Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 305/ШШ2026/00012

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Төрд учруулсан хохиролд 3,499,692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

Хариуцагч ******* нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан төрд учирсан хохирол 3,499,692 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг ...Говь-Алтай аймгийн Халиун сумын цэцэрлэгийн эрхлэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаараа тус цэцэрлэгийн туслах багш ******* төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2023/00044 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ******* эгүүлэн ажил, албан тушаалд нь томилж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт 3,499,692 төгрөгийг цалин хөлсөнд олгосон байна. Түүнчлэн ******* 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1964 дүгээр албан бичгээр хариуцагч ******* төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд хариуцагч ******* хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 3,499,692 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд буруутай албан тушаалтан болох ******* гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Үйл баримтын нотолгооны хувьд: Хариуцагч ******* нь Говь-Алтай аймгийн ******* сумын цэцэрлэгийн туслах багш ******* ажлаас халсан байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2023/00044 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн ******* сумын цэцэрлэг нь нэхэмжлэгч ******* урьд эрхэлж байсан туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж зааснаар Говь-Алтай аймгийн ******* сумын Цэцэрлэгийн туслах багш ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2023/00044 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул дээрх шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

6. Улмаар ******* Говь-Алтай аймгийн ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар дунд бүлгийн багшаар түр томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 3,499,692 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох үйл баримт нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлтүүдээр ******* цалин, нийгмийн даатгалын шимтгэл, суутгал нийт 3,499,692 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

7. Хариуцагч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.

Хариуцагч ******* нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мөн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755.4.Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 5 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх төрд учирсан хохирол гаргуулах шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нөгөө талаар хууль зүйн дүгнэлтийн хувьд:

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

9. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж,

50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заажээ.

Төрийн албан хаагч ******* үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2023/00044 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилгүй байсан хугацааны олговорт 3,499,692 төгрөгийг олгосон, дээрх үйл баримт нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул ******* нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байна.

10. Төрийн албаны тухай хуульд төрийн албаны ангилал, төрийн албан тушаал, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 6, 10 дугаар зүйлд төрийн алба, төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж 4 ангилж, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэжээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан хаагч байна гэж зааснаар Говь-Алтай аймгийн ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгч *******, туслах багш ******* нар нь төрийн үйлчилгээний албан хаагч байжээ.

Төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад төрд хохирол учруулбал төр хариуцан арилгах, улмаар уг учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэх эрхийг ******* хэрэгжүүлэхийг Төрийн албаны тухай хуульд зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд хариуцагч ******* нь Говь-Алтай аймгийн *******н сумын Цэцэрлэгийн эрхлэгч байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан тушаалтан байх тул тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.

Хууль бус үйлдэл (эс үйлдэхүй) гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

Энэхүү үйлдэхүй нь санаатай (хүсэж хийсэн), болгоомжгүй (үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан) гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

12. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар зааж мөн зүйлийн 498.2, 498.5-д хохирлыг арилгах дараалал журмыг заажээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж байгаа нь тус албан тушаалтанд хуулиар хүлээлгэж буй үүрэг юм.

Хариуцагч ******* нь Говь-Алтай аймгийн ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар туслах багш ******* үүрэгт ажлаас чөлөөлсөнийг ******* эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.

Иймээс захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин олговорт шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс ажилтанд олгосон 3,499,692 төгрөгийг хариуцагч улсын төсөвт хариуцан буцаан төлөх үүрэгтэй байна.

13. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* 3,499,692 төгрөгийг гаргуулж, ******* Төрийн санд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ******* нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 3,499,692 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,945 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* 3,499,692/гурван сая дөрвөн зуун ерөн есөн мянга зургаа зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулж ******* төрийн сангийн ******* тоот дансанд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу ******* нь хариуцагч ******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******70,945/далан мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7(долоо) хоногийн дотор Говь-Алтай аймгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР