгэсэн компаниас санхүүжилт хугацаандаа орж ирээгүй гэх шалтгаанаар төлөх боломжгүй гэж тайлбарласнаас бус огт уг төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй, харин зөвхөн алдангид нэхэмжилсэн 17.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Гэвч хариуцагч ******* ХХК-ны гүйцэтгэх захирал нь ******* дээрх тайлбараар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн гэж үзэхгүй юм.

Тиймээс ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулахдаа хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх бүрэн эрхтэй хүний зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан, талуудад урьдчилан зөвшөөрөл олгосон талаар талуудад мэдэгдээүй байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх ёстой болно.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

Хэдийгээр нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл боловч иргэн ******* DOOSAN DX300 маркийн ******* УБ экскавотарыг хүлээлгэн өгсөн боловч техникийг түрээсээр ашигласны үндсэн төлбөр болох 35,200,000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд хариуцагч ******* ХХК нь уг төлбөр дээр маргаагүй. Харин нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу алданги 17,600,000 төгрөгийг нэхэмжилсэн нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус хуульчилсан.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* эзэмшлийн Doosan DX300 маркын экскаваторыг 2022 ны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс ажлын 28 хоногийн хугацаатай ашиглаад хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдох бөгөөд уг нөхцөл байдалтай талууд маргаагүй, харин талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус боловч хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөр болох 35,200,000 төгрөгийг төлөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн дүнгээр тодорхойлсон техник түрээсийн үндсэн төлбөр 35,200,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 17,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч ******* ХХК-иас 35,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 17,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа, өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан боловч зохигчдын хооронд зохион байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон.

Мөн зохигчдын хооронд хийсэн тооцооны үлдэгдэлийн баталгаа дээр 35,200,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхээр үүрэг хүлээхээр тохиролцсон ба 2025 оны 06 дугаар сарын 27-нд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Ингэснээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болон зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх ба хариуцагчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх 3/гурав/ жилийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар хуульд нийцэхгүй үндэслэлгүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 35,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 333,950 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 35,200,000(гучин таван сая хоёр зуу мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, алданги 17,600,000(арван долоон сая зургаа зуу мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,950(дөрвөн зуун хорин нэг мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 35,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 333,950(гурван зуун гучин гурван мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР